Хотын төвөөс зайдуу, “Шувуун фабрик”-т Э.Ганзориг өндөр настай эмээгийн хамт амьдардаг байлаа. Түүний эцэг, эх хотод ажил эрхэлдэг байсан тул эртнээс эмээгээ асарч, 12-хон настайгаасаа гал тогоо барьж, энэ насандаа бүх л нарийн, нандин гэсэн хоолыг хийж сурчээ. Тэрбээр хоол хийх дуртайн дээр хоол хийх авьяастайгаа ч мэддэг байлаа.
Хожим 22 насандаа хэл сурахаар Английг зорихдоо ч өөрт хамгийн ойр санагдсан гал тогоонд цагийн ажил хийдэг байв. Аяга таваг угаахын завсраар сайн дураараа тогооч нарт тусалж, сонирхлоо даган Итали хоолыг хэрхэн хийдэг болохыг ажиглаж тогтоосоор жилийн дараа жинхэнээсээ хийж сурчээ. Ийнхүү гал тогоонд угаагчаас тогооч хүртэл дэвшин ажиллаж явсаар гурван жилийн дараа Манчестер хотын баячуудын хотхонд байрлах Английн хөл бөмбөгийн шигшээ багийн шилдэг тоглогч Рио Ферденандын нээгээд удаагүй байсан “Rosso” ресторанд ажиллах болжээ. Энэ үед Э.Ганзориг орон орны арваас дээш жил ажилласан 15 шилдэг тогоочдын хамгийн доор эрэмбэлэгдэж байлаа. Удалгүй Rosso ресторан нь бүх л од, Америкийн алдартнуудын заавал зочилдог газар болсон юм. Учир нь Ферденандын нэр хүндээс гадна тус ресторан нь үйлчилгээгээрээ хотдоо шилдгүүдийн тоонд багтжээ. Шилдэгт багтсанд нь Э.Ганзоригийн тус нэмэр багагүй бий. Учир нь дөрвөн сарын дараа гэхэд Э.Ганзориг онцгой зочид, алдартнуудын зоогийг тусгайлан гардан хийдэг болсон байв. Харин энэ үед тэрбээр өнөөх 15 тогоочдынхоо эхний гуравт жагсдаг болжээ. Түүгээр барахгүй хотынхоо “Talented chef” өргөмжлөлийг хүртсэн юм. Энэ цагаас хойш шилдгүүдийн дунд шилдэг нь болон яваа Э.Ганзориг өдгөө АНУ-д шилжин суурьшиж, “chef” хэмээх алдраар 11 дэх жилдээ дуудуулж байна.
Манчестер хотын баячуудын хотхонд байрлах Английн хөл бөмбөгийн шигшээ багийн шилдэг тоглогч Рио Ферденандын “Rosso” ресторан оддын дунд алдартай болоход Э.Ганзоригийн бэлдсэн хоол голлон нөлөөлжээ.
Зарим нь түүнийг Монголд “Оогий” нэрээр нь телевизийн аль нэг хоолны шоу, нэвтрүүлэг, сэтгүүлийн хуудаснаас олонтаа харсан байх. Тэр Монголд байх хугацаандаа BlueFin рестораны Ерөнхий тогооч байжээ. Bluefin ресторан бол олон улсын хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын стандарт жишгийг Монголд таниулж яваа газар. Энд ажиллах хугацаандаа Э.Ганзоригийн хоол Унгар, Англи, Америкийн элчин сайдын яам тэргүүтэй томоохон байгууллагын арга хэмжээний бүхий л шалгаруулалтад оролцож, амт чанараараа тэргүүлэн, жил алгасалгүй тендерийг нь авч байв.
Түүний зохиосон Европ, Ази хэв маягийг хослуулсан “Steak walk” нь одоо ч тус рестораны шилдэг борлуулалттай хоолны нэг. Үүнээс гадна хэд хэдэн төрлийн паста бий. Мөн түүний өөрийн жороор бүтээсэн Halibut fish болон Macaroni cheese хоолнууд нь “Хоолыг Урлахуй” номонд багтсан билээ. Э.Ганзориг “Хоолны жор гаргана гэдэг бол яг л хөгжмийн зохиол бичихтэй адил. Ямар махан дээр ямар соус хийх үү, ямар хачир хийвэл зохицох уу, яаж таваглавал хүмүүсийн таашаалд нийцэх үү гэсэн маш их бодол, төсөөллөөс урган гардаг” хэмээсэн юм.
Тэрбээр 2017 онд Монгол Улсын тогооч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд ажил олгогч талаас оролцсон байна. Үүний гол өөрчлөлт нь орос арга барилыг европ болгон өөрчилсөн аж. Ийнхүү тэрбээр Монголд ажиллах хугацаандаа Монголын тогооч нарын холбооны Шилдэг залуу тогооч, Монголын мастер тогоочдын холбооны Тэргүүний ажилтан, New leader одон, Хөдөлмөрийн алдар медалиудыг он дараалан хүртжээ. Харин түүний Монгол дахь шавь нар Монголын тогоочдын холбооны улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс Гран-при шагналыг нь авсаар байна.
Э.Ганзориг өдгөө АНУ-ын Вашингтон ДС хотод Le Chat Noir франц файндайн ресторанд ажилладаг. Хотын төвөөс хоёр км-ын зайд байрлах Le Chat Noir нь 2005 онд байгуулагдсан бөгөөд хоёр салбартай, франц ресторануудын хамгийн том зэрэглэл болох “Micheal`s star”-тай юм. Түүнчлэн тус ресторан нь Washington Post сонины 2017 оны “Шилдгийн шилдэг ресторан” болж байжээ.
Le Chat Noir Парисын гудамжны соёлоос санаа аван Вашингтоны завгүй амьдралын хэмнэлтэй хүмүүсийг амар тайван байлгах нөхцөлийг бүрдүүлсэн минималист хандлагатай савхин улаан суудал, бүдэг гэрэл, террас гээд Bohemian маягийн орчныг бүрдүүлжээ. Энд Э.Ганзориг Sous chef буюу ахлах тогоочоор хоёр дахь жилдээ ажиллаж байна. Түүний үүрэг бол гал тогооны үйл ажиллагааны менежментийг хариуцах юм. Гал тогооны өрөөг жигд ажиллагаатай байлгах, ямар ч үед брэндийн өндөр стандартыг хангуулах үүднээс тогооч нарын багийг удирдан зохион байгуулах, гал тогооны эдлэл, хэрэгслийг зөв зохион байгуулалттай байлгах, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, бараа, материал бүрэн эсэхийг хянах, цэс төлөвлөлт зэрэг ажлыг хариуцдаг.
Энд ямар ч тохиолдолд chef-ийн зөв гэсэн хууль үйлчилнэ. Хэдий зочлох үйлчилгээ нь Америкт харьцангуй чөлөөтэй ч гал тогоонд бол огтхон ч тийм биш юм. Ахлах тогоочоо заавал chef хэмээн дууддаг бөгөөд энэ нь тогоочийн хувьд асар том хүндлэл болдог. Гэтэл Ази хүн учир Европын аль ч улсад байсан түүнийг “бидний хоолыг хийх гэл ээ” хэмээх дургүйцсэн хандлага илтэд цухалзана. Гэвч энэ нь түүний хоол хийх ур чадварыг хоромхон хугацаанд өсөхөд нь гол түлхэц болсон юм.
Англид хэдийнэ chef хэмээн хүндлэгдэх бүхнийг хийсэн бол энэ удаад Америкт дахин өөрийгөө баталж харуулах шаардлагатай тулж, эхнээс нь давтав. Э.Ганзоригийг Le Chat Noir ресторанд орсноос хойш хоёр сарын дараа бүгд chef хэмээн авгайлж, өнөөх ямар ч нөхцөлд chef-ийн зөв гэсэн хууль үйлчилж эхлэв. Өрсөлдөөн, тэмцэлдээн ихтэй салбарт оршин тогтноно гэдэг ийм л хатуу. Түүний хэлснээр “Жишээ нь Итали хоолыг Итали арга технологиор, яг ижил түүхий эдээр, адилхан аргын дагуу хийсэн ч хүн бүрийн амтлах мэдрэмж ондоо болгодог. Эндээс л тогоочийн зэрэг зиндаа ялгарч, сайн муугаа мэдэлцдэг” гэв.
Америкт нүсэр том бизнес биш л бол менежментийн бодлого, гүйцэтгэх захирлын ч хэрэг байдаггүй бөгөөд хамгийн гол маркетинг нь “review” буюу хэрэглэгчдийн өгсөн үнэлгээнд анхаардаг.
Энэ хүрэхэд түүний хичээнгүй, туушгүй зан чанар нь маш их нөлөөлсөн. Европт ажилладаг гадаадууд зөвхөн өөрийн хийх ёстой ажлыг л хийдэг. Урдахаа дуусгачихсан бол бусдадаа тусална гэсэн ойлголт байдагггүй. Харин Э.Ганзориг хүний ажил гэлтгүй хамжаад хийчихдэг байв. Цайны цагаараа ч 15 минутад хоолоо идчихээд л ажилдаа орно. Энэ тухайгаа тэрбээр “Хүний ажил гэж бодолгүй бүх зүйл дээр сэтгэл гаргаж ажилладаг. Тиймдээ ч захирлынхаа нүдэнд өртөж, хурдан дэвшсэн байх” хэмээн дурсан ярьжээ.
Э.Ганзориг тун удахгүй өөрийн хоолны бизнесээ эхлүүлэхээр зорьж байна. АНУ-т бизнес эхлүүлэх нь эрсдэл ихтэй ч ирээдүйтэй алхам. Тэр тундаа 330 сая хүнтэй энэ газарт рестораны бизнес эрхлэхэд тун тохиромжтой. Энэ ч утгаар тэрбээр “Жижиг хотод жижиг кафе, ресторан нээгээд оршин суугчдад сайхан хоол, сайхан үйлчилгээ үзүүлдэг байхад л тэр бизнес хялбархан хөл дээрээ тогтдог” тухай ярьж байлаа. Америкт доогуур үнэлгээтэй газарт тооцогддог сүши ресторан л гэхэд өдөрт хамгийн багадаа 3000 ам.долларын орлоготой. Нөгөөтэйгүүр, Америкт нүсэр том бизнес биш л бол менежментийн бодлого, гүйцэтгэх захирлын ч хэрэг байдаггүй бөгөөд хамгийн гол маркетинг нь “review” буюу хэрэглэгчдийн өгсөн үнэлгээнд анхаардаг. Учир нь Америк, Английн хэрэглэгч, үйлчлүүлэгчид шударгаар “review”-ээ өгдөг тул review-ээ сайн байлгахад анхаарах шаардлагатай.
Мэдээж өнгөрсөн он жилүүдэд бусдын ижил алдаа, оноо байсан. Лалын шашинтнуудын иддэг хатуу дэглэмтэй халал хоолонд анхаарал дутсанаас бекэн хийчихэж байв. Энэ бол Муслим шашинтай хүмүүсийн хувьд доромжлол гэж үзэхээр маш том алдаа байсан юм. Харин түүний хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжийн нэг нь Англид болсон шилдэг тогоочийн тэмцээний үеэр нэгэн Англи эмэгтэй “Би амьдралдаа ийм сайхан амтыг мэдэрч байсангүй” хэмээсэн урмын үг юм. Мөн “Хийсэн бүхэнд чинь баярлалаа” хэмээгээд гарын үсгээ үлдээсэн Рио Фердинандын бэлэглэсэн подвалк дурсгал болон үлджээ.