2005 онд М-Си-Эс-д ирэхэд “Манай Монгол шиг жижиг зах зээлтэй оронд маш богино хугацаанд ямар гайхалтай ололт, амжилтыг цогцлоосон юм бэ” гэсэн бодол надад өөрийн эрхгүй төрж байлаа. Улс орондоо асар их хувь нэмэр оруулдаг болсон энэ компаниа улам сайн болгоход тус дэм болж чадах юм бол тэр маань л эх орондоо оруулах хувь нэмэр юм байна гэж ойлгосон. М-Си-Эс бол тэр үедээ томоохон амжилт олчихсон, өөрийн гэсэн тогтсон бодлого, соёлтой болчихсон компани учраас миний хүчин чармайлт бол улам сайн болоход нь өөрийн хүчийг дайчлах талын зүйл байлаа. 2005-2013 он бол Монголын эдийн засгийн өсөлтийн алтан үе байлаа. Эдийн засаг олон дахин өссөн. Энэ жилүүдэд Монголын компаниуд маш их томорсон, мөн эдийн засгийн энэхүү өндөр өсөлтийг бүтээлцсэн. Өсөлтийг дэмжихийн тулд хүний нөөцийн менежментийн оновчтой бүтэц, тогтолцоо, процессуудыг бий болгож жигдрүүлэх, хүмүүсээ улам чадавхижуулах, зөв соёл, уур амьсгал, хандлагыг төлөвшүүлэхэд бид төвлөрч ажилласан.
Мөн хүн өөрөө чадваржаад, хариуцсан ажлаа сайн хийгээд байх юм бол ажлын үр дүн, мэргэжлийн ур чадвар маань шудрагаар үнэлэгдэх юм байна гэсэн итгэл үнэмшлийг ажилтнууддаа бий болгох нь бидний бас нэг зорилт байлаа. Менежер хүний хүлээдэг үндсэн үүрэг нь тухайн багийг зөв зохион байгуулж, хамт олны гаргах ажлын үр дүн, бүтээмжийг эрс нэмэгдүүлэх явдал. Тиймээс олон сайн менежер, удирдах ажилтан бэлтгэхийг зорьж, менежментийн ур чадварыг хөгжүүлэх сургалт семинар олныг зохион байгуулж, манлайлал, менежментийн ур чадвар нь хэрхэн ахиж, хөгжиж байгааг тодорхойлох үнэлгээнүүдийг бий болгосон.
Бид 10 жилийн дараа хаана очсон, ямар болсон байхаа төсөөлж алсын хараагаа тодорхойлж, түүндээ хүрэхийг зорьж ажилласан.
10 жилийн дараа дүгнэхэд зорьсон зорилго маань бараг бүрэн биелсэн байсан даа. Зорилгодоо ямар ч хамаагүй аргаар хүрэх бус зөв замаар явж хүрэхийг чухалчлан үнэт зүйлс, баримтлах зарчмуудаа хамтдаа томъёолж, нийт ажилтнууддаа сурталчилж, алхам тутамдаа мөрдлөг болгож ирсэн нь болзошгүй алдаа, эрсдэлээс бизнесээ хамгаалж чадсан гэж боддог. Хүний нөөцийн хувьд мөн олон бодлого, дүрэм журмыг боловсруулж, нийт ажилтнууддаа ойлгуулж хэвшүүлэн, чанд мөрдөж ажилласан. Аливаа зорилго, зорилтыг дэвшүүлж болох ч тууштай байдал нэн чухал юм билээ.
Боломж гаргаад залуучуудтай уулзахыг би хичээдэг. Залуустай уулзахаараа “Яаж илүү амжилттай байх вэ”, “Амжилтын ямар боломжууд байна вэ” гэх зэрэг сэдвээр ярилцдаг л даа. Ярилцах үеэрээ нэг зүйлийг зөвлөж, ойлгуулахыг хичээдэг. Бидний үеийнхэн бол ажлын төлөө төрчихсөн мэт зай завсаргүй л ажилладаг хүмүүжилтэй байдаг бол залуучууд арай өөр арга барилтай юм байна. Ажиллахын зэрэгцээ амрах, чөлөөт цаг гаргах дуртай байдаг гэх юм уу даа. Хэдийгээр энэ нь чухал ч гэлээ “Эрч хүчтэй, залуу насан дээрээ аль болох их ажиллаж, олон зүйлийг сурч, өргөн туршлага хуримтлуулж ажилдаа илүү үр дүн гаргаарай. Тэгж байж дараа, дараагийн шатанд эрт гарах боломжоо нээнэ шүү” гэж зөвлөдөг. Сурах, туршлагажих, ажилдаа үр дүн гаргах боломжоо хойшлуулаад байхаар хүрч болох амжилтаа тэд давхар хойшлуулаад байгаа юм шиг санагддаг. Үүнтэй холбоотой нэг түүх ярья. Хэдэн жилийн өмнө Ньюком группын Ц.Болдбаатар гуай дэлхийн хүнсний хамгийн том компани болох Нестле-гийн ТУЗ-ийн дарга Питер Брабек-Летмат гуайг Монголд урьж авчирч, бизнесийнхэнтэй уулзуулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Би Нестле компанид ажилд ороод хамгийн анхан шатнаас нь эхэлсэн. Ажлаа сайн хийх гэж хэрэндээ хичээдэг байлаа. Гэтэл нэг өдөр намайг дараагийн шатанд томилсон. Би бусдаас толгой илүү байгаагүй. Маш их хичээж ажилладаг байсан болохоор бусдаасаа арай л илүү үр дүн гаргаж байсан байх. Дараагийн шат маань надад илүү их зүйлийг сурах, хөгжих боломж нээсэн.
Энэ мэтчилэн ажиллаж байсан шат болгондоо ижил түвшний бусад хүмүүсээсээ арай илүү байж дэвшсээр нэг өдөр компанийнхаа захирал болсон” гэж ярьсан нь их сонирхолтой, сургамжтай санагдсан. Түүний ярьсан энэ жишээг би залуучуудад ярьж өгдөг. Том компаниудын ажилтнаа дэвшүүлдэг гол систем бол дараагийн шатны ажлыг хийх ур чадвар нь арай илүү дөхсөн, бусдаасаа арай илүү ажиллаж байгааг нь л дараагийн шатанд томилдог. Амьдрал дээр гоц авьяастай хүмүүс ховор. Дийлэнх олонхи нь ойролцоо потенциалтай хүмүүс л байгаа шүү дээ. Тэдэн дотроос тодорч гарах хамгийн энгийн бөгөөд зөв арга бол хичээх, хариуцсан ажлаа сэтгэлээсээ хийх. Стив Жобс нэгэн лекцэн дээрээ Connecting the dots буюу “Холбогдсон цэгүүд”-ийн тухай ярьсан байдаг. Өмнөх ажил дээрээ сурч мэдсэнээ ашиглаад дараагийн ажил дээрээ амжилт гаргаад явсан карьер хамгийн амжилттай байдаг юм байна гэж боддог.
Shaal hudlaa. Baahan zaluu ohiduud avsan gazardaa. Ted nar ni tegeed bie hudaldsan garuud
Эерэг сайхан мэдээлэл уншлаа сонгууль гд тархиа угаалгачихалгүй явчуул манай орон хөгжих нь цаг хугацааны асуудал юм. Насанд хүрээгүй хүүхдүүдийг ашиглан хуулийн эсрэг хүнд нөхцөлд оруулахгүй байхыг аймар том гаруудад сануулж байна баярлалаа баяртай