Хөргийн эзэнтэй хийсэн дэлгэрэнгүй подкастыг эндээс сонсоно уу
2020 он гарахын өмнөхөн Монголын эдийн засаг, бизнесийн амьдралд нэгэн содон үйл явдал болов. Тодруулбал, манай улс анх удаа инновацийн технологиор хонины ноосоор хийсэн био бордоо хэмээх цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн Европт экспортолж эхлэв. Гэвч ихэнх байгууллага шинэ жилдээ бэлдээд завгүй байж анзаараагүйдээ ч тэр үү, эсвэл угаас инновацийн ололт амжилтаас илүү улс төрийн шинжтэй шуугианд илүү ач холбогдол өгдөгтөө ч тэр үү энэ тухай мэдээллийг ганцхан сонин очиж сурвалжилсан байлаа. Энэ нь Оюу толгойн дайтай шинэ орд илрүүлэхээс ч илүү чухал, улс орны хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн түүхэнд тэмдэглэж үлдэх үйл явдал байв.
Ноосон бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” компани сүүлийн үед улам үнэгүйдэх болсон ноосыг “алт болгон” эдийн засгийн эргэлтэд оруулах арга замыг олоод байна. Тус компани эх орондоо үйлдвэрлэсэн ноосон бордоог Герман улсад 2022 он хүртэл нийлүүлэх гэрээ байгуулжээ. Үүнээс өмнө Германы Гумбольдтын их сургуулийн институтууд, лабораториудад бүтээгдэхүүнийхээ дээжийг явуулж тэндээс “Premium quality” буюу дээд зэргийн чанартай гэсэн үнэлгээ авчээ. Европын Холбооны улсаас ийм үнэлгээ авна гэдэг Монголын олон бизнесмэний мөрөөдөл юм.
Монгол хонины ноосоор хийсэн био бордоо нь Европын холбооноос “Premium quality” буюу дээд зэргийн чанартай гэсэн үнэлгээ авчээ.
“Монпеллетс” компанийн захирал Б.Цогбадрах 2014 онд компаниа байгуулж, үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын 30 хувийг Хөгжлийн банкны зээлээр авчээ. Ингэснээр хонины ноосоор био бордоо үйлдвэрлэх дэлхийн хоёр дахь, гэхдээ хамгийн том үйлдвэр 2018 оны намар Монголд баригдсан юм.
Б.Цогбадрах гадаад худалдааны мэргэжилтэй. Ноосон бордоо бол түүний олон жилийн хөдөлмөрийн үр шим. Тэрбээр Монголд Ноос Импекс компанид ажиллаж байгаад хожим Европын орнуудад Монголын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан хүн. Ноос хэмээх түүхий эдтэй амьдралаа холбосон тэр эхлээд ноосоор барилгын дулаалга хийх тухай судалж байжээ.
Ноосон бордооны судалгааны ажил 1990-иэд оноос Германд эхэлжээ. Тус улсын Засгийн газар олон сая евро зарцуулан 20 гаруй жил судалсны үр дүнд Лауххаммер хотод анхны туршилтын үйлдвэр байгуулагдаж 2013 онд бүтээгдэхүүн зах зээлд гарахад бэлэн болов. Гэвч төсөл дараагийн том саадтай учирсан нь түүхий эд байв. Герман, Австри хоёр нийлээд хоёр сая гаруйхан хоньтой учраас нийт хэрэгцээг хангаж хүчрэхгүй. Тэр үед л ноосон бордооны мэдээлэл Б.Цогбадрахын чихэнд хүрч, тэрээр цаг алдалгүй германчуудтай шууд холбоо барьжээ. Тэгэхэд 25 сая толгой хониноос жилд 40 мянган тонн ноос бэлтгэдэг байсан Монголоос түүхий эд нийлүүлье гэсэн санал тавьснаар ноосон бордооны ноу хау Монголд нэвтрэх эхлэл тавигджээ.
Гэвч технологийг тэр чигээр нь оруулж ирэх бололцоогүй, Монголд тохирсон хувилбарыг бүтээх шаардлагатай болжээ. Тиймээс иж бүрэн үйлдвэрийн машин, тоног, төхөөрөмжийг ХБНГУ-д тусгай захиалгаар хийлгэх хэрэгтэй болов.
Ийнхүү олон төрлийн судалгаа, шинжилгээ, хэлэлцээрийн ажил үргэлжлэв. Зургаан удаа Герман руу монгол хонины ноосыг шинжилгээнд илгээснээр “дээд чанартай” гэсэн үнэлгээ авч, Монголд ноосон бордооны үйлдвэр барихад ашигтай талаар германчуудыг ятгасаар 2016 онд доод тал нь таван жил бордоо нийлүүлэх талаар тохиролцож чаджээ. Ингэснээр малын өвчлөлийн шалтгаанаар экспортолж чаддаггүй монгол хонины ноос бордоо болон гарах үүд хаалга нээгджээ.
Дараа нь Хөгжлийн банкнаас 30 хувийн хөрөнгө оруулалт авах, төрийн байгууллагуудтай харилцахтай холбогдсон хүнд суртлын намаг дундуур туучсаар сая л 2019 оны эцсээр анхны экспортоо хийлээ.
Хонины ноосон био бордоо гэж юу вэ?
Аливаа таримал ургахад шаардлагатай азот, фосфор, кали болон микроэлементүүдийг хөрсөнд хангалттай хэмжээнд байлгахын тулд эрдсийн бордоог газар тариаланд түлхүү ашигладаг. Гэвч ийм бордоог үргэлж хэрэглэх нь хөрсийг шүлтлэг, хүчиллэг болгож алсдаа чанарыг нь муутгадаг. Түүнчлэн ургамлын өвчин, хортон шавьжны эсрэг хэрэглэдэг бодисууд нь хөрсөнд тодорхой химийн үлдэгдэл үүсгэдэг. Энэ мэт шалтгаанаас болж хөгжингүй улс орнууд бордоонд тавих шаардлагыг өндөрсгөж байна.
Монгол Улсын хувьд 2015 оны байдлаар нийт ашиглаж буй 700 мянга гаруй га талбайн 60 гаруй хувь нь хөрсний элэгдэлд орж, 2,1-3 хувийн ялзмагтай байх ёстой талбайн 70 орчим хувь нь 1-1,9 хувийн ялзмагтай болсон байна.
Хонины ноосоор био бордоо үйлдвэрлэхэд ямар ч ус, химийн бодис ашигладаггүй, хаягдал бараг гардаггүй технологи ашигладаг нь инновацийн шийдэл гайхалтай болсныг илтгэнэ.
Хөрсөнд хамгийн ээлтэй бордоог малын өтөг бууц, ургамлын дарш, шувууны сангас гэх мэтээр хийсэн органик бордоо гэж үздэг. Гэхдээ эдгээр бордоог масс хэлбэрээр газар тариаланд ашиглах боломжгүй. Гадаадын улс орнуудад малын эвэр, туурай зэрэг эвэрлэг эдээр органик бордоо үйлдвэрлэдэг бөгөөд азотын агууламж нь 12-14 хувьтай байдаг ч цогц бордоо хэлбэрээр ашиглах боломжгүй.
Харин хонины ноосон бордоо нь 10 хувийн азот, 6 хувийн кали агуулахаас гадна хөвсийх чанарынхаа ачаар өөрийн жингээс 3.5 дахин их усыг шингээн хадгалах чадвартай. Өөрөөр хэлбэл чийг ихтэй үед ус хуримтлуулж, гантай үед буцаан хөрсийг усалдаг бичил усан станцийн үүрэг гүйцэтгэдэг. Хөвсийхдөө хөрсийг сийрэгжүүлэн агаараар хангаж, агшихдаа усаа өгнө. Ийм байдлаар 10 сарын турш ургамлыг тэжээлээр таслахгүй бөгөөд хэтрүүлэн хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй.
Баянхонгор аймгийн ХАА-н “Өлзийт” МСҮТ-ийнхэн Monpellets бордоогоор хүнсний ногоогоо бордсон нь үнэхээр сайхан ургаж байгаа тухай олон нийтийн сүлжээнд бичжээ. Тиймдээ ч энэ бордоо Европын Холбооны “Эко ферм” стандартын шаардлагыг бүрэн хангасан аж.
“Монпеллетс” үйлдвэр жилд 2000 орчим тонн ноосыг малчдаас худалдан авна. Ингэхдээ ноосыг чанараар нь, урт богиноор нь, өнгөөр нь ялгах шаардлагагүй. Хаягдал ноос ч түүхий эд болж чадна. Энэ нь малчид ноосоо үнэд оруулах том боломж юм.
Өнөөдрийн ноос угаах үйлдлвэрүүдэд нэг тонн угаасан ноос бэлдэхэд хоёр тонн ноос шаардлагатайгаас гадна маш их хэмжээний ус, химийн бодис, цахилгаан эрчим зарцуулж, ялгарсан хаягдал нь байгальд сөргөөр нөлөөлдөг. Харин хонины ноосоор био бордоо үйлдвэрлэхэд ямар ч ус, химийн бодис ашигладаггүй, хаягдал бараг гардаггүй технологи ашигладаг нь инновацийн шийдэл гайхалтай болсныг илтгэнэ.
Эх оронч бордоо
“Бидний үндсэн зорилго экспортод гаргах биш” гэж Б.Цогбадрах хэлэв. Олон жил хөөцөлдөн инновацийн технологи нэвтрүүлж, Азид байгаагүй үйлдвэр байгуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ экспортод гаргаад эхэлсэн, цаашдаа тоо хэмжээ, ашиг орлого нь өсөх хандлагатай байгаа бизнесийн эзний хувьд ингэж хэлэх нь жаахан этгээд сонсогдож байв.
Гэхдээ тэр дотроо экспортоос ч илүү том бодол өвөртөлж явна. “Бизнесийг олон янзын өнцгөөс харж, янз бүрээр тайлбарлаж болно. Хэрэв бид зөвхөн ашиг олох талаас нь эргэн тойрноо зоосны нүхээр харвал зоосны нүх жижигхэн учраас их том утга учиртай зүйл харагдахгүй л байх” гэж тэр ярив. Тиймээс ихэнх бизнес “Дэлхийд №1 бүтээгдэхүүнийг Монголд” гэх байдлаар сурталчилж, хэрэглэгчдээс аль болох их мөнгө салгаж авахыг хичээдэг. Гэвч “Дэлхийд №1 болох бүтээгдэхүүнийг Монголоос” хэмээн зүтгэл гаргадаг нь ховор.
Б.Цогбадрах хоёр дахь замаар явахаар шийдэж, бизнесийг илүү эх оронч нүдээр харж байна. Өөрөөр хэлбэл тэр “улс орны аюулгүй байдал”, “ард түмний эрүүл мэнд”, “эрүүл хүнс”, “хүүхдийн ирээдүй” зэрэг Засгийн газрын хөтөлбөрүүдэд тусгасан гол уриа, лоозонгуудыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх эхлэлийг тавиад байна.
“Дэлхийд №1 бүтээгдэхүүнийг Монголд” гэх байдлаар сурталчилж, хэрэглэгчдээс аль болох их мөнгө салгаж авахыг хичээдэг. Гэвч “Дэлхийд №1 болох бүтээгдэхүүнийг Монголоос” хэмээн зүтгэл гаргадаг нь ховор.
Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт тогтвортой хөгжлийн тухай ярьж байгаа. Хүн гэдэг амьтны усны хэрэглээ хэрээс хэтэрч 2030 он гэхэд нийт дэлхийн хүн амын 40 хувь нь цэвэр усны хомсдолд орно гэсэн тооцоог НҮБ-аас гаргажээ. Үйлдвэр, газар тариаланд усыг маш их хэмжээгээр хэрэглэдэг бөгөөд нэг кг төмс ургуулахад 1000 литр, нэг кг улаан буудай ургуулахад 1450 литр, нэг кг тахианы мах бэлтгэхэд 4600 литр, нэг кг үхрийн мах хэрэгцээнд нийлүүлэхийн тулд 42 мянга 500 литр ус зарцуулдаг.
Харин хонины ноосон био бордооны үйлдвэрлэлд ямар ч ус ашигладаггүй нь нийт хүн төрөлхтний газар тариалангийн салбарт ашиглах хамгийн зөв бордоо болох ирээдүйтэй юм. Тиймээс Б.Цогбадрах Германд бойжсон уг инновацийн технологийг Монголдоо нутагшуулж чадсан нь Монголын хөдөө аж ахуйд оруулсан том гавьяа гэж үнэлж болно.
Өнөөдөр эрүүл хүнсээр хүн амаа хангах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, төрийн бодлогын цөм болж байгаа. Мөн хүнсний хэрэглээнээс гаралтай өвчлөлийг багасгах том зорилтууд бий. Тэгвэл эрүүл бордоогүйгээр эдгээр зорилтод хүрэх боломжгүй. Хэрэв 100 хувь хонины ноосоор хийдэг энэхүү био бордооны үйлдвэрлэлийг үндэсний хэмжээний кампанит ажил хэлбэрээр хэрэгжүүлж чадвал наанадаж гадны химийн бордоонд төлдөг валютаа дотроо үлдээж, цаашлаад хүн амыг эрүүл хүнсээр хангах маш том асуудлыг шийдэх боломжтой.
“Монпеллетс” компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн процессоос гадна Налайхаас 20 км зайд байрлах үйлдвэрийн орчноос нь хүртэл органик үлгэр жишээг харж болохоор байв. Үйлдвэрийн ажилчдын дулаан, бохирыг шийдэхдээ нүүрс шатааж, бохирын нүх ухахаас Б.Цогбадрах татгалзав. Хэдийгээр үнэтэй байсан ч эрчим хүч хэмнэдэг, овор багатай ялтсан халаалтыг Европоос авчирч суурилуулжээ. Мөн манай оронд хоёрхон байдаг ус цэвэршүүлэх бага оврын байгууламжийн нэгийг машин зогсоолын цементэн хучилттай шалан доор байрлуулжээ. Энэ мэт шийдэл нь тус үйлдвэрийг ямар ч хаягдалгүй үйлдвэр болгож өгчээ.
Нийгэм бухимдалтай байгаа нөхцөлд бүх л зүйл болж бүтэхгүй байгаа мэт санагдана. Гэвч “Сайхан хайр байдаг, олдвол бүү алд” гэдэгтэй адил “Сайхан зүйл бүтээдэг хүмүүс цөөнгүй байдаг, олдвол урмыг нь бүү хугалчихаасай” гэж хэлмээр санагдана.
Германчууд ажил хэргийн тал дээр угаас айхтар хүмүүс учраас 1990-иэд онд Европт ноосны үйлдвэрүүд дампуурч эхлэхэд ноосыг үнэт түүхий эд болгох ажлуудыг эртнээс эхэлж, хожим эко стандарт бий болоход хэдийнэ шийдлээ олчихсон байв. Тэд улсдаа ашигтай үйлдвэрлэлүүдийг бүхий л талаар дэмжиж, экспортын эргэлтэд оруулах гарц шийдлүүдийг дэмжин ажилладаг.
Эдүгээ дэлхий дахинд био бордооны эрэлт улам өсч байгаа нөхцөлд Монгол Улс ноосон бордооны инновацийн технологи, ноосныхоо арвин нөөцийг ашиглаад бордооны зах зээлд том тоглогч болох үүд хаалга нээлттэй байна. Ингэж чадвал Монголын хөдөө аж ахуй дэлхийн органик хүнсний секторт нэгэн том бааз болох юм.
Монголын 100 хувь хонины ноосоор хийсэн бордоог том ирээдүй хүлээж байна. 2019 онд Б.Цогбадрах Герман, Хятад зэрэг улсад органик газар тариалангийн томоохон арга хэмжээнүүдэд илтгэгчээр уригдан монголчууд Азид анх удаа хонины ноосоор био бордоо үйлдвэрлэж эхэлсэн тухай мэдээлээд байна.
“Ноосон бордооны нөү-хау” подкастыг эндээс сонсоорой
Жинхэнэ шинжлэх ухаан, инновацид суурилсан байгал орчинд ээлтэй, дэвшилтэт технологиор бүтээгдсэн хүний биед сөрөг нөлөөгүй, органик бордоо бн лээ. Цогоо гуай шиг эрдэм мэдлэгтэй, ёс зүйтэй хүн салбарт бизнес хийж байгаад талархаж бгаа. Таны ажилд амжилт хүсье.
бордоо гэдэг чинь эрдэс л байдаг юм даа. хайран юм л даа уул нь бордоо хийнэ гэхэд. бас их үр дүн гарахгүй л дээ
Сайхан мэдээ зүгээр ч уншуулчихгүй заавал нэг хар энерги чирж ирж байх юм. Эрдэс эрдэс гээд өөрсдөө хэргийг нь гаргаж чадахгүй хятадруу өм цөм буулгаад л хэдэн мянгаар нь гаргаад буцаагаад боловсруулсанг нь хэд дахин үнээр авдаг, тэрний оронд ингээд сайхан юм хийе бүтээе гээд явж байхад өөрөө гараа хумхиад наадах чинь болохгүй, бүтэхгүй гэж суухаа л больчих хэрэгтэй. Ноосоо ашиглаж бордоо хийхээс гадна, газар тариаланд хувь нэмэр оруулна гээд олон ашиг тус байна шдээ