Дэлхийн түүхэнд хамгийн сайн зөвлөхүүдтэй байсан удирдагч бол магадгүй Чингис хаан. Монголын эзэнт гүрэн тэлж, дараа нь задрахад ч, халх ойрод хоорондоо байлдахад ч, хожим Богд хаант Монгол Улс байгуулагдахад ч зөвлөхүүдийн үг хамгийн их нөлөө үзүүлсэн. Социализмын үед зөвлөх үйлчилгээг монголчууд орос мэргэжилтнүүдээс авч байсан бол одоо бие даан орчин үеийн хэв маягаар хөгжиж дэлхийн түвшний мэдлэг, ур чадвартай зөвлөхүүд төрөн гарсаар байна. Улс орны эдийн засаг хөгжихөд хамгийн чухал үүрэгтэй тэдний нэг болох стратеги, менежмент, манлайллын мэргэжлийн зөвлөхөөр 18 жил ажиллаж буй Ц.Оюунжаргалтай ярилцлаа.
Та карьераа яаж эхэлсэн бэ?
Би 2002 оноос зөвлөх үйлчилгээний салбарт ажиллаж эхэлсэн. Үүнээс өмнө би гадаадад сургуулиа төгсч ирээд банкны салбарт 7-8 жил ажиллачихсан байлаа. Өөр салбарт туршлага хуримтлуулж, хүчээ үзье гэсэн бодол төрсөн. Тухайн үед олон улсын байгууллагад ажиллах нь сонирхолтой, өөрийгөө сорих, бас суралцах том боломж гэж харж байсан учир өдөр тутмын сонинд гарсан ажлын зарын дагуу ярилцлага өгч тэнцээд НҮБ-ын төсөл дээр ажиллаж эхэлсэн. Тэр үед НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэй ERP (Enterprise Restructuring Project) гэдэг маш том төсөл дөнгөж хувьчлагдсан томоохон үйлдвэрийн газрууд дээр хэрэгжиж байсан үе л дээ. Тухайн үед манай хувийн секторт хувьчлагдаад удаагүй үйлдвэрийн газруудын бүтцийг шинэчлэн өөрчлөх, зах зээлийн харилцаанд шилжүүлэх, удирдах ажилтнуудын хуучинсаг сэтгэлгээг өөрчлөх зэрэг томоохон сорилууд тулгарч байлаа.
Миний хувьд анх удаа зөвлөх үйлчилгээний салбарт ажиллахын зэрэгцээ үндэстэн дамнасан корпораци удирдаж байсан асар их мэдлэг туршлагатай англи, америк хоёр том зөвлөхийн удирдлага дор 2008 он хүртэл ажиллах завшаан олдсон юм. Зөвлөх хүнд шаардлагатай мэдлэг, ур чадвараас эзэмшиж, зөвлөх үйлчилгээний салбарын улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх үүрэг роль болон ажлынхаа мөн чанарыг сайтар ойлгож авсан он жилүүд байжээ. Зав чөлөөгүй ажлын хажуугаар Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт суралцаж “Санхүүгийн байгууллагын стратеги төлөвлөлт” сэдвээр мастерын дипломоо амжилттай хамгаалж байлаа. Энэ зургаан жил миний хувьд академик боловсролын хүрээнд ч, ажлын талбар дээр ч карьерын хувьд өсч дэвжсэн, менежмент стратегийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр цаашид ажиллах суурь нь тавигдсан гайхалтай үе байсан гэж боддог.
2000-аад оны эхээр компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагаасаа хуваалцах уу.
Бид өмнө нь төрийн өмчийн аж ахуйн нэгж байсан үйлдвэрийн газрууд болон зах зээлд шилжсэнээс хойш байгуулагдсан хувийн үйлдвэрийн газруудтай ажилладаг байсан. Үндсэндээ хоёр төрлийн асуудалтай тулгарч байсан. Хуучин үйлдвэрийн газруудын хувьд өмнөх тогтолцооноос уламжилж ирсэн нүсэр бүтэцтэй, үйлдвэрийн байшин барилга, тоног төхөөрөмж гээд материаллаг нөөц ихтэй. Эдгээр үйлдвэрийн газруудад зах зээлийн орчинд зохицон ажиллах, бүтцийн өөрчлөлт хийх, борлуулалт, маркетингийн асуудлууд голдуу тулгарч байсан.
Харин зах зээлийн орчинд байгуулагдсан компаниудын хувьд маркетинг, борлуулалт гэхээсээ илүү дотоод системийн доголдол их байсан. Жишээ нь, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр санхүүгээ цэгцлэх, үнэн зөв тайлагнахаас эхлээд санхүүгийн программ, НББ-ийн систем нэвтрүүлэх, бүтэээгдэхүүний өртгийг зөв тооцоолох тал дээр туслалцаа үзүүлдэг байсан. Түүнчлэн маркетингийн төлөвлөгөө, стратеги боловсруулах төслийг хэд хэдэн компани дээр хэрэгжүүлсэн. Байгууллагынхаа үндсэн чиг үүрэгтэй холбоотой (санхүү, маркетинг, хүний нөөц) асуудлуудаа шийдсэн, харьцангуй сайн менежменттэй компаниуд дээр технологи сайжруулах зөвлөх үйлчилгээний төслүүд хэрэгжүүлж байсан.
Тэр үед таньтай харилцаж байсан компаниудаас одоо амжилттай яваа ямар компани байна вэ?
Олон компани нэрлэж болно. Бид Өгөөж Чихэр Боов ХХК-тай ажилласан. Одоо ч энэ компани амжилттай яваа. Тухайн үед Их Британиас туршлагатай олон улсын зөвлөх урьж авчирсан. Тэр үед компанид тулгарч буй асуудлыг шийдэх зөвлөх үндэсний хэмжээнд байхгүй бол НҮБ-ын санхүүжилтаар гаднаас цөөн тооны өндөр ур чадвартай зөвлөхийг урьж ажиллуулах боломжтой байсан л даа. Их Британиас урьж авчирсан зөвлөх маань Өгөөж дээр үр дүнтэй ажиллаж тухайн үед компанид тулгарч байсан асуудлыг амжилттай шийдэж чадсан. Зөвлөхүүд нууцлалын гэрээний хүрээнд ажилладаг учир үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг уншигчид маань ойлгох буй заа.
Түүнчлэн Дархан нэхий компани дээр ажилласан. НҮБ-ын төсөл эхлэхэд уг компанийн үйл ажиллагаа зогсоод хэдэн жил болчихсон байлаа. Биднийг Испаниас ирсэн арьс ширний технологийн экспертээ дагуулаад очиход үйлдвэрт манаачаас өөр хүнгүй шахам, үйлдвэрийн зааланд шувуу үүрлэчихсэн, биднээс үргээд нисч байсан нь одоо ч нүдэнд харагддаг. Харин өнөөдөр Дархан Нэхий яаж ажиллаж байгааг бид мэднэ. Өнөөдрийн амжилтад хүрэхэд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэг, Испани зөвлөхийн оруулсан хувь нэмэр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж хэлэх байна.
НҮБ-ын төслийн дараа та өөрийн карьераа яаж тодорхойлов?
Аливаа төсөл, хөтөлбөр хугацаатай. 2008 онд төслийн хоёр дахь шат дуусахад тэнд ажиллаж байсан хүмүүст дараагийн төсөлд орох уу эсвэл өөр тогтмол ажил хийх үү гэдэг сонголт ирсэн. Миний хувьд зөвлөх үйлчилгээний салбартаа ажиллана гэж шийдсэн байсан. Тэр үед Монголд зөвлөх үйлчилгээний зах зээл төлөвшөөгүй, зөвлөхүүдийн хөдөлмөрийг доогуур үнэлдэг байлаа. Одоо ч эдгээр сорилт арилаагүй байгаа. Зөвлөх үйлчилгээг ойлгодог нь ч цөөн байсан учраас бид боловсрол олгох, сургах чиглэлийн маркетинг их хийдэг байсан. Зөвлөхөөсөө өмнө зөвлөх үйлчилгээг авч компанийнхаа үйл ажиллагааг яаж сайжруулж болох талаар ойлгуулахад их хүчин зүтгэл гаргадаг байв. Зах зээлд шинэ зүйл танилцуулна гэдэг асар их тэвчээр, цаг хугацаа, шургуу байдлыг шаарддаг. Өнөөдөр компаниуд зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг харьцангуй ойлгодог болсон.
Таны хувьд консалтингийн чиглэлд илүү мэргэшсэн хүн. Энэ зах зээл өрсөлдөөний хувьд хэр ширүүн бэ? Соёлын талаас хэр түвшинд төлөвшиж чадсан бэ?
Маш сайхан асуулт байна. Дэлхийн түвшинд аваад үзэхэд зөвлөх үйлчилгээний салбар бол жил бүр өсдөг цөөхөн салбарын нэг. Би нэг зүйлийг хэлэх дуртай. Америк нэг л өдөр хөгжингүй болчихоогүй. Маш олон ядуустай, цөөхөн баячууд бүхий нийгэмтэй байсан үе Америкийн түүхэнд бий. Судлаачид зөвлөх үйлчилгээ АНУ-ын хөгжилд асар том үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Монголын түүхийг аваад үзсэн ч Чингис хаан дэргэдээ олон зөвлөхтэй байж одоогийн хэллэгээр зөвлөх үйлчилгээний үр өгөөжийг хамгийн дээд түвшинд хүртсэн хүн.
Орчин үеийн зөвлөх үйлчилгээний талаар түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн үе бол аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалын эрин юм. Тэр үед инженерээр ажиллаж байсан Фредерик Тэйлор гэдэг хүнийг орчин үеийн менежментийн зөвлөх үйлчилгээний загалмайлсан эцэг гэж үздэг. Тариачид олноороо хот руу шилжиж үйлдвэрүүд дээр ажиллахад менежментийн асуудал босч ирсэн бөгөөд үүнийг шинжлэх ухааны аргаар удирдан зохион байгуулах аргыг олсон нь энэ хүний гавьяа юм. Тэрбээр тухайн ажлыг хийх хамгийн сайн аргыг тодорхойлж, ажилтныг түүндээ сургах юм бол өндөр бүтээмжтэй ажиллаж чадна гэдгийг олж харсан. Энийгээ өөрийн ажиллаж байсан үйлдвэр дээр туршаад амжилттай болсон. Дараа нь түүний ноу хауг үйлдвэртээ нэвтрүүлэх гэсэн компаниуд түүнд хандаж эхэлснээр консалтингийн үйлчилгээ хөгжиж эхэлсэн байдаг.
Фредерик Тэйлороос хойш түүнээс үлгэр авч өөрийн мэдлэг, чадвараа үнэлэн зөвлөгөө өгдөг хүмүүс олширч дэлхийн хоёрдугаар дайны дараа аж үйлдвэрийн II хувьсгал эхлэхэд зөвлөх үйлчилгээ хойд Америкт сайн хөгжсөн байсан. Дайнд сүйдсэн орнуудыг сэргээн босгоход мэргэжлийн зөвлөхүүд хамгийн их хэрэгтэй болж, АНУ ноу хаугаа дэлхийн бусад орон руу экспортолж эхэлсэн.
Монголын зөвлөх үйлчилгээний зах зээлийн хувьд хэр төлөвшсөн бэ? “Би чадна”-чууд олон байх шиг?
Социализмын үед бүх үйлдвэр, аж ахуйн газарт тус бүр нэг орос мэргэжилтэн ажилладаг байсан гэж ээж маань ярьдаг. Энэ нь тэр үеийн консалтингийн үйлчилгээ байж. Нэг үеэ бодвол манай улсад зөвлөх үйлчилгээний салбар олон чиглэлээр хөгжиж байна. Тухайлбал менежмент, хүний нөөц, маркетингийн судалгааны зөвлөх компаниуд, санхүү, НББ, татвар, аудитийн зөвлөх компаниуд, мэдээллийн технологи, програм хангамжийн компаниуд, түүнчлэн чанарын удирдлага ISO, инженеренгийн чиглэлийн зөвлөх компаниудтай болсон.
15 жилийн өмнөхтэй харьцуулахад энэ зах зээл харьцангуй төлөвшлөө олж байгаа гэж үзэж байна. Гэхдээ албан бус тоглогч олонтой салбар. Жижиг гэлтгүй зарим том компанийн захирлууд ч албан бус, компанийн данс ч байхгүй “би чадна”-чуудаас зөвлөх үйлчилгээ авдаг тохиолдол бий. Гэхдээ энэ байдлыг шууд буруутгахад хүндрэлтэй. Гол нь тухайн зөвлөх үйлчилгээндээ эргээд баталгаа өгдөг байх хэрэгтэй. Юм асуух гээд эргээгээд залгахад холбогдохгүй бол яах вэ?
Өөрөөр хэлбэл, буух эзэнтэй буцах хаягтай газартай зөвлөх үйлчилгээний харилцаа үүсгэх нь зүйтэй гэж хэлэх гээд байна.
Ялангуяа мэдээллийн технологийн салбарт энэ маш чухал. Энд албан бус тоглогч их. Программ гэдэг нэг удаа хэрэглээд орхидог зүйл биш учраас мэдээллийн технологийн үйлчилгээ авах компаниа нарийн сонгох шаардлагатай. Хэдэн жил ажилласан, ямар программууд нийлүүлж байсан, танай салбарт тохирох программ байгаа юу, цаашдаа хөгжүүлээд, шинэчлээд явж чадах уу гэх зэрэг асуултыг тавих нь зүйтэй болов уу.
Хүний нөөцийн чиглэлд ч мөн адил. Энэ сэдвээр зөвлөгөө өгөх хүн өөрөө танайх шиг тооны хүнтэй компанийг удирдаж байсан эсэхийг эхлээд хараарай.
Барууны ертөнцөд зөвлөх үйлчилгээг “Буурал толгойтнуудын бизнес” (gray hair business) гэж нэрлэдэг. Тухайн салбартаа олон жил ажиллаж, хуримтлуулсан туршлага, мэдлэгтэй хүн хийдэг гэсэн үг. Гэхдээ зарим салбарт заавал ийм байх албагүй. Жишээ нь, мэдээллийн технологи, сошиал маркетингад ийм биш. Учир нь эдгээр чиглэл өөрсдөө залуу.
Компаниудад зөвлөх үйлчилгээний хэрэгцээ маш их байгаа. Гэхдээ хязгаартай нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах хэрэгцээ бас бий. Нөөц багатай, гэхдээ өсч дэвжих шаардлагатай жижиг, дунд компаниудын хувьд ямар зөвлөх үйлчилгээг чухалчилж, ямрыг нь хойш тавих ёстой вэ?
Том компаниуд дотоодын болоод гадаадын зөвлөх үйлчилгээг нэгэнт аваад сурчихсан. Тэд ямар асуудал дээр зөвлөгөө авахаа хэдийнэ мэдэж байдаг. Жишээ нь хүний нөөц дээр зөвлөгөө авах хэрэгцээгүй, харин орчин үеийн цалин урамшууллын хувирамтгай систем дээр зөвлөгөө хэрэгтэй байна гэж хэлж байна. Эндээс хувийн хэвшилд хүний нөөцийн тодорхой систем тогтож, хөгжиж байгааг харж болно. Бас зөвлөхүүд ч гэсэн өнөө цагийн шаардлагад нийцүүлж чиглэл бүрдээ мэргэших хэрэгтэй болж байна.
Жижиг, дунд компаниудын хувьд өндөр үнэтэй зөвлөх үйлчилгээ авах боломж тэр бүр байхгүй. Тиймээс эхлээд бизнесийн сургалтуудад сууж үз гэж зөвлөдөг. Бизнесээ үр дүнтэй, үр ашигтай удирдах тал дээр манай институтээс явуулдаг олон нийтийн сургалтуудад юун түрүүнд хамрагдаад компаниа сайжруулсан захирлууд цөөнгүй бий. Богино хугацааны сургалтуудад сууснаар өөрийн тань компанийн юу нь болохгүй байгааг харж, юуг өөрсдөө зохицуулж, юун дээр зөвлөх авах ёстойг мэдэрнэ. Түүнээс биш зөвлөх хүн компани дээр нь очоод танайд ийм зүйл хэрэгтэй гэх нь үр дүн муутай.
Манай сургалтуудад суусан захирлууд авсан зөвлөмждөө тулгуурлаад өөрсдөө асуудлаа шийдэх нь олонтаа. Хувийн эмнэлэгтэй эмч нар манай сургалтуудад их хамрагддаг. Эмч нарын нэг онцлог нь тэд маш хариуцлагатай, хийх ёстой гэж ойлгосон зүйлээ заавал хэрэгжүүлдэг. Тиймээс манай сургалтанд суусан ихэнх эмч хэсэг хугацааны дараа эргээд уулзахад сургалтаас олж авсан зүйлээ тодорхой хэмжээнд заавал хэрэгжүүлсэн байдаг. Жишээ нь, зөвлөх үйлчилгээ авалгүй, сургалт болгоноос 2-3 зүйл хэрэгжүүлсээр байгаад сайжирсан компани байна. Тэгэхээр сурснаа хэр сайн хэрэгжүүлж, өөрийн болгож чадаж байна гэдэгт гол учир байгаа.
Та зөвлөх үйлчилгээний төрөлжилтийн тухай ярилаа. Харин танай GSMI буюу Глобаль Стратегийн Удирдлагын Институт юугаар төрөлжиж, үйлчлүүлэгчиддээ ямар үнэ цэнэ бүтээх зорилготой байгуулагдсан бэ?
Манайх стратеги, менежмент, манлайллын чиглэлээр богино хугацааны сургалтууд явуулж, зөвлөх үйлчилгээ эрхэлдэг. Энэ салбарт ажиллаад он гараад 18 дахь жилээ угтах гэж байна. Үүнээс 12 жилийг олон улсын байгууллагад энэ чиглэлээрээ мэргэшиж өнгөрөөсөн. Эндээс хуримтлуулсан мэдлэг, туршлагаа үндэснийхээ компаниудтай хуваалцаж, тэдний бизнесийн хөгжилд дэм больё гэсэн бодол тээгээд нэлээд хугацаа өнгөрсөн. Олон улсын байгууллагад ажиллаад ам.долларын цалингаа аваад явах нь хувь хүний хувьд илүү амар байсан байж магадгүй. Гэхдээ тухайн үед нэг ном надад маш хүчтэй нөлөөлсөн. Тэр нь Facebook-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сэндбергийн “Өөдөө тэмүүл” (“Lean In”) гэдэг ном. Энэ номын хуудас болгоноос нь би урам зориг, эрч хүч, сэдэл авсан. Уншиж дуусаад би одоо л зөвлөх үйлчилгээний салбарт бие даан ажиллахгүй юм бол дараа гэж дахиад хойшлуулвал миний хүсэл – мөрөөдөл хэвээр үлдэнэ гэдгийг ухаарч билээ. Надад жаахан түлхэц хэрэгтэй байсан юм байна гэдгийг ойлгосон шийдвэрлэх мөч гэхүү дээ. Тэр үе бол 2014 оны зун долдугаар сар. Олон улсын зөвлөхүүдтэй ажилласан туршлагаасаа консалтингийн салбарыг сайн хөгжүүлвэл улс орны эдийн засаг хурдацтай хөгждөг гэдгийг олж харсан нь GSMI Институтыг байгуулах үндсэн шалтгаан болсон. Бид “Таны бизнесийг хурдасгах стратегийн цогц шийдэл” гэсэн уриатай ажилладаг. Одоо ч энэ нь миний хувьд урагш явах луужин, хүч болж байгаа. Энэ ажил өглөө босоход минь байнга эрч хүч өгдөг учраас ажилдаа дуртай.
Тийм ч учраас GSMI-г мэддэг, харилцаж байнга үйлчилгээ авдаг хүрээлэл хэдийнэ үүсчихсэн байна. Шинэ сургалт гарангуут амдаж байгаад ирж суудаг захирал цөөнгүй бий.
2014 оныг хүртэл та хэрхэн өсч тэлэх талаар компаниудад зөвлөгөө өгч байсан. Харин түүнээс хойш өөрөө бизнес эхлүүлж өсч тэлэх хэрэгтэй болсон. Сүүлийн таван жилд GSMI өөрөө ямар өсөлтийг бий болгосон бэ? Зарим нэг тоо хэлэх боломж байна уу?
Эхний жил би тавхан компанид хүрч ажиллан зөвлөх үйлчилгээ өгсөн. Нэг компани дээр хоёр сар гэсэн үг. Хэрэв энэ байдлаараа ажиллавал жилд тавхан компаниас илүү гарахгүй юм байна гэдгээ ч ойлгосон. Энэ нь хангалтгүй тоо гэдгийг ч мэдэж байлаа. Учир нь зөвлөх үйлчилгээг долоохон хоногт багтаан хүргэх боломжгүй. Тэгвэл олон компанид хүрэхийн тулд би юуг өөрчлөх ёстой вэ гэж өөрөөсөө асуусан.
Эндээс үүдэж жилд тав биш, харин сард тавин хүнд хүрэх сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулсан. Манайх жил бүр 5-6 шинэ сургалт боловсруулдаг. Эдүгээ тоолоод үзэхэд нийт 27 багц сургалтыг бий болгочихож. Нийт 540 цагийн сургалт гэсэн үг. Зарим сургалт брэнд болох түвшинд эрэлттэй болсон. Миний бахархдаг нэг зүйл бий. Энэ нь GSMI шинэ зүйлийг өгч чаддаг гэдэг итгэл. “Зарим зөвлөх 10 жилийн өмнө ярьснаа одоо ч ярьж л байна. Харин танайх тийм биш юм байна” гэсэн үгийг хэд хэдэн хүнээс сонссон.
Нөгөө талаар би стратегийн зөвлөх учраас компаниуд одоо бүрэлдээд байгаа гадаад нөхцөл байдалд тулгуурлаад хэрхэн нөөцөө хамгийн үр дүнтэй байршуулахыг зөвлөхийг хичээдэг. Учир нь стратеги хэзээ ч цагаасаа хоцорч болохгүй. Жишээ нь, эмийн компанид зөвлөгөө өгөх болвол эмийн салбарт юу болж байгааг судалж байж компани дээрээ очно.
Коучинг гэдэг бас нэгэн сонирхолтой, манайд харьцангуй шинэ чиглэлд та ажиллаж байгаа. Яагаад ийм сонголт хийх болсон бэ?
Олон улсын байгууллагад ажиллаж байх үед нэг удаа Их Британиас том зөвлөх ирж сургалт хийсэн юм. Тэр үеийг хүртэл зөвхөн “зөвлөх үйлчилгээ” гэсэн чиглэлд миний толгой ажиллаж байсан. Тэр хүн бидэнтэй бүтэн таван өдөр ажиллаж, би ч олон зүйл сурч авсан. Эндээс Баруунд коучинг гэдэг чиглэл моодонд орж байгаа, захирлууд ийм үйлчилгээ авдаг болсон гэдэг ойлголтыг авсан. Өмнө нь коучингийн талаар сонсож байсан ч тийм өндөр түвшинд хөгжсөнийг мэдээгүй байлаа. Ингээд коучингийн талаар идэвхитэй судалсан.
Үүнээс гадна Хас банканд хэсэг хугацаанд ажиллаж байхдаа маш сайн ментортай байсан. Тэр хүний ач буянаар асар их зүйл сурсан гэдгээ хожим ойлгох болсон. Мөн НҮБ, Европын холбооны төсөл дээр ажиллаж байхдаа ч мундаг менторуудтай ажиллаж байснаа анзаарсан. Эдгээр хүмүүсээс сурснаа эргээд бусадтай хуваалцаж, монгол бизнесмэнүүдээ дэмжих цаг болсон гэж үзсэн. А цэгээс В цэгт очиход 10 алдаа гаргах байсан бол таван алдаа гаргахад нь туслах ёстой гэж бодсон.
Ингээд 2016 оноос энэ чиглэл рүү орж ажиллаж эхэлсэн. Олон улсын коучингийн холбооны тусгай сургалтад хамрагдан шалгалтыг нь өгч эхний даваагаа амжилттай давсан. Дор хаяж 10 компанитай ажилласан, 100 цагийн коучинг хийсэн байх гэдэг шаардлагыг нь биелүүлсэн. Ингээд албан ёсны сертификатыг нь авч гэрчилгээжсэн коуч боллоо.
Коучинг хийхэд нөлөөлсөн өөр нэг зүйл бий. 2015 онд зөвлөх үйлчилгээний хоёр байгууллагатай хамтраад долоон удаагийн СЕО training буюу Гүйцэтгэх захирлуудыг бэлдэх, чадавхжуулах 100 цагийн сургалт явуулж, 250 орчим удирдах ажилтныг сургасан. Мэдээж захирлуудтайгаа эргэн уулзаж сургалтын үр дүнгээ хянана. Гэтэл тэдгээр 250 орчим хүний ихэнх нь тухайн үедээ маш сайн ойлгоод гарсан мөртөө сургалтан дээр зааж сургасныг хэрэгжүүлээгүй байсан. Учир нь авсан сэдэл нь аажмаар бүдгэрч, компани дээрээ хэрэгжүүлэх гэхээр зөв хийж буй эсэхдээ эргэлзэж эхэлдэг. Эргэлздэг учраас сэдэлгүй болж ажил унтардаг. Ийм байдал олон захирал дээр анзаарагдсан учраас зүгээр сургачихаад л орхиод байх уу, ахиад юу хийж болох вэ гэдэг асуулт гарч ирсэн.
Сургалтанд суусан хүн олж мэдсэнээ ердөө 12-18 хувьтай хэрэгжүүлдэг. Харин коучинг авсан хүн 88-98 хувь хэрэгжүүлдэг гэсэн судалгаа байдаг. Ингээд анхныхаа семинаруудыг хийж, захирлуудад өөрийн үйлчилгээг санал болгосон. Захирлууд дуртай хүлээж авсан. Надтай уулзсан 10 гаран захирлаас тал нь хамтарч ажиллахаар болсон.
Өнөөдөр эргээд харахад өнгөрсөн гурван жилд нийтдээ 80 орчим захиралтай коучингийн хэлбэрээр ажиллаж сургасан байна. Коучингийн хөтөлбөр тэвчээр, тууштай байдал, цаг хугацаа шаарддаг учраас би зургаан сар хамрагдах шаардлагатай гэж захирлуудад хэлдэг. Мэдээж 80-аад захирал бүгдээрээ амжилттай хамрагдаагүй. 30 орчим хувь нь зургаан сараа дуусгаагүй. Гэхдээ дуусгаагүй ч өмнөхөөсөө өөрчлөгдөж илүү сайжирсан нь харагддаг.
Коучингийн үндсэн хоёр ач тусыг би хэлмээр байна. Нэгдүгээрт, зургаан сар хамрагдаад үзчихвэл хувь хүний үүднээс том дэвшил гарна. Хувь хүн дэвшвэл компани дэвшинэ.
Энд би хувийн жижиг эмнэлэгтэй нэгэн эмчтэй хэрхэн ажилласан талаар дурдмаар санагдлаа. Үнэндээ би эхлээд тэр эмчийг коүчингийн хөтөлбөрт биш олон нийтийн сургалтуудад суувал яасан юм бэ гэж зөвлөхөд манай хүн татгалзаж би заавал танай коүчинг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байна гэдгээ хэлж байсан. Эмч маань хөтөлбөрийн зургаан сарын хугацаанд нэг ч удаа таслаагүй. Гэхдээ коучингийн хөтөлбөрөөр сурах үед нь эмнэлгийнх нь ажил зогсчихдог байлаа. Саяхан түүнтэй би эргээд таарахад “Одоо намайг хаана ч, юу ч хийж явсан эмнэлгийн ажил хэвийн үргэлжилдэг болсон. Ийм системийг би таны ачаар нэвтрүүлсэн” гэж хэлсэн.
Сургалт хийхэд багтай ажиллана. Харин коучинг хийхэд тухайн компанийн хамгийн үнэ цэнтэй хүн болох захиралтай биечлэн ажилладаг. Эндээс компаниудын жинхэнэ нарийн ширийн, болох бүтэхгүйг мэдэж авч болно. Монгол захирлуудтай ажиллахын онцлог юу вэ?
Олон улсад коучингийн хөтөлбөрт голдуу 18-24 сарын турш хамрагддаг. Тэгэхээр зургаан сар бол маш бага хугацаа. Манайд коучингийн талаар ойлголт бэхжээгүй байна. Миний үйлчлүүлэгчид бүгд анх удаа ийм үйлчилгээ авсан хүмүүс. Тэд коуч хүнийг зөвлөх гэж ойлгоод зөвлөгөө авах гээд байдаг.
Сонгодог утгаараа коуч хүн таны дотор байгаа зүйлийг гаргаж ирэхийн тулд ажилладаг. Ямар ч асуудлын шийдэл хувь хүнд өөрт нь байдаг гэсэн үндсэн философитой. Таны асуудлыг таниас илүү сайн мэдэх хүн байхгүй шүү дээ.
Миний үүрэг бол таниас өөрөөс тань шийдлийг гаргаж авах. Тэр шийдэл танд, таны тархинд угаас байгаа. Та шийдвэр гаргахдаа эргэлзэж байвал өөртөө бүрэн итгэлгүй байна гэсэн үг. Шийдлийг өөрөөс тань гаргаж, таныг итгэлтэй болгож, цэнэглэж чадаж байвал коучингийн уулзалт амжилттай боллоо гэж үздэг.
Харин Монголд энэ зарчим тэр болгон хэрэгждэггүй. Асуудлаа коүчээр шийдүүлнэ гэсэн хүлээлттэй ирдэг. Энэ нь монгол хүүхдүүд багаасаа багшийн ам хараад сурчихсантай холбоотой байж магадгүй.
Тэгэхээр би бас арга барилаа жаахан өөрчлөх шаардлага гарч байгаа юм. Тухайн асуудлыг шийдэж болох хувилбаруудыг санал болгодог болсон. Ямрыг нь хамгийн сайн гэж сонгохыг тухайн хүн өөрөө шийднэ.
Баруунд коуч хүн үйлчлүүлэгчтэйгээ сард 1-2 удаа, ганцхан цаг уулздаг. Гэхдээ Монголд сард нэг удаа уулзвал таныг бараг мартана. Тиймээс би монгол захирлуудтай долоо хоногт нэг удаа, хоёр цагаар уулздаг болсон. Эхний цаг хагаст олон зүйл тайлбарлаж, дараа нь тэр хүний компанид тулгарсан асуудлыг хамтарч шийдэх хувилбарууд гаргадаг. Энэ нь ч монгол захирлуудын хүлээлтэд нийцээд байх шиг байна.
Коуч хүн бас сайн сэтгэл зүйч байх хэрэгтэй. Энэ тал дээр ямар сорилтууд байдаг вэ?
Тэгэлгүй яахав. Коүчийг үйл ажиллагаа явуулдаг чиглэлээр нь хоёр хуваадаг: Нэг нь бизнес коуч, нөгөөх нь Life Coach буюу амьдралын коүч. Амьдралын коучинг хийх хүн сэтгэл зүйн талаар маш сайн мэдлэгтэй байх шаардлагатай. Энэ чиглэлийн коуч хүн дандаа хүний бага нас, айдас, төлөвшсөн хандлага гэх мэт өнгөрсөн рүү нь ажиллаж цэвэр сэтгэл зүйн маневрууд хийдэг.
Миний хувьд бизнесийн коуч буюу удирдлагын коуч хүн. Тиймээс сэтгэл зүйн асуудалтай бол сэтгэл зүйчид хандах ёстой гэдгийг шуудхан хэлдэг.
Монголын том компаниудаас түрүүч нь 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. Үүсгэн байгуулагчид нь залгамж халаагаа бэлдэх шатандаа явж байна. Монгол компаниудын хувьд одоогийн маш хувирамтгай орчинд хуучин шиг гэр бүлд түшиглэсэн засаглал, соёлоор явахад том сорилуудтай тулгарахаар байна. Гучаад жилд хуримтлагдсан капитал, эрх мэдлийн төвлөрлийг залуу үедээ шилжүүлэх процесс Монголд амжилттай явагдаж чадаж байна уу?
Нэлээд том сэдэв, өргөн цар хүрээг хамарсан асуулт тавилаа. Хариулах гэж хичээе.
Хоёрдогч үедээ эрх мэдлээ дамжуулж буй энэ нөхцөлд өв залгамжлах соёл манайд тогтоогүй нь том сорилт болж байна.
Том группийн үүсгэн байгуулагч гэрээслэлээ үлдээлгүй нас барах үед үлдсэн хүмүүс нь эрх мэдэл, өмчлөлийн хуваарилалтыг хэрхэн хийх вэ? Ийм шалтгаанаар үүссэн гэр бүлийн бизнесийн маргаан Монголд цөөнгүй байгаа.
Өөр нэг нийтлэг асуудал бий. Компаниа өсч томроход нь хамт байж баялаг бүтээсэн гэр бүлээсээ салж залуу хүнтэй гэрлэн хоёр дахь амьдралаа зохиосон бизнес эрхлэгчид байдаг. Хөрөнгөө өвлүүлэх асуудал тулгарахад баялгийг хамт бүтээсэн ба хоёр дахь эхнэр болон тэдгээрийн үр хүүхэд авах эрхтэй гэж маргалддаг. Зохицуулагдаагүй ийм төрлийн маргаан шүүх дээр маш олон байна.
Тэгэхээр бизнесмэнүүд маань гэрээслэлийн талаар эртнээс бодолцож, залгамж халаагаа тусгай хөтөлбөрийн дагуу бэлдэх шаардлагатай гэж хэлэх гээд байна. Тэгвэл компанийн үүсгэн байгуулагч тэтгэвэрт гарах, эсхүл нас нөхчих тохиолдолд компани нь хэвийн ажиллагаагаа үргэлжлүүлж, гэр бүл, хамаатнуудын хооронд маргаан гарахгүй байх болно. Мэдээж энэ нь хэтэрхий хол сонсогдож болох ч монголчууд ухаалаг ард түмэн учраас энэ сорилтыг давж чадна гэж бодож байна.
Та Business.mn сэтгүүлийн 2018 оны 12 дугаар сарын дугаарт “Бизнес 2019 онд ямар стратегитай ажиллах вэ” гэсэн нийтлэл хэвлүүлсэн. Тэгвэл 2020 оны тухай юу хэлэх вэ?
Бид их сонирхолтой цаг үед ажиллаж байна. Судлаачид, зөвлөхүүдийн үг, төрөл бүрийн бизнесийн арга хэмжээний илтгэлүүдээс харахад ч хүн төрөлхтний түүхийн хамгийн сонирхол татам эринд бид амьдарч байна. Өөрсдийгөө маш азтайд тооцох хэрэгтэй. Том том сорилууд, боломжууд гарч ирж, соёл иргэншлийн шинэ хэв маяг үүсч байгаа энэ үед өөрсдийгөө, хойч үеэ зөв бэлдэх хэрэгтэй.
Нэгдүгээрт, дижитал хувиралт гэдгийг сайн ойлгох шаардлагатай болж байна. Энэ бол шилжилт биш, хувьсгал юм. Тугал байгаад бяруу болох биш, тугалаас унага болж өөрчлөгдөх тийм процесс явагдаж байна. Та өөрийгөө өөр орон зайд аваачиж, өөр хэмжүүрээр хэмжих гээд байна.
Арав, хорин жил болчихсон компаниуд “Өдийгөөс төдий хүртэл болоод ирсэн, болох л байлгүй” гэж яав ч үзэж болохгүй болчихоод байна. Арван жилийн өмнө бид Амазон, Фэйсбүүкийн талаар тун муу мэдээлэлтэй байсан бол өнөөдөр эдгээр компани дэлхийн топ компаниудын эгнээнд хоромхон зуур ороод ирлээ. Ийм нөхцөлд “Харж байж болно” гэдэг стратеги хамгийн муу стратеги.
Дижитал хувиралтад бие дааж бэлдэх боломжгүй. Тиймээс бидний хамтрагч хэн байх вэ гэдэг сонголтоо оновчтой хийх шаардлага гарч байна.
“McKinsey & Company” фирмээс гаргасан судалгаагаар 2030 он гэхэд 600-800 сая ажлын байр алга болно гэсэн тооцоо байна. АТМ теллерийг орлоод эхэлж байгаа нь энэ үйл явц хэдийнэ эхэлсэн гэсэн үг. Цаашдаа бусад салбаруудад хүчтэй явагдана.
Оюутнуудаа ямар чиглэлд сургах вэ гэдэг асуудал хурцаар тавигдаж байна. Хуучин шигээ болсон болоогүй хуульч, эдийн засагчид бэлдээд байх уу, эсвэл хиймэл оюун ухаан, үлэмж өгөгдлийн чиглэлд сургах уу? Ирээдүйд зан төлөвийн судлаач маш эрэлттэй мэргэжил болно. Таны ямар зарцуулалт хийдэг, хуримтлал яаж үүсгэдэг, мөнгөтэй харилцах байдал, ертөнцийг үзэх үзэл гэх мэт бүх мэдээллийг machine learning-гийн аргаар цуглуулж, боловсруулалт хийгээд ирэх 10 жилд таньд ямар бүтээгдэхүүн санал болгохыг тодорхойлдог болно.
Ирээдүйд банкнаас зээл авахад зээлийн мэргэжилтэнд заавал ийм барьцаа хөрөнгөтэй гэж хэлэх шаардлагагүй болно. Харин алгоритм таны зан төлөвийг харж байгаад зээл олголтыг шийддэг болно, эсвэл зан төлөвөө ингэж засвал дараа нь зээл авч болно гэж хэлдэг болно.
Сайн байна уу?
Танай сайтад гардаг мэдээлэл хэрвээ ухаж унших юм бол бусад монголын сайтуудтай харьцуулахад арай л өөр (илүү) түвшинд бичигдсэн мэдээлэл тавигддаг шүү.
Сүүлийн үед танай сайтад гардаг мэдээллийг тогтмол уншихыг хичээж байгаа, их баярлалаа.
Таны хувьд консалтингийн чиглэлд илүү мэргэшсэн хүн. Энэ зах зээл өрсөлдөөний хувьд хэр ширүүн бэ? Соёлын талаас хэр түвшинд төлөвшиж чадсан бэ? гэсэн асуултанд ярилцлагаас тодорхой хариулт авч чадсангүй. Ялангуяа “Энэ зах зээл өрсөлдөөний хувьд хэр ширүүн бэ?” гэсэн асуултанд …
Хэрэв боломжтой бол Life coach-ийн мэдээлэл оруулвал их сайн байна.
Дахин баярлалаа, амжилт хүсье.