Стресс эрүүл мэндэд муу, харилцааг сүйтгэдэг, бүтээмжид сөргөөр нөлөөлдөг гээд муу үр дагаварын тухай та олонтаа сонссон нь лавтай. Хэдий тийм боловч ажлын ачааллыг зөв зохицуулвал бүтээмж болон гүйцэтгэлд эерэг нөлөөтэй болохыг сүүлийн үеийн судалгаа харуулж байна.
Мэргэжилтнүүдийн үг
Стрессээс зугтах боломжгүй. Удирдлагуудын чадварын үнэлгээний мэргэжилтэн Жастин Менкис “Бид зогсолтгүй үргэлжлэх сэтгэл зовнил, өөрчлөлт болон тодорхойгүй байдлын дунд амьдардаг. Үүнд дасан зохицох хэрэгтэй” гэсэн бол эерэг сэтгэл судлалын мэргэжилтэн, Good Think корпорацийн үүсгэн байгуулагч Шон Эйкор “Стресс бол ажил амьдралын салшгүй хэсэг. Гэхдээ энэ нь стрессийн нөлөөллөөс зайлсхийх боломжгүй гэсэн үг биш” хэмээн хэлсэн. Тэд хоёул стресст хандах хандлагаа өөрчлөх нь эерэг нөлөөг бий болгоно гэдэгт санал нэгдэж байна. Мөн Эйкор “Стрессийг яаж ашиглахаас сайн эсвэл муу байх нь шалтгаална” хэмээжээ. Ачааллыг хэрхэн зохицуулж буй нь чамайг манлайлагч болохыг харуулж, давуу байдлыг бий болгоно. Үүний тулд дараах таван зарчмыг баримтлаад үзээрэй.
- Сэтгэл зовнилыг байгаагаар нь хүлээж ав
Менкисийн хэлж буйгаар стресс эрүүл мэндэд муу гэдгийг сонсох бүртээ хүмүүс сэтгэл зовнил нь мэдрэмж гэдгийг мартдаг ажээ. Огцом хариу үйлдэл, түгшүүр, зүрхний цохилт түргэсэх зэрэг нь хийх гэж буй ажилдаа хэр их ач холбогдол өгч буйн илрэл юм. Үнэндээ стресс тухайн ажил таны хувьд хэр зэрэг чухал вэ гэдэгтэй шууд холбоотой байдаг. Хэрэв тийм ч чухал биш байсан бол санаа зовохгүй л байсан шүү дээ. Сэтгэл зовнил нь үүний илрэл болохоос бүтэлгүйтлийн шинж тэмдэг эсвэл сандрах шалтгаан биш гэдгийг ойлгосон цагт үүнд илүү ухаалгаар ханддаг болно. Мөн стресс эцэс төгсгөлгүй зүйл биш гэдгийг бүү мартаарай. “Мэдрэмж бол түр зуурынх. Үүрд үргэлжлэх юм шиг санагддаг нь үнэн ч тавхан хором хүлээчих” хэмээн Менкис хэлжээ.
- Стрессд хандах хандлагаа өөрчил
Сэтгэл зовнилыг таньж мэдсэний дараа сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Эйкорийн судалгаагаар стрессийг хэрхэн харж буй нь танд үзүүлэх нөлөөг тодорхойлдог аж. Тэрбээр “Бидний тархи сөрөг, тайван эсвэл стресстэй нөхцлөөс илүү эерэг байхдаа сайн ажилладаг” хэмээжээ. Сөрөг мэдрэмж төрөх эсвэл сэтгэл зовнисон үед хүний тархи “дайр эсвэл зугт” гэсэн төлөвт шилждэг бөгөөд энэ нь сэтгэн бодох чадварыг ихээхэн хязгаарладаг. Харин эерэг мэдрэмжтэй бөгөөд анхаарал төвлөрсөн үед тархи “тэл бас бүтээ” төлөвт шилжсэнээр илүү олон боломжийг олж харах нөхцөл бүрддэг. Алийг нь сонгох нь танаас шалтгаална. Эйкор стрессийг аюул гэхээсээ илүү сорилт гэж хүлээж авах гэж хичээх хэрэгтэйг дурджээ. Ийнхүү сэтгэлгээгээ өөрчилснөөр энэ мэдрэмж таныг гацаах бус улам идэвхжүүлэх болно.
- Өөрчилж чадах зүйлдээ анхаар
Сэтгэл зовних эсвэл түгших үед юунд нөлөөлж чадах бас чадахгүйгээ санах нь зөв. Ихэвчлэн хүмүүс өөрчилж чадахгүй зүйлээсээ болж шаналдаг. Эйкор “Аз жаргалын давуу тал” номондоо “арлын туршилт” гэдэг дасгалыг онцолжээ. Таныг стрессдүүлж буй зүйлсийг жагсаагаад өөрчлөх боломжтой болон боломжгүй гэсэн хоёр “арал” буюу тойрогт хуваа. Өөрчлөх боломжгүй хэсэгт багтсан зүйлсийг орхиж боломжтой гэсэн асуудлуудаа шийдэх тодорхой алхам хийж эхэл. Ингэснээр стрессээс салж, зорилгодоо ойртох болно.
- Таныг дэмжих хүрээллийг үүсгэ
Хэцүү үед хандах хүнтэй болох нь чухал. Ингэснээр шаардлагатай бол хэн нэгэн дээр очоод сэтгэлээ онгойлгож болно гэдгээ санах болно. Тэгэхгүй байсан ч ийм нэг сонголт байгаа гэж бодох нь сэтгэл амар байхад тустай. Стрессдээгүй үедээ бусдыг сэтгэл санаагаар дэмж. Сэтгэл санааны “хадгаламж” үүсгэж, шаардлагатай үедээ тэндээсээ ав гэж Менкис зөвлөсөн байна. Хүрээлэл ч гэсэн ихээхэн нөлөөтэй. Байнга гомдоллож, өөрчилж чадахгүй зүйлдээ шаналдаггүй хүмүүсээр хүрээлүүл.
- Стрессээ давах туршлага хуримтлуул
Менкисийн хэлж буйгаар стрессээ давж гарах шилдэг арга бол үүнийгээ дадал болгох явдал аж. Хэрэв бие тань стрессд дасаагүй бол та сандарч, гарах боломжгүй аймшигтай эргүүлэгт орно. Энэ нь ихэвчлэн залуу хүмүүст тохиолддог бөгөөд тэд ахимаг настай хүмүүсээс илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлдэгтэй холбоотой. Үүнд зөвхөн даавар бус мөн туршлага чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ аргыг туршихын тулд заавал хүнд нөхцөл байдалд орох мөчийг хүлээх хэрэггүй. Өөрийгөө ямар хүнд нөхцөлд орж болохоо төсөөл. Дарамт ба айдас мэдэрч байвал сайн. Энэ нь дасгалаар бол сунгалт хийж буйтай адил. Жишээлбэл, олны өмнө ярихдаа сандардаг бол илтгэгчдийн тэмцээнд бүртгүүлж, өөрийн чадвараа тухайн орчинд сорихыг тэрбээр зөвлөжээ. Стрессдсэн ч үүнийгээ давж гарах боломжтой туршилтуудыг хий.
Зарчмууд
- Стрессийг сандрах шалтгаан гэхээс илүү аливаа зүйлд хэр сэтгэл зовниж буйн илрэл гэж бод
- Мэдрэмж биш ажилдаа төвлөр
- Стрессдсэн үедээ хандах хүнтэй бол
- Стрессийг мөнхөд үргэлжилнэ гэж бүү бод
- Өөрчилж чадахгүй зүйлдээ санаа бүү зов
- Сөрөг хүмүүсээс хол бай
Harvard Business Review сэтгүүлийн орон тооны бус эрхлэгч, “Ажлын байран дахь зөрчлийг шийдэх хөтөч” буланг санаачлагч Эми Галло.