Менежментийн зөвлөх, “Үндэсний ухаан” хөтөлбөрийг санаачлагч Ц.Өнөржаргалтай бизнест эрсдлийг хэрхэн тооцож, даван туулах талаар ярилцлаа.
Ковид-19 цар тахал компаниудад маш том сорилт болж, бизнес дэх эрсдлийн талаар том сургамж өгч байна. Компаниуд эндээс юуг чухалчлан ойлгож авч үлдэх хэрэгтэй гэж та бодож байна?
Энэ төрлийн эрсдэл бол шинэ зүйл биш. Угаас хүн төрөлхтөн үүссэн цагаасаа байгалийн гамшиг, араатан амьтны дайралт гэх мэт эрсдлийг туулсаар ирсэн. Түүх бол ердөө маш олон удаагийн эрсдлийг давж, асуудлаа шийдсэн үйл явц юм. Үүнээс шийдэж чадаагүй нь цөөнгүй бөгөөд бид үүнийгээ сургамж гэж нэрлэдэг. Харин шийдэж чадсанаа туршлага гэдэг.
Тэгэхээр эрдслийн менежмент гэдэг бол сургамжийг марталгүй туршлагыг ашиглан асуудлаа шийдэхийг хэлж байгаа юм. Ковид-19 шиг эрсдэл өмнө нь олон тохиолдож байсан, олон ч арга хэмжээ хүн төрөлхтөн хэрэгжүүлсэн. Шинжлэх ухааны дэвшлийн ачаар аливаа эрсдэл ирэхэд хүлээж авах тогтолцоо бий болсон. Монгол Улс дотроо халдвар тараахгүй сэргийлж байна гэдэг бол макро түвшинд эрсдлийн менежмент хийж чадаж байна гэсэн үг.
Хувь хүн, өрх гэр, байгууллага, үндэстэн, олон улсын түвшинд эрсдлийг даван туулах арга замууд хэдийнэ бий болчихсон байгаа. Хамгийн чухал нь бид суралцах л ёстой.
Нийгэм, эдийн засгийн нөхцөл сайн, муу ямар ч байсан бизнесийн байгууллагууд үргэлж санаж явах ёстой эрсдлийн ямар зарчим байдаг вэ?
Нэг жишээ татъя. Хүн өвчлөөд, өвчин нь эцсийн шатандаа очсон үед эмчид хандвал эдгэрэх найдвар тун бага. Бизнес яг үүнтэй адил. Асуудал гүнзгийрчихсэн, хор хохиррол нь илэрчихсэн, олон зүйл болоод өнгөрсөн хойно зөвлөхүүд дээр ирдэг жишээ цөөнгүй. Ийм үед зөвлөх хүн эмчийн нэгэн адил яаж ийгээд тэр хүнийг эсвэл компанийг аварчих юмсан гэж зүтгэдэг. Гэхдээ харамсалтай нь алддаг. Тиймээс бизнесийн байгууллагын хувьд эрдслийн менежмент бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ байх ёстой. Ирээдүйн эрсдлүүдийг таньж, тогтоож, бэлтгэлтэй байх нь үргэлж санаж явах гол зарчим.
Өнгөрсөн 30 жилд эрсдэл багагүй байсан ч монголчууд мэдрэмжид тулгуурлаж бизнес хийсэн. Харин өнөөдөр ингэж явах боломжгүй, учир нь өрсөлдөөн ихэссэн.
Бид SWOT шинжилгээ хийдэг. Гэхдээ нэр төдий. SWOT шинжилгээг сайн хийж чадвал стратеги өөрөө сайн гардаг. Эрсдэл тухайн байгууллагын сул талаас үүсдэг. Тэгэхээр сул талаа арилгаад явах нь эрсдлийн менежмент болдог.
Монголын бизнест эрсдлийг мэдрэх, урьдчилан сэргийлэх чадвар хэр суусан байдаг вэ? Ямар нийтлэг алдаанууд байгаа вэ?
Бизнесийг хийхэд нэг талаас мэдлэг, нөгөө талаас мэдрэмж хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд эрсдэл багагүй байсан ч монголчууд мэдрэмжид тулгуурлаж бизнес хийсэн. Харин өнөөдөр ингэж явах боломжгүй, учир нь өрсөлдөөн ихэссэн. Гарааны компаниуд тэс өөр бизнес загвараар ажилладаг болж, процессын хувьд шинэчлэл хийж байна. Хэрэглэгчид рүү чиглэсэн хандлага нь ч өөр болсон.
Тиймээс мэдлэг, мэдрэмж хоёрын нэгдэл эрсдлийн менежментийн гол зүйл. Судалгаанд суурилж байж эрсдэлд мэдрэмжтэй хандана. Харин орчин үеийн менежментийн ухааны ололтуудыг ашигласнаар мэдлэг дээр суурилсан бизнес хийж, ажлаа унагахгүй авч явна.
Эрсдлийн төлөвлөгөөгүй явж ирсэн газрууд хямрал болоход хамгийн түрүүнд сөхөрдөг. Олон улсын түвшинд харсан ч САРС өвчнөөс сургамж авч байсан Хятадын компаниуд хурдан сэргэж байна. Тэгэхээр эрсдлийн төлөвлөгөө гэж яг юуг хэлэх вэ, түүнд ямар пунктууд заавал байх ёстой вэ?
Эрсдлийн менежментийн төлөвлөгөө гээд тусгайлан боловсруулаад сүр бадруулаад байх шаардлагагүй. Харин таны боловсруулж байгаа төлөвлөгөө өөрөө эрсдэлгүй байх ёстой. Жишээ нь, урт хугацаанд стратеги төлөвлөгөө боловсруулахдаа эрсдэлгүй байх талаас нь тооцоолно.
Эхлээд боломжоо олоод харчих. Тухайлбал, бизнес төлөвлөгөө гаргаж байгаа бол 100 боломж байна гэж бодъё. Гэхдээ боломж болгоны ард эрсдэл бий. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тухайн салбарыг дэмжихээр баталчихлаа гэдэг бол боломж. Гэвч яг дэмжих үү үгүй юу гэдэг нь өөрөө эрсдэл болоод явчихдаг. Энэ мэтээр боломж дагасан эрдслүүдийг урт хугацаандаа анхаарч, түүнийгээ тооцоолон ойрын алхмуудаа төлөвлөх нь эрсдлийн менежментийн хамгийн зөв зарчим.
Боломж болгоны ард ямар нэгэн эрсдэл байдаг
Чанарын менежмент гэхээр бас нэг тусдаа зүйл гэж ойлгоод байдаг. Эрдслийг хааж явснаар чанарын менежмент бий болдог. Эрсдэл гаргахгүйн тулд энэ төрлийн менежментийг нэвтрүүлдэг. Тэгэхээр ажлынхаа агуулгад сайн задаргаа хийж, задаргаа тус бүр дээр эрсдлийг тооцож, хааж явснаар чанарын бодлого гарч ирнэ.
Удирдлага дээр бас эрсдэл гарч болно. Стратегийн төлөвлөгөө боловсруулахад бичсэн үг болгон шийдвэр байдаг. Үг болгоны цаана мөнгө яригдана. Энэ төлөвлөгөөг зөв хийж чадахгүй бол эрсдэл үүснэ. Тэгэхээр удирдлагын шийдвэр дээр гарч болох эрсдлүүдийг нэг бүрчлэн бүртгэх ёстой. Үүнтэй нэгэн адил процесс, бүтээгдэхүүний шинж чанар дээр гарч болох эрсдлүүдийг тооцох шаардлагатай. Ийнхүү удирдлага, процесс, бүтээгдэхүүний шинж чанарууд дээрх эрсдлийг тооцохыг чанарын нэгдсэн удирдлага гэж хэлээд байгаа юм.
Чанарын нэгдсэн удирдлагыг иж бүрнээр хэрэгжүүлэхэд нөөцийн бодлого хэрэгтэй, нөөцийн бодлого иж бүрэн хэрэгжихэд санхүүгийн бодлого тус болно. Жишээ нь, санхүү хэмнэхэд нөөц унах магадлалтай, нөөц унахаар чанар өөрөө унана, чанар унахаар эрсдэл гарах нь тодорхой. Гэтэл зүгээр л нэг санхүүгийн хэлтсийн хүн чанарын талаар огт бодохгүйгээр өртөг, зардлыг таначихдаг. Тэгээд л нөгөө удирдлагаас төлөвлөсөн агуулга гарч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, эрсдэл гэдгийг салгаж ойлгож огт болохгүй. Дор хаяж 10 менежменттэй уялдаж явах ёстой.
Монголын хувьд бизнест хамгийн их эрсдэл авчирдаг ямар хүчин зүйл байгаа вэ?
Эрсдэл макро болон микро орчинд байдаг. Хөрөнгө оруулагч эсвэл бэлтгэн нийлүүлэгч хугацаандаа хөрөнгө, технологио нийлүүлэхгүй байх, хэрэглэгчийн зан төлөв, худалдан авах чадвар хувьсах, өрсөлдөгч огцом хурдаа авч хүчтэй болж өндөр чанарыг бага үнээр өгөх зэрэг эрсдэл гарч болно. Эдгээр эрсдлийг микро орчны буюу бизнест шууд нөлөөлөх эрсдэл гэж үздэг.
Бүх оролцогч талд ашигтай (Win-win) байсан нөхцөлд бизнес эрсдэлгүй гэж үзнэ. Харин тухайн бизнест 10 оролцогч тал байхад нэг оролцогч тал сэтгэл хангалуун биш болвол бизнес удааширна. 1-2 оролцогч тал татгалзвал эрсдэл бий болж, бизнес зогсонги байдалд орно. Тэдний тоо гурав болвол бизнес бүрэн дампуурна. Тэгэхээр микро орчны эрсдэл илүү сэтгэл зүйтэй холбогддог.
Харин улс төрийн эрсдэл бол макро орчных. Жишээ нь, барилгын салбарт итгэл үзүүлж, орон сууц олноор барихын тулд асар их хэмжээний зээлийг барилгын компаниудад өгөөд явж байтал Засгийн газар солигдоод шийдвэр өөрчлөгдөж болно. Бас эрх зүйтэй холбоотой эрсдэл байна. Хичнээн сайхан хөрөнгө оруулалт орж ирсэн ч эрх зүйн орчин нь бэлэн биш бол тэр мөнгө буцаад гараад явчихаж байна. Эдийн засгийн нөхцөл, байгаль экологи, олон улсын байдалтай холбоотой эрсдлүүд бий. Ийм эрсдлийг голдуу статистик судалгаагаар тодорхойлдог. Гэхдээ компани өөрөө статистик судалгаа хийгээд суух нь оновчтой биш, харин мэргэжлийн судалгааны байгууллагуудын тайлан, дүгнэлтийг байнга уншиж явах хэрэгтэй.
Эрсдлийг хаах нэгэн түгээмэл хэрэгсэл нь даатгал. Гэхдээ манайд энэ салбар сул хөгжсөн. Байгууллага, улс орны түвшинд эрсдлийг аль болох бага гаргахын тулд даатгалыг яаж хөгжүүлэх ёстой гэж та бодож байна?
Даатгал бол эрсдлийн менежментийн хариу үйлдлийн зөвхөн нэг хэлбэр. Уул шиг том эрсдэл байлаа гэж бодоход даваад туулж болно, эсвэл тойрч болно, эсвэл бүр “Би явахгүй, чи яв” гээд бусдад шилжүүлж болно. Тэгэхээр даатгал бол давж гарахгүй, тойрч гарахгүй, харин өөрийгөө төлөөлүүлж хэн нэгнийг тэр уул руу явуулах систем.
Хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдсөн нөхцөлд даатгалын зах зээл хөгжинө. Түүнээс биш, дээр хэлсэнчлэн өвчин нь хүндэрсэн хойно эмчид очдог бол эрүүл мэндтэй холбоотой даатгалын үйлчилгээ хөгжихөд төвөгтэй. Учир нь хувь хүн төдийгүй улс орон ч эрсдлийн менежмент хийж чадахгүй байна. Ерөнхий менежментээ ч олигтой хийж чадахгүй байгаа учраас эрсдлийн менежмент гэж байнга ярьдаг. Эрсдлийнхийгээ хийж чадахгүй үед хямралын менежмент яригдана. Хямралынхыгаа хийж чадахгүй тохиолдолд онцгой байдлынх руу орно. Эцэстээ дампуурлын менежмент дээр ирдэг. Муу амьд явахаар сайн үх гэсэн үг. Зөв дампуурах нь бас нэг гарц болох тохиолдол бий. Тэгэхээр хувь хүнээс эхлээд бүх түвшиндээ ерөнхий менежментээ л сайн хийх хэрэгтэй.
Эрсдлийн менежментийн ямар нэгэн стандартыг дагах шаардлагатай юу?
Нэг байгууллага дээр очоод төрөл бүрийн эрсдлүүдийг тодорхойлоод ирэхээр эрсдлийн хэмжээ хэдэн зуугаар тоологддог. Жишээ нь, Багануурын уурхай дээр ажиллаж байхад 500 орчим эрсдэл гарч ирсэн. Сургалтанд сууж байгаа тухайн компанийн эрсдлийн менежер ямар их эрсдэлтэй салбарт ажиллаж байгаадаа гайхдаг. Зарим нь шантардаг.
Гэхдээ тэр 500 эрсдлийг таньж байна гэдэг чинь өөрөө маш чухал алхам. Эрсдлийг ширэнгэн ойтой зүйрлэвэл тэр ширэнгэн ойд байгаа бүх аюулыг орохоосоо өмнө олоод мэдчихнэ гэдэг чухал биз дээ?
Олон эрсдэл харахаар хүн эхлээд хэсэг хугацаанд сэтгэлээр унадаг. Дараа нь тодорхойлох алхмууд хийж эхэлдэг. Бүгдээрээ эрсдэл биш, зарим нь хор хохирол, үр нөлөө, асуудал, шалтгаан, хүчин зүйл байсан юм гэдгийг ойлгодог. Нөгөө 500 эрсдлийн тоо 50 болтол буурч эрсдлүүдээ цэгцэлж эхэлдэг. Дараа нь үнэлнэ. Энэ 50 эрсдэл манайд яаж нөлөөлөх вэ гэж. Эдгээрээс зарим нь маш ховор тохиолддог, зарим нь байнга давтагддаг, зарим нь даваад гарчихаар хор хохиролтой, зарим нь их хор хохиролтой гэх мэтээр үнэлнэ. Далайц, давтамж багатай эрсдэл бол анхааралдаа авчихад болно, далайц өндөр, давтамж нь бага бол журамлачихад хангалттай. Ингээд үнэлсний дараа ердөө 10-аад эрсдэл анхаарал татна. Тухайн эрсдэл далайц ихтэй, давтамж өндөртэй бол хариуцах эзнийг томилоод, төсөвт тусгаад хариу үйлдэл төлөвлөх шаардлагатай. Эдгээр алхмыг хийсний дараа айх зүйлгүй болно. Өөрөөр хэлбэл, ширэнгэнд байгаа хортой могойг тойроод гаръя, хортой мөөгийг идэхгүй явъя гэж шийдэхтэй адил.
маш хэрэгтэй мэдээлэлүүд тавьдагт баярлалаа
хэрэгтэй санаанууд авлаа баярлалаа.танайд бүргүүлсэн мэдээлэл ирүүлж байвал баярлана.