Одоогоос долоон жилийн өмнө Бээжингийн олон улсын нисэх буудалд Монгол руу харих нислэгээ хүлээн зүүрмэглэж суусан У.Номинд “Та тэнцлээ” гэсэн утгатай товчхон и-мэйл ирсэн нь түүний амьдралын хамгийн чухал мөчүүдийн нэг байв. Энэтхэгийн Дели хотод хоорондоо 30-хан минутын зайтай хоёр шалгалт дараалан өгөхийн тулд 21 хоногийн турш өдөрт ихдээ л дөрвөн цагийн нойр авч, чөлөө завгүй бэлдсэн түүний зүтгэл талаар болсонгүй. Ингэж тэр Red Hat линукс системийн администраторын сертификатыг албан ёсоор гардаж, олон улсын түвшний мэргэжилтэн гэдгээ батлан харуулж чадсан дөрөв дэх монгол хүн болсон юм. Түүнтэй хамт шалгалт өгөхөөр зуу гаруй хүн дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан байж. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг Red Hat шалгалтыг өгч буй нийт мэргэжилтний 30 хувь нь шалгалтаа анхны оролдлогоор амжилттай даван гардгаас ердөө гурван хувь нь л эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа бий. Ууганбаярын Номин тэдний нэг. Харин Монголд энэхүү сертификатыг гардсан анхны эмэгтэй болсон гэхээр тэр хэчнээн ховор мэргэжилтэн гэдэг нь ойлгогдох болов уу.
Биднийг ярилцах зуур тэр ажлынхаа шүүгээнээс нямбайлан хадгалсан хавтас гаргаж ирсэн нь шалгалтад бэлдэж байх үеийнх нь тэмдэглэл гэлээ. Үнэхээр нягт, нямбай хөтөлсөн нь үзтэл илт тэрхүү тэмдэглэлийг мэргэжлийн бус хүн хэчнээн хараад ч ойлгохооргүй эд юм. “Амьдралдаа хамгийн их хүчин чармайлт гаргаж өгсөн, маш хүнд шалгалтыг амжилттай давчихаад ирэхэд намайг мэргэжил нэгтнүүдээс маань өөр хүн ойлгоогүй, ойлгоогүй учир нэг их баяр хүргэж сүйд болоогүй дээ” хэмээн тэр инээмсэглэн өгүүлэв. Ер нь системийн инженер мэргэжилтэй түүнийг яг юу хийдгийг нь хүмүүс төдийлэн ойлгохгүй байх тохиолдол бишгүй. Ажилдаа ирж дэлгэцний урд сууж, сууж байгаад л гараад явчих нь хүмүүст оньсого мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэрэв хийж буйг нь сонирхон өнгийж харвал тоо, тэмдэгтээр дүүрэн хар, цагаан дэлгэц эрээлжлэх нь бүр ч ойлгомжгүй.
Угтаа бол хил хязгааргүй системийн ертөнцөд асар их нөөц бололцоо бий. Сайтар зохион байгуулах, эсвэл устгаж гэмтээх, цаашлаад системийг хакеруудын халдлагад өртөх эрсдэлийг анзааралгүй өнгөрөөх, болзошгүй аюулаас сэргийлэх, бүр бүхэл бүтэн бизнесийг үгүй хийж чадах хүч чадал чухам энэ нууцлаг ертөнцөд оршино. Энэ бүх өрнөлийг дэлгэцийн цаанаас анхааралтай ажиглах системийн инженерүүд удирдлагыг гартаа бүрэн авахын зэрэгцээ асар өндөр үүрэг хариуцлага хүлээдэг.
Өдгөө дэлхий дахин системийн инженерчлэлээс шууд хамааралтай болсон нь дижитал эриний нэг онцлог. Энэ чиглэлээр суралцсан мэргэжилтнүүдийн эрэлт өндөр байгаа нь ч үүнтэй холбоотой. Мөн өнөө цагт халуун сэдэв болж буй дижитал шилжилтгүйгээр аливаа бизнес өсөлт үзүүлэх боломжгүй гэдэг нь бүр ч тодорхой болсоор байгаа. Гэтэл дижитал шилжилт гэдэг нь товчхондоо, бүхнийг системд оруулж, системчлэх тухай л асуудал юм. Өөрөөр хэлбэл, системчлэл гэдэг өөрөө бизнесийн өсөж буй нэг гол салбар болоод байна.
Эмэгтэй хүн аль ч салбарт амжилттай явахын тулд сайн төлөвлөж, түүнийгээ ягштал баримтлах ёстой.
Энэ ч утгаараа У.Номин мэргэжил нэгтнүүдийнхээ ур чадварыг шат шатаар ахиулж, дэлхийн түвшинд үнэлэгдэх монгол инженерүүдийг улам олон болгохын төлөө зорьж яваа нэгэн. Itools компанийн гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллахын хажуугаар энэ бүхнийг амжуулж буй тэрбээр “Монголд олон улсын түвшинд бэлтгэгдсэн инженер үнэхээр дутагдалтай байна. Тиймээс залуу инженерүүдийг мянга мянгаар нь эрчимтэй бэлтгэх хэрэгтэй. Олон улсын түвшний мэргэжилтэн болох нөү-хауг нь би мэдэж байгаа учраас чадварлаг системийн администраторуудыг бэлтгэх зорилгоор Empasoft компанитай хамтран сургалт зохион байгуулж, гурван жилийн турш багшилж байна” хэмээн хариулав. Empasoft компанийн удирдлага түүнд багшлах санал анх тавихад тэр нэлээд эргэлзсэний эцэст зөвшөөрчээ. Өөрийгөө хөгжүүлэхийг байнга эрмэлзэгч, төрөлхийн “өлсгөлөн” залуу мэргэжилтнийхээ хувьд тэрбээр энэ саналыг өсөж хөгжих, басхүү сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, ирээдүй хойч үедээ хувь нэмэр оруулах боломж гэж харсан юм.
Харин Itools компанийн тухайд цахим орчинд үүлэн технологийн тусламжтайгаар чөлөөтэй ажиллаж, зөвхөн гол үйл ажиллагаандаа анхаарал хандуулах боломжийг олгодог дэд бүтцийн үйлчилгээг хэрэглэгчид санал болгодог. Ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус компанийн харилцагчийн тоо 7600 орчимд хүрч, Монгол дахь MN домэйны 65 хувийг систем дээрээ ажиллуулж байна. Өдгөө Itools компанийн үүсгэсэн систем дээр зуу зуун бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тасралтгүй бас санаа зоволтгүйгээр үргэлжлүүлж буй. Мөн тэд гадаад зах зээлд чиглэсэн маркетинг хийдэггүй ч Америк, ОХУ, Тайвань, Хонконг, Сингапур, Хятад зэрэг олон улсын 200 гаруй харилцагчтай. Дижитал шилжилт бүхий л түвшний байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй нэвчих болсон тул цаашид Itools-ийн хамт олон дэд бүтцээ улам бүр боловсруулан хөгжүүлэхийг зорьж байна.
Үүнээс өмнө У.Номин Татварын ерөнхий газарт системийн инженерээр ажиллаж байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хөдөлмөр эрхэлж, ажлын байр бий болгож буй баялаг бүтээгч хүн бүхэн түүний хийж, тохируулсан системийг ашигладаг гэсэн үг. Тухайн үед ийм чухал ажил хийж байсан түүнд алдах эрх байсангүй. “Хэрэв би сайн ажиллаж чадвал энэ бүхэнд бага ч болов хувь нэмэр оруулж, тэдгээр баялаг бүтээгчдийн цаг болон мөнгийг хэмнэх боломжтой байлаа. Би найман жилийн турш татварын системд төвлөрөн ажиллах хугацаандаа E-barimt-аас бусад бүхий л төсөлд орж ажилласан. Өөрөө санаачилж, бие дааж, хамтарч хийсэн системүүдээ хэрэглээнд нэвтрүүлж, хэдэн жил ажиллуулсны дараа өөрийн гараар унтрааж байсан нь ч бий” хэмээн өгүүлэх тэрбээр Татварын ерөнхий газарт ажиллах хугацаандаа инженер хүнийхээ ур чадварыг бүрэн батлан харуулсан даацтай бүтээлүүдийг гүйцэтгэжээ. Ингэж тэр ахлах инженерийн түвшинд очихдоо өөрөөсөө ахмад, туршлагатай эрчүүд голдуу хамт олноос бүрдэх 40 гаруй инженерийг манлайлан ажиллаж байв.
“Нэгэн хэвийн ажил хийгээд л байвал хүн хөгждөггүй. Шинэ зүйл сурах бүртээ би өмнө гаргасан алдаануудаа олж хардаг. Хүн насан туршдаа л суралцана. Харин мэдээлэл технологийн салбар хүнээс сурах хурд их шаарддаг. Гэхдээ суралцаад зогсохгүй тухайн сурснаа амьдралд хурдхан шиг нэвтрүүлж, хэрэгжүүлж, өөрийн чадвар болгох ёстой. Суралцдаггүйгээсээ болж, тухайн ажилтан зүгээр л цалин авч, ажлын цаг өнгөрөхийг хүлээж суудаг хүн болон хувирсан байх нь бий. Сурах эрмэлзэлгүй, эсвэл хурдан сурахгүй байгаа хүмүүс зарим талаар түгжээс болж байдаг” гэж тэр энэ үеэр тэмдэглэсэн юм.
Өдгөө дэлхий дахин системийн инженерчлэлээс шууд хамааралтай болсон нь дижитал эриний нэг онцлог.
Хаан банк, Хасбанк, Худалдаа хөгжлийн банкнаас эхлээд үндэсний томоохон компаниудад олноороо ажиллаж буй системийн администраторууд сургалт зохион байгуулж, шалгалт авах хүсэлт Empasoft компанид өнгөрсөн хугацаанд ирүүлсээр байжээ. Учир нь олон зуун ажилтантай, асар их дататай байгууллагад нэн түрүүнд шаардагддаг зүйл бол эдгээр датаг найдвартай хадгалах, ашиглах, цэгцэлж, тодорхой системд оруулах юм. Хэрэв системийн үйл ажиллагаа доголдож, тасалдах, улмаар унавал тухайн бизнесийн нэр хүнд унаж, хэрэглэгчээ алдах эрсдэлтэй. Дараагийн том асуудал бол мэдээллийн аюулгүй байдал, мөн хэрэглэгчийн дата алдагдах. Тиймээс аливаа байгууллага цахим системээ найдвартай хамгаалж чадсанаар өөрийн бизнес модель, технологи болон бүхий л механизмаа давхар хадгалж, хамгаалж байна гэсэн үг. У.Номин болон Empasoft-ийн хамт олон энэ бүхнийг харгалзан үзэхийн зэрэгцээ салбарынхаа ирээдүйн хөгжлийн төлөө ч урагшлах зайлшгүй шаардлагатай болсон тул сүүлийн гурван жилийн турш тасралтгүй, шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд Red Hat линукс системийн администраторын шалгалт авах албан ёсны эрх бүхий төвөө тун саяхан нээгээд байна. Хамгийн гайхалтай нь тэд олон улсад 10 мянган ам.доллараар үнэлэгддэг, чамгүй өндөр төлбөртэй энэхүү шалгалтыг 10 дахин хямд үнээр харьцангуй боломжийн хугацаанд бэлтгэн өгөх боломжийг дотоодын инженерүүддээ зориулан бүрдүүлж чаджээ. Өнгөрсөн нэгдүгээр сард дотоодод зохион байгуулж, авсан анхны Red Hat-ийн шалгалтад У.Номингийн отгон шавь нарын нэг тэнцэж, манай улсад дахин нэг олон түвшний чадварлаг, залуу системийн инженерээр тодроод буй.
Энэ бүхний дараа “Яагаад заавал Red Hat линукс систем администраторын шалгалтыг өгөх ёстой юм бэ?” гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Дэлхий дээр үйл ажиллагаа явуулж буй нийт вэбсайтын тоо хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Эдгээрийн 80 орчим хувь нь Linux систем дээр ажилладаг. Харин Монголд эсрэгээрээ Linux систем дээр 30 орчим хувь, үлдсэн хэсэг нь Ubuntu систем дээр, 10 хүрэхгүй хувь нь Windows систем дээр үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл олон улсын түвшинд Ubuntu систем дээр ажилладаг вэбсайт 10 орчим хувь. Дэлхийд хамгийн сайн, үнийн хувьд боломжийн систем нь Linux гэдгийг мэддэг, мэргэшсэн хүн манайд маш цөөн. Тухайн инженер Red Hat-ийн шалгалт өгөлгүйгээр Linux-ийн администраторын ур чадвараа хүлээн зөвшөөрүүлэх боломж бараг үгүй. Тэгэхээр олон улсад гарах үүд хаалга хаалттай хэвээр үлдэнэ гэж ойлгож болох нь.
Сониуч зүрх
Наймдугаар ангиа төгсдөг жилээ У.Номин Булган аймгийн Сэлэнгэ сумаас аймгийн төвийн 10 жилийн сургуульд шилжин суралцав. Өсвөр насны бяцхан охины сонирхлыг өөр юу ч биш гагцхүү сургуулийн мэдээлэл зүйн кабинетад байх компьютерууд гойд татна. 10 хуруугаар шивэх, зураг зурах, текст боловсруулахын тулд тэр анх удаа компьютер асааж, кибоард дээр гараа тавьж, MS Word ашиглаж үзсэн нь мартагдашгүй сэтгэгдэл үлдээжээ. Дэлгэц дээрх өнгөний нягтрал, тод ялгарал түүний гайхшийг төрүүлж, дотроо тоолонгоо арван хуруугаар шивэхэд хэдий хугацаанд хэчнээн үгийг алдаатай болон зөв бичсэнийг маш нарийн тооцоолж гаргаж ирж байсан нь үнэхээр дэвшилттэй санагдаж байв. Ерөөс компьютерын шинжлэх ухаан түүний огт мэдэхгүй ертөнц байлаа. Энэ мөчөөс л түүний дотор компьютерын мэргэжилтэй нэгэн болох хүсэл эрмэлзэл асжээ.
Улмаар тэр МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийг сүлжээний инженер мэргэжлээр дүүргэж, системийн инженер буюу дата төвийн администратораар нарийсан мэргэшив. Ажлын талбарт хөл тавиад мэргэжлийнхээ онцлогийг тэр улам их ойлгож, бүр ч сонирхон дурлах болжээ. Мэдээллийн аюулгүй байдал, системийн инженер, сүлжээний инженер, холбооны инженер, архитектороор ажиллах боломж түүний өмнө байлаа. Ийм уян хатан байдлаар чөлөөтэй хөрвөн ажиллах боломж олгодгоороо компьютерийн шинжлэх ухаан хязгааргүй өргөн уудам ажээ. Одоо ч тэр суралцсаар л явааг өнгөрсөн хугацаанд 20 гаруй удаа мэргэжил дээшлүүлсэн болоод өдөр тутмын хуваарь гарган цаг, минут бүрийг нарийн төлөвлөн өнгөрөөдгөөс нь мэдэж болно. Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах бүртээ тэрбээр өөрийн ур чадвараа сайжруулж, бодит үр дүн гаргахыг чухалчлан, жилийн өмнөөс бүхнийг төлөвлөн ажил, амьдралынхаа хуваарьт шингээж өгснөөр бүхнийг уужуухан зохицуулах боломж сая нэг бүрдэнэ. “Энэ сургалтууд хэзээ ч санамсаргүй байдаггүй. Хүн аливааг мэдэх тусам мэдэхгүй зүйл ямар их байгааг ухаарч эхэлдэг. Тэгэхээр мэдлэгийг богино хугацаанд олж авах ганц арга бол сургалт л байгаа юм. Ганцаараа суугаад эхнээс нь сурах боломжтой ч үүнд асар их цаг хугацаа шаардагдана. Ер нь эмэгтэй хүн аль ч салбарт амжилттай явахын тулд сайн төлөвлөж, түүнийгээ ягштал баримтлах ёстой” хэмээн тэр тодруулж байна.
Өмнө нь тэр урдах ажлаа л сайн хийхийг зорьдог байсан бол сүүлийн үед эмэгтэйчүүдийн манлайллын асуудалд ихээхэн анхаарал хандуулж, энэ чиглэлээр хийгдсэн олон улсын судалгаануудыг уншиж, судлах болжээ. “Манайхтай ижил түвшинд яваа бусад улс орныг харахад төрийн бодлогоороо дамжуулан нийгэм дэх эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах зохицуулалтыг маш сайн хийж, дэмжиж чаддаг. Тухайлбал, хүүхэд төрүүлснийхээ дараа удаан хугацаанд завсардалгүй ажилдаа эргэн орох боломжийг бүрдүүлэх зэргээр эмэгтэйчүүдийг аль болох ээлтэй нөхцөлд ажиллаж, амьдрах бололцоогоор хангаж байна. Салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүд бол тэмцэгч, бас золиос гаргагчид. Миний хувьд гэхэд л бага охиноо дөрвөн сартай байхад нь ажилдаа орж, өөрийн цалингаасаа 2-3 дахин их зардал гаргаж байж ажлаа цааш үргэлжлүүлсэн байх жишээтэй. Монголд хангалттай түвшинд шийдэгдэж чадаагүй энэ асуудал бусад улс оронд маш сайн шийдэгдсэн байдаг. Тэгэхээр монгол эмэгтэйчүүд тэр их ачааллыг өөрийн нуруун дээр авч, хэтэрхий их хичээл зүтгэл гаргасныхаа үр дүнд л амжилттай явж байна” хэмээн У.Номин тодотгосон юм.
Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг Red Hat шалгалтыг өгч буй нийт мэргэжилтний 30 хувь нь шалгалтаа анхны оролдлогоор амжилттай даван гардгаас ердөө гурван хувь нь л эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа бий.
Харин мэдээлэл технологийн салбар руу өнгийж харвал энд эмэгтэйчүүдийн тоо эрс буурахыг та олж харна. “Охид мэдээлэл технологийн салбарт ажиллаж, олон улсын түвшний мэдлэг чадвар эзэмшиж, шилдэг мэргэжилтэн болох бүрэн боломжтой гэдгээ олж харахгүй байна. Энэ бүхнийг тэдэнд таниулж, ойлгуулахын тулд би өөрийн түүхээ хуваалцаж байна. Мэдээлэл технологийн салбарт хүмүүсийн тэр бүр мэддэггүй маш олон төрлийн мэргэжил, ажлын байр бий. Итгэл төгс хэлэхэд, энэ салбар дахь мэргэжилтнүүдийн талаас илүү хувийг эмэгтэйчүүд бүрдүүлснээр олон давуу тал бий болно. Эмэгтэйчүүд аливаад нягт нямбай, хариуцлагатай хандаж, ямар ч ажлыг их, бага гэж гололгүй хийдэг. Мөн асуудлыг өөртөө шууд тусган хүлээн авдаг учир гаргасан алдаагаа ухамсарлаж, богино хугацаанд засаж залруулж чаддаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хоорондоо өрсөлдөх биш, хамтдаа өсөж, алдаа дутагдлаа нөхөж ажиллах, цаашлаад тэнцвэртэй амьдрах ёстой. Зөвхөн мэдээлэл технологи ч биш, бүхий л салбарт ийм байгаасай гэж хүсдэг” гэж тэр нэмж хэллээ.
Мэдээлэл технологийн салбарын эмэгтэйчүүд хэнд ч анзаарагдамгүй чимээгүйхэн ажиллаж ирсэн тэрхүү хэвшмэл байдалд цэг тавих нь түүний өөр нэг зорилго. Учир нь тэр ч бас өнгөрсөн хугацаанд чив чимээгүй ажилласаар иржээ. Мэдээлэл технологийн мэргэжилтэй ихэнх эмэгтэйчүүдийн дунд хэсэг хугацааны дараа мэргэжлээ сольж, өөр чиглэлээр суралцах, эсвэл огт өөр салбарт ажиллах үзэгдэл түгээмэл оршсоор буй. Тэдэнд ажлын байрны олон төрлийн сонголт байгаа талаар мэдээлэл өгөх зорилгоор У.Номин салбарынхнаа уриалан ажиллаж буйн нэг тод илэрхийлэл нь өнгөрсөн оны гуравдугаар сард зохион байгуулагдсан Mongolian Women in Tech арга хэмжээ байв.
Алдаанаасаа суралцаж амжилтыг бүтээхүй
Тэр карьерынхаа турш бусдын адил олон алдаа гаргаж байсан ч одоо өгүүлэх гэж байгаа шиг олон хүний өдөр тутмын ажилд нөлөөлж, томоохон эрсдэл үүсгэсэн нь ховор. Инженерүүдийн хөгжлийг реактив (reactive) болон проактив (proactive) гэсэн хоёр шатлалтай авч үздэг. Инженер хүн ажлын эхний он жилүүддээ тухайн системд асуудал үүсмэгц засаж залруулж явдаг (реактив) бол гурваас дээш жил ажиллаж тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулаад ирмэгц системд үүсэж болзошгүй асуудлуудыг урьдчилан мэдэж, нэг ёсондоо, серверийн эмчийн үүргийг гүйцэтгэж эхэлснээр проактив инженер болсноо баталж байдаг.
Single sign-on хэмээх нэг цэгээр дамжин шаардлагатай программууд руу нэвтрэн ажиллах боломжийг татварын байцаагч нарт олгодог системийг тэр Татварын ерөнхий газарт нэвтрүүлж байв. Уг системээр дамжуулан нийт 1200 компьютер нэг цэгээр нэвтэрснээр өдөр тутмын ажлууд өрнөж, нэг жилийн хугацаа өнгөрчээ. Ямар нэг асуудалгүй, тасралтгүй ажиллаж байсан учраас эрсдэлтэй талуудынх нь талаар тэр мартаж орхиж. Гэтэл нэг л өдөр Single sign-on унаж, гурав хоног сэргээх гэж оролдоод дийлсэнгүй. Энэ хугацаанд нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд уртаас урт дараалал, асар их ачаалал үүсэв. Ингээд У.Номин болон хамт олон нь бүх компьютерыг системээс нэг нэгээр нь механикаар салган явсаар хагас өдрийн дотор нэг цэгийн 400 байцаагчийг ажлыг хэвийн горимд нь оруулж байв. Гурван хоногийг нойргүй өнгөрөөхдөө өмнөх системийн асуудлыг цэгцлэхээс гадна дараагийн системээ бэлдэж, бүх байцаагчийн нэр, хаяг, овог, албан тушаал гэх зэрэг мэдээллийг гараар шивж оруулж байхдаа түүнд ямар золиос гаргах нь огт хамаагүй байлаа. Түүний л алдаа байсан учраас ажлаас халах, эсвэл торгох зэргийн аль нь ч нэгэнт хамаагүй болж, зөвхөн байгууллагад үүссэн системийн доголдлыг хурдан хугацаанд засахаар бүхий л хүч хөдөлмөрөө дайчилжээ. Харин дараагийн системээ ямар ч үед, хэнээс ч хамааралгүй тасралтгүй ажилладаг байлгахын тулд тэр бүтэн нэг жилийн хугацааг зарцуулсан байна. Энэ үедээ тэр зузаанаараа Лев Толстойн “Дайн ба энх” шиг хэд хэдэн номыг олон дахин уншиж, хилийн чанадад сургалтад хамрагджээ. Тэр цагаас хойш буюу 2013 оны аравдугаар сараас түүний нэвтрүүлсэн дараагийн систем одоог хүртэл нэг секунд ч зогсолгүй ажиллаж буй. Ингэж алдаанаасаа суралцсанаар тэр проактив инженер болох эхлэлээ баттай тавьж чаджээ. Уг систем одоо ч хэвийн ажилласаар буй. Энэ талаар У.Номин “Хүн өөрийнхөө алдааг ухамсарлана гэдэг сайжрах шат. Нэг том алдаж, ёроолд унаж үзэх хэрэгтэй. Залуу инженерүүдэд хандаж хэлэхэд алдаанаасаа байнга суралцаарай. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь таныг дараагийн түвшин рүү гаргах алхам” хэмээн хэллээ.
Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь дараагийн түвшинд гарах алхам
Өмнөд Солонгост магистрын зэргээ хамгаалсных нь дараахан эрдмийн ажлыг нь удирдсан профессор түүнд “Нийт хүн төрөлхтний нэг хүрэхгүй хувь нь чиний эзэмшээд буй энэ түвшний боловсролыг эзэмшсэн. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын тийм өчүүхэн хувьд л ийм түвшний боловсрол эзэмших боломж олдсон гэсэн үг. Тэгэхээр ийм боловсрол эзэмшсэн хүн үүнийг зөвхөн өөрийн ахуй амьдралаа залгуулахад ашиглана гэвэл хэтэрхий хувиа хичээсэн хэрэг. Тиймээс эзэмшсэн боловсролтойгоо эн тэнцэхүйц жинтэй амьдраарай” гэж захижээ. Нэг үгээр, хүн нийгмийн ямар статустай байх нь хамаагүй, харин бусдын сайн сайхны төлөө ажиллаж, амьдраарай гэсэн санааг өгсөн байна. Улс орон, нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах гэсэн түүний хүсэл магадгүй энэ бүхэнтэй холбоотой биз ээ. Одоо тэр Улаанбаатар хотын орчны дуу чимээний бохирдлын судалгаан дээр давхар ажиллаж байгаа. Их хотын иргэд стресстэй, ажлын бүтээмж муутай байгаа нь дуу чимээний бохирдолтой холбоотой гэдгийг олон улсын судалгаа тодорхой харуулдаг учир тэр энэ чиглэлийг барьж авчээ. Өнөөдөр агаар, хөрс, усны бохирдол гэж их ярьж байгаа ч дуу чимээний бохирдол анхаарлын гадуур үлдэж буй. Тиймээс У.Номин дуу чимээний бохирдлыг хэмжих системийг Улаанбаатарт бий болгож, хүмүүсийн өмнө тулгамдаж болзошггүй эрүүл мэндийн эрсдэлүүдээс сэргийлэх боломж олгохыг чухалчлахаас гадна бууруулахыг зорьж буй. Өдгөө дэлхийн хүн амын 50 гаруй хувь нь хотод амьдарч байгаа бол 2030 он гэхэд 60, 2050 он гэхэд 70-аас дээш хувь нь хотын оршин суугчид болох тооцоо гарсан. Энэ ч утгаараа дуу чимээний бохирдол тулгамдсан асуудал болж, дэлхий нийтийн голлох таван бохирдлын нэгээр тодроод байгаа юм. Мөн ингээд зогссонгүй. Тэр дахиад л бусдын төлөө, өөрөө өөртөө ажил бодож олжээ. Өмнөд Солонгосын The Bridge гэж олон улсын фундрайзинг платформыг Монголд оруулж ирэхээр тэр ид ажиллаж байна. Уг платформоор дамжуулан хоёр жилийн хугацаанд ямар нэг хүүгүйгээр тодорхой хэмжээний хөрөнгө босгон гарааны бизнесээ санхүүжүүлэх боломжтой болох юм. Зорилготой, зорьсондоо хүрч чадах эрмэлзэлтэй, эрч хүч цацруулсан нэгэн тэрбээр XXI зууны зоримог эмэгтэйчүүдийн төлөөлөл яах аргагүй мөн билээ.
/Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаар (№15)-т нийтлэгдсэн болно/