Цар тахалын энэ үед бизнесээ хэрхэн аварч үлдэх, цаг үетэйгээ хөл нийлүүлэн цаашид хэрхэн амжилттай ажиллахаа мэдэхгүй эргэлзэж суугаа бизнес эрхлэгч хэн бүхэнд зориулсан “Бизнес цэнэг” цахим сургалт долоо хоног бүрийн мягмар гаригт болж байна.
Сургалтыг “Хар Хорум Дижитал” ХХК, “Бизнес.мн” сэтгүүлээс зохион байгуулж буй бөгөөд энэ удаа “Борлуулалтаа өсгөх арга билгийн 10 ухаан” сэдвийн хүрээнд боллоо.
“Ганабелл” институтын үүсгэн байгуулагч, хүний нөөцийн зөвлөх, лектор П.Гандолгор сургалтад багшилж, тээвэр логистик, жижиг, дунд худалдааны бизнес эрхлэгч тэргүүтэй салбар салбарын төлөөлөл оролцов.
Бизнесийн ашиг орлогыг авч ирдэг гол зүйл нь борлуулалт байдаг. Тухайн байгууллага орлогоо нэмэгдүүлэх нь борлуулалттай салшгүй холбоотой. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагууд өөрсдийн борлуулалтын алба, мэргэжилтнүүдээ хөгжүүлэх шаардлагатай тулгардаг. Үүнтэй холбогдуулж нийгэм дэх хэрэгцээ шаардлагад үндэслэн тус сургалтыг орж буйг П.Гандолгор багш сургалтын эхэнд онцолсон юм.
Хэрэв та борлуулалтаа нэмэгдүүлж шилдэг борлуулагч болохыг зорьж байгаа бол сайн ярих чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ маш сайн сонсогч байх хэрэгтэй аж.
Шилдэг борлуулагчийн арван ухаан нь арга билгийн хуулиар холбогдож, уялдаа холбоотой байдаг гэж тэрбээр үзэж буй. Тухайлбал, таны ажлын өдөр тутмын үйл явц үр дүнтэй нь холбогдож арга билгээр сүлэлдэж байдаг байх нь. Энэ цаг үе шилдэг борлуулагчдаас гадаад имижээс гадна дотоод итгэл үнэмшилийг шаарддаг болжээ. Мөн эдийн засаг, бараа бүтээгдэхүүнийхээ талаар орчин үеийн мэдлэгтэй байхаас гадна харилцагчаа мэдрэх мэдрэмж чухал. Хэрэв та борлуулалтаа нэмэгдүүлж шилдэг борлуулагч болохыг зорьж байгаа бол сайн ярих чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ маш сайн сонсогч байх хэрэгтэй аж.
Салбартаа тэргүүлэгч шилдэг борлуулагч болж борлуулалтаа өсгөхийн хүсвэл бодол санагаа зорилгоруугаа төвлөрүүлэх хэрэгтэй. Наад зах нь хүрэх амжилтаа өөртөө тунхаглаж, хүслийн самбараа хажуудаа байрлуулах нь зүйтэйг лектор П.Гандолгор санууллаа.
Хэрэв та борлуулалтаа нэмэгдүүлэх гэж буй бол уйгагүй оролдлого хийх, амласандаа хүрэх, цагийн менежменттэй байх хэрэгтэй. Жишээлбэл, долоон удаагийн үгүйгийн дараа нэг тийм хариу сонсох чадварыг өөртөө бий болгох нь. Манай нөхцөлд ганц хоёрхон оролдлого хийчихээд бууж өгөх тохиолдол нэлээд байдаг.
Дундаж борлуулагч:
- Худалдан авах чадвартай хүмүүсийг олхо-12%
- Борлуулалтын процесс-28%
- Дараах үйлчилгээ-10%
- Захиргааны ажил-30%
- Цаг нөгцөөх-20%
Шилдэг борлуулагч:
- Худалдан авах чадвартай хүмүүсийг олох-55%
- Борлуулалтын процесс-10%
- Дараах үйлчилгээ-20%
- Захиргааны ажил-5%
- Өөрийгөө хөгжүүлэх-10%
Сургалтын үеэр “Цэцэгт мэндчилгээ” ХХК-ийн захирал Б.Баттөр бизнесээ хөгжүүлэх, борлуулалтаа хэрхэн сайжруулах талаар сургагч багшаас зөвлөгөө авсан юм. Тус байгууллагын хувьд борлуулалтаа сайжруулахын тулд ямар арга техникийг ашиглах вэ гэдгээс ярьж эхэлж борлуулагчдаа бэлтгэж эхлэх хэрэгтэй аж. П.Гандолгор багшийн зөвлөснөөр энэ төрлийн бизнесийг дэлгэрүүлж, борлуулалтаа нэмэгдүүлэх боломж байгаа бөгөөд санаачлагыг гартаа авах нь чухал гэдгийг анхаарууллаа. Тухайлбал, сүүлийн үед бизнесийн байгууллагууд оффисоо эко байдлаар тохижуулахыг эрмэлздэг болсон. Эндээс дан ганц цэцэг хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхээс гадна таримал цэцгийн бизнес эрхэлж бизнесээ өргөжүүлэн тэдэнд санал болгохыг зөвлөв.
“Бизнес цэнэг” вэбинар ирэх долоо хоногт “Манлайлал ба удирдлагын залгамж халаа” сэдвээр болох бөгөөд сургагч багшаар Глобаль Стратегийн удирдлагын институийн захирал, стратегий зөвлөх, менежментийн көүч, лектор Ц.Оюунжаргал оролцоно.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх линк: https://business.mn/wroom/