Чанар, стандарттай танилцсан түүх
30 жилийн өмнө Монгол Улс шинэ нийгэмд шилжихэд оюун санааны эрх чөлөөгөөр төдийгүй хэрэглээгээр маш их цангасан байв. Үүнээс өмнө бүгд адилхан дөчин тавын гутлаа өмсөж, төгрөг дөчийн талхаа идэж ирсэн.
Хэдийгээр социализмд тэгш бус байдал байхгүй гэж ухуулдаг байсан ч жирийн иргэд үйлчлүүлж болдоггүй Сайд нарын дэлгүүр, дипломатуудын дэлгүүр гэж байсан юм. Дарга нар тэнд валютаар худалдаа хийж болдог ч энгийн иргэн валюттай харьцвал До яаманд дуудагддаг байж. Харин 1990 онд зах зээлийн харилцаа бий болсноор 70 жил хаалттай байсан хэрэглээний урсгал задарч хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөн ганзагын наймаа, жижиглэнгийн худалдааны он жилүүд хөвөрсөн.
Манай улсад зах зээлийн эдийн засгийн, чөлөөт худалдааны эрин үеийг эхлүүлж, монголчуудад хэрэглээний жинхэнэ амтыг анхлан мэдрүүлсэн цөөн компаниудын нэг нь өнөөгийн Наран групп.
Хувийн хэвшил төлөвшиж байсан эхний жилүүдэд төрөөс иргэддээ гарааны ижил нөхцлийг олгохын тулд хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарыг тараасан. Нэг хэсэг нь нөгөөгөөсөө эдгээр тасалбарыг худалдан авч цуглуулаад өөрсдийн худалдаа, үйлчилгээний газрууд нээж байв.
Гэвч эдийн засагт мөнгө маш их гачигдаж байсан учраас шинэ үйлдвэр барих, өргөжүүлэх, техник, технологио шинэчлэх боломж байгаагүй. Тиймээс тэр үед гараагаа эхэлсэн бараг бүх компани ганзагын наймаагаар үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.
Наран группийн түүх ч ялгаагүй энэ маягаар өрнөж XIII хороололд оросуудын дутуу орхиод явсан байшингийн нэгдүгээр давхарт бизнесээ эхэлжээ. Д.Удвал, нөхөр С.Болдхэтийн хамт “Наран трейд” нэртэй пүүсийг байгуулж анхны хурлаа гэртээ хийж байв. Эндээс “трейд” хэмээх гадаад үгийг хүртэл анх удаа нэрэндээ ашигласан компани болжээ.
Түрээсийн байрандаа “Наран шоп” нэртэй валютын дэлгүүр байгуулахаар шийдэж, тухайн хүндээ хэрэггүй ч бусдад хэрэгтэй шинэ бараануудыг комиссоор авч, зарах байдлаар анхны хуримтлал бий болсон. Үнийн хувьд улсын валютын дэлгүүрээс хямд, тэгээд ч шинэ байсан учраас хүмүүс өөртөө байсан барааг дэлгүүрт дуртай авчирч өгдөг байв. Мөн цаашлаад Японоос 200 иен-ийн бараа, хоёр Герман нийлсний дараах Зүүн Германы валютын дэлгүүрийн бараа, Бээжингээс ганзагаар авчирсан бараагаа худалдан борлуулна. Бас Германы “Күэллэ” нэртэй загварын сэтгүүл харж байгаад хувцас захиалан авчирч зарна. Наран трейд нь хувийн компаниудаас хамгийн түрүүнд барууны орнуудад түүхий эд, ноолуур экспортод гаргаж эхэлсэн бөгөөд энэ нь валютын эх үүсвэртэй болох анхны алхам байсан юм. Гадаад валюттай болсноор өндөр хөгжилтэй орнуудаас хамгийн чанартай брэндийн бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх боломжтой болсон байна.
Наран Трейд компанийн импортын анхны туршлага нь Японы Funai брэнд. Мөнгөө бодоод Японоос гэр ахуйн цахилгаан барааны хамгийн хямдхан брэндийг сонгосон хэрэг. Гэтэл удалгүй асуудал үүссэн юм. Худалдан борлуулсан олон зурагт, радион дээр нь эвдрэл гарсан тул эвдэрсэн бараагаа эргүүлэн авч, харин хүмүүст мөнгийг нь буцаан өгч эхлэв. Нэг мэдэхнээ ашиг олохоосоо илүүтэй алдагдал хүлээж, олон тооны эвдэрхий цахилгаан бараатай үлдсэн байв.
Funai-гийн паянгаас хойш гэр бүлийн хоёр брэндийн нэр хүнд, чанар бол гадаад худалдааг амжилттай эрхлэх 100 хувийн баталгаа гэдгийг ойлгож, чанарыг нэгдүгээрт тавьсан бодлого барих болов. Ийнхүү 1995 оноос Японы Sony брэндтэй хамтран ажиллаж, 1997 онд Монголд анх удаа цахилгаан барааны худалдаа, засвар үйлчилгээтэй “Sony Showroom – Service Center” бий болжээ. Энэ төв нь тухайн үед Наран Трейд компанийн хувьчилж аваад байсан, хуучнаар Комиссын барааны дэлгүүрийн байранд нээгджээ.
Японы дараа Баруун Европын Итали, Франц, Бельги, Герман зэрэг олон оронд явж шинэ бараа бүтээгдэхүүн, брэндүүд, мөн түншүүд хайсан, туршлага судлахыг хүссэн амаргүй он жилүүд хөвөрчээ. Зах зээлийн харилцаанд дөнгөж шилжээд байсан, хэн ч мэдэхгүй жижиг улсаа дэлхийд танилцуулж, түншүүд олж хамтран ажиллах, том брэндүүдийн эрхийг авахад маш их хүч хөдөлмөр, олон удаагийн уулзалт шаардаж байсан гэдэг.
Франчайзингийн анхны гэрээг 1996 онд Францын “Ив Роше” компанитай байгуулсан нь Наран группийн хувьд том амжилт байлаа. Тухайн үед 10 литрийн паалантай хувинд тос хутгаж, гялгар цаасанд боож зардаг, тэр тосоороо гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг байсан Улсын эмчилгээний гоо сайхны газрыг дэлхийд алдартай “Ив Роше” брэндийн дэлгүүр, Гоо сайхны төв болгон тохижууллаа. Уугуул ажилчдыг нь Парис, Москва хотод гоо сайхны курст сурган мэргэжил дээшлүүлэх замаар “Ив Роше” компанитай хамтарсан төсөл амжилттай хэрэгжсэн түүхтэй.
Энэ маягаар Германы Merci, Toffifee чихэр шоколад, Францын Luminarc шил шаазан эдлэл, Щвейцарийн Victorinox, Францийн Delsey гэх мэтээр Европын хүнс, гоо сайхан, гэр ахуйн бараа бүтээгдэхүүний брэндийг 1995 оноос Монголынхоо хэрэглэгчдэд нийлүүлж чадсан байна. Удалгүй “Наран Фүүдс”, “Наран Косметикс”, “Наран Март”, “Наран Бьюти Уорлд”, “Наран Эло” зэрэг худалдаа, үйлчилгээний чиглэлээр төрөлжсөн охин компаниуд байгуулж, хамтран ажилладаг гадны брэндийн тоо улам олширсоор байв.
Тухайн үед монголчууд гадаадад ажлаар явахдаа ч бараанууд чирж ирдэг байв. Бүр ариун цэврийн цаасаа хүртэл авч онгоцонд суудаг байжээ.
1990-ээд оны үе бол маш их онцлогтой он жилүүд байсан. Хуучин төрийн мэдэлд байсан үйлдвэр, үйлчилгээний газрууд бүгд хаагдаж, ажилтнууд ажилгүй болж ихэнх нь ганзагын наймаанд явж эхэлсэн. Тэдгээрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн заримыг нь шинээр үүссэн хувийн компаниуд хувьчлан авч байсан бол зарим нь харах эзэнгүй хаягдаж, тоногдож байлаа.
Наран Трейд компанийн хувьд бараа бүтээгдэхүүнээ борлуулах тав тухтай дэлгүүр үйлчилгээний газрууд шаардлагатай болсон тул Хүүхдийн барааны их дэлгүүрийг хувьчлан авч зориулалтын дагуу сайжруулж, хуучин ажилчдыг ажилтай байлгах бодлогыг барьж амжилтад хүрсэн. Үүний нэгэн жишээ бол 1995 онд тус дэлгүүрийг сингапур дизайнерын зураг төслөөр шинэчлэн тохижуулж “Наран Их Дэлгүүр-“ийг байгуулснаар Улаанбаатарт анх удаа олон улсын стандартад нийцсэн жишиг худалдаа, үйлчилгээний төв нээгдсэнд ач холбогдол өгч тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат, гэргийн хамт дэлгүүрийн нээлтэд тууз хайчлан, анхны худалдан авагч болж байжээ.
“Бизнесээ тэлэхийн тулд олон жил ажиллаад эргээд харахад Наран групп маань худалдаа үйлчилгээний салбарт маш олон зүйл дээр анхдагч болчихсон байсан”
Үүний дараа 2004 онд Наран Пойнт худалдааны төвийг шинээр нээж, Щвейцарийн Omega, Rado, Longines, Tissot брэндийн цаг, Францийн тансаг үнэртэн гоо сайхны YSL, Kenzo, Davidoff брэндийн бүтик дэлгүүрүүдийг, 2006 онд Наран Плаза худалдаа үйлчилгээний төвийг нээхдээ Монголд хамгийн анхны дэлхийд танигдсан фэйшн брэндүүд болох Германы Esprit, Францын Celio, спортын хувцасны Adidas, Австрийн гоёл чимэглэлийн Swarovski, Японы Seiko брэндийн дэлгүүрүүдийг албан ёсны эрхтэйгээр нээсэн бөгөөд тухайн үед Swarovski дэлгүүрийн нээлтэд оролцохоор ирсэн төлөөлөгч “Танай хэрэглэгчид барааг үнэхээр сайн хүлээж байсан байна” гэж хэлж байв. Олон улсын стандартад нийцсэн, иж бүрэн худалдааны төвүүдийг шинээр байгуулж, амжилт гаргасныг тэмдэглэж Наран Плаза худалдааны төв нь Ази Номхон далайн Жижиглэн худалдааны холбоо, МҮХАҮТ-аас “Шилдэг Шопинг Молл” гэсэн шагналууд авчээ. Эдгээр нь Монгол Улсын худалдаа, үйлчилгээний салбарын хувьд цоо шинэ практик байлаа.
Наран Группийг үүсгэн байгуулагч С.Болдхэт нь социализмын үед Гадаад худалдааны яамны барууны орнуудтай хийх худалдааг хариуцан ажилладаг байсан бөгөөд Япон, Сингапур зэрэг Азийн хөгжингүй орнуудад Монгол Улсаа төлөөлөн ЭСЯ-нд Худалдаа эдийн засгийн ажил эрхэлж байжээ. “Энэ нь түүний хийж чаддаг, дуртай ажил нь байсан учраас худалдаа үйлчилгээний чиглэлээр хувийн секторт бизнесээ эхлүүлж, амжилтад хүрэхэд нөлөөлсөн бөгөөд манай компани нь худалдаа үйлчилгээний салбарт маш олон зүйл дээр анхдагч болчихсон байсан” гэж Д.Удвал захирал ярив.
Хэдийгээр өнөөгийн өнцгөөс харахад энэ бүхэн нь тийм ч сонирхолтой санагдахгүй байж болох ч ардчилсан чөлөөт эдийн засагт шилжсэн Монгол Улсын хувьд жинхэнэ олон улсын худалдааны харилцаанд анх удаа хувийн компани оролцож, хэрэглэгчид дэлхийн чанартай бараануудтай танилцсан адал явдал ихтэй, сонирхолтой цаг үе байжээ.
Тухайн үед монголчууд гадаадад ажлаар явахдаа ч бараанууд чирж ирдэг байв. Бүр ариун цэврийн цаас хүртэл авчирдаг байж. Өнөөдөр бидний дэлхийн хүмүүсийн адил идэж ууж, өмсч зүүж, унаж эдэлж байгаа хэрэглээний энэхүү түвшинд хүрэхэд 1990-ээд онд байгуулагдсан хувийн хэвшлийн компаниуд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэж болно. “Дэлхийн брэндийг дэргэдээсээ” гэдэг үг одоо бол хоцрогдсон сонсдож магад. Гэвч 20 гаруй жилийн өмнөх хэрэглэгчдэд дөнгөж саяхан олж авсан эрх чөлөөгөө эдлэн хөдөлмөрлөж, олсон орлогоороо хүссэн бараагаа худалдан авах бололцоог Наран компанийнхан олгож чадсан гавъяатай.
Бусад улс орноос бараа бүтээгдэхүүн импортлогч компаниудыг зөвхөн бараа авчирч зардаг байсан гэж хэлэхэд хэтэрхий өрөөсгөл болно. Учир нь тухайн брэндийг дагаад бизнесийн цоо шинэ хандлага, соёл, стандарт орж ирдэг байв. Жишээ нь, ямар нэгэн нэртэй брэндийн бүтээгдэхүүн борлуулахын тулд заавал концепцид нь нийцсэн дэлгүүр байгуулах, түүнд нь тохирсон боловсон хүчинг сургах шаардлагатай. Дэлхийн стандартын дагуу шаардлагатай материал, нөөц, түүхий эдийг заасан орон, үйлдвэрээс нь авах ёстой. Дор хаяж маркетинг, англи хэлний мэдлэгтэй менежер хэрэгтэй. 1990-ээд онд хэл устай хүн цөөхөн байсан учраас хэлний мэдлэгтэй л бол мэргэжил харгалзахгүй сургаж авахаас өөр аргагүй байв. Нэг бол дөнгөж сургууль төгсөгчдийг авч гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхийн төлөө хичээхээс өөр сонголт байхгүй. “Өнгөрсөн 30 жилд бидний олж авсан гол үнэт зүйл бол дэлхийн брэндүүдтэй ажиллаж байхдаа тэднээс маш их зүйл сурсан явдал” гэж Д.Удвал онцлов. Тийм ч учраас “Дэлхийн энтэй компани болно” гэсэн алсын хараа, “Таны хамгийн сайн сонголт” гэсэн уриа үг хийж байсан ажлаас нь урган гарчээ.
Хөгжиж буй орнуудын компаниудын гол бүдэрдэг зүйл нь стандарт. Олон төрлийн брэнд янз бүрийн шаардлага тавих ч нэг нийтлэг тал нь стандарт үргэлж хатуу. Наран групп Монголд нийтийн хоол, үйлчилгээний салбарт зохих хувь нэмрээ оруулж хамгийн анх удаа Америкийн Coffee Bean & Tea Leafs сүлжээгээр кофены соёлыг нэвтрүүлсэн.
Түүний дараа Hard Rock Cafe сүлжээ рестораныг оруулж ирлээ. С.Болдхэт захирал 18 жилийн өмнө Америкт явж байхдаа уг алдартай сүлжээг Монголдоо нээе гэсэн санал тавьсан ч Москва, Бээжинд нээгээгүй байхад Улаанбаатарт нээхгүй гэсэн хариу авч урамгүй буцжээ. Харин 16 жилийн дараа Hard Rock-ийн төлөөлөл Улаанбаатарт ирж 2000-гаад оны эхээр тавьсан санал нь хүчинтэй эсэхийг асуулаа. Hard Rock Cafe нь нэрэндээ тохирсон хатуу (hard) шаардлагатай. Зарим орон шаардлагыг нь даалгүй рестораныг нээгээд тун удалгүй хаахад хүрдэг байна. Их хэмжээний хөрөнгө оруулалтаас гадна стандартыг чанд мөрдөх ёстой. Жишээ нь, кафед ашиглах дүрс бичлэгүүд оюуны өмчийн шаардлагыг хангах, кафед амьд хөгжим тоглох хэрэгтэй гэх мэт. “Hard Rock-ийг нээх нь энгийн нэг ресторан ажиллуулахын нэр биш. Тиймээс бид дэлхийн стандартын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментээс суралцаж байна” гэж Д.Удвал захирал хэлэв. Энэ сүлжээ нь ресторан, дэлгүүр, кафе, рок-музей, цуглуулга зэргээс бүрдсэн энтертайнмент төв, бас тухайн оронд ирсэн гадны жуулчдын зорин ирдэг газар аж. Улаанбаатарын Hard Rock-ийн музейд байх Бруно Марсын бөмбөр, Мадоннагийн гитарыг үзэх гэж гаднаас жуулчид ирнэ. Монголын аялал жуулчлал, хөгжлийн стандартад багагүй хувь нэмэр оруулж, улс орны бас нэгэн нүүр болж буй дэлхийн сүлжээ брэнд гэж хэлж болох ажээ.
Худалдааны салбарын “Ажилчин зөгий”
“Би бол ажилчин зөгий. Хатан зөгий биш шүү” гэж Д.Удвал захирал ярих дуртай. Багаасаа гэр орны ажилд гавшгай байж олон юмыг зэрэг хийж сурчээ. Ээжийнхээ хамтаар эгчийнхээ хүүхдүүдийг өсгөлцөж, нэг ёсондоо сурагч болсон цагаасаа л сурган хүмүүжүүлэгчийн ажил хийж эхэлж. Түүний багаасаа олж авсан дээрх чанар ажлын талбар дээр ч илэрдэг. Ажилчидтайгаа дарга, цэргийн бус найзын зарчмаар нээлттэй харилцан үргэлж сургаж байхыг хичээдэг. Тиймээс ажилчиддаа ямар нэг зүйл болохгүй бол хурдан мэдээлж, хугацаа алдалгүй, асуудлыг түргэн шийдэх хэрэгтэй гэж байнга захина. Илэн далангүй байх уг соёл барууны компаниудтай хамтран ажилласан туршлагаас бий нь болжээ.
Ахан дүүс дотор довоо шарлуулаад явдаг нэг хэсэг байхад бусдынхаа төлөө төрчихсөн юм шиг байнга тусалж явдаг хүмүүс бий. Түүний хувьд хоёр дахь хэв маягт хамаарах бөгөөд ураг төрөл дотроо ч, ажил дээрээ ч хүнд туслах дуртай. Одоо үед улам ховордоод буй энэ сайхан зан чанараа ашиглаж тэрбээр өөрийн нэрэмжит санг удахгүй байгуулж, хувь хүний хөгжилд хөрөнгө оруулж, хүмүүсийг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэхээр төлөвлөж байгаа аж. Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгжинө гэдэг. Хүн бол улс орны, компанийн хамгийн үнэт баялаг. Тиймээс хувь хүний хөгжил хамгаас чухал бөгөөд ийм чиглэлээр өөрийн хувь нэмрээ оруулахаар шийдсэн нь түүнийг ямархуу бизнес эрхлэгч эмэгтэй болохыг харуулах илэрхийлэл юм.
Өнөөдөр хувийн компаниуд хүний нөөцийн маш хязгаарлагдмал нөөцийн хүрээнд ажиллаж байгаа. Гэтэл ажлын талбар дээр бэлэнчлэх сэтгэлгээтэй, амархан баяжиж, амар хялбар аргаар дарга захирал болохыг хүссэн залуу үе гарч ирж байгаад Удвал захирал сэтгэл дундуур явдгаа нуусангүй. Гэртээ шал угааж, хог шүүрдэж үзээгүй хүн ажлын ярилцлаганд орохоор ирж байна. Худалдаа, үйлчилгээний байгууллагад ажиллахад ядаж барааныхаа тоосыг арчих дадал хэрэгтэй. Ажлыг гололгүй хийж сурсан хүн илүү өсч дэвждэг тухай тэр ярьж байна.
Наран группийн хүний нөөцийн бодлогод нэг онцлууштай зүйл байдаг нь төрд ажиллаж байсан хүнийг ажилд авдаггүй.
Учир нь ийм хүмүүс ихэнх тохиолдолд ёс суртахууны доголдолтой болчихсон байдаг гэнэ.
Карьерын хувьд Д.Удвал захирал химийн мэргэжил эзэмшиж, нэг хэсэгтээ дунд сургуульд багш, Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж байв. Харин 1980 онд нөхрийгөө дагаж Япон явснаар амьдралд нь том эргэлт гарч, ирээдүйд худалдааны салбарын том төлөөлөгч болох эхлэл нь тавигджээ. Арлын оронд таван жил амьдрахдаа маш их зүйлд суралцсан, ялангуяа япончуудын амласандаа хүрдэг зан чанарыг биширсэн гэдэг.
Эмэгтэй бизнес эрхлэгчийн хувьд өнөөгийн залууст үлгэр болохуйц зүйл түүнд олон бий. Ардчиллын салхи сэвэлзсэн 1990-ээд онд бусдын адил ажилгүй болж, амьдралаа авч явах асуудал босч ирсэн. Ардчилсан зах зээлтэй хөл нийлүүлж алхах боломж гарч ирснээр тэд компаниа байгуулж, нойр, хоолгүй зүтгэсний хүчинд өнөөдрийн амжилтыг хамтдаа бүтээсэн. “Манай бизнесийн ажил амжилттай явж байгаа нь нөхөр маань намайг мэргэжлийн биш гэж гололгүй дэмжиж, хоёулаа хамтарч хөдөлмөрлөсний ач тус гэж боддог. Тэр утгаараа манайх их либерал гэр бүл” гэж Д.Удвал ярив.
Монголд гэр бүлийн бизнес олон. Гэхдээ Д.Удвал, С.Болдхэт хоёр гэр бүлдээ төдийгүй бизнесийн ертөнцөд үр дүнтэй, мэргэжлийн байдлаар хамтран ажиллаж эдүгээ Наран гэсэн групп компанийг нийгмийнхээ хөгжилд оруулж буй том хувь нэмэр болгон хөгжүүлжээ.
Тиймдээ ч группын Ерөнхий захирал Д.Удвалыг Forbes сэтгүүлээс Монголын худалдаа үйлчилгээний салбарт томоохон үүрэгтэй оролцсоных нь төлөө Монголын бизнесийн хамгийн хүчирхэг 50 эмэгтэй захирлын нэгээр шалгаруулсан бол нөхөр С.Болдхэт Монгол Улсын Худалдааны Гавьяат ажилтан цолоор шагнуулсан. Д.Удвал захирал олон мянган эмэгтэйн үлгэр дууриал болсон бизнес эрхлэгч. Бизнес, гэр бүлийн ажлаа давхар авч явах, олон мянган ажилтнаа удирдан чиглүүлж, зөвлөхийн зэрэгцээ оруулж ирж буй брэнд бүтээгдэхүүнүүдийнхээ нүүр царай болон биеэ зөв авч явна гэдэг бол тун завгүй явдаг бизнес эрхлэгч эмэгтэй захирлын хувьд чанга шаардлага.
Ийнхүү хамтын амьдралаа эхлээд 50 жил, хамтын бизнесээ хөгжүүлээд 30 жил болсон ч тэд “Одоо болсон. Амаръя” гэсэнгүй. Хүүгийнхээ хамт компанийнхаа ирээдүйн зургийг гаргаж, цаг үеэсээ хоцорчих вий гэдгээс болгоомжилж аль болох залуучуудтай ойрхон ажиллаж, шинэ мэдлэг, туршлагаар өөрсдийгөө цэнэглэхийг зорьж байна.
“Хувийн бизнестэй байхын хамгийн сайхан нь би хэзээ ч тэтгэвэрт гарахгүй. Хэдийгээр нас явж байгаа ч залуучуудтай ажиллахад сэтгэл санаагаараа хөгширдөггүй, тэднээс маш их эрч хүч авдаг. Мөнхийн ажил хөдөлмөртэй байлгадаг нь бизнес эрхлэхийн хамгийн том давуу тал” хэмээн Д.Удвал захирал ярьсан нь бий.
1990-ээд оны зах зээлийн энхэл донхолтой замаар явж байхад компанийн хувьд сүртэй стратеги, алсын хараа гэх зүйл байгаагүй. “За байз, яаж мөнгө олох вэ” гэсэн асуултаас хүн бүр өөрийн чаддаг зүйлээ хийж л мөнгө олж эхэлсэн. Эндээс олонхи хүний чаддаг нь мэдээж ганзагын наймаа. Бизнес эрхэлсэн эхний он жилүүдэд Наран компанийн ажилчдын багагүй хэсгийг хамаатан садан, найз нөхөд, ангийнхан нь бүрдүүлж байсан байна. Энэ нь тэр үеийн компаниудын хүний нөөцийн нийтлэг шинж байсан гэдэг.
“Хэдийгээр нас явж байгаа ч залуучуудтай ажиллахад сэтгэл санаагаараа хөгширдөггүй, тэднээс маш их эрч хүч авдаг. Мөнхийн ажил хөдөлмөртэй байлгадаг нь бизнес эрхлэхийн хамгийн том давуу тал”
Харин өнөөдөр Наран групп 1000 дөхөж яваа ажилтантай, тэдгээрийг нэгдсэн удирдлагад зангидах тогтсон системтэй болжээ. Өмнө нь удирдлага бүх ажилд оролцдог байснаа аажмаар больж, охин компаниуд байгуулан анхнаасаа хамт ажиллаж бэлтгэгдсэн хүмүүст хариуцуулдаг болсон. Толгой компанийн хувьд хамаарал бүхий компаниудынхаа тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд санхүү, хүний нөөц, стратеги, маркетинг зэргийг хариуцсан газруудыг байгуулсан. Хэдийгээр хямралын үе эсвэл захирал солигдоход Ерөнхий захирлын оролцоо хэрэг болдог ч энэ систем энэ группийн хувьд хэдийнэ төлөвшжээ.
Худалдаа, үйлчилгээний салбарын онцлог нь хүн бүрийн нүдэнд ил ажилладаг. Тийм болоод ч тухайн компани нийгэмдээ ямар байдлаар нөлөөлж, юу бүтээж буйг хэрэглэгч бүр харна. Хэрэв Наран групп гэж байгаагүй бол түүнтэй хамтран ажилладаг өөр олон бизнес байхааргүй байлаа. Бизнес эрхлэгчид үргэлж өөдрөгөөр харж, шинийг бүтээж, үнэт зүйл бий болгохын төлөө явдаг, заримдаа хэрэггүй ч байсан хийдэг гэдгийг олон нийт тэр бүр ойлгодоггүй. “Компани зөвхөн ашиг, орлого олохын төлөө ажилладаггүй. Компани нь хувийн өмч биш, энэ бол нийгмийн баялаг” Д.Удвал захирал онцолж байв.
Наран мандаж байгаа
Тус группийн өнгөрсөн хугацаанд тогтвортой тэлж ирсэн хүчин зүйл бол худалдаа үйлчилгээний салбарт тууштай, дэлхийн брэндүүддээ үнэнч үлдсэн явдал юм. Нарангийн хувьд салбартаа хамгийн цэгцтэй, ойлгомжтой компаниудын нэг бөгөөд хэтэрхий үнэтэй биш, харин орчин үеийн амьдралын хэв маягийг бүтээхэд зах зээлдээ тэргүүлэгч нь байж, чанартай хэрэглээг хүргэх бодлоготой явж иржээ. Үүсгэн байгуулагчдын мэдлэг, туршлагын ачаар Азийн бар болсон компаниудын туршлагыг шингээж, анхнаасаа бизнес нь гадаад худалдааны нарийн тооцоо судалгаатай явагдаж ирсэн. Ингэж боловсронгуй хэлбэрээр худалдаа, эдийн засгийн харилцаанд орж чадсан нь тус компанийг алдагдал багатай, тогтвортой тэлэхэд нөлөөлжээ.
Эдүгээ Наран трейд гадаад худалдааны чиглэлээр Монголын ТОП-5 компанийн нэг бөгөөд татвар төлөлтийн дүнгээр ч тэргүүлдэг. Наран групп худалдаа үйлчилгээ, нийтийн хоол, үл хөдлөх хөрөнгө, хэвлэл мэдээллийн салбарт 14 охин компанитай, 1000-гаад ажилтантай том айл.
Сүүлийн 10 жилд улсад 50 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Энэ нь 42 мянган эмч сувилагч, 28 мянга гаруй багшийн цалинтай дүйцэхүйц мөнгөн дүн аж. Мөн сүүлийн гурван жилд 300 гаруй шинэ ажлын байр бий болгосон байна.
Энэхүү группт ажиллаж байгаад өөрийн бизнесээ эхлүүлсэн захирал, менежер цөөнгүй. Энэ утгаараа өнгөрсөн хугацаанд Наран улс эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсоогүй зах зээлд маш олон боловсон хүчинг бэлтгэн гаргаж, ажил амьдралын гараагаа эхэлж буй залууст ажлын арга барил, туршлага эзэмшүүлжээ.
Гэвч сүүлийн жилүүдэд технологи үсрэнгүй хөгжиж, хэрэглэгчдийн зан төлөв урьдынх шиг байхаа больсон нь Наран шиг том “айл”-уудаас гүнзгий өөрчлөлт шаардах болсон. Тиймээс тус групп дижитал шилжилтэд зориулж төлөвлөгөө, зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна. Эхний алхам болгож өнгөрсөн онд томоохон хөрөнгө оруулалт хийж, компанидаа программын бүрэн шинэчлэл хийсэн бол дараагийн алхмаараа өөр бусад үйлчилгээ ч авч болох цахим худалдааны томоохон платформыг Монголд нээхээр зэхэж байна.
Дижитал шилжилт гээд “Наран”-гийн худалдаа бүхлээрээ онлайнд хэлбэрт шилжихгүй. Одоогийн байгаа худалдааны хэлбэрээ агуулгын хувьд улам баяжуулан “лайф стайл” шинжтэй болгоно. Нэг үгээр зөвхөн худалдах биш, худалдан-үйлчлэх хосолмол хэв маягийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. “Компаниа бид олон арван жилийн настай байлгахын төлөө зогсолтгүй ажиллаж байна. Компани хувирч үйл ажиллагаа нь өөрчлөгдөх ч, амин сүнс нь амьдрах болно” хэмээн Д.Удвал захирал хэлсэн юм.
Үүнээс гадна 2014 оноос эхлэн тус компани үйлдвэрлэлийн салбарт орж “Үндэсний брэндийг бий болгон хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслөөр “Мондент” шүдний оо, “Tylip” үсний будаг, “dr.rolz” бохь зэрэг брэндийг зах зээлд гаргав. Үндэсний брэндийн концепцийг компани өөрөө хөгжүүлж, харин үйлдвэрлэлийг европ стандартын дагуу Испани, Турк, Итали зэрэг улсад захиалгаар гүйцэтгүүлж байна. Хэдийгээр эдгээр нь Монголын зах зээлд багахан хувийг эзэлж байгаа ч монгол хүний бие, физиологийн онцлогт тохируулан, нарийн судалгааны үр дүнд бүтээсэн дээрх гурван брэнд монголчуудын дуртай хэрэглээ болно гэдэгт Наран группын Ерөнхий захирал итгэлтэй байна.
Мөн худалдаа үйлчилгээнээс гадна хэвлэл мэдээллийн салбарт оюуны хөрөнгө оруулалт хийж 1998 оноос Supervision кабелийн телевизээр дамжуулан олон улсын хамгийн үнэ цэнэтэй, сонирхолтой контентууд болох танин мэдэхүйн National Geographic, Discovery, киноны HBO, Cinemax, хөгжмийн MTV, хүүхдийн Cartoon Network, Nickelodeon гэх мэт сувгуудыг хүргэж, 2006 онд SBN телевизийг байгуулан хэвлэл мэдээллийн зах зээлд амжилттай ажиллаж буй туршлагатай.
Удвал захирал 30 жилийн өмнө монголчуудад дэлхийн брэндүүдийг танилцуулж, дэлхийн бизнесийн соёлыг түгээж, төлөвшүүлж эхэлсэн бол эдүгээ технологийн шинэ эрин зууны худалдаа, үйлчилгээний салбарт “Наран”-гийн цахим хөгжлийн суурийг хүүхдүүдтэйгээ хамтран тавих том ажилд ханцуй шамлан оржээ. 30 жил гэдэг бага хугацаа биш. Удвал захирлын хувьд жинхэнэ залуу халуун насаа зах зээлд Наран гэсэн компанийг амжилттай байршуулахын төлөө зориулсан хугацаа. Энэ их ажлынхаа хажуугаар ээж, эхнэр хүний, гэр бүлийн ажлаа давхар авч явах үүрэг түүнд ногдсон. “Энэ үүргүүдээ ч сайн биелүүлсэн, бизнесийн гол хамтрагч сайн түнш, сайн эхнэр, сайн ээж, сайн эмээ” гэж түүний нөхөр С.Болдхэт ярьсан байдаг. 1000-аар тоологдох ажилтантай “Наран” гэдэг их айлын гол тулгуур Д.Удвал захирал хувийн амьдралдаа ч өнөр болж яваа. Тэр хоёр хүүхдийн ээж, дөрвөн ач, зээгийн эмээ болжээ.
Нарангийнхан ийн тэлж, хөгжиж, улам өнөр өтгөн гэр бүл болсоор байна. “Өнгөрсөн 30 жил бол Наран группийн менежментийн багийнхан, ажилчид, Наран гэдэг айлыг зорин худалдан авалт хийдэг, үйлчлүүлдэг хэрэглэгчдийн хамтын бүтээл, хамтын түүх. Та нартаа баярлалаа” гэж Д.Удвал захирал онцоллоо. 30 жилийн өмнө хэт цахиж асаасан галын илч буураагүй, харин ч улам эрчимжиж дараагийн 30 жилийн аянаа эхэлж байна.
Үд болоогүй, НАРАН мандаж байгаа.
50 жил ханиллаа гэдэг чинь ,70 орчим настай гэсэн үгүү? 70 дөхөж яваа гэхэд арай л залуу харагдаад байн. Тоогоо буруу тавьсан юмуу?
Зөв бнаа