Нарантуул худалдааны төвийн гадна таван жил жижиглэнгийн худалдаа эрхэлдэг нэгэн эр бараагаа татахын тулд мөнгө зээлдүүлэгчээс 22 хоногийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг. Ингэхдээ өдөр болгон тодорхой хэмжээний мөнгө буцаан өгөх ёстой. Учир нь түүнд Нийгмийн даатгалгүй, барьцаа хөрөнгө байхгүй тул арай наахнуур хүүтэй банк, санхүүгийн байгууллагууд зээл олгодоггүй. Ийм нөхцөлд тэр зээлсэн нэг сая төгрөг тутамдаа өдөрт 50 мянган төгрөг төлдөг. Энэ мөнгийг мэдээж өдрийнхөө орлогоос өгнө. Орлого сайн байвал зээлээ дарж чадна, үгүй бол өөр хүнээс дахин зээлэх хэрэгтэй болдог. Хачирхалтай нь тэр сард хэчнээн төгрөг хүүнд төлж буйгаа огт тооцож үзээгүй хэмээх. Энэ маягаар зээлийн дарамтанд орж, анх хичнээн төгрөг зээлснээ мартатлаа “хүүлүүлж” явна.
Нөгөө талаас барьцаагүйгээр зээлдүүлэгч мөнгөө авч чадахгүй байх нь бий. Зээлсэн хүнээ хаана байгааг нь мэдэхгүй, хэдэн төгрөгөө алдчихсан эрэл сураг болоод явж байгаа хүн олон. Тэдэнд үлддэг ганц барьцаа нь иргэний үнэмлэх. Аль аль талдаа санхүүгийн болоод сэтгэл санаагаар хохироод үлддэг.
Хэдэн жилийн өмнө дээрх байдлыг анзаарсан П.Эрдэнэбаатар хэмээх залуу банк бус байгуулж, тухайн үед барьцаагүйгээр, Монголд хамгийн өндөр үнийн дүнтэй 25 сая төгрөгийн зээлийг хамгийн доод түвшинд буюу сарын 3,5-4 хувийн хүүтэй олгосон байна. Түүнээс барьцаагүй хүнд яаж итгэх юм бэ гэхэд “Энэ бүх шаардлага байхгүй байлаа гээд санхүүгийн хариуцлагагүй гэсэн үг биш. Том бизнестэй, хөрөнгөтэй хүн томоохон зээлүүддээ ач холбогдол өгч төлдөг ч утасны төлбөр мэтийн жижиг өрөө өгдөггүй. Энэ хүн санхүүгийн хариуцлагагүй дээ орно. Харин орлого багатай ч амьдралын төлөө гэсэн хүн юманд ач холбогдол өгч чаддаг. Тэд цаг хугацаанд нь төлдөг. Санхүүгийн бизнесийн хувьд хайрлах ёстой хүмүүс нь тэд. Зүгээр л хүн хүндээ итгэлцэл бий болгох ёстой” гэв. Хамгийн гайхалтай нь тэр зээлээ 1500 гаруй удаагийн давтамжтай олгож, 97 хувийн эргэн төлөлтийн амжилттайгаар эргүүлэн татсан байдаг. Уг тоо баримтын ачаар амьдрах хүсэл тэмүүлэлтэй, түүнийхээ төлөө зээл авахыг хүссэн иргэд хариуцлагатай байдаг гэдэг итгэл үнэмшилээ улам баталгаажуулжээ.
Үүний хажуугаар иргэд санхүүгийн хувьд гачигдах явдал газар авч, түүнийг нь ашиглан богино хугацаанд хөрөнгөжих гэсэн хүмүүсийн санаархал, санхүүгийн салбарын уламжлалт тогтсон үйлчилгээний ялгаварлал нь олон талын асуудал дагуулж буй нь тодорхой байв. П.Эрдэнэбаатар энэ мэт байдлыг гярхай ажиглаж, зээл өгч туршиж үзсэний үр дүнд Zeel.mn-ийг бүтээх болжээ.
Тэрбээр зээлдэгч, зээлдүүлэгч хоёр талыг холбож, цахим гэрээгээр зээл олгох шийдэлдээ блокчейн технологи, цахим гарын үсэг, дүрс таних систем зэрэг технологийг нэвтрүүлснээр технологийн тусламжтай ”итгэлцэл” бүрдүүлэх аргачлалаа бүтээжээ. Ийнхүү Zeel.mn төслөө хоёр жил бичиж, программ хөгжүүлэлтээ мөн хоёр жил гаруйн хугацаанд нухацтай хийсний эцэст нээлтээ хийн, зээл олгож эхлэв. Платформ эхний 100 хоногтоо 17 мянган цахим зээл олголтыг хийсэн нь Монголын финтек зах зээлд гарч байгаагүй өсөлттэй дүн болсон байна. Үүн дээр Япон болон Монголын хөрөнгө оруулагчдаас 2.6 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг татан төвлөрүүлж, богино хугацаанд хийсэн амжилтаа бататгаад авчээ.
П.Эрдэнэбаатар багаасаа математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж, Англи, Японд санхүү, бизнесийн чиглэлээр суралцсан, бизнесийн салбарт мэргэшсэн нэгэн юм. Ажлын гараагаа Сангийн яамнаас эхлүүлж байсан тэрбээр өдгөө Монголын Даатгалын Холбооны УЗ-ийн дарга болон Монре Даатгал компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг. Үүнээс хажуугаар zeel платформ, Шүрэн капитал, замын хажуугийн авто засвар, үйлчилгээний МАS тэргүүтэй зургаан бизнес эрхлүүлсэн нь өнөөдөр бүгд тухайн салбартаа амжилттай ажиллаж байна.
Zeel.mn–ийн багт үе тэнгийн 30 орчим залуус Маркетинг, Админ, IT, Call center хэсэгт хуваагдан ажилладаг. Тэд олон нийтэд санхүүгийн үйлчилгээг хүсэл тэмүүлэл, хандлага, хувь хүний үнэт зүйлс дээр тулгуурлан өгөх шинэ ойлголтыг нэвтрүүлж, “итгэлцэл” дээр суурилсан санхүүгийн харилцаа байх боломжтой гэдгийг батлахыг зорьж байна.
Бид өдөр тутам хамаатан садандаа, найз нөхдөдөө, ажлынхандаа гээд хэн нэгэнд зээл өгч, эсвэл авдаг. Zeel.mn нь энэ харилцааг илүү найдвартай, боловсронгуй болгосон Peer to Peer хүнээс хүнд, зээлдүүлэгч, зээлдэгч хоёрыг шууд холбосон “зээлийн бирж” байв. Уламжлалт аргаар буюу бичиг цаастай зууралдах, банкны гүйлгээ, ажилтны тоо, цаг хугацаа мэтийн зүйлс нь эцсийн зээлдэгчдэд очих өртөг зардал буюу хүүг өндөр болгодог учир энэ асуудлыг уг платформоор шийдэж буй.
Цаашид зээлийн хэмжээг 25 хүртэлх сая төгрөгөөр өсгөх ч зээлийн хүүг хоёроос дээш хувьд хэзээ ч гаргахгүй.
Тэд Монгол дахь хамгийн бага 1,8-2 хүртэлх хүүтэй зээл олгодог аж. Тогтмол орлоготой л бол НДШ төлдөг эсэх, барьцаа хөрөнгөтэй эсэх нь огтхон ч хамаагүй, хүн бүр зээл авч болно. Эндээс сарын хугацаатай 200 мянган төгрөгийн зээлийн хүсэлт гаргахад хүү нь 3600 орчим төгрөг болж байсан бөгөөд ижил төрлийн аппликэйшнээс даруй хоёр дахин бага хүүтэй буюу 3000 орчим төгрөгийн зөрүүтэй байлаа. Энэ маягаар нэг жилийн хугацаатай 10 хүртэлх сая төгрөгийг гар утаснаасаа минутын дотор авч болох бол цаашид 25 хүртэлх сая төгрөг гарган авч болохоор хөгжүүлнэ. Зээлийн хэмжээ ийнхүү өсөх ч зээлийн хүүг хоёроос дээш хувьд хэзээ ч гаргахгүй гэдэгт Zeel.mn-ийн залуус хатуу байр суурьтай байна. Ингэснээрээ тэд банк, санхүүгийн тоглоомын дүрмийг өөрчлөх болно гэлээ.
Эхний ээлжид Zeel.mn апликэйшнд анкет бөглөснөөр автоматаар оноо тавигддаг. Онооны дагуу зээлийн хэмжээ тогтож, цаг хугацаандаа зээлээ төлснөөр оноо өсч явах юм. Харин өөрөө бусдад зээлдүүлэх бол мөн ижил хоёр хүртэлх хувийн хүүтэйгээр мөнгөө өсгөн авч болох юм. Шимтгэл нь 0,5 хувь байна. Өөрөөр хэлбэл, мөнгөө өсгөхийг хүсч байгаа иргэд банканд жилийн 13 хувийн хүүтэй хадгалах уу эсвэл Zeel.mn-д 18 хувийн хүүг авч, бусдад зээл хүртээх үү гэдэг сонголттой болжээ.
Zeel.mn Монголбанкны мэдээллийн санг ашиглахын зэрэгцээ зээлээ цаг тухайд нь төлдөг найдвартай зээлдэгч эсэхийг өөрсдийн зохиосон онооны системд бүртгэдэг учир мөнгө зээлдүүлэх гэж байгаа хүн тухайн хүнийг найдвартай үгүйг оноогоор нь харж, зээлүүлэх хүнээ өөрсдөө сонгоно. Энэхүү дундын холбоог Apple, Samsung, IBM зэрэг дэлхийн тэргүүлэгч компаниудын ашигладаг нэг байгууллага, банканд эсвэл ямар нэг серверт бус, “блокчэйн” хэмээх датагаа дэлхийн сая сая хэрэглэгчийн төхөөрөмжүүдэд тараан байршуулах технологийг ашиглан баталгаажуулдаг. Үүнийг залилах, хуурах, хакердах ямар ч боломжгүй. Энэ мэт бүх төрлийн бизнес технологи руу шилжиж байна. Магадгүй ирээдүйд бүх зүйл утсанд л багтах байх. Байгууллага дээр очих шаардлагагүй, банкны хаалга татах хэрэггүй болно. Энэ дунд багтах бизнесүүд бол технологийг бүрэн гүйцэт ашиглаж чадсан компаниуд л байх болно. Ямартай ч зээл өгч ч бас авч ч болдог энэхүү Zeel.mn технологийн тусламжтайгаар хүн хүндээ тусламж үзүүлэх боломжийг хялбаршуулж, технологийн өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах сонголтыг нээлттэй болгоод байна.