Оюутны ширээний ард танилцсан хоёр найз Монголын анхны дотуур хувцсыг үйлдвэрлэж алсдаа “Эр хүн” гэх брэндийг бүтээхээр хөдөлмөрлөж явна.
Хайртай хүнээс тань ч олон цагийг тантай хамт өнгөрөөж, унтахад ч, ажиллаж байхад ч, гадуур салхилж явахад ч тантай үргэлж хамт байдаг зүйл бол дотуур хувцас. Тиймээс ч дотуур хувцас сонгохдоо хэзээ ч битгий мөнгөө харамла. Ингэхэд та дэлгүүрээс дотуур хувцас худалдаж авахдаа энэ бүхний талаар бодож байсан уу?
Төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Төрөхөөс үхэх хүртлээ дотуур хувцас өмсөх нь ч бас үнэн. Тиймээс дотуур хувцасны эрэлт үргэлж байх нь ойлгомжтой юм. Тиймээс ч монголчууд өөрсдөө дотуур хувцсаа үйлдвэрлэж эхлэх нь цаг хугацааны л асуудал байв. Харин хэзээ, хэн хийж эхлэх нь л асуулт байсан аж.
Бизнесийн ангийн оюутан А.Цэрэндорж нэгэн удаа Б.Жаргалсайханы (Буянгийн Жагаа) ярилцлагыг үзэж суугаад түүний загнасан өнгө аястайгаар “Монголчууд арчаагүй ш дээ, өөрсдөө ч дотуур хувцсаа хийчихэж чаддаггүй” гэж ярихыг сонсов. Үүнээс хойш дотуур хувцас хийх санаа түүнээс салсангүй. Хожим их сургуулиа төгссөн хойноо оюутан цагтаа бизнесийн уралдаан, тэмцээнд хамтдаа амжилттай оролцдог байсан найз Ц.Ананддаа энэхүү санаагаа хэлж үзэв.
Ингээд хоёр найз хамтарч Монголд анх удаа дотуур хувцас хийж үзэхээр шийдэв. Бизнестээ ямар нэр өгөхөө удаан ярилцсаны эцэст Ц.Анандын оюутан ахуйдаа хөтөлдөг байсан вебсайтын нэрээр тэд бүтээгдэхүүнээ “Эр хүн” хэмээн нэрлэв. Ийнхүү уухайн тас эхлэх гэтэл тэд Монголд дотуур хувцас үйлдвэрлэдэггүй гэхээс өөр олигтой зүйл мэддэггүй болж таарав. Бизнесийн мэргэжлээр төгссөн тул зах зээлээ сайн судалсан ч мэдэхгүй зүйлс маш их гарч, судалгаа бодит байдал хоёр алд зайтай зөрөх нь тэр. Аз болоход тэд мэддэггүйгээ мэддэг байсан тул оёдлын үйлдвэрт олон жил ажилласан хүн дээр очиж зөвлөгөө авав. Ингээд Гуанжоуд даавууны асар том зах байдгийг мэдмэгцээ хугацаа алдахгүйн тулд Ц.Ананд олсон бүх мөнгөө халааслаад 2016 оны зун Монголын анхны дотуур хувцсыг хийх хүслээ өвөртлөөд урд хөршийг зорилоо.
Бид бүхэн өнөөдрийг хүртэл гаргасан шийдвэрийнхээ нийлбэр нь байдаг.
Асар их сонголтын дунд хэтэрхий бага туршлагатай байсан ч гурав дөрвөн өдрийн турш өдөр шөнөгүй хөлөө чилтэл явсаар хамгийн сайн чанартай гэж бодсон утас, даавуу, резинийг авч ирлээ. Гэтэл энэ бүхнийгээ бүтээгдэхүүн болгосны дараа л муу түүхий эд авснаа ойлгов. Бэлэн болсон дотуур хувцсаа угаатал шалчийхаас авахуулаад олон асуудал гарчээ. Ийнхүү алдаанаасаа дор нь суралцаж дараагийн удаа олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж зарахынхаа өмнө өөрсдөө туршиж үзэхээр болов. Удалгүй бэлэн болсон дотуур хувцаснуудаа хүмүүст бэлэглэж, өөрсдөө ч өмсөж, угааж олон янзаар туршиж үзэв. Хугацаа алдаж, зардал ч гарсан энэ бүх туршилтын эцсийн зорилго нь сайн чанартай бүтээгдэхүүн л гаргах байлаа. Учир нь анхнаасаа муу нэртэй бүтээгдэхүүн хийхээс л тэд эмээж байсан аж. Тийм ч учир гаднын, сайн чанартай гэх дотуур хувцаснуудыг судлахаар шийдэв. Үнэтэй л байвал чанартай гэж итгэн хамаг л үнэтэй гаднын дотуур хувцсыг халаасныхаа хэрээр захиалж эсгүүрийг нь яаж хийхээс авахуулаад олон зүйлс судалсаар байлаа. Монголд анхны дотуур хувцас үйлдвэрлэж байгаа тул анхнаасаа сайн хийх хариуцлага тэдэнд ногдсоныг маш сайн ойлгож байв.
Эцэст нь 2017 оны цагаан сартай уралдаж анхны бүтээгдэхүүнээ гаргахад олон хүн баяртай хүлээж авав. Хичнээн дутагдлууд байгаа ч тэр бүхнийг нь хэлж өгч, монгол дотуур хувцас үйлдвэрлэж байгааг дэмжсэн хэрэглэгчид олон байсан нь залуусыг урамшуулж байжээ. Үүний дундуур тэдний бүтээгдэхүүнийг үнэтэй байна гэх хэсэг ч байв. Монголын зах зээл том биш тул нэгж бүтээгдэхүүнд ногдох өртөг өндөр, мөн шат дамжлага бүрийн зардал шингэсээр эцсийн шатанд бүтээгдэхүүн бэлэн болж гарч ирэхэд 1.4 тэрбум хүн амтай урд хөршийн импортын дотуур хувцаснаас хямд байх боломжгүй аж. Хямд дотуур хувцастай үнээрээ өрсөлдөж чадахгүй ч чанараараа хавь илүү гэдгээ тэд бахархалтай хэлдэг. Бизнесийнх нь анхны зорилго ч ашиг биш харин сайн нөү хаутай л болчихвол ашиг олох эсэх нь цаг хугацааны л асуудал байв.
Анх дотуур хувцасны үйлдвэрээ Ц.Ананд эмээ, өвөөгийнхөө хуучин байранд эхлүүлж байлаа. Анхны хөрөнгө оруулалтаа гэр бүлээсээ зээлж оёдлын машинуудаа худалдаж авч байсан үетэйгээ харьцуулахад эдүгээ шинэ байр хайхад хүрч тэдний үйл ажиллагаа тэлсээр байна.
Хамтарч бизнес хийх хүртлээ хичээл дээрээ үзээд л өнгөрч байсан менежерийн шийдвэр гаргалт гээч ямар хүнд үйл явц байдгийг тэд яс махандаа шингэтэл ойлгосон аж. Оюутан ахуйдаа маргаж үзээгүй хоёр найз бизнесээ хийх явцдаа санал зөрөлдөх явдал бишгүй л гарна. Тэр бүрд нэгнийхээ саналын цаад учир шалтгааныг нь ухаж ойлгож, заримдаа нэгнийхээ шийдвэрийг дагаж явжээ.
Алхам алхмаар ахиж, хийнгээ суралцсаар байгаа нь тэдний хамгийн том ололт. Ямар ч хэцүү үе байсан зоригтой шийдвэр гаргаж урагшилж байж түүнээсээ суралцана. Бизнес явж л байх хэрэгтэй, хэрэв зогсчихвол юу ч сурахгүй. Зааж, зөвлөж, чиглүүлэх даргагүй тул тэд өөрсдөө л бүх шийдвэрийг гаргана. Мөн бүх хариуцлагаа ч үүрнэ. Бид бүхэн өнөөдрийг хүртэл гаргасан шийдвэрийнхээ нийлбэр нь байдаг. Үүнтэй адил өнөөг хүртэлх “Эр хүн” бүтээгдэхүүний амжилт бүхэн хоёр найзын л өдийг хүртэл гаргасан шийдвэрүүдийн үр дүн. Дотуур хувцас гаргах явцдаа оймс үйлдвэрлэж эхлэхээс авахуулаад дундуур нь өөр нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч түүнийгээ нийтэд гаргалгүй болих хүртэлх бүх л шийдвэрээсээ тэд суралцсаар л явна. Энэ эрчээрээ бизнесээ тогтвортой авч явсаар олон жилийн дараа энэ бүхэн Монголын анхны дотуур хувцасны бизнесийн амжилттай кейс болох эсэх нь ч тэдний хараахан гаргаж амжаагүй шийдвэрүүдээс л хамаарах аж.
Цэвэр даавуу биш нялаанан байна