Нисэхийн тухай яриа болоход бид иргэний агаарын тээвэр, том оврын онгоц төсөөлдөг. Дэлхий дахинд агаарын тээврийн салбартаа үнэмлэхүй орон зай эзэлдэг, ерөнхий зориулалтын агаарын тээвэр Монголд хараахан хөгжөөгүй байгаа учраас тэр биз ээ. Нийгмийн бүхий л салбарт үр өгөөжтэй энэхүү чиглэлийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа нэгэн компанийг өнөөдрийн дугаартаа онцолж байна. Ерөнхий зориулалтын нисэхийн үйлчилгээг онгоц угсралт, экспорт, засвар үйлчилгээ, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэл, санхүүгийн лизингийн үйлчилгээтэй нь бүрэн цогцоор нь хөгжүүлэхээр зорьсон “Mongolian Aircraft Industries” (МАИ) компанийг үүсгэн байгуулагч Н.Наранбат, Б.Мөнхбаатар нартай ярилцсанаа та бүхэнд хүргэе.
Нэр: Mongolian Aircraft Industries
Хаяг: Khan Tower, 4-р давхар
Чиглэл: Бага оврын агаарын тээвэр
Үүсгэн байгуулагч: Н.Наранбат, Б.Мөнхбаатар
Үүсгэн байгуулагдсан: 2019
Холбоосууд: MAI (Фэйсбүүк), MAI (Вэб)
СЭДЭЛ
Одоогоос хоёр жилийн өмнө ерөнхий зориулалтын бага оврын онгоцыг Монголд угсрах саналыг ОХУ-ын Худалдааны яамнаас тавьсан юм. Түншүүдтэйгээ энэ талаар чамгүй зөвлөлдөж, олон талаас нь харгалзаж үзсэний эцэст агаарын тээврийн салбарт зүтгэхээр сэтгэл шулуудсан. Монгол шиг өргөн уудамтай оронд түүнийгээ давуу тал болгож, хөгжлийн түлхүүр болгох потенциалтай цөөн салбарын нэг нь энэ гэж үзсэн хэрэг.
Анх онгоц угсарч экспортлох төдий зорилготой байсан бизнесийн цар хүрээ маань нэмэлт судалгаа шинжилгээ хийх тусам цогц хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай юм байна гэдэг нь тодорч ирсэн. Тиймдээ ч одоо бид экосистемийг бүтээх дөрвөн тулгуурыг буюу засвар үйлчилгээ, сургалт-техник хангамж, нислэгийн үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээг зэрэг хөгжүүлж ажиллаж байна. Ерөөс Монголыг хөгжүүлэх нь манай бизнесийн дархлаа байх учиртай.
ЯЛГАРАЛ
Манай гол онцлог бол цогц үйлчилгээ. Сайн онгоц оруулж ирлээ гээд салбар маань хөгжчихгүй, харин мэргэжлийн боловсон хүчин, засвар үйлчилгээний төв, санхүүгийн үйлчилгээ зэргийг давхар бодолцож гэмээнэ урт хугацаанд үр дүнтэй ажиллаж чадна. Тиймээс ч бид төслийн II шатаа эхлүүлэхэд бэлэн болж, үүнийхээ хүрээнд Улаанбаатараас ердөө 40 минутын зайд “Билгэ Тоньюкукын аэронатикийн төв”-ийг хөгжүүлж, үйлдвэрлэл-сургалт-багш бэлтгэх нэгдсэн бааз болгох алсын хараатай ажиллаж байна. Чухам энэ төсөл дээр бид өнгөрсөн зургаадугаар сард Уралын иргэний нисэхийн үйлдвэртэй (УЗГА) хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэж, L410 онгоцыг нь борлуулах онцгой эрхтэй болсноо онцолъё.
Инновац бол бидний гол зэвсэг. Онгоцны технологийн салбарт дэлхийд тэргүүлдэг Орос, Америкийн уламжлал, чадавхыг нэгтгэж байгааг бас онцлох нь зүйтэй байх. Хамгийн найдвартай, үр ашигтай бага оврын онгоцод тооцогддог “Легенда-570”-ыг Pratt & Whitney PT6 хөдөлгүүр, Garmin хянах самбар зэрэг дэлхийд хамгийн найдвартайд тооцогдох технологиор тоноглосон. Ерөнхий зориулалтын нисэхэд манай онгоцонд ашиглаж байгаа шиг дөрвөн далавчтай загвар аэродинамик талаасаа хамгийн баталгаатай, аюулгүй загварт тооцогддог. Нэмэлт дизайны өөрчлөлт, нэмэлт цахилгаан эх үүсвэр, мөстөлтийн эсрэг систем зэрэг нь энэ онгоцыг “Монголын” гэх тодотголтой болгож байгаа юм. Онгоцны хамгийн чухал хэсэгт тооцогддог 00-ыг ч гэсэн мартаагүй шүү /инээв/.
Ташрамд дурдахад, манай онгоцтой холбоотой бүх ажлууд FAA болон EASA-ийн бага оврын онгоцонд тавьдаг Part-23 журмын хүрээнд олон улсын стандартад нийцэн хийгдэж байгаа юм шүү. Тиймээс ч бид долоодугаар сарын 31-ээс эхлэн дөрвөн сарын турш туршилтын нислэгүүд үйлдэх төлөвлөгөөтэй байна.
Энэ онгоцоо экспортлох боломж эрэлхийлж байгаагаа мөн дурдах хэрэгтэй байх. Одоогоор Узбекистан, Венесуэл, Панам, Индонези тэргүүтэй улс орнууд манай онгоцыг ашиглах сонирхлоо илэрхийлээд байгаа. Агаарын хөлгийн гэрчилгээгээ IAC, FAA болон EASA-аар баталгаажуулсны дараагаар борлуулалтаа эхлүүлнэ.
“МАИ” ГЭЖ ХЭН БЭ?
“МАИ” бол бага оврын агаарын тээврийн экосистемийг цогцоор нь хөгжүүлэх алсын хараа бүхий Монгол, АНУ, ОХУ-ын хамтарсан гарааны бизнес юм. Бид Монгол Улсын ерөнхий зориулалтын нисэхийн салбарт шинэчлэл нэвтрүүлж, улмаар “Монгол” гэсэн тодотголтой “Легенда-570” бага оврын хөлгийг экспортолж, Монгол улсыг агаарын хөлөг үйлдвэрлэгч орон болгох зорилготой. Энэ нь дэлхийд 50, Азид ердөө зургаахан улс багтдаг “онцгой клуб”-ийн гишүүн болно гэсэн үг юм.
ОДОО
Яг одоо бол Монголын хувьд агаарын тээврийн салбарыг, тэр дундаа ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх хамгийн тохиромжтой үе ирээд байна. 2016 онд Монгол Улсын Засгийн газраас “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг гаргаж, холбогдох тоног төхөөрөмж, сэлбэгийг татвараас бүрэн чөлөөлсөн нь бизнесийн асар том боломжийг бий болгосон юм. Эрх зүйн орчин ч одоо л бүрэлдэж байна. Дээрээс нь ОХУ, АНУ-ын хоорондох худалдааны хоригтой холбоотойгоор геополитикийн давуу тал ч үүссэн.
Бид дэлхийн хамгийн шилдэг технологийг шингээж, Монголын нөхцөлд бүрэн тохирсон бага оврын онгоцыг угсарч, агаарын тээврийн салбарын цоо шинэ эринийг эхлүүлэхийг зорьж буй.
Бусад агаарын тээврийн оператор компаниудад Легенда-570 болон L410NG агаарын хөлгийг ашиглах боломжийг бий болгохыг зорьж байна. Энэ нь сум хооронд тогтмол нислэг үйлддэг “агаарын такси”-ны үйлчилгээ, орон нутгийн хөгжлийг бодитоор дэмжиж, дагалдах шинэ бизнесүүд үүсэх суурь болох учиртай. Аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхай, үйлчилгээний салбарын хөгжил эрс эрчимжиж, илүү үр дүнтэй, бүтээмжтэй шийдлүүд нэвтрээсэй гэж бодож үүнийг хийж байгаа. Булган руу ажлаар явлаа гэхэд баасан гарагт гараад, ням гарагийн хуваарьт онгоцоор буцаж ирэхээр төлөвлөөд гарч болдог тийм л хэмнэлийг үүсгэх боломжтой гэж бид үзэж байгаа.
Төрийн болон бизнесийн зориулалтаар нисгэх боломжтой. Байгаль орчин хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээ, онцгой байдлын хэрэглээнд, ер нь маш өргөн хүрээнд ашиглагдах боломжтой онгоцууд маань бизнесийн орчинд ч төрөл бүрээр хэрэглэгдэхүйц байдлаар хийгдэж байгаа. Салбар салбарын мэргэжилтнүүдийн цаг, нөөцийг хэмнэж, олон хүний амь аварч, асар их бүтээмж авчирна гэдэгт итгэлтэй байна.
БАГ
Чадварлаг хүний нөөц бүрдүүлнэ гэдэг компани бүрд л тулгардаг асуудал байх. Бид үнэхээр тийм шүү гээд санал нийлж буйгаа хэлээд суух биш, харин энийг яаж өөрчилж чадах вэ гэдэгт төвлөрөн эрчимтэй ажиллахыг хичээж байна. Тиймдээ ч нисэхийн төвийн дэд бүтцээ сургалтын баазын зориулалтаар хөгжүүлэхээр зэхэж байгаа юм. Байшин барих бол асуудал биш. Харин багш нарыг бэлтгэн түүгээрээ дамжуулан нисгэгч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх нь гол ажил. Бид 2021 онд багтаан дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдвэрлэж, 2022 он гэхэд ажиллах нөөцөө бүрдүүлж, бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвлөгөөтэй.
Яг одоо манай багт салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай зөвлөхүүдээс гадна гадаадын нэр хүндтэй сургуульд суралцаад ирсэн залуу мэргэжилтнүүд, гаднын түнш компанийн төлөөлөл болсон олон талын чадвартай баг ажиллаж байна.
ИРЭЭДҮЙ
Бидний бизнесийн амжилт дотоодын зах зээлийг хөгжүүлэхтэй шууд холбоотой. Хэдэн онгоц зарж чадах вэ гэдэг нь чухал биш, хэр их онгоц зарах зах зээлийг бий болгох вэ гэдэг нь гол асуудал гэсэн үг.
Яг л гар утас анх зах зээлд нэвтэрч байсантай ижил ойлголт гэж бид хардаг. Хүмүүс хоорондоо харилцах, мэдээлэл солилцох эрэлт байгаа нь илхэн байсан ч гар утсыг таниулах, хэрэглээг нь ойлгуулах, тохиромжтой нөхцөлөөр байршуулах нь амаргүй байсан. Эдгээр суурь нөхцөл бүрдэхгүй бол хэн ч гар утас авахгүй, хэн ч гар утас зарж чадахгүй шүү дээ. Тиймээс л бид бүх талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлж, улмаар тогтмол хэрэглээг үүсгэх нь энэ салбарын ирээдүй гэж үзээд байгаа юм. Манайхтай олон талаараа төстэй Шинэ Зеланд л гэхэд бага оврын 4000 гаруй онгоцтой, агаарын таксины зориулалтаар нааш цааш тогтмол нисэж байна. Энэ загварыг нутагшуулж, ийм ирээдүйг наашлуулахын тулд бидэн шиг стартапуудаас гадна төр засгийн идэвх, хувийн хэвшлийн санаачилга хэрэгтэй.
Нөгөө талаас, Монгол орны газарзүйн онцлогийг агаарын тээвэрт давуу тал болгон ашиглах боломжтой гэж бид үзэж байгаа. Улаанбаатараас хамгийн алслагдсан бүс рүү аялахад баруун, зүүн зүгт бол 1000 км, хойш, урагшаа бол 500 км зам туулах шаардлагатай болдог. Эдийн засгийн үр ашигтай хэрэглээ талаас нь харвал 1000 км-ээс дотогш зайд сэнсэт хөдөлгүүрт, түүнээс дээш буюу 1000-аас илүү км-ийн зайд тийрэлтэт хөдөлгүүрт онгоц нисэх нь тохиромжтой байдаг. Тиймээс бид нэг хүнд ногдох зардал буюу тасалбарын үнийг хамгийн хямд байлгахын тулд сум хоорондын нислэг рүү илүү төвлөрч, аймаг, бүсийн төв хоорондын нислэгийг салбартаа тогтсон үйл ажиллагаа явуулж буй бусад компаниуд явуулах моделийг хамгийн зөв гэж тооцож байна.
Монгол орны хамгийн захын хэсэгт оршин суудаг гэр бүл яаралтай хэрэгцээ, аминд тулсан хэрэг гарахад 3-4 цагийн дотор хот орж, хамгийн сайн үйлчилгээг авах боломжтой гэдгээ мэдэх тэр баталгааг бид олгохыг хүсэж байна. Энэ итгэл үнэмшил хүмүүст байвал нутагтаа амьдрах таатай нөхцөл бүрэлдэж, дагалдах бизнесүүд ч хөгжиж, шууд болон шууд бус замаар орон нутгийн хөгжлийг тэтгэх боломжтой болно гэж харж байна даа.
ЭРСДЭЛ
Цоо шинэ зах зээлд тэсрэлт хийж гарч ирнэ гэдэг өөрөө тэр чигээрээ эрсдэл. Дөнгөж бий болж байгаа чиглэл учир бид хамтын бизнесээ зөвөөр ойлгуулж, илүү хурдтай урагшлах арга замыг эрэлхийлэх нь маш чухал гэдгийг ухамсарлаж байна.
Өмнө дурдаж байсанчлан, үүрэн телефоны салбарын эхэн үед хэрэглэгчид өөр операторын хэрэглэгчид рүү мессеж бичиж ч чаддаггүй байлаа шүү дээ. Бие биенээ дэмжихгүй, эрүүл өрсөлдөхгүй бол зах зээл тэлдэггүй гэдгийг бид нүдээрээ үзсэн. Өрсөлдөгчийнхөө эсрэг хариу үйлдэл, шийдвэр гаргахыг бизнесийн зарчмаасаа илүүд үзэх нь салбарыг ч, зах зээлийг ч хохироож орхидог.
Тиймээс бид салбарынхаа экосистемийг бүхэлд нь анхаарч, салбарын түншлэл-хамтын ажиллагааг хөгжлийн түлхүүр гэж харж байгаа. Цугаараа зах зээлээ хөгжүүлэн, боловсруулсан үйлчилгээгээрээ эрүүл өрсөлдөөн үүсгэх хэрэгтэй. Бүх оролцогч талууд үүргээ гүйцэтгэж чадвал энэ салбарын хөгжил ч тэр хэрээр хурдасна шүү дээ.
Нийтлэлийг бэлтгэсэн: А.Ундрал