Нарлаг Калифорнид амьдрах Э.Оюунцэцэг Лос-Анжелес хотод гэр бүлээрээ суурьшсанаас хойш таван жил өнгөрчээ. Түүний гартаа барьсан “Khadaan” гэх бичигтэй цаасан уутнуудад “K” үсэг бүхий логотой хар, цагаан өнгийн савлагаатай гоо сайхны бүтээгдэхүүн харагдана. Эдгээр бүтээгдэхүүнийг тэр бөмбөрцгийн нөгөө талд орших яг одоо -25 хэмийн хүйтэн өвөл болж буй Монгол руу, хэрэглэгчид рүүгээ илгээхээр зэхсэн нь энэ. АНУ-д “Khadaan” брэндээ үндэслэж, дэлхийд нэртэй гоо сайхны брэндүүдтэй эн зэрэгцэхүйц өндөр чанартай, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Монголын охид, бүсгүйчүүдэд хүргэж эхэлсэн нь Э.Оюунцэцэгийн эртнээс бодсон хүслийн дөнгөж эхлэл. Түүний илгээсэн бүтээгдэхүүн агаарын хөлгөөр тээвэрлэгдэн долоо хоногийн дараа гэхэд л хэн нэгэн монгол эмэгтэйн гарт очдог. Энэ тухай тэрбээр “Бүтээгдэхүүнийг маань хүмүүс хэрэглэж байгааг олж харах үнэхээр гоё. Хүмүүс талархсан сэтгэгдлээ илэрхийлж, “Khadaan”-ийг эрэлхийлж буйгаас нь эрч хүч авдаг” хэмээн инээмсэглэн өгүүллээ.
Сошиал медиа сувгаа дээш, доош хэд гүйлгэхэд л гоо сайхны бараа бүтээгдэхүүний нүд эрээлжлэм сурталчилгааг та олж харах болно. Уруулын будаг, нүдний тень, крем, сормуусны будгаас эхлээд мянга мянган бүтээгдэхүүн танилцуулах энэхүү давалгаа дэлхийг урьд хожид хэзээ ч байгаагүйгээрээ бүрхсэн гэхэд болно. Зах зээлийн цогц судалгаа хийдгээрээ танигдсан “Orbis Research” мөн энэ талаар судалжээ. Өнгөрсөн жил тайлагнасан судалгааныхаа үр дүнд олон улсын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл улам бүр тэлж, 2023 он гэхэд 806 тэрбум ам.долларт хүрэх таамгийг тэд дэвшүүлээд байна. “Bobbi Brown”, MAC, “Anastasia Beverly Hills”, “Huda Beauty” зэрэг брэндийн сурталчилгаа хаа сайгүй үзэгдэж, гоёмсог савалгаа, чамин дизайнтай бүтээгдэхүүн нь охид, эмэгтэйчүүдийн харааг булааж, өөрийн эрхгүй түрийвч рүүгээ гар сунгахад хүргэх болжээ. Гоо сайхны брэндүүдийн тоо нэмэгдэх тусам хэрэглэгчдийн өмнө төдий хэмжээний сонголт бий болж өрсөлдөөн аль ч цаг үеийнхээс илүү ширүүссээр.
Дэлхийд алдартай гоо сайхны брэндийн бүтээгдэхүүнүүд ихэвчлэн өндөр үнэтэй байдаг учраас хүссэн хүн бүр авч чаддаггүй. Үүнийг анзаарсан Э.Оюунцэцэг тэдгээртэй адил өндөр чанартай атлаа үнийн хувьд боломжийн брэнд үүсгэхийг зорьжээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой байлгахыг цаг ямагт хичээсээр ирсэн ч ам.долларын ханш үе үе савлаж санааг нь зовоосон хэвээр. Бүтээгдэхүүндээ хэрхэн нэмэлт зардал шингээхгүй байх вэ гэж тэр байнга бодно. Түүний эртнээс ажигласан зүйл бол гоо сайхны брэндүүд бүтээгдэхүүний сав, баглаа боодол, зар сурталчилгаа зэрэгт асар их зардал гаргадаг бараг тогтсон гэмээр уламжлал. Бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг гол шалтгаан энэ. Хог хаягдал ч их “үйлдвэрлэгддэг”. Тиймээс элдэв гоёмсог савалгаа, бүтээгдэхүүний гадуурх чамин сав, баглаа боодлоос татгалзаж, минимал байдлаар шийдэхийг “Khadaan” брэнд илүүд үзжээ. Энэ нь хог хаягдлыг багасгаж, тогтвортой хэрэглээг дэмжиж буйгаараа байгаль орчинд илүү ээлтэй шийдэл хэмээн тэр тайлбарлаж байна. “Охид чанартай бүтээгдэхүүн худалдан авч түүнийгээ удаан хугацаанд хэрэглэхийн оронд арай хямд бүтээгдэхүүн авч ганц, хоёр удаа хэрэглэж үзээд л хаячихдаг. Ийм байдлаар дахин дахин худалдан авалт хийдэг. Үүний оронд чанартай бүтээгдэхүүн авч түүнийгээ урт хугацаанд хэрэглэх нь минимал амьдралын хэв маяг. Байгаль орчинд ч ээлтэй”. Бас минимал. “Khadaan” брэндийн талаар тодорхой ойлголттой болоход эдгээр үгс танд тусална.
Байгаль орчинд ээлтэй. Бас минимал. “Khadaan” брэндийн талаар тодорхой ойлголттой болоход эдгээр үгс танд тусална.
Э.Оюунцэцэг эмзэг, харшламтгай арьстай болохоор хэр баргийн бүтээгдэхүүн таарахгүй, ихэвчлэн гаднаас захиалдаг байжээ. Харин АНУ-д очсоныхоо дараа энэ талаар эрэл хайгуул хийж, өөртэйгөө адил асуудалтай хүмүүст зориулж, найрлагадаа химийн бодис агуулаагүй, цэвэр байгалийн гаралтай, чанартай бүтээгдэхүүнийг тэндхийн нэгэн лабораторитай хамтран хийж эхэлсэн нь “Khadaan” юм. Сүүлийн үед томоохон гоо сайхны брэндүүд бүтээгдэхүүнийхээ найрлагад оруулахаас татгалзах болсон хадгалалтын хугацааг уртасгах зориулалттай парабен хэмээх бодисоос тэд ч бас анхнаасаа татгалзжээ. Тус брэндийн витамин А болон Е агуулсан зөөлөн бүтэцтэй арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүнүүд хуурай, ширүүн, эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд бүсгүйчүүдийн арьсанд гойд таарч, тэжээл өгч байгаа нь хэрэглэгчдийн дунд амнаас ам дамжин түгэж, борлуулалтын өсөлт нь органикаар нэмэгдсээр байгаа. Хотын гудамж дахь самбарууд, телевизийн сувгуудаар цацагдах сурталчилгааны алинаас ч “Khadaan”-ий бүтээгдэхүүнийг та олж харахгүй л болов уу. Үүний оронд сошиал медиа сувгуудаас хайвал хялбархан олно. Хэрэглэгч бүсгүйчүүдийн бүтээгдэхүүнд өгсөн үнэлгээ, сэтгэгдэл, талархлын үг сэлтийг ч олж унших боломжтой. Энэ л тэдний маркетингийн арга барил.
Бүтээгдэхүүн нь хэрэгтэй хүндээ очиж, өглөө бүр нүүрээ будаж, орой бүр арьсаа цэвэрлэхдээ хэрэглэгч аз жаргалтай, тааламжтайгаар бүтээгдэхүүнээ хэрэглээсэй гэж хүсдэг Э.Оюунцэцэг “Khadaan” брэндийн нүүр будалт болон арьс арчилгааны 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын охид, бүсгүйчүүдэд хүргэхийн тулд цагийн зөрүүг үл хайхран шөнө дөлөөр ч ажиллах нь бий. Тэгж байж Монгол дахь хамтрагчидтайгаа зохицон ажиллана. Хамгийн гол нь өөрийн хүссэн зүйлээ хийж байгаа болохоор бэрхшээлтэй санагдаж, бухимдал төрдөггүй хэмээн хэлж байлаа. Тэрбээр найман сартай охин Д.Анир, хоёр болон зургаан настай хүүгээ асран халамжлахын хажуугаар бизнес эрхэлж яваа өөрийн гэсэн зорилготой эмэгтэй. Тиймээс хүүхдүүдийнхээ унтлагын цагийг бүрэн дүүрэн ашиглаж сурчээ. “Би аливааг өөдрөгөөр харахыг хичээдэг учраас нэг их түүртээд байдаггүй. Асуудалгүй ажил, бизнес, амьдрал гэж хаа ч байхгүй. Тиймээс асуудалд биш шийдэлд төвлөрөх хэрэгтэй. Асуудлаа шийдэхийн тулд юу хийх ёстойгоо бодоод эхлэхээр хүн аливааг арай өөрөөр харж эхэлдэг. Асуудлаа бодож, түүндээ анхаарал хандуулж, төвлөрөөд байвал хүн стресстэж, уурлаж бухимдах нь тодорхой. Үүний оронд сургамж, туршлага талаас нь хүлээн авч сурах хэрэгтэй” гэж шинэхэн бизнес эрхлэгч ээж хэлж байна. Нэг дор олон зүйл амжуулах шаардлагатай байнга тулгардаг түүнд нөхөр, эгч хоёр нь байнга тусалж, дэмждэг аж. “Нөхөр маань намайг хамгийн их дэмжиж, хурцалдаг. Бид их сургуулийн нэг анги. Адилхан сэтгүүлч мэргэжилтэй. Гэр бүлийн хүн маань Монголд байхдаа вэбсайт үүсгэн байгуулж, ажиллуулж байсан туршлагатай. Тийм болохоор зураг авалтын санаагаа нөхөртэйгөө ярилцдаг. Брэндийн зураг авалтыг нөхөр маань хийх үе ч бий” гэлээ. Э.Оюунцэцэгийг “Khadaan” брэндийг үүсгэн байгуулахад “Чадна” гэж анх зоригжуулсан хүн бол нөхөр нь. “Өндөр шаардлагатай, төгс зүйлийг эрэлхийлдэг хүн учраас намайг байнга хурцалж, урагш тэмүүлэх эрч хүчийг өгч байдаг” хэмээн тэр нөхрийнхөө тухай ярив.
Ашиг, мөнгө бодож аливаа бизнесийг эхлүүлбэл хол явахгүй.
Америкт гэр бүлээрээ төвхнөөд удаагүй байхдаа Э.Оюунцэцэг Монголд төдийлэн зарагддаггүй гоо сайхны бүтээгдэхүүнийг эх орон руугаа илгээж, нутаг нэгт охидоо тэдгээр чанартай бүтээгдэхүүнийг хэрэглээсэй гэж хүсдэг байлаа. Тун удалгүй тэр эрх чөлөөний орон гэгдэх Америк жижиг, дунд бизнес эрхлэгчдийгээ бодлогоор ихээхэн дэмждэгийг анзаарч, энд өөрийн компаниа байгуулж, үйл ажиллагаа явуулахад тэгтлээ хатуу шаардлага тавьдаггүйг олж мэджээ. Хэрэв өөрөө чадах л юм бол хэн ч компани үүсгэн байгуулж ажиллах боломж нээлттэй. Бизнесийн үйл ажиллагаа итгэлцлээр бэхжин цааш өрнөнө. Энэ бүх таатай нөхцөл байдал Э.Оюунцэцэг болон түүний нөхөр С.Дамцагдоржийг хураасан багахан хуримтлалаараа бизнес эрхлэх шийдэлд хүргэжээ. Тэрбээр энэ шийдвэрийг зориглон гаргах үедээ хоёр дахь хүүгээ хэвлийдээ тээж байсан бөгөөд цаашид хүүхдээ харангаа бизнесээ аваад явна гэсэн бодолтой байв. Үүнээс хэдхэн сарын дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сард “Khadaan” брэндийн логотой анхны бүтээгдэхүүн болох сормуусны будаг Америкийн баруун эргийн нэгэн лабораториос мэндэлсэн нь Э.Оюунцэцэгийн хувьд баярт мөч, басхүү их ажлын эхлэл болжээ. Ингэж туршилт, судалгаанаас эхлээд эцсийн бүтээгдэхүүнээ гарган авах хүртлээ бүтэн хоёр жилийг зарцуулж байж анхны хэрэглэгчийнхээ гарт хүргэсэн түүхтэй.
“Юу хийхээ ойлгочихсон бол аль болох эрт эхлүүлэх нь чухал. Төгс, өөгүй зүйл хийхийг зорих нь заримдаа цаг алдах шалтгаан болдог. Үүний оронд зорилгоо томоор тодорхойлж, зорьсноо эхлүүлчихээд түүндээ хүрэхийн тулд бага багаар сайжруулаад явах нь чухал. Түүнээс биш ашиг, мөнгө бодож аливаа бизнесийг эхлүүлбэл хол явахгүй. Хэрэв би ашгийг чухалчилсан бол хямд бүтээгдэхүүн олноор үйлдвэрлээд борлуулж болох л байсан. Миний хувьд хүүхдээ харах хугацаандаа өөрийнхөө хувийн бизнесийг эхлүүлээд явъя гэх зорилгоор “Khadaan”-ийг үүсгэн байгуулсан болохоор шантрах асуудал бага байдаг”.
Охид, бүсгүйчүүдийн ой тойнд хоногшоод буй “Khadaan” брэндийнхээ нэрийг Э.Оюунцэцэг Чингис хааны тухай кино үзэж суугаад Сорхон шарын охин Хадааны нэрээс санаа авч, нэрлэжээ. Мэдээж брэндээ Монголоос гадна АНУ-ын зах зээлд гаргах дараагийн төлөвлөгөөтэй учраас аль ч орны, ямар ч хэлээр ярьдаг хүн дуудахад эвтэйхэн байхыг мөн бодолцсон хэрэг. Удахгүй “Khadaan” брэндийн вэбсайт нээгдэж, энэ хүрээнд гаднын мэргэжлийн нүүр будагчидтай хамтран ажиллахаар төлөвлөсөн Э.Оюунцэцэг Америкийн гоо сайхны ертөнцөд эрчтэй орохоор эргэлт буцалтгүй шийдээд байна. Үнэн хэрэгтээ “Khadaan”-ий бүтээгдэхүүн Америкт багахан хүрээлэлд хэдийнэ танигдаад байгаа юм. Америк бол маш өрсөлдөөнтэй зах зээл. Энд high end (өндөр үнэтэй, өндөр чанартай, тусгайлсан дэлгүүрүүдэд зарагддаг тансаг зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүн)-ээс drugstore (үнийн хувьд арай хямд, конвиненс дэлгүүр зэрэгт түгээмэл зарагддаг) бүтээгдэхүүн хүртэлх зүсэн зүйлийн гоо сайхны брэндүүд холилдон оршдог. Худалдан авагчдынх нь дийлэнх хувийг бүсгүйчүүд эзэлж байдаг, эрэлт өндөртэй энэ зах зээлд сүүлийн үед дэлхийд алдартай одууд нэгдэн өөрсдийн гоо сайхны брэндийг үүсгэн байгуулах болсон билээ. Дуучин Рианагийн “Fenty Beauty”, жүжигчин Жессика Албагийн “Honest Beauty”, Кайли Женнерийн “Kylie Cosmetics” гэх зэргээр энэ жагсаалт дуусахгүй үргэлжилнэ. Эдгээр брэндийн ашиг орлого сая сая ам.доллараар яригддаг нь гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл асар том багтаамжтайг илтгэнэ. Монголд ч мөн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ гаргаж, хэрэглэгчдэд хүрч буй үзэгдэл цөөн биш болжээ.
Төгс, өөгүй зүйл хийхийг зорих нь заримдаа цаг алдах шалтгаан болдог.
Хамгийн гол нь энэ олон брэндээс ялгарах онцлог хэрэгтэй. Харин Э.Оюунцэцэг энэ талаар “Удаан хугацаанд оршин тогтнох гол хүчин зүйл бол чанар. Цаашид бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, илүү олон тоогоор үйлдвэрлэхийг зорьж байна. Мөн аль болох олон хүнд арьс арчилгаа, нүүр будалтын талаар зөв мэдээлэл өгөхийг хичээх болно” хэмээн хариулсан юм. Охид, бүсгүйчүүд арьс арчилгааны талаар асууж, түүнд их ханддаг аж. Тэр дундаа залуу охидоос “Нүүрээ хэрхэн будаж сурах вэ?” гэсэн асуулт зонхилон ирсээр л байдаг. “Би орлогоо бодвол охидод бүтээгдэхүүнээ сурталчлаад зарж болно. Гэхдээ нүүрээ будахаас илүү арчилгаа чухал гэдгийг тэдэнд ойлгуулахыг хүсдэг. Арьсаа арчлаарай, хайрлаарай, эрүүл байлгаарай”. Түүний хэлдэг гол зөвлөгөө энэ.
“Khadaan” брэндийн хувьд хөмсөгний харандаа болон хуурай энгэсэг нь хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогддог. Тус брэнд 37 нэр төрлийн бүтээгдэхүүнтэйгээс нүүр будалтын бүтээгдэхүүн нь гаралт тод, нягтаршил сайтай учир хүмүүс хэрэглэх дуртай төдийгүй ам дамжин яригдаж хэрэглэгчдийн тоо нь бага багаар нэмэгдсээр байгаа. “Манай нүүр будалтын бүтээгдэхүүн арьсыг чийгшүүлж, тэжээл өгдөг. Мөн арьсанд маш сайн уусаж, натурал харагдуулдаг онцлогтой” хэмээн үүсгэн байгуулагч онцолж байна. Тухайлбал, хөмсөгний харандаа нь маш нарийн гаралттай учраас үсний ширхэг мэт зурах боломжтой. Мөн ардаа хөмсөгний самтай. Хэрэглэхэд хялбараас гадна усны хамгаалалттай, удаан тогтоцтой. Ийм энгийн нууцууд нь “Khadaan”-ийг хүмүүс дуртай хэрэглэхэд нөлөөлдөг аж. Бас нэг давуу тал нь байн байн будгаа сэргээх шаардлагагүй. Матт уруулын будагны тухайд гэхэд л олон давхарлалгүй нэг л түрхэлтээр өнгөө тод гаргадаг учир бүсгүйчүүдийн сонголт болж чаджээ.
Өнгөрсөн зургадугаар сард “Khadaan” брэнд дөрвөн шинэ бүтээгдэхүүнээ зэрэг худалдаанд гаргаж, нээлтээ даруухан, цомхон зохион байгуулсан юм. Унтлагын маск болон шингэн гэрэлтүүлэгчийг цоо шинээр танилцуулсан бол нүүрний будаг арилгагч, нарны тосоо сайжруулан шинэчилснээ худалдаалж эхэлсэн билээ.
“Өмнө нь үнэтэй ч гэсэн чанартайг нь авахыг зорьдог байсан бол өнөө цагт хэрэглэгчдийн сэтгэлгээ өөрчлөгдөж, боломжийн үнэтэй мөртлөө чанартайг авахыг эрмэлздэг болсон. Ийм нөхцөлд үйлдвэрлэгчийн хувьд илүү зардлаа танаж, онцын шаардлагагүй зүйлсээсээ салах нь зөв. Хүмүүс бүү хэл аливаа юм бүхэн минималист болж байна” хэмээн онцолсон Э. Оюунцэцэг хийх ажлынхаа жагсаалтыг нарийвчлан гаргаж, жижиг гэлтгүй бүх алхмаа ягштал төлөвлөдөг. Ингэж том ажлыг жижиг хэсгүүдэд хуваах нь сэтгэлд хөнгөн бууж, хийхэд амар болдог учраас тэр. “Khadaan” брэндийг өргөжүүлэх түүний төлөвлөгөө ямар жижиг хэсгүүдэд хуваагдсаныг одоо бидэнд харах л үлдлээ.
Энэхүү нийтлэл Business.mn сэтгүүлийн есдүгээр сарын дугаар (№10) -т нийтлэгдсэн болно.