Ердөө хоёрхон сарын дотор дэлхийн эдийн засаг орвонгоороо эргэлээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гурав дахин буурч, вирусийн тархалтыг зогсоохын тулд улс орнууд үйлдвэр, онгоцны буудал, оффис, сургууль болон дэлгүүрээ хаахаас өөр аргагүйд хүрэв. Ажилтнууд ажлын байраа алдахаас, компаниуд дефолт зарлах вий гэхээс хөрөнгө оруулагчид санаа зовно. Эдгээр нь орчин цагийн түүхэн дэх хамгийн ноцтой эдийн засгийн хумигдал гэлтэй. Өнгөрсөн жилийн нэг, хоёрдугаар сартай харьцуулахад энэ онд Хятадын ДНБ ойролцоогоор 10-20 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Хэрэв вирусийн тархалт нэмэгдэх аваас Америк болон Европын эдийн засаг уналтад орох магадлалтай. Энэ нь Азийн эдийн засгийг улам доош татаж мэдэх юм. Эл уналтыг эдийн засгийн их хямрал болгохгүйн тулд төрийн тууштай оролцоо шаардлагатай. Гэхдээ зөвхөн өргөн хүрээтэй оролцоо төдийгүй санхүүгийн шинэ хэрэгслийг шуурхай нэвтрүүлж ашиглах хэрэгтэй байна.
Барууны эрх баригчид уналттай тэмцэхэд их хэмжээний мөнгө зарцуулна гээд аль хэдийн амлачихсан. Америк, Герман, Их Британи, Франц болон Итали улсуудын зарцуулах мөнгөний хэмжээ нь татварын бууралт, төв банкны мөнгө нийлүүлэлт, зээлийн баталгааг оруулаад ДНБ-ныхаа 23 хувь буюу 7.4 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна. Гэвч үүний тавны дөрвөн хувийг төв банкууд хариуцах ба олон орон дорвитой алхам хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Одоогоор моргэйжийн зээлийн хугацааг хойшлуулахаас эхлээд Парисийн кафег дампуурлаас аврах зэрэг янз бүрийн бодлого санал болгоод байна. Улиг болсон хуучны бодлогууд үр дүн дагуулахгүй байх магадлалтай. Түүнчлэн чинээлэг орны хүүгийн хэмжээ бараг тэг тул шийдэл хайсан төв банкуудыг хүнд байдалд оруулжээ. Ерөнхийдөө эдийн засгийн уналтын үед төр эрэлтийг нэмэгдүүлэх гэж оролддог боловч хөл хорионд буй иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авч чадахгүй байна. Энэ нь хуучин туршлага үргэлжид чиглүүлэгч болж чадахгүйг харуулна. Дайны улмаас эдийн засаг нуран унасан үеэр буюу 1918 онд дэлхийг хамарсан цар тахал дэгдэж байв. Хятад улс хөл хориог даван гарсан боловч тэдний нийгмийн загвар нь барууны улсуудынхаас эрс өөр.
Тэгвэл яавал зүйтэй вэ? Эдийн засгийн бодлого нь айл өрх болон аж ахуйн нэгжүүд гэсэн хоёр бүлэгт гол анхаарлаа хандуулах шаардлагатай. Төр түргэн шуурхай, бүтээмжтэй, уян хатан байвал вирус дахин дэгдэхэд ажилтан болон аж ахуйн нэгжүүд төрөөс ирэх дэмжлэгт итгэлтэй байж чадна. Тэр дундаа эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахын тулд санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа өрх гэрт нэн түрүүнд туслах хэрэгтэй юм. Тухайлбал, өвчтэй тохиолдолд цалинтай чөлөө авч, даатгалгүй иргэд эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх боломжийг бүрдүүлэх зэрэг орно. Мөн Германы адилаар бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа аж ахуйн нэгжид цалингийн дэмжлэг үзүүлж ажилтнаа цомхтгохоос нь сэргийлэх хэрэгтэй.
Хонконг шиг өрхүүдэд шууд мөнгө хуваарилахдаа бусад улс дижитал системийг ашиглах нь зөв шийдэл болно.Энэ нь цаашдаа шуурхай дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлнэ. Америкаас эхлээд олон улс орон мөнгө хуваарилахдаа хоцрогдсон шуудангийн үйлчилгээ болон татварын газартаа найддаг. Хэрэв санхүүжилтийг хормын дотор утас эсвэл онлайн банкны дансаар шилжүүлчихвэл бэлэн мөнгө авдарлах шаардлагагүй болж иргэдийн итгэлийг ч улам нэмэгдүүлнэ. Түүнчлэн вирусийн тархалт намжихад эдийн засгаа сэргээх үйл явц ч хурдсах юм.
Саяхныг хүртэл Европ даяар ДНБ-ны ердөө нэг хувьтай тэнцэхүйц санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь хангалтгүй байгаа. Харин Америк таван хувийг зориулахаар төлөвлөсөн нь ДНБ-ны хоёр оронтой уналтыг нөхөхөд дөхөж очно. Төсвийн алдагдал ихсэх тусам засгийн газар нэмж бонд гаргахаас өөр аргагүйд хүрнэ. Зах зээлийг тогтвортой, бондын орлогыг доогуур барихын тулд шинээр гаргасан бондыг төв банкууд худалдан авах хэрэгцээ гарах юм. Инфляц нь санаа зовоосон дараагийн асуудал боловч тэнгэр тултал өсөх магадлал тун бага. Евро бүсийн хямралаас зайлсхийх зорилгоор Европын төв банк 750 тэрбум еврогийн хөрөнгө худалдаж авахаар төлөвлөөд буй. Үүнээс гадна Европын улсуудын засгийн газар Итали гэх зэрэг хямралын ирмэгт тулсан эдийн засгийг дэмжинэ гэсэн баталгаа өгөх нь зүйтэй.
Дараагийн ээлжинд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэдэн сая компанид бэлэн мөнгө нийлүүлэх арга зам бий. Учир нь тэдгээр компани хоосорч, нэхэмжлэлдээ дарагдаж, тэр ч бүү хэл хөрөнгийн зах зээл тэдэнд хаалттай болсон. Нийтээрээ дампуурал зарлавал ажилгүйдэл, банкны найдваргүй зээл огцом өсөж худалдаа дахин сэргэхэд хүндрэлтэй болох юм. Төрийн оролцоо дийлэнхдээ дутуу дулимаг байсан хэвээр. Төрийн өмчит болгож дампуурлаас аж ахуйн нэгжүүдийг аварч болно хэмээн Францын төр үзэж байгаа ч компаниуд үүнийг эсэргүүцэх нь халаггүй. Энэ хооронд Америк үнэт цаасны зах зээлээ босгохоор хичээж байна. Гэхдээ энэ нь байгууллагын өрийн өчүүхэн хэсгийг л санхүүжүүлэх ба олон ажилтантай томоохон компаниудад л ашигладаг юм. Герман, Их Британи зээлийн баталгааны тогтолцоог бий болгох саналтай ч зээлийн сая, сая хүсэлтийг хэн хянан шийдвэрлэх вэ гэдэг нь тодорхойгүй. Үүнд хамгийн тохиромжтой шийдэл бол банкны системийг ашиглах явдал юм. Учир нь бүхий л аж ахуйн нэгжүүд өөрийн данстай мөн банкууд хэрхэн зээл олгохоо ч мэддэг. Төр хямд санхүүжилт олгож, банкууд харилцагч нартаа зээл өгөхдээ ихэнх эрсдлийг үүрнэ гэсэн баталгаа гаргаж болно. Зээлдэгч нар зээлээ эрт төлсөн тохиолдолд урамшуулал авдаг байж болох юм.
Мэдээж энэ шийдэлд дутагдалтай тал бий. Улсын болон байгууллагын зээлийн хэмжээ тэнгэрт тулж, чинээлэг иргэдэд л мэдээлэл хүрч, тааруухан аж ахуйн нэгжүүд зээл авах эрсдэлтэй. Энэ мэт сөрөг үр дагавар бий ч эерэг үр дагавар бас олон байна. Тухайлбал, хавцлын үзүүрт байгаа иргэдэд бэлэн мөнгө шуурхай хүртээж тэднийг аврах боломжтой болно. Мөн нөхцөл байдал сайжирч эхлэхэд айл өрхүүд айдасгүйгээр хэрэглээгээ нэмж, аж ахуйн нэгжүүд бизнесээ болон ажиллах хүчээ авч үлдэн хонгилын үзүүрт гэрэл гарахад зоригтой алхам хийхэд бэлэн байх орчин бүрдэх юм.
The Economist сэтгүүлээс олгосон лицензийн дагуу Mongolian Economy орчуулав.