Ковид-19-ийн тархалт дэлхий дахинд улам бүр газар авч, дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үргэлжилсээр. Үүнтэй холбоотой компаниуд түргэн хугацаанд стратегийн оновчтой шийдвэр боловсруулж, түүнийгээ үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ талаар Эрнст энд Янг-аас холбогдох чиглэлээр олон тооны стратегийн зөвлөгөө, судалгаа танилцуулж байгаа. Энэ дундаас компаниуд хэрхэн шинэ стратегид шилжих шаардлагатай байгаа талаар манай байгууллагаас санал болгож байгаа зарим зөвлөмжийг та бүхэнтэй хуваалцаж байна.
Бизнесээ үргэлжлүүлэх, сэргэх чадвараа хадгалж үлдэхүйц шийдвэр гаргахдаа компаниуд алсыг харсан, санаачилгатай байх хэрэгтэй. Олон улсад компаниуд байнгын, өөрчлөгдөж буй нөхцөлтэй тулгарч байгаа учир тэдний анхааралдаа авах шаардлагатай таван чухал аргыг танилцуулж байна.
-
Хүмүүсийн аюулгүй байдал, байнгын харилцаанд анхаарал хандуул
Ажлын байранд ажилтнуудын аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хангах нь нэн чухал. Ажил олгогч, бүлэг, засгийн газрын удирдагчдын зааврыг ажилтнууд хүлээж байдаг. Тэдний санаа зовж буй зүйлийг нээлттэй, илэн далангүй байдлаар авч хэлэлцэх нь тэдний оролцоог хангах, бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөл болно.
Компаниудын хийх ёстой нэг зохицуулалт бол ажилтнуудад алсын зайнаас, аюулгүй ажиллах боломж олгох уян хатан ажлын нөхцөл болон бусад бодлогыг санаачлан бий болгох юм. Бизнесийн салбараас хамаарч тухайн компани баг, хамт олны зохион байгуулалтыг өөрчлөх, эх үүсвэрийг шилжүүлэх, мөн ажилтнуудын ажиллах аюулгүй орчин бүрдүүлэх хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Түүнчлэн хямралыг даван туулах явцад ажилтнууд болон байгууллагыг аль болох мэдээлэлтэй байлгахад нь туслах зорилгоор компаниуд Засгийн газар болон эрүүл мэндийн салбарын удирдлагын бодлоготой нийцсэн байнгын харилцаа холбоог бий болгох хэрэгтэй.
Тухайн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах эрсдэлт хүчин зүйлийг бууруулах бизнесийн хэвийн орчин бүрдүүлэхдээ тэнцвэртэй байдлыг олох нь тун чухал. Алсын зайнаас ажиллах эсвэл уян хатан ажлын цагтай болох боломжгүй, ажилтнууд нь харилцагч нартай шууд харилцах зорилгоор ажлын байрандаа заавал байх ёстой нөхцөлд халдвараас хамгаалах арга хэмжээ авах ёстой.
-
Бизнесээ үргэлжлүүлэх стратегийг шинэчил
Ихэнх компанийн бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаа мэдэгдэхүйц тасалдах бөгөөд Ковид-19 вирусийн дэгдэлтийн хугацаанд бизнесийн гүйцэтгэл нь тааруу байхаар харагдаж байна. Худалдан авагчдын эрэлт, зан авирын өөрчлөлт нь жижиглэн худалдаа, аж үйлдвэр, амьдралын шинжлэх ухаан, автомашин үйлдвэрлэл зэрэг салбарт нөлөөлөх учир тэдгээр компанийн ханган нийлүүлэлтийн сүлжээ тасрах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх амлалтаа биелүүлэх боломжгүй болох эрсдэлтэй. Эдгээр сорилтыг даван туулахын тулд компаниуд доорх арга хэмжээг хэрэгжүүлвэл зүйтэй.
– Богино хугацааны хөрвөх чадварыг ахин үнэлэх: Бэлэн мөнгөний урсгалд ирэх дарамтыг урьдчилан таамаглах, цаг тухайд нь шаардлагатай арга хэмжээ авах богино хугацааны бэлэн мөнгөний урсгал хянах аргыг компаниуд хэрэгжүүлнэ. Ялангуяа авлага цуглуулах, агуулахын нөөцийг зохицуулах зэргээр хөрөнгөтэй ажиллахдаа маш чанд сахилга баттай байх шаардлагатай. Түүнчлэн бүтээлч байж, эргэлтийн хөрөнгийн мөчлөгийг хөнгөлөх үүднээс цаг тухайд нь арга хэмжээ авах нь чухал. Хямралын туршид компаниуд боломжит эрсдэлийг тодорхойлох зорилгоор ханган нийлүүлэгчидтэй байнгын харилцаатай байх нь зүйтэй.
– Санхүү, үйл ажиллагааны эрсдлийг үнэлж, шуурхай хариу үйлдэл үзүүлэх: Зардлын шууд өсөлт болон бүтээгдэхүүний маржинд үзүүлэх нөлөөг компаниуд хянаж, шаардлагатай тохиолдолд хөндлөнгөөс оролцох, дахин тохиролцох ёстой. Хариу үйлдэл үзүүлэхдээ эсвэл гэрээний шинэ нөхцөл тохирохдоо удсан эсвэл чадаагүй компаниуд урт хугацаандаа санхүүгийн стресст өртөж болзошгүй. Компаниуд зөвхөн дотоодын эмзэг байдлаас гадна худалдан авагч, ханган нийлүүлэгч, гэрээт байгууллага эсвэл хамтрагчдад ирж буй дарамтуудыг давхар ажиглах шаардлагатай. Ялангуяа нэг болон хоёрдугаар түвшний ханган нийлүүлэгчдэдээ стресс тест хийх нь зүйтэй. Энэ нь гуравдагч талын ханган нийлүүлэгчдээс ихээхэн хамааралтай автомашин, эм үйлдвэрлэлийн салбарын компаниудад нэн чухал. Мөн тайлан тэнцэлд нөлөөлөх хөрөнгийн үнэлгээний эрсдэл буурахтай холбоотойгоор банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээг зөрчихөөс сэргийлэх эсвэл дахин тохиролцох хэрэгтэй.
– Бэлтгэн нийлүүлэлтийн нэмэлт сонголттой болох: Ковид-19 вирусийн нөлөөнд ихээхэн автсан нийлүүлэгчдээс эд анги, материал авдаг компаниуд өөр сонголтыг хайх нь зүйтэй. Жишээлбэл, Японы агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэдэг компани Хубэй мужийн Үхань хот дахь угсрах үйлдвэрээ Малайз руу нүүлгэх талаар авч үзэж байна. Түүнчлэн хувцас үйлдвэрлэгч дэлхийн хэмжээний том компани үйлдвэрүүдээ Үханиас Вьетнам, Индонез руу нүүлгэх арга эрэлхийлж байгаа юм. Иймэрхүү шуурхай шийдвэр нь харилцагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг бий болгоно. Газар дээр нь худалдан авах зорилгоор шуурхай захиалга хийдэг эсвэл төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэгч, ложистикийн компаниудтай тааруухан нөхцөлтэй гэрээ байгуулсан компаниуд анхдагч шокоос гадна эрэлт огцом өсөх хямралын дараах нөхцөл байдалд хэрхэн бэлтгэх талаар бодолцох хэрэгтэй.
-Ковид-19 вирусийн хямрал төсөв, бизнесийн төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох: Санхүүгийн гүйцэтгэлд үзүүлэх боломжит нөлөө болон эл нөлөө хэр удаан үргэлжлэхийг ойлгох үүднээс компаниуд янз бүрийн нөхцөл байдалд тааруулсан стресс тестийг санхүүгийн төлөвлөгөөндөө хийх хэрэгтэй. Хэрэв нөлөө нь материаллаг чанартай, төсвийн өмнөх төсөөлөл болон бизнес төлөвлөгөө шаардлагагүй болсон тохиолдолд компаниуд тэдгээрийг шинэчлэх ёстой. Хэрэв бизнес нь үлэмж хэмжээний нөлөөнд орсон бол ажиллах хүч, борлуулагч, байрлал, технологи зэрэг гол хүчин зүйлүүдийг багтаасан үйл ажиллагаа явуулах хамгийн бага шаардлагыг авч үзэх ёстой. Мөн тасралтгүй үйл ажиллагаа явуулахын тулд богино хугацаатай санхүүгийн хэрэгслүүдийг зах зээлд гаргах эрэлт хэрэгцээ бий болно. Үнэлгээний үр дүнгээс шалтгаалж компаниуд богино хугацаат капитал босгох, өрийг дахин санхүүжүүлэх, банк болон хөрөнгө оруулагчаас нэмэлт зээлийн дэмжлэг авах эсвэл засгийн газраас бодлогын тусламж авах эсэх зэрэг боломжийг авч үзэх ёстой. Үүний зэрэгцээ үйл ажиллагааний нийт зардлыг дахин хянаж, шаардлагагүй зардлаа бууруулах эсвэл танах талаар авч үзэх хэрэгтэй.
-
Харилцагч талуудтай холбогдох:
Бизнесээ шинэчлэх, мөн харилцагч, ажилтан, ханган нийлүүлэгч, зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, захиргааны байгууллагын дэмжлэг авч байхын тулд тодорхой, ил тод, цагаа олсон харилцаа холбоо нэн чухал.
– Харилцагч: Бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээнд нөлөөлсөн бол энэ тухай харилцагч нартаа мэдээлэх ёстой. Ханган нийлүүлэлт эсвэл үйлдвэрлэл тасалдсаны улмаас гэрээний үүргээ биелүүлж чадахгүй бол цаг хугацааны асуудлыг дахин авч үзэх эсвэл гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлийн заалтыг ашиглах шаардлага гарна. Иймэрхүү идэвхитэй ажиллагаа нь хүнд шийтгэл эсвэл худалдан авагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүлээх хариуцлагыг хөнгөрүүлэх боломж олгоно.
– Ажилтнууд: Ажилтнуудын хувьд байнгын холбоотой байх нь сэрэмжлэх болон бизнесийн хэвийн ажиллагааны үеийн сэтгэл зүйн тэнцвэрийг хангахад чиглэнэ.
– Ханган нийлүүлэгч: Ковид-19 дэгдэлтийн үеэр бараа, үйлчилгээ нийлүүлэх боломж болон үйл ажиллагаагаа сэргээх төлөвлөгөөнийх нь талаар ханган нийлүүлэгчдээс байнгын мэдээлэл авч байх шаардлагатай. Ингэснээр нийлүүлэлтийн өөр сувгийг түргэн хугацаанд олох боломжтой болно.
-Зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч: Хугацаа тулсан өрийг тодорхойлох, зээлийн гэрээний нөхцлөө зөрчихөөс сэргийлэх үүднээс зээлийн гэрээний ерөнхий нөхцлүүдийг хянах хэрэгтэй. Ингэж хянаснаар одоогийн нөхцөлд шаардлагатай өөрчлөлт оруулах эсвэл гэрээг дахин санхүүжүүлэх талаар зээлдүүлэгч нартай идэвхитэй ярилцах боломжтой болох давхар давуу талтай юм.
–Засгийн газар, захиргааны байгууллага: Эрсдлийн талаар компаниуд хуулийн болон эрсдлийн удирдлагын багуудтай зөвлөлдөх шаардлагатай.
-
Засгийн газрын дэмжлэгийн бодлогыг бүрэн ашиглах
Ихэнхи улс орны төв болон орон нутгийн засгийн газар компаниудаа дэмжих зорилгоор санхүү, нийгмийн даатгал, татвартай холбоотой төрөл бүрийн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Үүнд хувьцаат компаниудыг дахин санхүүжүүлэх Хятадын Үнэт цаасны зохицуулах хорооны (CSRC) түр арга хэмжээ багтана.
Үндэстэн хамарсан Засгийн газрын болон зохион байгуулалтын эдгээр боломжийг компаниуд судалж, өөрсдийн нөхцөл байдалд аль болох тохируулан ажиллах хэрэгтэй. Хууль тогтоомж, салбараас хамаарч Засгийн газрын дэмжлэгүүд ялгаатай болохыг анхаарах хэрэгтэй. Компаниуд тэдгээр тусламж тус бүртэй танилцаж, ойлгосны үндсэн дээр аль нь байгууллагадаа тохирохыг тодорхойлох хэрэгтэй.
Жишээлбэл, БНХАУ-ын хувьд гэхэд л татварын алба цар тахлаас сэргийлэх, эмчлэх үүднээс цуврал арга хэмжээнүүдийг танилцуулаад байна.
– Цар тахлыг хянахад зориулагдсан тодорхой үйлчилгээ үзүүлж буй болон тахалтай холбоотой чухал хэрэгслийг үйлдвэрлэж буй байгууллагуудыг НӨАТ-аас чөлөөлөх, төлсөн татварыг буцааж олгох
-Тахлаас сэргийлэхтэй холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор багаж төхөөрөмж худалдан авч байгаа бол аж ахуйн нэгжийн орлогын татвараас бүрэн чөлөөлөх
– Цар тахлын эмчилгээнд ажиллаж буй албан хаагчдад олгох бонус, тэтгэмжийг хувь хүний орлогын татвараас чөлөөлөх
– Олон нийтэд тустай хандивыг нэмэгдүүлэх бусад бодлогыг батлах
Татварын алба болон Сангийн яам нийгмийн даатгалын хураамжийг түр хугацаагаар бууруулсан нь компаниудад ирэх дарамтыг бууруулсан байна.
Хямралд өртсөн бараг бүх улс ижил төстэй арга хэмжээ авч эхэлсэн. Компаниуд эдгээр хөтөлбөрт хамрагдах боломжтой эсэхээ тодорхойлж, учирч буй эрсдэлийг бууруулахад ашиглах нь зүйтэй.
-
Шинэ нөхцөл байдалд бэлтгэх
Стресс тестэд үндэслэсэн стратегиа тодорхойлж, холбогдох талуудтай шинэ чиглэлийн талаар ярилцсан бол шинэчилсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж эхлэх хэрэгтэй. Дээд түвшний удирдлага төлөвлөгөөнөөс гажсан зүйлийг тухай бүр мэдээлэх ёстой бөгөөд ингэснээр цаашдын сөрөг нөлөөнөөс сэргийлэхийн тулд компаниуд нэмэлт арга хэмжээ авах боломжтой болно.
Ковид-19 дэгдэлтийг хяналтанд оруулсан тохиолдолд компаниуд бизнесээ үргэлжлүүлэх төлөвлөгөөг (BCP) хянаж, шинэчлэх нь зүйтэй. Мөн одоогийн ВСР-гийн хэрэгжилт хэр байгааг шалгах ёстой. Хэрэв хангалтгүй бол цаад шалтгааныг олж тодорхойл. Энэ нь цаг тухайд нь ажлаа гүйцэтгээгүй, дэд бүтэц сул байсан, хүн хүчний хомсдсон эсвэл гадаад хүчин зүйлтэй холбоотой байж болно. Улмаар компаниуд олж авсан туршлага, сургамждаа үндэслэж дотоод шинэ журам болон хожмын хямралд илүү үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх найдвартай төлөвлөгөө гаргах боломжтой болно.
Ил тод, нээлттэй харилцаатай ажилладаг байгууллага нь түргэн хариу үйлдэл, өөрчлөлт шаардсан үйл явдал тулгарахад давуу талтай байдаг.
Энэхүү нийтлэлийг Business.MN сэтгүүл Эрнст энд Янг Монголиатай хамтран бэлтгэв.