“Хөдөөний” гэсэн тодорхойлолттой байсан монгол үндэсний дээл хүн бүрийн өмсөх дуртай трэнд хувцас болж эхлэв.
Европ хувцас голлосон хувцасны зах зээлийн хэт төвлөрлийг эх орны үйлдвэрлэлээр бага ч болов сүлэх үйл явц 2006 онд Хайрын хурим салоноор эхэлж 2017 онд Ивээл, Борголжин гэх үндэсний үйлдвэрлэгчдээр үргэлжилж байна. Үндэсний хэв маяг шингэсэн бүтээлийг өөрийн гэсэн загварчилгаа, өвөрмөц маркетингаараа эх орондоо болон олон улсын хувцас загварын зах зээлд таниулж монгол үнэр оруулж яваа ТОП10 Монгол брэндийг онцолж байна.
Тэд чухам юунд анхаарч, ямар маркетинг, бизнесийн зарчим баримталж зах зээлд өөрсдийн байр суурийг хадгалж байна вэ гэсэн асуултад энэ нийтлэл товч хариулна. Аливаа бизнес “үйлчилгээ ба харилцагч”, “бүтээгдэхүүн ба харилцагч” гэсэн үндсэн томьёонд баригддаг. Тиймээс бид эхлээд монгол брэндүүд орчин цагийн онлайн талбарт харилцагчдаасаа хэр хандалт авч байгааг сонирхлоо. Мэдээж брэндийн зорилтот зах зээлээс хамаарч цахим орчны хандалтын тоо хэд байх нь тодорхойлогдоно . Тиймээс бидний гаргасан энэ жагсаалт бүтээлийн чанар чансаа, ур хийцийн дүгнэлт биш гэдгийг уншигч та анхаарна уу!
Хувцас Загварын топ 10 Монгол брэнд
(Сошиал хуудсын хандалт)
#Бренд facebook instagram Нийт Ү.Б он
1.Борголжин 192,8k 28.2k 221k 2017
2.Ивээл брэнд 201,1k 7.9k 209k 2017
3.Michel@Аmazonka 83.3k 67.9k 151.2k 2013
4.We брэнд 138,5k 16.8k 145.3k 2017
5.Esu MonteE 111.9k 6.6k 118.5k 2014
6.Хайрын хурим 67,3k 33.8k 101.1k 2006
7.Үжин монгол брэнд 84,8k 3.7k 88.5k 2017
8.Моn Сouture 77.4k 5.1k 82.5k 2015
9.O Couture 74.1k 5.8k 79.9k 2014
- Ariuna suri 69.9k 8.7k 78.3k 2012
Бид дээрх брэндүүдийн заримтай холбогдож бүтээгдэхүүний үнэ болон, бизнесийн гол зарчмын талаар тодрууллаа.
“Борголжин” брэнд
Орчуулагч эмэгтэйн найзтайгаа хамтарч үүсгэн байгуулсан “Борголжин” брэнд сошиал хуудсын хандалтаар нэгд бичигдлээ. Тус брэндийн хамгийн анхны хатантай чөлөөт цамц залуу охидыг нэг хэсэг байлдан дагуулсан гэж хэлж болно. Бизнесийн чухал хөшүүрэг болох хямд үнийг чухалчилдаг нь хэрэглэгчдийг татах гол хүчин зүйл болдог байна.
- Үүсгэн байгуулагч: Б.Батчимэг, Э.Сарантуяа
- Бүтээгдэхүүний нэгжийн үнэ: 55,000₮ – 300,000₮ /дунджаар/
- Борголжингийн бүтээл: Энгийн болон гоёлын дээл, чөлөөт цамц, пиджак, пальто, бомбер, футболк, хантааз бусад жижиг чимэглэл
- Ялгарал: Хямд үнээр загварлаг өдөр тутмын үндэсний хувцас урлаж хэрэглэгчдэд хүргэх
- facebook: Борголжин
“Ивээл” брэнд
Гурван оёдлын машин, таван ажилтантай эхэлсэн “Ивээл” брэнд одоо 100 хүнийг ажлын байраар хангадаг. Тэд импортоор орж ирдэг өдөр тутмын хувцсыг халж үндэсний хэв загвар бүхий монгол брэнд сонгохыг хэрэглэгчдэд санал болгосон. Энэ саналыг зах зээл тун таатай хүлээн авч анхны гаргасан коллекцууд нь нэг ч үлдэлгүй борлогдож байжээ.
- Үүсгэн байгуулагч: З.Рэгзэдмаа
- Бүтээгдэхүүний нэгжийн үнэ: 75,000₮ – 350,000₮ /дунджаар/
- Ивээлийн бүтээл: Төрөл бүрийн дээл, хантааз, цамц, даашинз, гадуур хувцас болон зөвхөн захиалгаар урладаг “онцгой” бүтээлүүд
- Ялгарал: Үндэсний хэв маягийг эмэгтэйлэг гоёл чимэглэлтэй хамтатган урлах
- facebook: Iweel
“We” брэнд
Залуу бүсгүйчүүдэд чиглэсэн бүтээгдэхүүн түлхүү гаргадаг “We” брэнд бүтээгдэхүүний материал сонголтдоо илүү анхаардаг байна. Тодруулбал зөвхөн торгоор урлахаас татгалзаж орчин үеийн трэнд материалаар хувцсаа урлаж уян хатан үнийг хэрэглэгчиддээ санал болгодог нь брэндийн давуу тал гэлээ.
- Үүсгэн байгуулагч: Г.Дэлгэрсайхан
- Бүтээгдэхүүний нэгжийн үнэ: 58,000₮ – 400,000₮ /дунджаар/
- “We” брэндийн бүтээл: дээл, чөлөөт цамц, гадуур хувцас, пиджак, пальто, даашинз
- Ялгарал : Бүтээгдэхүүнээ зах зээлд хүрэлцэхүйц хэмжээгээр олноор нь үйлдвэрлэдэг.
- facebook: WE brand Mongolia
“Үжин Монгол” брэнд
Үжин Монгол брэнд масс зах зээлд дээл хувцас худалдаан гаргадаггүй ч сошиал хуудсаараа “цор ганц” бүтээлүүдээ танилцуулж олон нийтээс хандалт тун сайн авч чаджээ. Тус брэнд сардаа 30-70 хүртэлх дээл хувцасны захиалга авдаг байна.
- Үүсгэн байгуулагч: Б.Энхзаяа
- Бүтээгдэхүүний нэгжийн үнэ: 185,000₮ – 520,000₮ /дунджаар/
- Үжин Монгол брэндийн бүтээл: Эрэгтэй эмэгтэй хос дээл, хүүхдийн дээл, гоёлын даашинз, европ загвартай монгол хэв маяг бүхий пиджак, хантааз
- Бизнесийн гол зарчим: Материалын чанарыг чухалчилдаг
- Facebook: UJIN MONGOLIA
“Mon couture”брэнд
“Моn Couture” брэнд эмэгтэй хувцасны зах зээлд хүчээ үзэж буй эрэгтэй загвар зохион бүтээгч Х.Батзаяагийнх. Тэрээр бүтээл бүрээ оюуны өмч гэж илэрхийлсэн юм. Монгол хатдын сүрдэм хувцасны өнгө донжыг хадгалсан тэдний бүтээлийн хээ угалз, зураг, чимэглэл бүр дахин давтагдашгүй оюуны бүтээл болдгоороо бусдаас ялгардаг энэ брэнд сардаа 50-60 бүтээл урлаж олон нийтэд танилцуулдаг.
- Үүсгэн байгуулагч:Х.Батзаяа
- Бүтээгдэхүүний нэгжийн үнэ: 380,000₮ – 3,500,000₮ /дунджаар/
- Моn Couture брэндийн бүтээл, коллекц: Улирал бүрээр коллекц гаргадаг
- Бизнесийн ялгарал: Бүтээл бүрээ дахин давтагдашгүй оюуны өмч байлгахыг зорьдог
- Facebook: MONCOUTURE
Хувцас загварын салбарт импортын барааг орлох бүтээгдэхүүнээ дэмжих нь худалдан авагчдын зүгээс эх орны эдийн засагт оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Тиймээс Монгол Улсаа олон нийтэд хувцас урлалаа таниулахаар ажиллаж буй бизнес эрхлэгчдээ дэмжиж монгол брэндээрээ гоёхыг Business.mn-ээс уриалж байна.