Ондооших, дангаарших байдлыг үл тэвчдэг байсан социализмын үед идэх хоол, өмсөх хувцаснаас өгсүүлээд амьдрах орон байрыг хүртэл ав адилхан загвар, шаблоноор үйлдвэрлэдэг байсан. Тиймээс Москва, Улаанбаатар хоёрын алинд нь ч очсон Октябрын район, Найрамдлын ордон, Ажилчны гудам, Барилгачдын талбайд очих боломжтой байв.
1960-аад оноос Монголд хотжилт эхэлснээр “хайрцган архитектур” газар авч Зөвлөлтөд боловсруулсан Ерөнхий төлөвлөгөөнүүдийн дагуу орон сууцны хорооллуудыг босгосон. Ингэхдээ ижил төстэй олон байшинтай коммун хэлбэрээр зохион байгуулдаг байлаа.
1990 оноос Зөвлөлтийн тусламж зогссоноор Монголд шинэ барилга баригдахаа больж, олонхи инженер ганзагын наймаанд явж эхэлсэн. Улс орон барилгын материал үйлдвэрлэхээ больж, судалгаа, шинжилгээний бүх байгууллагыг хувьчилснаар 1924 оноос хойш энэ салбарт хуримтлагдаж ирсэн ололт, мэдлэгийг үргэлжлүүлэн хөгжүүлэх эзэнгүй болов. Бараг 10 орчим жил барилгын салбар ийнхүү салхинд хийссэн хамхуул адил байв. Технологи, эрх зүйн хувьд “орчин үеийн” гээд тодорхойлчих зүйл даанч цөөхөн байлаа.
Барилгын салбарыг орчин үеийн хэв шинжтэй болгоход 2000-аад оны эхээр зүрх зориг гарган өөрийн хөрөнгө, цаг хугацаа, эрүүл мэндээ хайхралгүй зүтгэж байсан цөөхөн хүний дунд Д.Өнөрболор байсан юм. Тэгэхэд компаниуд голдуу багахан хэмжээний хөрөнгө оруулалтаар контор, үйлчилгээний зориулалттай жижигхэн барилгууд барьдаг байсан.
“Яав ч хэмнэж болохгүй зүйл бол чанар”
Харин Д.Өнөрболорын сонгосон чиглэл нь тухайн үеийн захирлуудын хувьд, тэр тусмаа үйлчилгээний салбарт ажиллаж байсан эмэгтэй хүний хувьд гаргамааргүй эрсдэлтэй, дэндүү зоригтой шийдвэр байлаа. Энэ нь Зөвлөлт маягийн орон сууцны хэв маягаас салж амжаагүй байсан Улаанбаатарт орчин үеийн дэлхийн шилдэг технологи бүхий тансаг орон сууцууд барих шийдвэр байв.
Түүний барих барилгад ойролцоогоор 500 орчим материал орохоор байсан ч тэдгээрээс Монголд үйлдвэрлэж байсныг нь гарын хуруугаар тоолохоор цөөхөн. Дээр нь дэлхийд барилгын ямар шинэ технологи, стандарт гарч ирснийг мэдэж, ойлгож байсан хүн төрийн эрх бүхий байгууллагуудад бүр ч ховор байлаа.
2003 онд Чингис Зочид буудлын эсрэг талд “Сөүл Рояль Кастл” хэмээх цоо шинэ хотхон сүндэрлэж олны нүдийг хужирлах болов. “Шалнаасаа халдаг гэнэ билээ”, “Гаражнаасаа шууд лифтэнд суугаад гэртээ орчихдог юм гэсэн” гэх мэт ярианд итгэхээсээ итгэхгүй нь олон байв. Хөгжингүй орны технологи, стандартыг суурьшмал амьдралд шилжээд хагас зуухан жил болж байсан Монголын нөхцөлд нутагшуулах нь төсөөлснөөс ч илүү хүнд байсан юм. Гэхдээ хожмын нэгэн өдөр хэн нэгний эхлүүлэх ёстой байсан ажлыг анхлан гардаж хийсэн нь Д.Өнөрболор болж, түүний касктайгаа барилгын талбайд өнгөрүүлсэн эцэс төгсгөлгүй өдрүүд эхэлжээ.
Хэдийгээр зураг, төсөл дээрээ чамгүй их ажилласан ч байшин нь баригдсаны дараа яаж харагдах, дараа нь ямар эрсдэл гарч болохыг бүрэн ойлгоогүй барилгын ажилдаа оров. Аз болоход түүнд голдуу гадны мэргэжилтнүүдээс бүрдсэн инженерийн баг байв.
Бүтээн байгуулалт эхэлснээс хойш бэрхшээлүүд ар араасаа цуварч, тэр ямар хүнд “ам авснаа” ойлгож эхлэв. Өмнө нь огт байгаагүй зүйлийг нэвтрүүлж байгаа учир барилга барихаасаа илүү хийж буй ажлынхаа онцлог, мөн чанарыг эрхтэн дархтнуудад ойлгуулахын тулд асар их хүчин зүтгэл гаргах хэрэгтэй болов. Газрын зөвшөөрөл авах гэж нэг хэсэг төрийн байгууллагын үүд сахина. Стандарт, технологи нь шинэ учир “Энэ чинь боломжгүй” гэсэн хариуг олонтаа авч байв.
2002 онд анхны хотхоноо барихаар зураг төсөл бэлэн болчихсон, солонгос мэргэжилтнүүд ажилдаа орохоор зэхэж байтал төрийн байгууллагууд хоорондын үл ойлголцлоос болж ажил гурван сар хэртэй нам зогсов. Энэ үе Д.Өнөрболорын хувьд хамгийн хүнд өдрүүдийн нэг байлаа. Харин 2003 онд бүтэн цогцолбор барьчихаад зогсож байхдаа “Үүнийг бид хийчихлээ гэж үү” хэмээн өөртөө нэг л итгэж өгөхгүй байв.
Д.Өнөрболорын бүтээн байгуулалт тэр үедээ барилгын салбарын түүхэнд нэгэн шинэ бүлэг болохоор шинэчлэлүүдийг өөртөө шингээсэн байв.
Хөрөнгө оруулалт хомсын зэрэгцээ өртөг зардлаа хэмнэх үүднээс олонхи компани нэг удаадаа ганц хоёроос хэтрэхгүй байшин барьдаг байсан тэр үед Д.Өнөрболор анх удаа төмөр каркастай бүрэн бетонон цутгамал байшингуудыг хотхон хэлбэрээр барьж эхэлжээ. Ингэж барилгын салбар “хотхон” гэдэг орчин үеийн шинэ ойлголтоор баяжжээ.
Манай улсын 2000-аад оны хувьд тансаг орон сууц гэдэг ойлголт нь ахуйн хэрэглээ, өмч, эко орчин, ногоон байгууламж, дотоод төлөвлөлтийн тал дээр дэлхийн чиг хандлагатай эн зэрэгцээгүй юмаа гэхэд манай улсын барилгын салбарт шинэ технологи болжээ. Д.Өнөрболорын хийсэн бүтээн байгуулалт нь тухайн үеийн барилгын хөгжлийн түвшнээс таван алхмын цаадхыг татаж авчирсан том дэвшил байж 20 жилийн дараах өнөөдрийн өндөрлөгөөс харахад энэ нь тухайн үедээ эргэлт болсон, бизнесийн манлайллын нэгэн тод жишээ байсан.
Д.Өнөрболорын хувьсгал цонхноос эхэлсэн юм. Монгол орны хүйтэн уур амьсгалаас үүдэж социализмын үед орон сууцны цонхыг 80*80 см хэмжээтэй жижигхэн хийдэг байсан уламжлалыг тэр эвдэж 2,2*1,8м хэмжээтэй цонхыг бий болгов. Энэ нь цонхоор харж буй хүний орон зай, гадаад орчныг хүлээж авах байдлыг өөрчилж, тухайн хүнд байгальтай илүү ойрхон гэсэн мэдрэмжийг өгөх зорилготой байв. Түүнчлэн, том цонхны шийдэл нь нарнаас ирэх гэрэл, дулааны урсгалыг нэмж цахилгаан эрчим хүчийг хэмнэх чухал хөшүүрэг болж өмнө нь 17 цагт гэрлээ асаадаг байсан айл 19 цагт асаадаг болжээ.
Д.Өнөрболор болоод Сөүл группийн инженерүүдийн хийсэн зураг төсөл нь орон зайг дээд зэргээр ашиглахад чиглэж байв. Тиймээс өрөөнд багагүй зай эзэлж, үзэмжид нөлөөлдөг халаалтын ширмэн радиаторыг /паар/ халж, шалнаасаа халдаг технологийг анх удаа нэвтрүүлжээ. Ингэснээр шалны халаалтаар чөлөөлсөн орон зайд интерьерын хувьд өмнөхөөс өвөрмөц шийдлүүдийг нэвтрүүлэх үүд хаалгыг нээж өгчээ.
10 байшин барих газарт таван байшин барьж, үлдсэн талбайд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг харамгүй тохижуулдаг байв. Нэг үгээр, Д.Өнөрболор өнөөдөр барилгын салбарт чухлаар яригдах болсон ногоон байгууламжийн асуудлыг 10 гаруй жилийн өмнө урьдчилан хараад хийчихсэн байлаа.
Өртөг зардал хэмнэсэн хуучны зураг төслүүдээс ялгаатай нь тэр орон сууцыг хүн өөрийгөө чөлөөтэй мэдрэхээр, интерьерын хувьд бүх хэрэгцээт зүйл гарын дор байхаар зураг төслийг боловсруулдаг байлаа. Тиймээс 10 байшин барих газарт таван байшин барьж, үлдсэн талбайд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг харамгүй тохижуулдаг байв. Нэг үгээр хэлбэл, Д.Өнөрболор өнөөдөр барилгын салбарт чухлаар яригдах болсон ногоон байгууламж, зогсоолын асуудал зэргийг одоогоос 10 гаруй жилийн өмнө урьдчилан хараад хийчихсэн байлаа. Тиймээс барилгын зураг төслийн шатан дээр сэтгэлд хүрсэн зураг гаргахын тулд жинхэнэ “дайн” болдог байв. Учир нь орон сууц гэдэг бол хүний амьдралдаа хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт, үр хүүхэддээ үлдээх том өв гэдгийг юунаас ч илүү ухамсарлаж байсан. Тиймээс тэр “Яав ч хэмнэж болохгүй зүйл бол чанар” гэж хэлэх дуртай.
Өнөөдрийн өнцгөөс харахад шалихгүй мэт боловч орчин үеийн монголчуудын орон сууцанд амьдрах хэв маягийг өөрчилсөн өөр нэг зүйл нь автомашины гарааш байв. Монгол шиг хүйтэн цаг ууртай оронд хүн гэрээс нь хол баригдсан гараашд машинаа тавихад хүчтэй шуурганд гараашны хаалга онгойлгохоос эхлээд даарч жаварт хайруулах зэрэг олон “адал явдал” учирч болно. Тиймээс Сөүл групп байрныхаа доор дулаан зогсоолд машинаа тавиад, цахилгаан шатаар шууд өөрийн амьдардаг давхар руугаа өгсөж гарах шийдлийг Монголд нэвтрүүлжээ.
Сөүл группийн хийсэн бүтээн байгуулалтаас хэрэглэгчдийн хувьд сюрприз болсон өөр нэг зүйл нь загварын байшин гэх ойлголт байлаа. Мэргэжлийн бус хэрэглэгч зураг төслийг хараад ирээдүйд яг ямар байшинд амьдрахаа төсөөлж чадахгүй. Харин тусгайлан барьж тохижуулсан загварын барилгад орж үзсэнээр ирээдүйд ямар байшинд амьдрахаа мэдээд зогсохгүй, ашиглалтын зардал нь хэр их гарахыг хүртэл тооцоолох боломж бүрддэг.
Д.Өнөрболор хүмүүсийн тав тухын тулд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэрэгт талбай хайрладаггүй байв. Хүүхэд гадаад ертөнцтэй танилцах үйл явцад тоглоомын талбайн нөлөө их учраас 200 биш, цэлийсэн 5000 м/кв-т тоглоомын талбай барина. Тэрбээр зураг төсөл дээрээ суухдаа тухайн оршин суугч хэдхэн алхаад л ханатай тулах биш чөлөөтэй тайван алхаж, гэрээрээ явж байхдаа баригдмал байх бус, харин бяцхан аялал хийж буй мэтээр мэдрэх тийм л орон зайн төлөвлөлт хийхийг чармайдаг байв. Ийм орон зайг үүсгэхэд хангалттай талбай шаардлагатай учир Монголд анх удаа 240 м.кв талбайтай орон сууцыг барьжээ.
Хэдийгээр өнөөдөр Сөүл Роял Кастл шиг тансаг зэрэглэлийн орон сууц барихад гойдын бэрхшээл гарахгүй ч одоогоос 20-иод жилийн өмнө энэ нь цөлд тариа ургуулахтай адил хэцүү зүйл байсан. Бараг бүх материал, инженерийн болон нарийн засал чимэглэлийн боловсон хүчнээ гаднаас авчирдаг байлаа. Түүнд байсан цорын хамгийн чухал зүйл нь хэзээ ч бууж өгдөггүй дайчин чанар байв.
Хариуцлага, сахилга батаар зэвсэглэсэн Business woman
“Би үг хэл, үзэл бодолд итгэдэггүй, зөвхөн үйл хэрэгт итгэдэг. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд хийж бүтээснийг маань хүмүүс хүлээн зөвшөөрдөг, үүгээрээ би бахархдаг учраас элдвийн явган яриа, гүтгэлэгт гутраад, харамсаад байх шалтгаан байхгүй”. Д.Өнөрболор 2016 онд Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшээд “өвдөг шороодсон” тухайгаа ярихдаа ингэж хэлэв.
20 гаруй жил үйлчилгээ, барилгын салбарт “хатаагдсан” энэ бүсгүй захирлуудын дунд голдуу “шинийг санаачлагч мэргэжлийн хүн” гэсэн тодотголтой. Тухайлбал, MCS группын Ерөнхийлөгч Ж.Од “Барилгын салбарын бүх бэрхшээлийг биеэрээ амссан, бизнесмэн гэдэг утгаараа үнэхээр дайчин эмэгтэй” гэж хэлж байв.
2016 онд яагаад улс төрд орохоор шийдсэнийг нь түүнээс асуухад “Хүн туршлагыг худалдаж авдаггүй. Тодорхой цаг хугацаанд туйлбартай хөдөлмөрөөрөө олж авдаг юм. Тэр туршлага гэдэг зүйл өөрийн гэсэн хурд, хүч, жинтэй. Энэ гурав нэгдэж байж амжилт гэдэг зүйлийг олж ирдэг. Тийм амжилтын гараас би атгаж үзсэн хүн. Одоо түүнийгээ нийгмийг бүхэлд нь сайн сайхан болгох тийм зүйл рүү зориулж үзмээр байна. Миний ийм хүсэл л ийм шийдэлд хүргэсэн” гэж хариулав.
Д.Өнөрболор 1000 хүнийг нэг талбай дээр, нэгдмэл зохион байгуулалттай, ямар ч хийдэлгүй ажиллуулж чаддагт барилгын компанийнхан гайхан магтдаг. Чимхлүүр ажил маш их шаарддаг тансаг орон сууцны олон төвөгтэй төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь сахилга бат, хариуцлагыг өөрийн компанийн соёл, нэрийн хуудас болгосон явдал юм.
Анх 22 насандаа бизнест хөл тавьснаас хойш тэр жижиг гэлтгүй ямар ч зүйл орхигдуулалгүй гүйцэтгэж ирсэн. “Хагас цэргийн зохион байгуулалт, тогтмол өндөр шаардлага тавихгүйгээр эрүүл аюулгүй байдлын тухай ч, амжилт бүтээл, хөгжил дэвшлийн тухай ч ярих хэрэггүй. Гараанаасаа л нуран унана” гэж тэр хэлдэг.
Хэрэв Сөүл группын барилгын талбайд очвол хаана материал хураах, хаана хооллож хувцаслах, хаана амрах, хаагуур орох, гарах, хэзээ нэвтэрч болох зэргийг нарийвчлан журамласан цэвэр, цэгцтэй орчин угтах болно. “Барилга бол тоглоом биш. Энийг ухамсарлаж ойлгосон хүмүүстэй би хамтран ажилладаг” гэж тэрбээр ярих нь барилга дээр хүний амь осолдсон мэдээ олширсон өнөө үед олзуурхууштай санагдав. Өргөн агуулгаар нь авч үзвэл ийнхүү тэр хариуцлага, сахилга батыг бизнесийнхээ амин зарчим болгосон нь улс орныхоо нийгмийн хөгжилд оруулж буй том хувь нэмэр гэлтэй.
Хариуцлагыг шүтдэг энэхүү зан чанар төлөвшихөд түүний сурагч, оюутан насны амьдрал багагүй нөлөө үзүүлсэн. Багаасаа л идэвхитэй, мэрийлттэй суралцагч байсан. Нэгдүгээр ангиасаа эхлээд зургаан жилийн хугацаанд эмээ, өвөөгийнхөө дэргэд зуныхаа амралтаар хөдөөний барагддаггүй угаалга, цэвэрлэгээний ажилд нухлуулжээ. Энэ нь түүнд хөдөлмөрийн амтыг мэдрүүлж тасралтгүй, тууштай хөдөлмөрлөх шинж чанарыг суулгаж хожим бизнесийн ертөнцөд амжилт олоход том давуу тал болжээ.
Оюутан ахуйдаа хотод айлд амьдардаг байхдаа шөнө, оройн цагаар гэрэл унтраахгүй хичээл хийдгээсээ болж тэрхүү айлаасаа хөөгдөж байсан тэрбээр 1990-иэд оны дундуур өөрийн зохион байгуулах чадвар, махруу зан, хэлний өндөр мэдлэгээрээ гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж Сөүл групп 25 жил тасралтгүй хөгжих эхлэлийг тавьсан.
Түүний бизнесийн гараа Сөүл ресторанаас эхэлсэн. Шилжилтийн үед үйлчилгээний чиглэл нь бусад салбартай харьцуулахад ач холбогдлын хувьд өнөөдрийнхөөс доогуур байсан ч цаад агуулгаараа өндөр хариуцлага шаардсан хэрэг байв. Учир нь үйлчилгээний чанар олон хүний хамтын хөдөлмөр, бүтээмжийн нийлбэрээс бий болдог. Үнэндээ тэр үйлчилгээний салбараас ажлын гараагаа эхэлсэн нь анхнаасаа л “хатуу самар” сонгосон байв. Сахилга батыг хэвшүүлэхийн зэрэгцээ сонирхолтой байхын тулд шинэ соёл, хандлагыг төлөвшүүлсээр ирсэн өнгөрөгч 25 жил Д.Өнөрболор болоод Сөүл рестораны хувьд амаргүй он жилүүд байсан.
1990-иэд оны эхээр сэхээтнүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, гадагшаа явж нүд тайлсан нийгмийн цөөнхийг эс тооцвол монголчууд үндсэндээ 10 орчим төрлийн хоол иддэг байв. Том хэмжээний баяр ёслолын арга хэмжээ тэмдэглэхэд Улаанбаатар, Баянгол, Чингис зэрэг цөөхөн төрийн өмчит газрууд үйлчилгээ эрхэлдэг байсан. Харин хувийн хэвшлийн хэлбэрээр зах зээлд хөл тавьж олон нийтэд хоолны шинэ соёлыг түгээж эхэлсэн нь Сөүл ресторан байлаа. Эрүүл хооллолт, органик хооллолт, мах, ногооны зохистой хэрэглээ, эдгээрийн хоорондын зохицол зэрэг ойлголтууд хүмүүсийн хувьд цоо шинэ байсан юм.
Тэгэхэд үйлчилгээний салбарт одоогийнх шиг аваад хэрэглэхэд бэлэн стандарт, чиг баримжаа гэж байхгүй байсан учраас Сөүл ресторан өөрийн жишгээр тийм стандарт тогтоохоос өөр аргагүй байв. Мөн зоог сонгох, хүртэх соёл, гэр бүл, хамт олноороо баяр тэмдэглэх, арга хэмжээ зохион байгуулах гэх мэт олон нийтэд чиглэсэн орчин цагийн хэв маягийг Монголд дэлгэрүүлсэн ресторан болов.
Энэ мэт ололтын дүнд төрийн байгууллагуудад үнэлэгдэж гадна, дотны хүндтэй зочдыг үе үе хүлээн авдаг болсон. Тухайлбал, БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, БНХАУ-ын дарга, ХКН-ын зарим дарга, Малайзын Ерөнхий сайд зэрэг өндөр түвшний зочид “Сөүл”-өөр үйлчлүүлж байжээ. Монголын хувийн хэвшлийн ресторанууд дотроо хамгийн урт настайдаа орох Сөүл рестораныг 25 жилийн турш энэ эрчийг нь алдагдуулахгүй явахад Д.Өнөрболор залуу насныхаа үнэтэй өдрүүд, мэдлэг чадвараа зориулсан нь талаар болсонгүй.
Дараа нь үйлчилгээний салбараас барилга руу ороход амьдрал түүнээс том өөрчлөлт шаардсан. Учир нь үйлчилгээний салбарт 98 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдсэн хамт олон удирдаж байсан бол барилгын салбарт шилжсэнээр 98 хувь нь эрчүүдээс бүрдэх, өмнөхөөс тоогоороо 3-4 дахин их компанийг удирдах хэрэгтэй болжээ. Энэ нь түүнээс удирдахуйн арга барилаа 180 градус өөрчлөхийг шаарджээ.
Д.Өнөрболорын хувьд барилгын компанийн захирлуудын хүндлэлийг хүлээдэг нэгэн ажил хэрэгч чанар бол тэр бүх байраа өөрөө зарж борлуулдаг явдал. Тэрбээр боломжит хэрэглэгч бүртэй уулзаж ямар технологитой, яаж тохижуулж, хэрхэн ашиглалтын зардлыг бууруулж болох талаар нэгд нэггүй тайлбарлана. Хүмүүсийн асуусан, хэлсэн бүхнийг анхааралтай сонсоод дараагийн төслийнхөө сайжруулалтад ашиглана. 2016 онд барилгын салбарынхан түүнийг сайд болгох гэж зүтгэж байсны нэгээхэн шалтгаан нь барилга барьж ч чаддаг, борлуулж ч чаддаг учраас өнөөдөр барилгын салбарт тулгараад буй борлуулалтын асуудлыг шийдэж чадах болов уу гэсэн найдлага тавьсантай холбоотой.
Хариуцлагын тухай ярихдаа тэр “Одоо эргээд харахад миний ажил голдуу хүний амь нас, эрүүл, аюулгүй байдалтай холбоотой байсан учраас өндөр хариуцлага шаардаж, юу ч орхигдуулахгүй нэг бүрчлэн хийхийг зорьж ирсэн” хэмээн тэр хэлэв.
Ирээдүйн Д.Өнөрболор
Мэдээж Д.Өнөрболорын идэр залуу насандаа төрөл бүрийн бэрхшээл, сорилттой тулж, нэг ёсондоо барилгын салбарын цоо шинэ чиглэлд энтрепренер болж явсан 20-иод жилийн өмнөхтэй өнөөдрийг харьцуулахад олон зүйл мэдээжийн мэт санагдана. Гэхдээ “мэдээжийн” болгоход түүний гүйцэтгэсэн үүрэг багагүй.
Хятадын Алибаба группыг үндэслэгч Жак Ма “50-60 насандаа залуучуудын төлөө ажилла” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр Д.Өнөрболор туулсан амьдралаасаа олсон мэдлэг, туршлагаа бусдад зориулахын тулд нийгэм рүү чиглэсэн төрөл бүрийн ажилд энергиэ зарцуулж байна.
Өөрийн байгуулсан “Болор ирээдүй” хэмээх сангаараа дамжуулан оюутнуудад орчин үеийн трэнд болсон мэдлэгийг олгох шилдэг контентуудыг худалдан авах, тэтгэлэг өгөх зэргээр оюуны том хөрөнгө оруулалт хийж байна. Үүний үр дүнд финтек, цахим нүүдэлчин зэрэг сэдвээр ирээдүйд гарааны компани болохоор цөөнгүй төсөл их сургуулиудийн хичээлийн танхимд бойжиж байна.
Тэрбээр 2019 онд өөрийн төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн даргаар сонгогдсон. Сонгогдсон өдрөөсөө л тэр Сэлэнгийн эмэгтэйчүүдийн оролцоотойгоор орон нутгийн брэнд бий болгох, Орос, БНСУ-ын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч гадаад харилцааг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийг хуримтлалтай болгох гэх мэт эртнээс дотроо тээж явсан зорилтуудыг ажил хэрэг болгоод эхэлсэн. Сүүлийн хэдэн сард тэрбээр байнга л орон нутаг руу олон хоногоор явж эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцаж, тэднийг эдийн засгийн хувьд чадавхижуулах арга замыг эрэлхийлэхэд цаг хугацаагаа зарцуулсаар явна.
“Хагас цэргийн зохион байгуулалт, тогтмол өндөр шаардлага тавихгүйгээр эрүүл аюулгүй байдлын тухай ч, амжилт бүтээл, хөгжил дэвшлийн тухай ярих ч хэрэггүй. Гараанаасаа л нуран унана”
Анх “Бидний цөөхөн монголчууд” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн нутгаар явж энгийн хөдөлмөрч хүмүүстэй уулзаж байхдаа өөрийнхөө бага насыг эргэн дурсаж, хүүхдүүдэд мөрөөдлөө биелүүлэхэд нь, эмэгтэйчүүдэд эдийн засгийн хувьд хараат бус болоход нь өөрийн хүчээ зориулах хүсэл төржээ. Олон жил бизнесийн ертөнцөд нэг шийдвэрээс нөгөө шийдвэрийн хооронд завгүй явсны эцэст төрсөн энэ мэдрэмж, хүсэл цаашдаа олон нийтэд чиглэсэн ажлууд хийхэд нь түлхэц болжээ.
1990-иэд оны эхэнд хөдөөнөөс хотод шилжиж ирсэн ахлах ангийн сурагч охин, социализмаас зах зээл рүү шилжсэн улс орон хоёр хоёулаа цаг хугацааны эргүүлэгт шидэгдсэн. Гэхдээ оргоо бусгаа цаг үед чиг шугамаа алдалгүй, цэвэр өөрийн хөдөлмөрөөр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гэдгийг түүний хийсэн, бүтээсэн нь хэлж өгнө.
Хэрэв түүний хувийн амьдралыг сонирхож “Солонгос хүнтэй гэрлэсэн гэдэг нь үнэн үү” гэж асуудаг уншигчид байгаа бол тэр аав шигээ сайхан монгол хүнтэй гэрлэж, гурван хүүхдийн ээж болсон.
Гэхдээ тэр цаашид сонгосон чиглэл, барьж авсан ажилдаа сэтгэл зүрхээ бүрэн зориулж, яг л 20-иод жилийн өмнөх шиг зоригоо чангалан, шинэ соргогын түрлэг болох хүслээр дүүрэн байна. Учир нь шинийг эхлүүлэх, эхлүүлснээ урт хугацаанд, нэр төртэй, тогтвортой авч явах ухаан чадал түүнд бий.
Nuguu ard tumen bol tsagaan tsaas gedege tailbarlaad uguuch
Хөдөлмөрч,аливаа юманд тууштай чин сэтгэлээсээ ханддаг ямар нэгэн ажлыг эхлүүлсэн бол заавал ард нь гарч дуусгадаг орос,солонгос ,англи хэлийг төгс эзэмшсэн өндөр боловсролтой бүсгүй шүү.Дүүдээ амжилт хүсье,чи чадна