Хүн бүрийн хувьд гэрээсээ ажиллах нь үнэхээр амар, хялбар бас тав тухтай сонсогддог. Гэтэл коронавирустай холбоотойгоор зарим компани ажилтнуудаа гэрээс нь ажиллуулж эхэлснээр энэхүү “өдрийн бодол” биелэх нь тэр. Гэвч бодит байдал хүлээлт хоёрын хооронд алд зөрүү байх тохиолдол бий. Ширээнийхээ ард тухалж аваад ажлаа хийх гэтэл тав алхаад хөргөгч, нэг алхаад ор, бүр ширээнээсээ босолгүйгээр ч сатаарах утас, интернет байгаа нөхцөлд зөвхөн л ажил дээрээ төвлөрнө гэдэг амаргүй аж. Энэ давааг би тойроогүй, туулж яваа, мөн туулаад гарсан хүмүүсийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлсэний үндсэн дээр уг зөвлөгөөг хуваалцая.
Сахилга баттай байх
Гэрээсээ ажиллахад танд хамгийн их саад учруулах хүн бол та өөрөө юм. Сатаарах зүйл мундахгүй. Тиймээс хийх ажлаа хэд хэдэн жижиг хэсгүүдэд хувааж, хэсэг бүрийг нь хийж дуустал ширээний ардаас босохгүй байх нь үр дүнтэй. Корона вирусаас болоод орон нутгийн зам хаагдах болохоос өрөөнөөс хөргөгч рүү явах зам хаагдахгүй тул хэр төвлөрч суух эсэх нь танаас л бүрэн хамаарна.
Цагийн хуваарь гаргах (төлөвлөх)
Мөн цагийн хуваарь гаргах нь үр дүнтэй санагдсан. Миний цагийн хуваарь:
- Өглөөний 7 цаг гэхэд ширээнийхээ ард суугаад ажиллаад эхэлчихсэн байх
- 10 цагийн үед гарч гүйх
- 12 цагт ажлаа үргэлжлүүлэх
- 13-14 цагт өдрийн хоолоо идээд хэсэг амрах
- Үдээс хойшдоо буцаад ажлаа хийх…
Хуваариа илүү нарийвчилж, амрах цагаа ч төлөвлөх хэрэгтэйг зарим мэргэжилтнүүд зөвлөдөг аж. Гэвч бүх зүйлс төлөвлөсний дагуу явахгүй тул цагтаа амжаагүйдээ бухимдах шаардлагагүй. Өөрийнхөө бүтээмжтэй цагаа мэддэг бол тэр цагаа бүрэн ашиглах нь үр дүнтэй. Жишээ нь би өглөө илүү бүтээмжтэй байдаг тул өглөөний 7-10 цагийг ажилдаа бүрэн зориулж байгаа.
Өөрийгөө ялан дийлсний дараа учраа олох дараагийн асуудал бол бусад саад тотгор. Өөрөөр хэлбэл сошиал сүлжээ, яаралтай биш дуудлагууд, дүү нар, хүүхдүүд. Ажиллах үедээ сошиал сүлжээгээ шалгахгүй байвал үр бүтээмж нэмэгдэнэ. Зарим дуудлагыг яаралтай биш бол авалгүй, ажлаа завсарлах үедээ эргээд хариу өгч болно. Дүү нар, хүүхдүүддээ учрыг нь сайн тунгааж ойлгуулж, тодорхой цагийн турш ажил дээрээ төвлөрч суух боломжтой.
Ажил, амьдралаа зааглах
Гэрээсээ ажиллаж байгаа нөхцөлд ажлын орчин болох ширээ сандал, өрөөгөө аль болох мэргэжлийн байлгах хэрэгтэй. Том өрөөнийхөө буйдан дээр нөүтбүүктэйгээ тухлаад ажлаа хийнэ гэдэг бүтэхгүй л болов уу. Хэрэв өөрийн гэсэн ширээ сандалтай бол ширээн дээрх шаардлагагүй эд зүйлсээ цэгцлээд суух нь илүү үр дүнтэй арга санагдсан. Тиймээс ажиллахад саад болох боломжтой бүх эд зүйлс, саадаа бичээд эхнээс нь дараад яваарай.
Гэрээсээ ажиллах нь хүн бүрт төгс тохирох арга биш ч бүгд тодорхой хэдэн алхмыг хийснээр илүү бүтээмжтэй ажиллах боломжтой. Хувийн зохион байгуулалт, сахилга бат, төлөвлөгөө, түүнийгээ хийх эрч хүч. Энэ бүхэн бүгд биш ч тодорхой хэсгүүд нь байхад гэрээсээ давгүй ажиллачихаж болохоор санагдав.