Төслийн эрдэмд гүнзгийрсэн нь
Монгол оронд ардчилсан хувьсгал гарч, монголчууд алтан соёмботой паспортаа өвөртлөөд дэлхий даяар зорчих эрхтэй болсон үе буюу 1990 оны зун тэрээр 12 настайдаа аав, ээжийн хамт Америкийг зорьжээ. Багадаа мөрөөдөж байсанчлан дипломатын замналаар ээжтэйгээ адил яваагүй ч сүүлийн 20 гаруй жил Монгол Улсыг гадны хөрөнгө оруулагчидтай холбох “бизнесийн Элчин сайд” буюу олон соёлын гүүр болсоор явна.
Америкаас эх орондоо эргэж ирээд ахлах ангид сурч байхаасаа л орчуулга хийж, бага ангийнханд англи хэл зааж ажлын гараагаа эхэлж байж. Гадны сэтгүүлчидтэй өдрийн 20 ам.долларын цалинтай ажиллаж байсан нь 1993 онд нэг сарын цалинтай тэнцэж байв. Гавьяат багш Ж.Баясахын урилгаар МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд элсч, оюутан болсныхоо дараа Сэлэнгийн Тужийн нарсанд Японы ЖАЙКА байгууллагын ойн нөөцийн судалгааны төслийнхөнтэй хоёр сар гаруй хамт ажиллаад 1,500 ам.долларын цалин авч, аав ээждээ өгч байжээ.
Сайн төгсөгчийг яамандаа ажилд авна хэмээхэд гуравдугаар курст сурч байсан Б.Бямбасайханыг санал болгожээ.
Оюутан байхдаа тухайн үеийн Гэгээрлийн сайд Ч.Лхагважав түүний багш Элчин сайд Д.Баярхүү руу утсаар ярьж, сайн төгсөгчийг яамандаа ажилд авна хэмээхэд гуравдугаар курст сурч байсан Б.Бямбасайханыг санал болгожээ. Анх яаман дээр очоод Төрийн нарийн бичгийн дарга болон Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтад орчуулагч хийгээд, дуусаад гарч ирэхэд нь яаманд ажиллах санал тавьжээ. Энэ үеэс эхлэн тэрбээр Гэгээрлийн яамны гадаад харилцааны хэлтэст нэг жил гаруй хугацаанд ажилласан. 1997 онд тэрбээр Залуу лидер клубээс Шилдэг таван оюутны нэгээр шалгарч, их сургуулиа төгсөөгүй байхдаа АНУ-д магистрт тэтгэлэгтэй сурах эрх авчихсан байв.
Тэрбээр АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд олон улсын эдийн засгийн харилцааны магистрын зэрэг хамгаалж, дараа нь АНУ-ын Засгийн газрын хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг байгаль орчин, эрчим хүчний хөтөлбөр дээр 1999-2004 онд буюу таван жилийн хугацаанд ажилласан нь төслийн үнэ цэнтэй мэргэжилтэн болох эхлэлийг тавьжээ. Энэ ажлаараа шинэ технологи, инновацийг хөгжиж буй зах зээлд нэвтрүүлэх, шилжүүлэх чиглэлээр багагүй туршлага хуримтлуулж, бизнесийн ёс зүй, бизнесийн зарчимд жинхэнэ утгаараа суралцсан байна.
Шинэ мянган гарч хөгжиж буй орнуудад бүтээн байгуулалтын олон төсөл хэрэгжиж, үүнийг даган шинэ технологи, инноваци нэвтэрсээр байлаа. Үүнтэй холбоотой чадварлаг төслийн менежерүүдийн эрэлт хэрэгцээ өндөр болж, олон улсын байгууллагууд шилдэг төслийн менежерүүдийг сорчлон авч ажиллуулж байв.
Б.Бямбасайхан 2004 оноос Филиппин улсын Манила хот руу нүүж, Азийн хөгжлийн банкны төв оффист ажиллаж эхлэв. Тус байгууллага ирээдүйн удирдлагаа бэлтгэх зорилгоор өөрийн гишүүн 66 оронд тусгай хөтөлбөр зарладаг бөгөөд энэхүү хөтөлбөрт жилдээ 1000 орчим залуус өргөдөл өгдөг аж. Мэдлэг боловсрол, ур чадвар, туршлага харгалзсан олон талын шалгуураар эцсийн шатанд дөрвөн хүн шалгарсны нэг нь 25 нас хүрсэн Б.Бямбасайхан байв. Ингэснээр тэр тус банкны түүхэн дэх олон улсын мэргэжилтнүүдээс хамгийн залуу мэргэжилтэн болжээ.
Түүнийг Азийн хөгжлийн банкинд анхлан ажилд ороход нь ахлах мэргэжилтнүүд, удирдлагууд нь “Энэ банкны ажлын 80 хувийг нийт ажилтны 20-хон хувь нь хийдэг. Харин үлдсэн 20 хувийн ажлыг 80 хувь нь хийдэг. Чи хаана нь ажиллах сонголтоо өөрөө хий” гэж хэлжээ. Дэлхийн 60 гаруй улсаас шилэгдэж ирсэн чадварлаг хүмүүс ажилладаг энэхүү байгууллагад бусдаас илүү ажиллаж байж өөрийгөө харуулах бичигдээгүй дүрэм үйлчилдэг байв. Тиймээс ч Б.Бямбасайхан тэрхүү үнэ цэнтэй 20 хувьд багтахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн юм. Том, хөгжингүй орнуудын иргэдийн хувьд бие биенээ дэмжээд, дээш нь татах, тодруулбал, албан тушаал дэвших боломж аль орны ямар өнгийн паспорттай иргэн гэдгээс шалтгаалах тал бий. Харин ардчилал, зах зээлд шилжээд удаагүй, “ядуу буурай” гэсэн ангиллаас дөнгөж гараад байсан Монголын улаан халзан паспорттай залууд бусдаас илүү гэдгээ нотлон харуулах сонголт л байлаа.
Ажилдаа гаршиж том, жижиг олон төслийн ард гарч, монгол мэргэжилтний ур чадварыг үргэлж харуулдаг байсан түүнийг АХБ-ны удирдлага ч зүй ёсоор үнэлдэг байлаа. Төв Азийн улсуудыг хариуцсан 40 хүнтэй эрчим хүчний хэлтсийн гадаадад ажиллах томилолтын жилийн төсвийнх нь 60 хувийг Б.Бямбасайхан ганцаараа зарцуулсан үе ч бий. Гэртээ харихгуй онгоцонд болон зочид буудалд л амьдарч байсан үе. “Энэ бол хувь хүний зүгээс хүсэх зүйл биш. Нөгөө талаас тэгж хөдөлмөрлөж байж монгол хүний нэрийг гаргана. Үүний тулд их ч хичээл зүтгэл, хүчин чармайлт гаргах ёстой байсан” гэж тэр хуучлав.
Аливаа төсөлд гадаадын хөрөнгө оруулалт татахад хямд тусна. Дагаад дэлхийн стандартууд орж ирдэг. Монголд боломж, гадаадад мөнгө байна. Үүнийг л бизнес болгох шаардлагатай.
Б.Бямбасайхан Азийн хөгжлийн банкинд ажилласан долоон жилийн хугацаанд том хэмжээний төслүүдийг гардан хариуцаж, хөрөнгө оруулалт, төслийн менежментээр мэргэшив. Афганистан, Казахстан, Киргизстан, Пакистан, Узбекистан, Тажикстан, Түркменистан зэрэг Төв Азийн улс оронд байгалийн хий, эрчим хүч, дэд бүтцийн олон тэрбум долларын төслийг санхүүжүүлэн, удирдан ажилласан юм.
Энэ хугацаанд хөгжиж буй орнуудын төслийн менежментийн ач холбогдлыг улам бүр ойлгож, “Төсөл бол эдийн засаг, эдийн засаг бол төсөл” гэсэн шинэ хандлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байв. Төслийн удирдлагын хүрээнд тэргүүний стандартуудыг баримтлан ашиглаж чадсан орнуудын өрсөлдөх чадвар бэхжиж, гадны хөрөнгө оруулалтыг татахад асар том үүрэг гүйцэтгэж эхлэв.
Б.Бямбайсайхан энэ чиглэлд хүчин зүтгэж зарим төслийг өндөр бүтээмжтэй, үр дүнтэй гүйцэтгэв. Жишээ нь, тэрбум гаруй ам.долларын санхүүжилттай Узбекистан улсад барих газын цахилгаан станцын төслийн санхүүжилтийг босгон удирджээ. Энэ нь Японы Засгийн газар, АХБ хамтран санхүүжүүлсэн Төв Азидаа томоохонд орох шинэ технологи ашигласан төсөл байв. Дөнгөж гуч гаруй настай монгол залуу өөрийн багаа ахлан, уг төслийг зургаан сард багтаан боловсруулж, батлуулаад эхлүүлсэн нь хамгийн хурдан хугацаанд боловсруулан батлуулсан төсөл болжээ.
Сайн менежер гэж тухайн асуудлаа хамгийн сайн мэддэг мэргэжилтнүүдийг багтаа цуглуулж ажилласан хүнийг хэлнэ.
Ийнхүү олон орны төлөөлөл болсон мэргэжлийн багийг тодорхой системийн дагуу удирдаж зорилгодоо хүрэх төслийн эрдэмд суралцсаар 2010 он болоход олон улсын харилцаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, төслийн менежментээр мэргэшсэн олон улсын эксперт болсон байлаа.
Энэ хугацаанд тэрээр төслийн удирдагч хүнд байх ёстой гурван чухал зүйлд суралцсанаа онцлов.
Нэгдүгээрт, чадварлаг баг бүрдүүлэх. “Сайн менежер гэж тухайн асуудлаа хамгийн сайн мэддэг мэргэжилтнүүдийг багтаа цуглуулж ажилласан хүнийг хэлнэ. Мэдэхгүй юмаа мэддэг юм шиг царайлж, эцэст нь бөөн хор уршиг учруулах, эсвэл нэг аргаар олон дахин оролдоод, өөр үр дүнд хүрэх гээд үзээд байгааг “солиорол” гэж нэрлэж болно” гэж тэр хэлэв. “Тийм учраас болохгүй бол шууд хаяж, шинэ аргыг зоригтойгоор туршиж, хэдий туршлага, мэдлэг дутлаа ч хамгийн сайн мэргэжилтнийг олж ажиллуулах боломжийг үргэлж эрэлхийлэх хэрэгтэй” гэв. Олон улсын байгууллагуудад ажиллахдаа хамгийн сайн зөвлөх, мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэх нь ажлыг хэрхэн урагшлуулж, үр дүнтэй байдгийг тэр сайтар ойлгожээ.
Хоёрдугаарт, хурлыг 30 минутад багтаах. Хамгийн зөв шийдвэрийг гурван хүнтэй ажлын хэсэг, хоёр нь байхгүй үед гаргадаг гэсэн ёгт үг бий. Зөвлөлдөх шаардлагатай бол асуудлыг хурдан тодруулаад үр дүнтэй хуралдах, богино хугацаанд шийдвэр гаргах нь цаг их хэмнэдэг. Заримдаа босч зогсоод хурлаа хийдэг. Тэгэхээр бусад оролцогч биеийн хэлэмжийг нь ойлгож, яаралтай, шуурхай ажиллах хэрэгтэйг мэдэрч, их үр дүнтэй хуралддаг” хэмээн ярилаа.
Гуравдугаарт, шийдвэр гаргах. Гүйцэтгэх захирлын гол үүрэг нь оновчтой шийдвэр хурдан хугацаанд гаргах. Буруу шийдвэр гаргах, алдах тохиолдол мэдээж байх ч түүнээсээ сайтар суралцаж, алдаагаа хурдан засаад явах хэрэгтэй. Шийдвэр гаргахгүй удах, бүр огт гаргаж өгөхгүй байх нь өөрөө ажил гацааж, бизнест зардлын хувьд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Бямбасайхан захирал аль болох хурдтай ажиллахыг эрмэлздэг.
Монгол ханхалсан экспорт
2007 онд Монголд сэргээгдэх эрчим хүчний эрх зүйн орчин бүрдэж эхлэв. Ньюком компани технологи, инноваци шингэсэн манай улсын анхны цэвэр эрчим хүчний төслийг эхлүүлсэн үе байлаа.
Б.Бямбасайхан АХБ-нд ажиллаж байхдаа олон улсын чанартай хурал, семинарыг боломж олдвол Улаанбаатар хотод зохион байгуулахыг хичээдэг байв. 2007 онд Олон улсын эрчим хүчний зохицуулагч нарын хурлыг Монголдоо хийх үеэр Салхитын салхин эрчим хүчний төслийг 2009 онд ашиглалтад орох мэдээлэл аваад бусад оронд ажиллахдаа жишээ болгон ярих болжээ.
Монголын эдийн засаг хурдацтай өсч эхэлсэн 2010 онд гадаадад удаан хугацаанд ажиллаж эх орондоо эргэн ирсэн арвин мэдлэг, туршлагатай залуусын нэг нь Б.Бямбасайхан. Өмнө нь амралтаараа цөөхөн хоног Монголд ирэхдээ эх орныхоо байгальд сэтгэлээ сэргээж, талын салхи үнэрлэдэг байсан бол энэ удаа тэр салхи хөлөглөж, эдийн засгийн шинэ салбарт хүч үзэхээр иржээ.
Ньюком компани Салхитын төслийг хэрэгжүүлэхээр “Клин Энержи” компанийг байгуулж, тухайн үед гадаадад ажиллаж, амьдарч буй шилдэг мэргэжилтнүүдээр удирдлагын багаа бүрдүүлж байсан юм. Монголд цоо шинэ эрчим хүчний төслийг хэнээр удирдуулах талаар нэлээд судалсны эцэст Манила хотод амьдарч буй Б.Бямбасайхан руу утас цохив.
Шинийг бүтээе гэсэн эерэг зорилготой 27 орны 600 гаруй хүмүүсийн нэгдэл бий болж, тал талаасаа хичээж, бүх оролцогчийн сонирхлыг хангаж ажилласны дүнд Салхитын салхин цахилгаан станц 2013 оны зун ашиглалтад орсон.
2010 онд эх орондоо ирэхэд нь урьдчилсан ТЭЗҮ-тэй, Засгийн газартай эхний гэрээгээ хийсэн төсөл түүнийг угтжээ. Түүнээс хойших бүх ажлыг Б.Бямбасайхан удирдан хийв. “Олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхгүй бол арилжааны банк ийм төслийг дангаараа санхүүжүүлэх боломжгүй. Урьд нь хэн ч хийж үзээгүй төсөл тул бүгдээрээ сурах, мэдэх хэрэгтэй болсон” гэж тэр ярив.
Салхин станцын төсөлд нийт 122 сая ам.долларын санхүүжилт босгох шаардлагатай байлаа. ТЭЗҮ-ийг бэлтгэх, гэрээгээ шинэчлэх, хөрөнгө оруулагч талуудтай ойлголцох, багаа бүрдүүлэх гээд олон ажлыг гүйцэтгэв. Мөн олон улсын байгууллагуудад сүрсан арга барил, туршлагаа Монголынхоо хөрсөнд буулгах сорилттой ч мөн тулав. Салхины технологиор тэргүүлэгч Америкийн Женерал электрик компанитай удаан хугацаанд хэлэлцээ хийсний дүнд хөрөнгө оруулалт авахаас гадна технологийг нь төсөлдөө ашиглах гэрээ хийв. Барилгын ажлыг Австралийн компаниар хийлгэхээр тохиролцов. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банк, Голландын Хөгжлийн банкууд төсөлд нэгдлээ. Ийнхүү шинийг бүтээе гэсэн эерэг зорилготой 27 орны 600 гаруй хүмүүсийн нэгдэл бий болж, тал талаасаа хичээж, бүх оролцогчийн сонирхлыг хангаж ажилласны дүнд Салхитын салхин цахилгаан станц 2013 оны зун ашиглалтад орсон түүхтэй.
Салхин станцын төслийг даган Монголын эдийн засаг, бизнесийн амьдралд шинэ, соёл стандартууд нэвтэрсэн. Манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт орчин үеийн чадварлаг менежер, мэргэжилтнүүд төрөн гарч, монгол компаниуд энэ талбарт илүү туршлагажив. “Бид цэвэр эрчим хүчний анхдагч хэрэглэгчид болсон. Монгол инженерүүд нар, салхины станцыг барьж байгуулах, ашиглах өндөр ур чадвар эзэмшсэн. Монголчууд өөрсдөө цэвэр эрчим хүчийг бүтээн байгуулж, ашиглаж чаддаг гэдгийг харуулж байна” хэмээн тэр бахархан өгүүлэв.
Салхит нь Монголын эрчим хүчний системийн хөгжилд хувьсгал авчирсан булган сүүлтэй төсөл болжээ. 2013 онд Ази, Номхон далайн бүсийн “Оны шилдэг хэлцэл”-ээр хүртэл шалгарч байв.
“Цаг нь болоогүй, Монголын салхи болдоггүй юм, нүүрс өндөр үнэтэй байхад манай сэргээгдэх эрчим хүчинд хэн хөрөнгө оруулах юм бэ” гэсэн олон хүний амыг энэ төсөл таглав. Үүнийг батлах мэт өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит ууланд цагаан өнгийн 31 сэнс салхины аясаар эргэлдэн, алсаас хараа булаана.
Шийдвэр гаргахгүй удах, бүр огт гаргаж өгөхгүй байх нь өөрөө ажил гацааж, бизнест зардлын хувьд сөргөөр нөлөөлдөг.
2012 оноос хойш Б.Бямбасайхан Азийн супер сүлжээний талаар судалгаа хийн ажиллаж байгаа. Концепцийн түвшинд 20 гаруй жил байсан энэ төсөл зарим талаараа ажил хэрэг болон биежиж нэг шат ахиад байна. Монгол, Орос, Хятад, Өмнөд Солонгос, Японы газар нутгийг хамрах энэ мега төслийн хүрээнд Хятад, Өмнөд Солонгос далай доогуурх сүлжээний төслөө боловсруулаад ажиллаж байна.
2019 оны судалгаагаар манай улс 1,200 ГВт нарны эрчим хүч 200 ГВт салхины эрчим хүч экспортлох боломжтой нь тогтоогдсон билээ. Тиймээс Монгол Улс ирээдүйд цэвэр эрчим хүчээ экспортлоно гэдэгт Б.Бямбасайхан итгэдэг. Энэ бол арван жилийн өмнө Монголдоо тээж ирсэн түүний мөрөөдөл. Салхит уулнаас түүний мөрөөдөл биеллээ олж эхэлсэн юм.
“Монгол сэргээгдэх эрчим хүчний диваажин” гэдэг үгийг амьдрал болгох энэ төсөлд монголчууд үндсэн тоглогч болж чадвал жинхэнэ Монгол ханхалсан экспортыг хийгээд зогсохгүй улс төр, эдийн засгийн хувьд бүс нутагтаа байр суурь, тусгаар тогтнолоо бэхжүүлж чадна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Бямбасайханыг эрчим хүчний асуудал хариуцсан бие төлөөлөгчөөрөө томилсон нь ч үүнтэй холбоотой.
“Миний дүү маш зөв ажил хийлээ”
800 жилийн өмнө хүлэг баатрууд, хүчтэй арми тухайн улсын өрсөлдөх чадварыг тодорхойлдог байсан бол эдүгээ чадварлаг менежерүүд, сайн менежмент тодорхойлдог болсон. Салхин станцын төслийн явцад Б.Бямбасайханыг Ньюком группийн гүйцэтгэх захирлаар томилсон нь түүний менежментийн чадварыг үнэлсэн хэрэг. Эрчим хүчний салбарт шинэ эрийн үеийг эхлүүлэх, харилцаа холбоо, агаарын тээврийн том төслүүддээ гаднаас хөрөнгө оруулалт татах, Монголд байхгүй стандарт, технологиудыг нутагшуулахаар ажиллаж байсан тус компанийг удирдах нь маш том хариуцлага байв.
Ньюком компанид байхдаа манай улсын стратегид өндөр ач холбогдолтой Тавдугаар цахилгаан станцын төслийн олон улсын тендерт оролцжээ. Энэ тендерт Б.Бямбасайхан Франц, Өмнөд Солонгос, Япон улсуудын дэлхийд танигдсан том компаниудтай гэрээ хэлцэл хийж хамтарч оролцоод, тендерийн ялагч болсон нь гадаадын түншүүдтэй ажил хэрэг явуулах чадварыг нь харуулсан явдал болов. Тэрбээр “Монголд боломж, гадаадад мөнгө байна. Энэ л боломжийг олж харж, хооронд нь холбож, бизнес болгон Монголын зах зээлийг тэлэх хэрэгтэй” гэсэн юм. Хөрөнгө оруулалт татахад гадаад, дотоодын зах зээлээ мэддэг тодорхой амжилт үзүүлсэн, том, жижиг төслүүд хэрэгжүүлсэн туршлага их чухал гэдэг шалгуурт Б.Бямбасайхан тохирдог. Түүнчлэн бизнес итгэл дээр тогтдог учраас цаад хүндээ итгэл төрүүлж, үүний тулд нэг стандартаар ярьж, нэг хэлээр бүрэн ойлголцох зарчмыг тэр баримталдаг бизнесмэн.
Өнөөг хүртэл төрөл бүрийн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа гадаадаас хөрөнгө оруулалт татах талд Монголын хамгийн үнэ цэнтэй экспертүүдийн нэг болсон. Тиймээс Монголыг сонирхсон, Монголд ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд уулзаж мэдээлэл авахыг хүсдэг хүн нь Б.Бямбасайхан.
Б.Бямбасайханы өрөөнд Монголын олон том компанийн захирал орж ирээд “Миний дүү маш зөв ажил хийлээ. Бид үүнийг л хүлээгээд байсан юм. Одоо бизнесээ босгох боломжтой боллоо” хэмээн баяр хүргэж байв.
Өнөөдрийг хүртэлх түүний замналын хамгийн тод үе нь “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан 18 сар. Оюутолгой, Таван толгой, Багануур, Шивээ-Овоо гээд 10 гаруй охин компани харьяанд нь ажилладаг группийг удирдана гэдэг захирлаас нэлээд ур чадвар, мэдлэг шаардана. Б.Бямбасайхан уг компанийн захирлаар ажиллах хугацаандаа хоёр үндсэн асуудалд төвлөрчээ. 30-40 жилийн туршид нэг арга барилаар явж ирсэн компаниудад шинэ арга барил, шинэ менежмент нэвтрүүлэхэд багагүй цаг хугацаа орох нь ойлгомжтой байлаа. Тиймээс нэгдүгээрт, бизнесийн стандарт, ёс зүйг төлөвшүүлэх. Эзэн нь хувь хүн эсвэл төр байхаас үл хамааран олон улсын тогтсон стандартыг хэрэгжүүлдэг, компанийг ашигтай ажиллуулахын тулд хүссэн, хүсээгүй бизнесийн зарчмуудыг ягштал баримталдаг байлгахыг зорьжээ. Өөрөөр хэлбэл, хуучирсан стандарт, хуучин арга барил, хуучин сэтгэлгээнээс болж төрийн өмчийн компаниуд үр ашиггүй ажилладаг гэсэн амь бөхтэй ойлголтыг халахын төлөө ажилласан юм.
Хоёрдугаарт, 2015 онд Оюутолгойн гүний уурхайн төлөвлөгөөг баталсан нь компани төдийгүй Монголын эдийн засагт түүхэн үйл явдал болжээ. 2013 онд бүтээн байгуулалт зогсч, олон мянган хүн ажилгүй болсон хүнд үед төслийг гацаанаас гаргаж, олон компанийг орлоготой нь залгуулжээ. УИХ-ын тогтоол гарч, Засгийн газар уг тогтоолын хүрээнд хийх үүрэг даалгаврыг ”Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захиралд өгөв. Харин тэр өгсөн даалгаврын бэлтгэлийг хангаж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард хэдэнтээ суусны эцэст Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан.
2015 оны тавдугаар сард Б.Бямбасайханы өрөөнд Монголын олон том компанийн захирал орж ирээд “Миний дүү маш зөв ажил хийлээ. Бид үүнийг л хүлээгээд байсан юм. Одоо бизнесээ босгох боломжтой боллоо” хэмээн баяр хүргэж байв.
Монгол Улсын хөгжилд Оюутолгой төслийн гүйцэтгэх үүргийг маш томоор харсан учраас тэр өөрөөрөө бахархаж, эх орныхоо ирээдүйд хэрэгтэй буянтай ажил хийлээ хэмээн баярлаж байсан хүн. Харин өнөөдөр энэ ажлыг хийснийхээ төлөө шүүх, хуулийн байгууллагаар явдаг ажилтай болжээ. Хоёр жилийн өмнө түүнийг гэнэт баривчлан хоёр Ерөнхий сайд, татварын газрын дарга нарын хамт хорьж шалгаж эхэлсэн билээ.
“Засгийн газраас бизнесийн зарчмаар ажлаа хий гэсэн даалгаврыг хэрэгжүүлсэн нь өнөөдөр миний буруу юм уу даа. Оюутолгойг улстөрчид улс төрийн тоглоомын талбар болгосоныг ойлгоогүй нь миний буруу”
Таныг яг ямар зүйл, заалтаар буруутгадаг юм бэ гэхэд “Бид хуулийн дагуу ажилласан. Хахууль авч, хууль зөрчөөгүй. Харин Оюутолгой компанийг бизнес гэж ойлгоод, Засгийн газраас бизнесийн зарчмаар ажлаа хий гэсэн даалгаврыг хэрэгжүүлсэн нь өнөөдөр миний буруу юм уу даа. Оюутолгойг улстөрчид улс төрийн тоглоомын талбар болгосоныг ойлгоогүй нь миний буруу” гэв.
Оюутолгой төслийн эхний ээлжийн хөрөнгө оруулалтаар Монголын олон компани ашиг хүртсэн. 1000 гаруй компанийн 60 мянга орчим хүнийг тэтгэсэн байсан гэдэг тоо бий. Үргэлжлүүлэх нь бүр ч чухал гэдгийг том, жижиг компаниуд мэдэрчихсэн байсан үе. Оюутолгойгоос боломж хүртээд ажилтнуудаа цалинжуулаад, ажлын байр бий болгоод явж байгаа компаниуд гүний уурхайн хөрөнгө оруулалт орж ирээгүй бол Монголын эдийн засаг, өнөөдөр ямар байх байсан бэ гэдгийг cайн мэднэ.
Бусдаас мөнгийг нь аваад төслөө хэрэгжүүлээд, ашиглаж сурсныхаа дараа барьцаа ахиулаад дараагийн “мэхээ” хийх нь бидэнд илүү ашигтай стратеги байсан, том хөрөнгө оруулалтын төслүүд өнөө маргаашаас илүү олон жилийн дараах бодит үр дүнг харж ажилладаг гэдгийг тэрбээр тодотгож хэллээ.
Шинэ газар
“Өөрийгөө төгс илэрхийлж сур. Чи ямар ч ажил хийж байж болно, гэхдээ өөрийнхөө хийж буй ажлаа, санааг нөгөө хүндээ сайн илэрхийлж чадахгүй бол амжилтанд хүрэхэд хол байна гэсэн үг. Өөрийгөө сайн илэрхийлж чадвал ажил хэрэг чинь амархан урагшилж, аль аль талынхаа цагийг хэмнэж, үр ашиг нэмэгдэж, зардал хэмнэнэ”. Энэ бол 2014 онд Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн эдийн засгийн залуу манлайлагчаар шалгаруулсны дараа Б.Бямбасайханы залуучуудад хандаж хэлсэн үг. Монголчууд ядуу, бусдаас дутуу гэсэн сэтгэлгээнээсээ салах ёстой болсон гэж тэр байнга хэлдэг. Америкт эсвэл Монголд байгаа хоёр хүн адилхан мэдээлэлтэй амьдарч байна. Монгол хүн Монголоо хөгжүүлнэ. Гадаад л мундаг, монгол гэхээр арын ажил хийдэг гэдэг буруу цаг өнгөрсөн. Хамгийн гол нь судалгаа тооцоотой ярьж, өөртөө итгэлтэй байж, цаад хүндээ итгэл төрүүлэх ёстойг тэр чухалчилж байна.
Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчдын унтарсан итгэлийг эргэн сэргээж, “Монголд бизнес хийж болно” гэдэг итгэл үнэмшлийг төрүүлэх ажлыг хамгийн тууштай хийж яваа хүмүүсийн нэг нь Б.Бямбасайхан.
2012 оноос хойш Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон бизнесийн эрх чөлөөг хангахад иргэн, компани, төрийн хүлээсэн үүргийн хүрээнд зөв ойлголцож, дуу хоолойгоо нэгтгэж ажиллах үндсэн зорилготой байгууллага. Мөн 2019 онд Монголын Худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхимын дэд ерөнхийлөгчөөр томилогдсон билээ.
Түүнчлэн 2013 онд хөрөнгө оруулалт, төслийн менежментийн НоваТерра хувийн компаниа үүсгэн байгуулжээ. Латинаар “Шинэ газар” гэсэн утга бүхий нэртэй тус компанийн гол зорилго гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хооронд гүүр болох төдийгүй эрчим хүчний салбарт олон улсын стандартад нийцэхүйц зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төслүүд хэрэгжүүлэхэд чиглэнэ. Б.Бямбасайхан “Бид Монгол стандартыг олон улсын түвшинд хүргэж байж манай улс дэлхийд өрсөлдөх чадвартай болно. Үүний тулд тэр гүүрийг монгол хүн, монгол компани барина” хэмээн компанийнхаа зорилгыг тайлбарлав.
Одоогийн байдлаар төрийн бодлого, эрх зүйн орчин тодорхойгүй болж, эрчим хүчний зах зээл хумигдаж “НоваТерра” компани зарим төслөө түр зогсоожээ. Гэхдээ боломж хаа сайгүй байгааг мэдэх учраас гадаад ертөнц рүү үйл ажиллагаа явуулж, Ази, Европын орнуудад тендерт оролцож, шалгараад хилийн чанад дахь компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, бизнесээ хилийн чанадад тэлэх бодлого барьж, монгол хүний, монгол компанийн үйлчилгээг буюу бас нэгэн монгол ханхалсан экспортыг хийж эхлээд байна. Ийнхүү тэр зөвхөн Монголдоо бие биетэйгээ өрсөлдөн ажиллах шаардлагагүй, гадна талд боломж үргэлж байдаг, тэр боломж руу зүтгэх хэрэгтэй гэсэн хандлагыг өөрийн биеэр үлгэрлэж явна.
“Би Монголдоо 360 градусын эрх чөлөөг эдэлдэг”
“Би Монголдоо 360 градусын эрх чөлөөг эдэлдэг” гэж Б.Бямбасайхан ярих дуртай. Харийн газарт гудамжинд явж байхад, эсвэл буудалд унтаж байхад нь бөмбөг дэлбэрэх аюултай тэмцэж, хат суусан тэр Монголын эрх чөлөөгөө юунаас ч илүү хүндэлдэг нэгэн. Хүссэн цагтаа, дөрвөн зүг, найман зовхист эрх чөлөөгөө эдэлдэг нутгийг эзэгнэнхэн төрснөөрөө бахархдаг. “Энэ их боломж, өгөгдлийн дунд амьдарч буй монголчууд бид өөрсдийнхөө хувь заяанд эзэн болох нь бидний түүхэн үүрэг” гэж Б.Бямбасайхан захирал хэлсэн юм.
I got motivation from this passage, Our precious is not gold or not mines ( Coal, Copper,…), Our wealth is Intelligent persons like him, I really wanna be this kind of person. Thank you so much for doing really great things in Mongolia. I am really glad to read it.