Харьцуулаад ялгааг нь олоорой. 2005 онд олон мянган дүрвэгч Герман руу нэвтрэхээр Унгар улсын хил дээр ирэв. Тэднийг зогсоохын тулд Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан өмнөд хил дээрээ хашаа барьсан юм. Европын комисс ноён Орбаныг “Европт бид нар ханаа дөнгөж нурааж дуусаад байхад ахиж хана босгож хэрэггүй” хэмээн донгодов. Таван жил өнгөрөхөд Европын холбооны хил дээр ахин төвөгтэй байдал үүсэв. Жижиг завиар Европт хүрэхээр оролдсон цагаачдыг Грекийн усан онгоц амдаж, анхааруулга өгч буудаж байна. Энэ удаад харин комисс огт өөр хариу барив. “Ийм цаг үед Европын бамбай болж байгаад нь Грект баяр хүргэе” гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсул вон дер Лейен магтжээ. Ингэхэд юу өөрчлөгдөв өө?
2015, 2016 онд хоёр сая гаруй хүн нэвтэрснээр дүрвэгчдийн хямрал үүсэхэд Европын холбоонд хоёр өөр үзэл бодол хоорондоо зөрчилдсөн юм. Нэг талд Европын холбоог даваан дээрээс тод гэрэл тусгаж буй “сайн талын хүч” гэсэн хүмүүнлэгийнхэн байлаа. Нөгөө талд харин хатуу чиг шугам баримтлагчид байв. Тэдний хувьд хил дээр харгис гэмээр арга хэмжээ авах нь нэгдүгээрт бодит байдлын (аливаа улс тодорхой тооны дүрвэгчдийг тэжээж, орон байраар хангаж чадна) мөн улс төрийн (гаднын хүмүүсийн гэнэтийн, маш их урсгалыг оруулсан ямар ч улс төрийн намыг сонгогчид авч хаяна) шалтгаантай байсан юм. Эл хоёр байр суурь таван жилийн турш сөргөлдсөний эцэст хүмүүнлэгийнхэн бут ниргүүлэв. Одоо хатуу чиг шугам баримтлагчид ялалтаа тэмдэглэх болно.
Хил дээр эрс тэс арга хэмжээ авах нь дүрвэгчдийн эсрэг баримтлах Европын гол бодлого боллоо. Грект нэвтэрсэн дүрвэгчийг тун муу нөхцөл байдал угтав. Грекийн Лесбос аралд гэхэд 20 мянган дүрвэгч үүнээс долоо дахин цөөн хүнд зориулсан кэмпэд өдөр хоногийг өнгөрүүлж буй. Грекийн засгийн газар шинэ байр барьж эхэлсэн ч орогнол хүсэгчдийн орж, гарах цагийг маш их хязгаарлах юм. Европын холбооноос их хэмжээний мөнгө шаардсан Туркийн засгийн газар зориуд зохион байгуулж дүрвэгчдийг илгээсэн гэж хардсан Грекийн засгийн газар орогнол хүссэн өргөдөл авахаа нэг сарын турш зогсоож буйгаа мэдэгдсэн. Тус улсаас гарлаа ч Хорватын хил дээр цагдаа нарт зодуулах, дээрэмдүүлэх улмаар хөрш Босни руу илгээгдэх аюултай нүүр тулгарна.
Нэгэн цагт үндсэрхэг үзэлтнүүдийн шаардлага байсан тактикийг засгийн газрууд ч түгээмэл ашиглах болжээ. Газар дундын тэнгист ажиллаж буй ТББ-ын усан онгоцуудыг саатуулж, хурааж, багийн гишүүдийг нь айлган сүрдүүлж байна. Дүрвэх маршрутын дагуу хүмүүст хоол унд өгч буй иргэдийг хүний наймааны хэрэгт буруутгах болов.
Хэдий зарим хүн ийм хатуу, харгис байр суурийг буруутгаж буй ч ихэнх бодлого боловсруулагчдад үүнийг зөвтгөх дуртай байна. Тэдний бодлоор улсын дотоод амар амгаланг хангахын тулд гаднаа чөтгөрийн гэмээр дүр төрх гаргах зайлшгүй шаардлагатай аж. Хилийн харуул гэдэг хэзээд амар ажил биш байсаар ирсэн. Европчуудыг паспортоо хальт харуулаад л Шенгений орнуудаар зорчуулахын тулд хилийн хатуу чанд хяналт зайлшгүй шаардлагатай. Европын холбооны хил хязгаар эмзэг, хэврэг 2015 онд байдал амаргүй байлаа.
Харин одоо Шенгений орнуудын хувьд гол аюул нь ханиалгаж буй итали хүн эсвэл найтаалгасан герман хүн болж хувирав. Польш улс Германаас ирж буй хүмүүсийн эрүүл мэндийг шалгах болсон бол Словен Италитай хил залгаа зарим гарц, боомтоо хаасан. Дүрвэгчдийн хямралгүйгээр хөл хөдөлгөөн угаас хязгаарлагдаж, зорчих эрх алга болж эхэллээ.
Хилийн хатуу чанд хяналт, хамгаалалт нь нөгөө талаар улс төрийн зөөлөн бодлого баримтлах үндэслэл болно гэж үзэгсэд олон бий. Тухайлбал, дүрвэгчдийг аюултай бүс нутгаас нүүлгэн шилжүүлэх гэх мэт. Харамсалтай нь 2015 оноос хойш ердөө 65 мянган дүрвэгчид Европын холбоонд оршин суух эрх өгчээ. Өөр нэг шалтгаан бол дүрвэгчдийн хоёр дахь хямрал нь хэт барууны үзэлтнүүдийг сонгуульд ялах боломж олгоно гэсэн болгоомжлол. Эхний хямралын улмаас Брексит явагдах, Италид М.Сальвини төрийн эрхэнд гарах эхлэл тавигдсан. Гэхдээ зарим улсын засгийн газар орогнол хүсэгчдийг улсаасаа хол байлгаж л байвал дургүй намынхаа баримталж буй бодлогыг хуулахад ч хүргэж мэдэхээр байна.
Хилийн хатуу бодлого баримтлахыг Европын бүх улсын удирдагч хүсэж байна. Хэрэв хүмүүс ханыг давбал юу болох нь өөр асуудал. Орогнол хүсэгч, хууль бус цагаачдын асуудлын үүрэг хариуцлагыг хэрхэн хуваалцах талаар ЕХ-ны хуулиудад сүүлийн дөрвөн жилд бараг өөрчлөлт орсонгүй, ахиц дэвшил ч гарсангүй. Хэрэв дүрвэгчдийг 2015, 2016 оных шиг хязгаарлаж чадахгүй болвол байдал маш хурдан эвгүйтнэ. Үүнээс үүсэх хямрал эхнийхээс ч илүү хүнд байх магадлалтай.
2015 онд Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер Европ тивийг “өлсгөлөн, ядарсан хүмүүст талхаа өгч буй (Грекийн) Кос арлын талхчин”-тай зүйрлэж байв. Гэтэл 2020 онд Грекийн усан онгоцууд дүрвэгчдээр дүүрэн завийг хөмрүүлэхийг хичээж байна. Энэ бол өндөр ёс суртахуунтай хэмээн өөрсдийгөө магтах дуртай ЕХ-ны дүр төрхийг үгүй хийх таагүй явдал билээ. Гэвч дүрвэгчдийн өөр нэг хямралаас зайлсхийхийн тулд ЕХ-ны удирдагчид ийм өндөр үнэ төлөхөд бэлэн байгаа бололтой.
The Economist сэтгүүлээс олгосон лицензийн дагуу Mongolian Economy орчуулав.