1992 онд ахаасаа 5000 мянган төгрөг зээлсэн 20-хон настай залуу ганзагачдын жимээр явж, түүнийгээ сарын дотор 25000 төгрөг болгож чадсан нь түүний анхны ашиг, анхны урам нь байлаа.
Тухайн үеийн 180 төгрөгийн стипендтэй, 500 төгрөгийн цалинтай хүмүүст энэ нь төсөөлөхөд ч бэрх тоо байв. Энэ цагаас хойш ганзагын наймаанд дурлаж, жинхэнэ утгаар нь бизнес болгон хөгжүүлж чадсан түүнийг Ю.Энхбаатар гэдэг. Өнөөдөр түүний хувцас худалдааны “Лублин” компани жилд таван тэрбум төгрөгийн орлоготой бөгөөд Английн 60 жилийн түүхт, дэлхийн топ таван брэндийн нэг “Lonsdale London”-гийн франчайз эрхийг эзэмшигч, Италийн Kontessa болон Туркын Shendel, Chilia брэндийн албан ёсны соло дистрибьютор юм.
Хөгжимчин хүн “гахай” үүрээд ирэхээр алдаж онох нь цөөнгүй байсан ч тэр амжилтад хүрч чадсан. Үүнд загварын өндөр мэдрэмж нь тус болжээ. Харин санхүү, маркетингийн арын ажлыг түүний эхнэр Я.Соёлмаа амжуулсаар иржээ. Ю.Энхбаатар эмэгтэй хувцсыг гарамгай сонгохын зэрэгцээ, загварыг нь хүртэл өөрчлүүлж, захиалан хийлгүүлдэг байна. Түүний энэхүү загварын мэдрэмжид 28 жилийн өмнө тухайн үеэсээ хальсан, тансаг хувцасладаг Хөгжим бүжгийн багш нар нь нөлөөлсөн гэдэг. Ю.Энхбаатар эрхэмсэг, бардам харагдах хувцсыг л сонгодог. Загварынхан хүртэл урласан хувцсаа түүнд үзүүлж, зөвлөгөө авдаг. Түүний сонгосон хувцас өдөртөө дуусах тохиолдол олонтаа. Ширхэг нь 200 ам.долларын үнэтэй 4500 курткыг 45 хоногийн дотор борлуулж байв. Энэ төрлийн бизнес эрхлэгчид сар тутам бараагаа татахад жилд 12 удаа бараандаа явах бол тэрбээр 32 удаа бараагаа татаж дээд рекорд тогтоожээ.
Энэ хүртэл ирэхэд тэрбээр юу ч үгүй болтлоо дээрэмдүүлж, залилуулж байсан гээд ерэн оны ганзагчдын туулсан бүхнийг үзсэн. Польш улсад 12 жил хувцас зарж амьдарсан. Мөн тэрбээр улс хооронд машин зарж байхдаа ч дотор нь эмэгтэй хувцсаа хийгээд л авчирдаг байв. Харин үүнээс ч өмнө нэг жил хуучнаар Улсын багшийн дээд сургуульд хөгжмийн багшийн коллеж байхад багшилжээ.
Ю.Энхбаатар “12 сарын турш нэг загварын бараатай үр бүтээлгүй суугаад байж болохгүй. Бүх тохиолдолд худалдан авагчийг “байгаа” гэдэг үгээр хангах ёстой” гэж үздэг. Учир нь манай улс жижиг зах зээлтэй ч бэлэн хувцасны салбарын хувьд огт тийм биш юм. Эмэгтэйчүүд жилийн дөрвөн улиралд борооны, цасны, нарны, гоёлын, баярын, үдшийн, ажлын гэх мэт байдлаар найман төрлийн хувцас өмсдөг. Загварлаг эмэгтэйчүүдийн хувьд энэхүү найман төрөл нь 12 сард хуваагддаг. Тэрбээр энэ тухай ярихдаа “Fashion харгис гэж ярьдаг нь үнэн. Чи хамгийн мундаг нь болно, эсвэл хэн ч биш болдог. Дундуур нь явна гэсэн ойлголт байдаггүй, арчигддаг” гээд үргэлжлүүлэн “Мөнгө л байвал брэнд оруулж ирэх амархан. Монголд олон брэнд орж ирж байгаагаас цөөхөн нь л нутагшиж чаддаг. Үүний шалтгаан нь Монгол хүний биеийн онцлогийг мэдэрч чадаагүй явдал” гэлээ.
Нөгөөтэйгүүр, хувцас худалдаа гэдэг үйлдвэрлэлээс дутахааргүй зардал өндөртэй. Европоос онгоцоор болон далайн тээврээр авчрах зардал, гааль, дэлгүүрийн түрээсийн үнэ, ажилтны хөлс, франчайзын болон соло дистрибьюторын эрхийн төлбөр гэх мэт урсгал зардал өндөр тусдаг. Зөвхөн Lonsdale London брэндийн эрхийг авахад 10 жилийн барьцаа хөрөнгө шаардагджээ. Цаашлаад жилийн 500 орчим сая төгрөгийг талбайн түрээсэнд төлж, 100 орчим сая төгрөгийг цалинд олгодог байна.
Ю.Энхбаатар дэлгүүрүүдээ Улаанбаатар их дэлгүүрийг 2010 оны хоёрдугаар сард нээгдэж байхад нь нээсэн, анхны түрээслэгч нь юм. Олон хүн түүнийг “Шангрила молл-д дэлгүүрээ нээгээч” гэдэг ч тэрбээр эсрэг бодолтой байдаг. Учир нь Улаанбаатар их дэлгүүр нь “Department store” утгаараа хөгжүүлж буй учраас энд зөвхөн брэнд зарагдах ёстой гэдэг бодлого барьдаг. Аль нэг үйлчилгээний төвд зардаг хувцсыг түрээсийн үнээ нэмж зарж болохгүй. Мөн энд хүмүүс кино үзэж, хоол идэх гэж ирдэггүй. Иймд зорилтот худалдан авагчид л эднийхийг зорьдог учраас тус дэлгүүрийг сонгох болжээ.
Монгол Улсад маш олон худалдааны төв нээгдэж, хувцас худалдаа олширсон тухай асуухад “Өрсөлдөгч олон байх тусам би тодрон ялгарна. Нөгөөтэйгүүр мэдрэмжтэй хувцасладаг хүн олон болох тусам би бизнесээ сайжруулдаг. Тулалдаанд зөвхөн шонхрууд нисдэг” гэв. Үнэндээ түүний хувцас бусадтай харьцуулашгүй, тэс өөр загварын ертөнц байлаа. Мөн тэрбээр “Хуруу хазайхад хулгайч болдог” хэмээн хэлэх дуртай. Учир нь энэ салбарт бохир өрсөлдөөн олон байдагтай холбоотой юм. Түүнчлэн тэрбээр Италид загварын шоу үзэх дуртай бөгөөд Монголын загварын шоунд шүүмжтэй ханддаг нэгэн. Түүний хэлснээр “Загварын шоу бол урлаг байх ёстой. Энэ бол тэс өөр зүйл. Тэнд оролцсон хувцас урлагийн бүтээл болон хадгалагдан үлдэх ёстой. Ийм замаар л брэндийнхээ асар том сурталчилгааг бий болгож, зах зээлд байр сууриа эзэлдэг” хэмээв.
Монголчууд Чингис хэмээн бахархдаг шиг Италийн үйлдвэрүүд алдарт Пиза барилга байрших Тоскан мужид үйлдвэрлэл эрхэлж байгаагаараа бахархдаг. Тэд брэндийнхээ нэрийн урд үргэлж “Pisa, Italy” хэмээн хашилтад тэмдэглэдэг. Ю.Энхбаатарын орж ирж буй Гүнгийн хатан буюу Kontessa брэндийг ч энд үйлдвэрлэдэг. 1930 онд үүссэн тус брэнд нь дэлхийд 400 салбартай. Загвар бүртээ ямар нэгэн сүлжмэл хийц оруулдаг нь тэднийх гэсэн загварыг илтгэдэг. Учир нь Kontessa анх сүлжмэл цүнх, эдлэл хийдэг байснаас өнөө хэр үүнийгээ загвартаа шингээдэг байна. Kontessa брэндийн нэг дизайнер арван ширхэг хувцас зохион бүтээснийхээ төлөө л таван мянган еврогийн цалин авдаг гэхээр ямар хэмжээний загвар, хийцлэлтэй “бүтээл” төрөн гардаг нь ойлгогдох биз ээ. Харин дэлхийд 5000 салбартай Lonsdale London брэндийн франчайз эрхийг өнгөрсөн есөн сард авсан бөгөөд дэлгүүр нь албан ёсоор энэ сарын зургаанд нээлтээ хийжээ. Боксын хувцас эдлэлээрээ алдартай тус брэндийг спортынхон андахгүй биз ээ. Өдгөө төрөл бүрийн эрэгтэй, эмэгтэй спортын хувцас үйлдвэрлэх болсон тус брэнд нь загвар бүрээс 1-3 ширхэг л ирдэг юм.
Тоскан мужид үйдвэрлэл брэнд нэрийн урд үргэлж “Pisa, Italy” хэмээн хашилтад тэмдэглэдэг.
Тэр зүгээр нэг хувцас зардаггүй, тухайн хүний стилийг тодорхойлдог. Ю.Энхбаатар “Итали өвөө нараас долоон дор хувцаслана гэж байхгүй” гэдэг. Түүний Улаанбаатар их дэлгүүр дэх гурван тасагт 23 хүн ажилладаг ч камераараа хянаад гэртээ суухаас илүүтэй үйлчлүүлэгчтэй нүүр тулж ажиллахыг илүүд үздэг. Тухайн хүнд зохих хувцас, түүнд таалагдсан хувцас сонгох нь дахин үйлчлүүлэх, дараагийн хүнээ авчирдаг учраас тэр өөрөө худалдагч болон зогсдог. Тэр үүнийг л маркетинг хэмээн ойлгодог гэв.
Гурван жилийн өмнө Улаанбаатар их дэлгүүрт анх удаа, том хэмжээний загварын шоу хийжээ. Үүнд Т.Батцэцэг, О.Пүрэвдулам, Д.Долгион, А.Баярцэцэг, О.Уянга, С.Сарнай тэргүүтэй Монгол Улсын сүүлийн топ 7 модель бүгд оролцсон аж. Цахилгаан шат болон нэг давхарын талбайд тэр чигт нь “Shendel” брэндийн 60 гаруй загварыг үзүүлжээ.
Түүний хувцас хадгалагдаж үлддэггүй. Энэ тухай тэрбээр “Fashion хувцас амжилт олохгүй бол даавуу л болдог. Түүгээр шал ч арчиж болдоггүй” хэмээн хатуухан хэлээд авсан юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Гахайнд хийдэг наймаа бол өдөр хоногоо л аргацаадаг. Өөрийгөө ингэж хуурч явсан үе надад ч бий” хэмээв. Өнөөдөр тэрбээр франчайз эрх эзэмшигч болсноор түүний хийх ажил багасжээ. Түүний оролцоогүйгээр ажил урагшилсаар байна. Цаашид Ю.Энхбаатар өөрөө загвар дизайн дээр нь оролцох боломжтой брэндийн тоогоо нэмэгдүүлэх гэнэ. Тэрбээр 2020 онд худалдаалах загвараа сонгосон бөгөөд одоогоор үйлдвэрлэл нь хийгдэж байгаа аж. Энэхүү шинэ загвар нь энэ оны гуравдугаар сарын 20-нд ирэх гэнэ. Тэрхүү загварууд нь тухайлбал, Kontessa брэнд нь “Kaleidoscope” дуран тоглоомонд харагддаг шиг давтагдашгүй хэлбэр, дүрс, өнгө бүхий сонирхолтой хээтэй хувцас байх ажээ.