2019 оны эхний улиралд Монголын хөрөнгийн зах зээлд төдийгүй манай улсын зах зээлийн түүхэнд хоёр чухал үйл явдал болсон. Нэг нь Монос хүнс ХК, нөгөө нь “Түмэн шувуут” ХК хувьцаа гаргасан явдал.
Өнөөдөр монголчууд жилдээ 200 сая өндөг иддэг гэсэн тоо байна. Энэ нь сүүлийн 25 жилд долоо дахин өссөн үзүүлэлт ч өндөр хөгжилтэй улсын нэг хүний хэрэглээтэй харьцуулвал гурав дахин бага. Тиймээс ч хурдтай томорсоор буй зах зээлийг хангахаар “Түмэн шувуут” компани үйлдвэрлэлээ тэлэх шийдвэр гаргажээ. Гэвч үүнд шаардлагатай 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкнаас жилийн 25 хувийн хүүтэй зээл авч бүрдүүлэх нь амиа хорлосноос өөрцгүй. Тиймээс тус компани хөрөнгийн зах зээлийг сонгож, Голомт капитал компани андеррайтераар ажилласны үр дүнд сар хүрэхгүйн хугацаанд 10 тэрбум төгрөг босгож чаджээ. Ийнхүү Голомт Капиталын хариуцаж ажилласан, хөдөө аж ахуйн салбар дахь анхны IPO Монголын хөрөнгийн зах зээл болоод хөдөө аж ахуйн салбарт цоо шинэ хуудсыг нээв.
Үүнээс дөрөвхөн сарын дараа Голомт Капитал нь Монголын анхны эрүүл мэндийн салбарын IPO-гийн төсөлд андеррайтераар ажилласан нь бас амжилттай болов. Монос хүнс ХК эрүүл мэндийн ус, ундааны үйлдвэрийн төсөлд шаардлагатай 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд зогсохгүй зорилгоо давуулан биелүүлж нэмэлтээр хоёр тэрбум гаруй төгрөг босгосон нь Монголын хөрөнгийн биржийн түүхэнд бас нэгэн содон үйл явдал болжээ. Моносын хувьцааг эмийн сангаас нь очиж авч болох эсэхийг ч асуусан тохиолдол гарч байв. Гэхдээ Голомт Капитал уг төсөл дээр гар утаснаасаа шууд хувьцаа худалдаж авах шийдлийг хэдийнэ хангачихсан байсан нь “Social Pay” аппликейшн байв.
Ийнхүү голдуу хэрэглэгчийн хувиар зах зээлд оролцдог байсан Монголын ард түмэн үндэсний үйлдвэрлэгч компаниудынхаа ирээдүйд хөрөнгө оруулдаг болов. Хөрөнгийн зах зээлээр дамжуулж баялаг хуваарилах нь тэгш бус байдлыг бууруулах арга замуудын нэг юм. Монголчууд эрт дээр үеэс амин хувийн ашиг өвсний шүүдэртэй адил, ард олны ашиг өндөр уултай адил хэмээн сургасаар ирсэн. Ашиг хонжоог хойш, үнэ цэнийг тэргүүнд тавих энэ зарчим хөрөнгийн зах зээлд ч адилхан гэдгийг Голомт Капиталын Гүйцэтгэх захирал О.Мөнхжаргал яриандаа дурдав. Тийм ч учраас Голомт капиталын цаашдын зорилго бусад компаниас ялгарч буй юм. Тэр ялгарал нь үнэ цэн. Товчхондоо алсын хараатайгаар хөрөнгө оруулахыг хэлж буй. Хөрөнгийн зах зээл дэх хувьцааны үнийг харвал хөрөөний ир мэт байдаг. Харин урт хугацааны хандлагыг нь харвал тогтмол өсдөг. Америкийн хөрөнгийн биржийн топ 500 компанийн хувьцааны сүүлийн 10 жилийг харвал жилийн дундаж өгөөж нь 15.2 хувь. Гэвч хэзээ нэгэн цагт хөөс хагарах нь жам. Тиймээс ч богино хугацааны хонжооны хойноос хөөцөлдөгсөд ихэвчлэн мөнгөө алдаад дуусдаг. Өөрөөр хэлбэл, тоглолтын талбай бус онооны самбарт илүү ач холбогдол өгч анхаардаг тоглогч ялахаасаа алдах нь олон.
Дуртайд хүчтэй
Хөрөнгийн зах зээлийг урт хугацааны өгөөж гэж хардаг хүн л амжилт үздэг болохоос сүргийг дагаж ханардаг нэгэн хол явдаггүй гэж Уоррен Баффет хэлдэг. Мөн түүний байнга хэлдэг “хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт бол тухайн хүний өөртөө, боловсролдоо зарцуулсан мөнгө юм” гэдэгтэй маргадаг хүн цөөн.
Аливаа хөрөнгө оруулалтаас өнөө маргаашийн ашиг бус урт хугацааны өгөөж хүртэхийн ач холбогдлыг О.Мөнхжаргал ахлах сургуульд байхаасаа л ойлгожээ. Энэтхэг улсад олон улсын сургуульд суралцах завшаан гарсан нь түүнд эдийн засаг болоод санхүүгийн салбартай эрт танилцах боломж олгосон аж. Ийнхүү Монголд ахлах ангиа төгссөн сурагчид зөвхөн математикийн мэдлэгтээ тулгуурлаж санхүүчийн мэргэжлийг сонгодог бол тэрбээр санхүүчийн мэргэжлийг сонгохдоо хэдийнэ эдийн засгийн суурь хичээлүүдийг ахлах сургуульдаа үзчихсэн байв. Ийнхүү их сургуульд орсон цагаасаа сурч мэдсэнээ ашиглаж хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийж, хоол унааны мөнгөө олчихдог болов. Үргэлж ашигтай арилжаа хийдэггүй ч боломжийн өгөөж хүртдэг байсан тухайгаа дурсан ярих аж. Энэ байдлаараа тэрбээр бага сага мөнгө олоод байж болох ч мэргэжлийн түвшинд тоглож байж ирээдүйд үнэ цэн бүтээнэ гэдгийг сайн мэдэж байлаа.
Их сургуулиа төгсөөд Америкийн хамгийн том кастодиан банк “Statestreet”-ээс ажлын гараагаа эхэлж байв. Гэвч хөрөнгийн зах зээл үүсч хөгжөөд хэдэн зуун жил болчихсон улс оронд хувь нэмрээ оруулах зүйл түүнд бага байв. Тиймээс ч нутгийн зүг жолоо залав. Ингээд Монголын санхүүгийн салбарт арваад жил гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад ажилласны эцэст Голомт Капиталын Гүйцэтгэх захирлын ажлыг 2017 онд хүлээж авав.
Гэхдээ хөрөнгийн зах зээлд мэргэжлийн тоглогч болоход тэр алдааг тойрч гараагүй. Apple компанийн хувьцаанаас найзынх нь аав өгөөж хүртдэг байсныг багын найзаасаа анх арван долоотойдоо сониучирхан сонсдог байж. Их сургуульд байхаасаа хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртдэг байсан тэрбээр нэг л өдөр огт арилжаа хийгээгүй байтал дансан дахь бүх мөнгөө алдах нь тэр. Учир нь данс нээлгэсэн брокерын компани нь өөрөө дампуурсан байлаа. Тухайн үед ямар компанийн хувьцааг худалдаж авч байгаагаа ч сайн мэдэлгүй арилжаанд оролцдог байснаас гадна брокерын компани нь нээлттэй биш тул хэзээ ч дампуурч болохыг тэрбээр сайтар ойлгож авсан. Муу тоглогчтой сайн тохиролцоо хийж чаддаггүй гэдэг нь ч эндээс харагдав. Мөн эрсдэл гэдэг юу хийж байгаагаа сайн мэдэхгүй байгаагаас л үүддэг гэдгийг ойлгож, гэрийн даалгаврыг үндсэн ажлаас илүү чухалчлах болжээ.
Хөрөнгө оруулж, хувьцаа худалдан авах платформоо сонгоход нарийн учир бий. Дээрх сургамжийг одоо ч мартдаггүй учир О.Мөнхжаргал дэлхийн топ онлайн брокеруудын нэг, хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг “Interactive Brokers”-ын системийг ашиглахаар тэдэнтэй албан ёсны түншлэлийн гэрээ байгуулсан юм. Энэ мэт системийг ашиглаж хөрөнгийн зах зээлд буй сая сая компаниас ирээдүйд үнэ цэнэ бүтээх зөв компанийг таньж чадваас уул овоо шиг их өгөөж ч хүртэж болдог. Ийм компанид хөрөнгө оруулахад хэзээ ч оройтдоггүй. Тэвчээргүй нэгнээс тэвчээртэй нөгөө рүү шилждэг энэхүү хөрөнгийг удирдахад тасралтгүй суралцаж, туршлагажиж буй О.Мөнхжаргал гадна дотны компаниудын хувьцаатай холбоотой сонирхолтой түүхүүд ярихаараа өөрийн эрхгүй инээд алдах аж. Бизнесийн ертөнцөд хамгийн амжилттай яваа хүмүүс мөнгө олохын төлөө улайрдаг бус, ажилдаа дурлаж тэмүүлдэг хүмүүс байдгийн нэг жишээ нь тэр юм.
Үзэгчийн суудлаас тоглолтын талбай руу
Амазон гэх нэртэй, анх онлайнаар ном зарж эхэлж байсан компани тэртээ 1997 онд хувьцаагаа олон нийтэд нээлттэй зарлаж байхад нэгж хувьцааны үнэ 18 ам.доллар байв. Энэ үед Амазоны ирээдүйд итгэн ердөө 100 ам. долларын ганцхан дэвсгэртээр л хувьцаа авчихсан хүн өдгөө 130 мянган ам.доллартай байх байсан аж. Иймэрүү жишээг дотоодын зах зээлээс ч харж болно. Жишээ нь, хэрэв та 2003 оны нэгдүгээр сараас 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл /нийт 203 сар/ сар бүр 40 мянган төгрөгөөр АПУ ХК-ийн хувьцааг худалдан авч байсан бол нийт 8 сая 120 мянган төгрөгөөр 2,7 сая ширхэг хувьцаатай болсон байх ёстой. Энэ хугацаанд АПУ ХК хоёр удаа 100 болон 10-ын харьцаагаар хувьцаагаа хуваасан байна. Хувьцааны үнэлгээг 2020 оны дөрөвдүгээр сарын ханшаар тооцвол та нийт 1.4 тэрбум төгрөгтэй болж хөрөнгө оруулалт тань 17674 хувь өссөн байна. Сүү ХК-ийн хувьцаа ч үүнтэй төстэй. Учир нь АПУ, Сүү компанийн хувьд иргэд үргэлж бүтээгдэхүүнийг нь хэрэглэх учраас дампуурах эсвэл үнэлгээ нь буурах магадлал бага. Гэвч энэ бүхэн ердөө амжилттай яваа компаниудын л жишээ. Үүний цаана хувьцаа нь унасаар эцэстээ дампуурсан өч төчнөөн компани бий.Хөрөнгийн биржийн индексийн тоо бүхний цаана сая сая хүний хөлсөө дуслуулж байж олсон мөнгө болоод тэдний олз, гарз явж байдаг. Тийм ч учраас урт хугацааны тогтмол өгөөж гээч амар олддог эд биш, хөрөнгө оруулагчаас олон жилийн судалгаа, тэр хэмжээний мэдлэг шаарддаг. Өөрөөр хэлбэл урт хугацаанд хөрөнгийн зах зээлд тоглох гэж байгаа бол хөрөнгө оруулах компанийнхаа бизнесийг болоод салбарыг маш сайн ойлгодог байх хэрэгтэй.
Амазоныг бүгд л онлайн худалдаа болоод барааны хүргэлт хийдэг бизнесээр нь мэддэг. Гэвч тэд 2019 онд хүргэлтээсээ ашиг бус алдагдал хүлээсэн. Харин тэдний орлогын маш хурдтай өсөн нэмэгдэж буй нэг эх үүсвэр бол веб серверийн үйлчилгээ. Өдгөө Амазон компани веб серверийн үйлчилгээнээсээ 10 тэрбум ам.долларыг олдог бөгөөд нийт орлогынх нь 11 хувийг эзэлдэг бөгөөд эдгээр тоо цаашдаа ч өснө. Энэ мэтчилэн хувьцааг нь авах компаниа судлахаас эхлээд хөрөнгийн зах зээлд арилжаа хийхэд олон талын мэдлэг шаардана.
Тиймээс ч Голомт Капиталаас зөвхөн бизнесүүдэд хэрэгтэй хөрөнгийг нь босгож өгөөд зогсохгүй ирээдүйн хөрөнгө оруулагчдыг нь ч бэлтгэдэг. Хүн бүр ажил болоод амьдралынхаа хажуугаар бизнес бүрийг нарийн судална гэдэг төвөгтэй. Тиймээс ч тэд хөрөнгийн зах зээлийн сургалтыг тогтмол зохион байгуулаад хоёр жил болж буй. Сургалтанд сууснаар та хөрөнгийн зах зээлд тоглогч болж болно эсвэл хөрөнгийг хамгийн сайн удирдаж чаддаг нэгэнд өөрийн хөрөнгөө даатгах нь зөв хувилбар байх тохиолдол бий. Олон улсад хүмүүс өөрсдийн хуримтлалаа хөрөнгө оруулалтын сангуудад оруулж, улмаар сайтар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд тэдний хөрөнгийг өмнөөс нь өсгөж байдаг. Тиймээс ч Монголд ирээдүйд хөрөнгө оруулалтын сан байгуулах бололцоог Голомт Капитал судалж буй.
Монголд ирээдүйд хөрөнгө оруулалтын сан байгуулах бололцоог Голомт Капитал судалж буй.
Бүрэн хөгжиж амжаагүй Монголын санхүүгийн нэгэн тулгуур салбар бол хөрөнгийн зах зээл. Хөрөнгийн зах зээлээс тогтмол өгөөж хүртэх нь зөвхөн хөгжингүй улсын иргэдийн л хүртдэг тансаг “хэрэглээ” байхаа больж байна. Хөрөнгийн зах зээл дээрээс ирээдүйн “эзэнт гүрэн” болох эхлэлээ тавьж чадсан хаа холын мэт сонсогдох компаниуд үнэндээ тийм ч хол биш, магадгүй үндэсний тэр компанийн логотой бүтээгдэхүүнүүд таны гэрт ч байж болох юм.
Учир нь ирээдүйд гаднын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох компаниудад маш том ирээдүй байгааг О.Мөнхжаргал итгэлтэйгээр хэлнэ. Өнөө, маргааш бус урт хугацаанд суурь өгөөжөөр хөрөнгийн зах зээл нь өөрийгөө хамгийн сайн илэрхийлдэг гэдгийг нээлттэй компаниудын түүх өгүүлдэг. Уул уурхайн бизнес бус үйлдвэрлэлийн бизнес хөгжих суурь тавигдаж, салхины чиг өөрчлөгдөж байна. Байгалийн баялгаараа л олон улсын хөрөнгө оруулагчдыг татдаг Монгол улс дэлхийд өрсөлдөх үйлдвэрлэгч компаниудаа бэлтгэсээр буй. Нэг л өдөр тэд олон улсын түвшинд бусадтай өрсөлдөнө.
Энэ санааг бодит амьдрал болгоход хөрөнгийн зах зээлийн багтаамжийг өсгөх шаардлагатай. Энэ багтаамжийг өсгөхөд хүмүүсийн хуримтлалд суурилсан хөрөнгө оруулалтын тогтолцоо хэрэгтэй байгааг О.Мөнхжаргал дахин дахин онцолж байлаа.
Монгол Улсын тэтгэврийн тогтолцоонд эргэлддэг хоёр их наяд орчим төгрөгийн хөрөнгийг бүгдийг нь биш юмаа гэхэд тодорхой хувийг хөрөнгийн зах зээл рүү татаж, зөв менежменттэй ажиллавал урьд хожид байгаагүй их боломж бүрдэнэ.
Олон улсын жишгээр ийм хуримтлалын хамгийн том хэлбэр нь тэтгэврийн сан. Монгол Улсын тэтгэврийн тогтолцоонд эргэлддэг хоёр их наяд орчим төгрөгийн хөрөнгийг бүгдийг нь биш юмаа гэхэд тодорхой хувийг хөрөнгийн зах зээл рүү татаж, зөв менежменттэй ажиллавал урьд хожид байгаагүй их боломж бүрдэнэ. Тодруулбал, хүмүүс төлсөн шимтгэлээрээ дамжуулан ашигтай бизнесүүдийн хувьцааг авснаар нэг талаас хуримтлалаа арвижуулж, нөгөө талаас үндэсний компаниа хөгжүүлэх замаар синержи үүсгэнэ. Хэрэглэгч болон компанийн аль алинд нь үүн шиг хожоотой хувилбар байхгүй. Ингэснээр үндэсний компаниудад хөрөнгө оруулалтын маш том, гэхдээ хямд эх үүсвэр бий болж, банк болон хөрөнгийн зах зээлийн баланс бий болно.
Нэг л өдөр хэрэглэгчдээсээ хөрөнгө босгож, цаашдаа хоёр тал хоёулаа ашиг олж болдог гэдгийг “Түмэн шувуут”, “Монос хүнс” хоёрын жишээ тодхон харуулсан. Одоо ашигтай салбарт ажиллаж буй, ирээдүйд олон нийтийн болох үндэсний компани олон гарах нь гарцаагүй. Тэр үед тэдэнд шаардагдах хөрөнгийг нь босгох үнэт цаасны мэргэжлийн компаниуд хэрэг болох нь эргэлзээгүй. Голомт Капиталын хэрэгцээ, үнэ цэн энд л оршино.