Хил хязгааргүй сэтгэлгээг дэмжсэн нээлттэй зохион байгуулалт бүхий орчинг кофены үнэр баяжуулан дүүргэх аж. Европ хэв маягийг орчин үеийн интерьерийн элементүүдтэй хослуулсан энэ газар руу дөхөн ирмэгц, кофены үнэр нь өөрийн эрхгүй нүдээ анин гүнзгий амьсгал авахад хүргэдэг. Нэг загварын орчны шийдэл, амт ба үйлчилгээний чанараа хадгалдаг тогтсон стандарт, кофены соёлыг тэдний аль ч салбараас ижилхэн мэдэрнэ.
11 жилийн өмнө Солонгосын зах зээлээс гараагаа эхэлсэн ч, франчайз хэлбэрээр олон улсад гарч, дэлхийг бүрхэж буй “Caffé Bene” нь өдгөө глобал бизнес болоод байна. Тус компани нь кофе шопууд, кофены шош борлуулалтаар гараагаа тавьж, улмаар мэргэжлийн кофе үйлчилгээ эрхлэгчдийн эгнээнд зүй ёсоор багтах болсон. Тэд 300 дахь салбараа нээхэд хамгийн богино хугацаанд олон салбар нээсэн кофе бизнес эрхлэгч байв. Өдгөө дэлхийн 15 оронд 1600 гаруй салбартай. Энэ тоо сараар бус өдрөөр нэмэгдэж буй. Үүний тод жишээ нь Монгол дахь тус компанийн франчайз салбарууд. Франчайз бизнес нь бусдад эрх мэдэл, бизнес хийх боломж олгохын зэрэгцээ брэндийн үнэ цэнийг давхар ойлгуулж, тэднээр дамжуулан түгээж, нэр төр, амжилтаа хуваалцдаг онцлогтой. Хэдийн монголчуудад дотно болсон энэ бүхнийг бүрдүүлсэн “Caffé Bene”-гийн өнөөгийн 30 салбарыг цогцлооход 12 тэрбум төгрөг шаардагджээ.
Үүсгэн байгуулагч Сун Квон Ким Канадад аялж явахдаа орон нутгийн кофены дэлгүүрүүдийг ямар их алдартай болохыг хараад Италиар “Сайн кофе” гэх энэхүү кофе шопоо байгуулах болсон гэдэг. Харин Монголд одоогоос 21 жилийн өмнө бизнест хөл тавьсан, манай улсын бизнесийн акулуудын нэг “Монбейкери”-гийн эзэгтэй Д.Ариунбат мастер франчайз буюу бусдад франчайз эрх олгох зөвшөөрөлтэйгөөр авчиржээ. Түүний “Монбейкери” cолонгос мэргэжилтний шууд сургалтан дор үйлдвэрлэлээ явуулж эхэлснээс хойш дотооддоо анхлан гурилан бүтээгдэхүүнээр “брэнд” гэгчийг бий болгон, супермаркетын доторх халуун цех, борлуулалтын хослол буюу “In store bakery” хөгжлийг Монголын зах зээлд нэвтрүүлсэн юм. Өдгөө тэд нарийн боовны зах зээлийн 13 хувийг дангаараа хангадаг. Ийнхүү анхны гэх олон тодотголын эзэн болсон тэрбээр 2008 онд бизнесийн хамтрагчидтайгаа нийлэн “Caffé Bene”-г оруулж ирэхээсээ өмнө Италийн “Café Ti-amo”-ийн франчайз эрхийг авчирснаар Монголын анхны кофе шопыг бий болгож, анхдагч болжээ.
Энэ үеэс кофены соёл манай улсад хожуу орж ирсэн ч, хоромхон хугацаанд нийслэлийн залуусыг хамрав. Тэд хамтдаа таван жилийн хугацаанд бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэх боломжийг хайсаар дэлхийд танигдсан бизнесийн бэлэн загвар “франчайз”-ийн үр шимийг улам мэдрэх болж, өдгөө улсад жилдээ нэг тэрбум гаруй төгрөгийн татвар төвлөрүүлдэг “Caffé Bene”-г оруулж иржээ. Товчоор Монгол дахь “Caffé Bene”-гийн эхлэл нь одоо ч хүүхдийн 100-д байрлах “Café Ti-amo” гэж хэлж болох юм.
Зөвхөн кофе биш…
“Bene”-г дэлхийд хоромхон хугацаанд алдартай болгоход тэдний маркетингийн арга барил гол үүрэг гүйцэтгэсэн. “Оддын маркетинг”-ийг ашиглаж, олны танил эрхмүүдийг баннер, сурталчилгаандаа оруулан, телевизийн олон ангит кино, алдартай нэвтрүүлгийн зураг авалтыг кофе шопдоо хийлгэдэг. Өдөр тутмын маркетингаа сошиал хуудсаараа хөтлөн явуулдаг бөгөөд арааны шүлс асгарам зургууд, түүн дээр сэтгэл хөдөлгөм эсвэл урам өгөх үгсийг нийтэлдэг байна. Монголын зах зээлд ч ялгаагүй эдгээр аргыг ашигладаг. Тэднийг даган өрсөлдөгчид нь ч дуурайлал аван, дагаж хөгжиж явдаг.
Тэд чихэрлэг, исэллэг, хүчиллэг гэх мэт таван амтыг цогцоор нь агуулдаг дээд зэрэглэлийн Арабика кофег өөрсдийн Германы “Probat” брэндийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэртээ хуурч, үйлчлүүлэгчиддээ шинээр нь хүргэдэг. Амтат ундааны сиропыг Италийн “Fabbri”-гоос, желато зайрмагийн түүхий эдийг дэлхийн хамгийн том зайрмагийн орц үйлдвэрлэгч “PreGel” компаниас, жимсний түүхий эдээ Францын “Andros” компаниас авдаг гэх мэт хамгийн сайн чанарын түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн санал болгодог. Тэдний бусдаас ялгарах бас нэгэн шинж чанар нь улирал тутам шинэчлэгддэг, тухайн цаг үедээ зохицсон цэс юм. Энэхүү жороо Монгол дахь “Caffé Bene” өөрсдөө хөгжүүлж гаргадаг аж. Өвлийн тусгай цэсэнд сэнгэнэсэн халуун ногоо, ургамлын хоршилтой нэрж гаргасан Chai Tea Latte, жигнэмгийн амттай халуун сүү Gingerbread Latte, зуны улиралд сэрүүцүүлэх Refreshing Summer, намрын шаргал өдрүүдэд Итали жигнэмгийн амттай Amaretto Cookie Latte, амин дэмээр баялаг жимсний Very Berry цай гэх мэтчилэнг гаргадаг.
Тэд улсад жилд нэг тэрбум гаруй төгрөгийн татвар төвлөрүүлдэг.
Мөн тэд жинхэнэ кофенд дурлагчдад зориулж зөвхөн тав дахь өдөр Наадам центрийн салбартаа тусгай үрийн Single Origin кофенуудыг Монголын цорын ганц мэргэжлийн сургагч багш Э.Алтанзүрх нэрж гаргадаг. Эдгээр нь тухайлбал, Колумб кофе нь исгэлэн, жимсний амттай, Гватемаль нь жимс, ургамлын, Этиоп нь цэцэг навч, ургамлын амттай, Коста-Рика нь исгэлэн гэх мэтчилэнгээр өөр амттай. Эдгээрийг уухыг хүсэгчид тусгайлсан текэн дээр сууж, кофег хэрхэн найруулж байгааг харж, үнэрлэж, амтлангаа хүүрнэлдэх ажээ. Үйлчлүүлэгчдийн нэг Г.Даваадорж “Кенийн дарсны үнэртэй кофег, хааяа кофены эх орон гэгддэг Этиопын цэцэг, жимс, ургамлын үнэртэй кофег уухаар ирдэг” гэж хэлэв. Дээрх онцгой кофег уухаар зорин ирэгсдийн тоо олшрох болсон нь хэрэглэгчдийн кофены талаарх мэдлэг зузаарч, мэргэжлийн түвшинд амтлах болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, кофетой танилцах үе хэдийн ард хоцорч, хэрэглэгчдийн шаардлага өндөрссөнөөр манай улсын кофены зах зээл шинэ шатанд орж, өрсөлдөөн ширүүссэний дүнд инновацилаг бүтээгдэхүүн гарах болжээ.
Түүнчлэн энэ мэт хэрэглэгч, үйлчлүүлэгчид том зургаар нийгэмд үзүүлж буй эерэг нөлөөллүүдийн нэг нь кофе шоп зарим хүмүүсийн хувьд оффис нь болсон. Кофе шоп бий болсноор ажиллах шинэ орчинг бий болгосон. Эндээс олон старт ап, шинэ бизнесийн санаа, шинэ компани төрөн гарсаар байна. Тэдгээрийн нэг нь “Caffé Bene”-гээр хагас жил оффислож явсан, өнөөдөр дэлхийн олон оронд брэндээ гаргаж чадсан “Lhamour”-ийн Д.Хулан юм. Мөн хүүхэд, залуучуудад боловсон чөлөөт цаг заваа өнгөрөөх, хичээлээ хийх шинэлэг орчинг бүрдүүлсэн. Нөгөөтэйгүүр, “Caffé Bene” зах зээл дээр 250 ажлын байрыг бий болгосон тухай тус компани энэ оны тайландаа дурджээ.
Кофе шоп бий болсноор ажиллах шинэ орчныг бий болгосон. Эндээс олон стартап, шинэ бизнесийн санаа, шинэ компани төрөн гарсаар.
Ажилтнууд нь бариста, бартендерийн тэмцээн уралдаанд байнга оролцох бөгөөд түрүү байруудад Bene-гээр овоглох бариста нар үргэлж багтдаг. Сонирхуулж хэлэхэд баристагаас гадна кофе хуурах ч бас тусдаа мэргэшил болдог. Тодруулбал, Barista нь үйлчлүүлэгчдэд зориулж кофе чанадаг бол Roasting нь ногоон өнгөтэй түүхий кофег хуурч бор өнгөтэй болгодог, Sensory нь кофены амталгаа, чанарт үнэлгээ өгөх чадвар, green coffee нь кофе тариалагч гэх зэргээр мэргэшдэг байна. Цаашлаад латте арт, кофе ногоон үр судлал гээд нарийвчилбал кофены соёлыг энгийн хэрэглэгч ойлгож барамгүйгээр гүнзгийрчээ.
Гаалийн мэдээнд үндэслэн хийсэн “Caffé Bene”-гийн тооцооллоор Монгол хүн жилд дунджаар хоёр аяга кофе ууж байна (энд бэлэн найруулдаг кофег тооцоогүй). Энэ тоо Европт 720 аяга, Америкт 400 аяга, Хятадад зургаан аяга кофе уудаг хэмээн SPR Coffee сүлжээний сайтад тэмдэглэжээ. Энэ дүнгээс харахад манай улсын кофены зах зээл цаашид ч өргөжих боломжтой байгаа юм. Монгол дахь “Caffé Bene”-гийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Солонгосын “Caffé Bene”-гийн захирал Монгол дахь франчайз эрх эзэмшигчдэд хандан таван жилийн дараа 30 салбар нээх байх гэж хэлж байсан нь тухайн үед тэдэнд боломжгүй мэт санагдаж байсан ч өнөөдөр биеллээ олсон. Цаашид Монгол дахь франчайз эрх эзэмшигчид хоёр жилийн дотор дахин 20 салбар нээхээ хэлсэн. Тэд нийслэлээс гадна энэ зун Дархан хотод салбартай болсон бөгөөд энэ мэтчилэн тэд орон нутгийн бизнес эрхлэгчдээр хүрээгээ тэлж, амжилтаа хуваалцана.