Улаанбаатар ямар үнэтэй вэ?
Хэрэв Улаанбаатарыг банканд барьцаалж болохоор үл хөдлөх хөрөнгө гэж үзвэл хамгийн муу үнэлгээтэй хөрөнгө болно. Агаар, хөрс, ус бохирдуулж, хүн, машин чихэлдүүлэх чадалтай хот тэр хэрээрээ мөнгө олох боломжтой байх ёстой. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд үл хөдлөх хөрөнгө ихтэй нь баян байдаг. Гэвч өнөөдөр 16 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэдэг Улаанбаатар хот дөнгөж 900 орчим тэрбум төгрөгийн орлого олдог. Үүний 80 гаруй хувийг зөвхөн хүн амын орлогын албан татвараас бүрдүүлдэг. Гэтэл 3.4 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй нийслэл маань төрийн өмчийг ашиглуулсны төлөө ердөө 3 орчим тэрбум төгрөгийн орлого олж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар баян байж чадахгүй, хөрөнгө оруулалт татах сонирхолтой орчин болж чадахгүй байна.
Нийслэлийн өмчид бүртгэлтэй 770 орчим үл хөдлөх хөрөнгөний дийлэнх нь сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаа болон хороодын байрууд. Төр, хувийн хэвшил хамтарч ажиллах хэлбэр сүүлийн үед улам баяжиж байгаа. Зарим улсад тухайн дүүргийн сургууль нь дүүргийнхээ соёл, боловсрол, спортын төв нь болж, номын сан, спорт заал, хичээлийн танхимуудаа олон нийтэд, бусад сургалтын байгууллагад ашиглуулж орлого олдог жишиг бий. Харин манайд зуны саруудад бараг бүх сургуулийн хаалга цоожтой байдаг.
Нийслэлийн үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж төр, хувийн хэвшил хамтран ажиллах шинэ орон зайг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент” үнэт цаасны компани нээж байна.
Мөн Соёлын төв өргөө, Хуримын ордон, Хүүхдийн урлан бүтээх төв, Улаанбаатар чуулга гэх зэрэг ашигтай барилга эдийн засгийн эргэлтэд орж чадаагүй. Жишээ нь, хоорондоо 100 метрийн зайтай Соёлын төв өргөө, Сентрал Тауэр хоёрын нэг метр ам дөрвөлжин талбайн түрээсийн үнэ өөр хоорондоо тэнгэр, газар шиг ялгаатай. Тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байгаа ч, өөрийн орлогоос давсан их алдагдалтай, ямар ч үр ашиггүй ажиллаж, үр өгөөжөө өгч чаддаггүй.
Тиймээс нийслэлийн өмчид хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ, санхүүгийн иж бүрэн шинжилгээ хийж, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үнэ цэнийг өсгөн нийслэлийн эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах менежмент хийх шаардлагатай болов.
Нийслэлийн өмчийн удирдлагад өөрчлөлт гарч байна
Нийслэлийн үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж төр, хувийн хэвшил хамтран ажиллах шинэ орон зайг нээх талаар эртнээс яригдсан. Үүнтэй холбоотой нийслэлийн өмчийг “амьд” болгож, үр дүнтэй менежмент хэрэгжүүлэхийн тулд 2018 онд Нийслэлийн удирдлагаас нэгэн шийдвэр гаргасан нь “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент” үнэт цаасны компанийг (НӨУБХОМ ҮЦК) байгуулсан явдал юм.
Олон улсад хөрөнгө оруулалтын сан болон салбарын мэргэжилтнүүд хүмүүсийн хөрөнгийг итгэмжлэн удирдаж, хэрэгцээтэй төсөл, хөтөлбөрт оруулж өгөөж бий болгодог. Энэ жишгээр “НӨУБХОМ ҮЦК” нь нийслэлийн хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын менежмент хийх, хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө, үнэт цаас, даатгалын компанийн нөөц хөрөнгө зэргийг итгэмжлэн удирдах эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Цэвэр зах зээлийн зарчмаар ажиллах энэхүү ҮЦК нь анхнаасаа удирдлагаа мэргэшсэн багаар бүрдүүлж, банк, санхүүгийн салбарт олон жил ажилласан туршлагатай захирлууд ТУЗ-д ажиллаж байна.
Улаанбаатар хот юун түрүүнд хэдэн зуун тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийн баталгаа гаргаж чадах учраас нийслэлийн бонд бусад бондоос маш том давуу талтай.
“Үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг сайжруулах бидний гол зорилго зардлыг бууруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна” гэж тус байгууллагын Зөвлөх Д.Отгонсүрэн ярилаа. Энэ хүрээнд хамгийн түрүүнд менежмент хийх шаардлагатай байгууллагаар Соёлын төв өргөө, “Урт цагаан” үйлчилгээний төв, Улаанбаатар хотын музей, Хүүхдийн урлан бүтээх төв, Гэрлэх ёслолын ордонг сонгожээ. Эдгээр байгууллагад олон улсад ашигладаг REIT (Real Estate Investment Trust) аргыг ашиглаж Нийслэлийн үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн сан байгуулахаар төлөвлөж байна. REIT гэдэг нь хамтарсан хөрөнгөөр үл хөдлөх худалдан авч, удирддаг компани юм.
Өөрөөр хэлбэл, “НӨУБХОМ ҮЦК” нь нийслэлийн өмчийнх боловч яг л бусад үнэт цаасны компанитай адилхан зарчмаар ажиллаж, хувийн хэвшлийн компаниудтай хамтын ажиллагаа өрнүүлж, цаашлаад хэрэв, нийслэлийн өмчийг одоогийнхоос илүү үнэ цэнэд хүргэж чадвал төрөл бүрийн үнэт цаасыг олон улсын зах зээлд санал болгох боломжтой аж.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар уг компанийн сангийн актив 12 төрлөөр хөрвөх чадвартай. Тухайлбал, алт, валют, үл хөдлөх хөрөнгө, компанийн хувьцаа, бонд гэх зэрэг хөрөнгө оруулалтын актив байж болно. Олон улсын туршлагаас үзэхэд аливаа төсөл, хөтөлбөрт хэд хэдэн хувилбараар хөрөнгө оруулах боломжтой. Нэгт, тухайн компанийн хувьцааны тодорхой хэсгийг худалдан авч, түүгээрээ дамжуулан төслийн үр өгөөжийг хүртэх, хэрэв уг төсөл амжилттай хэрэгжиж, хувьцааны үнэ өссөн тохиолдолд буцаан арилжаалах замаар хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөө нэмэгдүүлэх. Хоёрт, бонд буюу өрийн хэрэгслээр дамжуулан тодорхой хэмжээний хөрөнгийг тухайн төсөл, хөтөлбөрт оруулж, хэрэгжүүлж буй компанитай гэрээ байгуулж, тодорхой хугацааны дараа эдийн засгийн үр ашгаа өгөхийг нь хүлээх.
Тэгэхээр нэг хэсэг олон нийтийн дунд яригдсан Нийслэлийн бондын санаа хэрэгжихээр болвол менежментийг нь хийх газар нь “НӨУБХОМ ҮЦК” юм. Компанийн зөвлөх Д.Отгонсүрэнгийн хэлснээр Улаанбаатар хот юун түрүүнд хэдэн зуун тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийн баталгаа гаргаж чадах учраас нийслэлийн бонд бусад бондоос маш том давуу талтай. Гэвч нийслэл хот эрх зүйн хувьд ингэж баталгаа гаргах боломжгүй байгаа учраас одоо хэлэлцэгдэж буй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай батлах ёстой аж.
Нийслэл хот санхүүгийн хэрэгслүүдийг ашиглаж, бие даан бонд гаргах эрхтэй болчихвол зээлжих зэрэглэлийн асуудал ч яригдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын сангууд хөгжиж, нийслэл өөрийн гэсэн санхүүгийн чадавхтай болчихвол олон улсын байгууллагаар үнэлүүлж, улмаар олон улсын тоглогч болох боломжтой. Тиймээс “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хөрөнгө оруулалт, менежментийн компани болно” гэж алсын хараагаа томъёолжээ.
Хэдийгээр одоо олон улсын зах зээлд гараагүй байгаа ч “НӨУБХОМ ҮЦК” гадаад харилцаагаа идэвхитэй хөгжүүлж “Америкийн худалдааны танхим”-ын гишүүн гэсэн статусаа ашиглан Уолл Стрийт дэх нэгэн хуулийн фирмтэй хамтран Вашингтон, Нью-Йорк хотуудад үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад буй.
Ийнхүү нийслэлийн өмчид суурилсан хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн компани байгуулагдсан нь олон нийтийн шүүмжлэлд цөөнгүй өртдөг нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, менежментэд гарч буй нэгэн том хувьсгал гэж болно.
Хөгжлийн ихэр сангууд
Компанийн үндсэн үйл ажиллагаа нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан нийгэм, эдийн засаг, байгаль орчны үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд чиглэж байна. Эдгээр төсөлд шаардагдах хөрөнгө оруулагчдын хөрөнгийг оновчтой удирдах, үр өгөөжтэй байлгах нь бас энэ байгууллагын нэгэн гол ажил аж. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд “Нийслэлийн хөгжлийн сан”, “Нийслэлийн ногоон сан”-г тус тус байгуулжээ.
“Нийслэлийн хөгжлийн сан”-гийн хувьд аж үйлдвэр, барилга, авто тээвэр, дэд бүтэц болон эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах бөгөөд хувийн хэвшлээс ирсэн төслүүдэд судалгаа, шинжилгээ хийж, үр өгөөжтэй төслүүдэд хөрөнгө оруулах боломжтой эсэхийг судалж байна. Тус сан нь нийслэлийн хөгжилд чиглэсэн урт хугацааны төсөл, хөтөлбөрүүд дээр мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулна.
“Нийслэлийн ногоон сан”-гийн ажил илүү эрчимтэй явж байна. Хүлэмжийн хий, орчны бохирдлыг бууруулахаас гадна ногоон эдийн засаг, ногоон ажлын байрыг бий болгосон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулна. Ногоон сан нь олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсаас хөрөнгө татаж удирдах чиглэл барин ажиллаж байна.
Олон улсын томоохон байгууллага, сангуудаас хүлэмжийн хийг бууруулах, агаар, хөрсний бохирдлыг багасгах ажлуудад хөрөнгө харамгүй зарцуулдаг болсон учир “Нийслэлийн ногоон сан” байгуулагдсан нь цагаа олсон хэрэг юм.
Мөн төрийн болон хувийн хэвшлийн хэд хэдэн төсөл хандсаны дотор таксины, гэр хорооллын сургуулиудын нам даралтын зуухыг хийжүүлэх төслөөс эхлээд хог хаягдлын чиглэлээр ажиллах зорилтот төслүүд, гэр хорооллын 150 мянган жорлонг ариутгах төсөл зэрэг нь эхнээсээ холбогдох шийдвэрүүд нь гарч, бодит ажил болоод явж байна. Мөн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн төсөл, хүлэмжийн хийг бууруулах төр-хувийн хэвшлийн төслүүдийг хүлээн авч, заримд нь хөрөнгө оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны санаачилж буй угсармал барилгын дулаан алдагдал бууруулах төслийн хүрээнд “Global Green Growth Insti-tute” байгууллагынхантай хамтран ажиллахаар хэлэлцэж буйгаа ч Д.Отгонсүрэн зөвлөх ярилаа.
Мод тарихаас эхлээд хөрсний бохирдол, ундны усны аюулгүй байдал, цаашилбал, агаарын бохирдол, автомашины яндангийн хий зэрэг чухал төслүүдэд олон улсаас санхүүжилт босгох боломжтой. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр эзнээ хайсан өчнөөн их мөнгө байгаа. Харин бид сайн боловсруулсан төсөл, ухаалаг менежментээр тэр мөнгийг татаж чадна. Олон улсын томоохон байгууллага, сангуудаас хүлэмжийн хийг бууруулах, агаар, хөрсний бохирдлыг багасгах ажлуудад хөрөнгө харамгүй зарцуулдаг болсон учир “Нийслэлийн ногоон сан” байгуулагдсан нь цагаа олсон хэрэг юм.