Барилга угсралт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбар дахь жижиг дунд бизнесүүд харилцагчийнхаа захиалгаар гүйцэтгэж буй ажил нэг бүрийг төсөл гэж болно. Ажлын хувцас үйлдвэрлэж өөрийн борлуулалтын цэгээр жижиглэн худалддаг үйлдвэрлэгч томоохон компанийн тендерт ялж бүтээгдэхүүнээ бөөнөөр нийлүүлж байгаа үйл явц бас л төсөл мөн. Түүнчлэн, жижиг дунд бизнес эрхлэгч нь өөрийн үндсэн бизнесийн зэрэгцээ туршилтаар өөр бизнес хийж үзэж байгаа нь ч төсөл. Учир нь эдгээр ажил, нийлүүлэлт нь тодорхой үүрэг даалгаврыг батлагдсан зураг төсвийн дагуу, заасан хугацаанд багтаан гүйцэтгэсэн байх ёстой ба ийнхүү гүйцэтгэснээр тухайн ажил, нийлүүлэлт нь дуусгавар болдог шинж чанараараа төсөл болж байгаа юм. Хэрэв төсөл гэж үзвэл түүнийг тусгайлсан төслийн удирдлагаар хангах хэрэгтэй нь зайлшгүй бөгөөд төслийн менежментийн үндсэн нэг чиг үүрэг болох гүйцэтгэлийг тодорхой хэмжин харуулахын тулд танд төслийн нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлагнах шаардлага тулгарна.
Төслийн нягтлан бодох бүртгэл хөтлөх хоёр шалтгааныг танилцуулъя.
- Бизнесийн стандарт бүртгэлээс ялгаатай.
Төсөл яагаад бүтэлгүйтдэг вэ? Нэгдүгээрт төлөвлөсөн хугацаандаа амжихгүй байх, хоёрт төсөв хэтрэх. Төлөвлөсөн хугацаанд амжсан үгүйг мэдэх амархан. Харин төслийн өртөг зардал төсөвтөө багтсан эсэхийг хэмжихийн тулд та төслийн нягтлан бодох бүртгэл хөтлөх ёстой юм. Төслийн нягтлан бодох бүртгэл гэх тусдаа онол байхгүй ч бизнесийн стандарт бүртгэлээс ялгарах онцлогтой, давуу талтай байдаг. Харьцуулж үзье:
Товчоор дүгнэхэд, төслийн гүйцэтгэлийг төсөвтэй өдөр тутам харьцуулж, хянаж, төсөвт багтаан ажил үйлчилгээг нийлүүлж чадсанаар төсөл амжилттай хэрэгжинэ. Ингэхийн тулд төслийн нягтлан бодох бүртгэл хөтлөх шаардлагатай.
- Тусгай нөөцийн удирдлага хэрэгтэй
Аливаа төслийн гол зорилго нь ашгийн боломжит дээд түвшинд хамгийн өндөр чанартай ажил үйлчилгээг нийлүүлсэн байх гэж үзье. Энэ зорилгод амжилттай хүрэхийн тулд нөөц буюу Материал, Хөдөлмөр болон Цаг хугацааг аль болох үр ашигтай байлгах, удирдан зохион байгуулах, бизнесийнхээ бусад үйл ажиллагаа, төсөлд ашиглагдаж байгаа нөөцтэй хольж хутгахгүй байх шаардлагатай тулгарна.
- Материал. Бараа бүтээгдэхүүн, суурилагдсан тоног төхөөрөмж, эсвэл барилгын хийц бүтээц үйлдвэрлэн нийлүүлэх зэрэг төсөлд материал худалдан авах, татан авах, нийлүүлэхдээ яг тухайн төсөлд нь зориулж тусгайлсан бүртгэл хөтлөх, бизнесийн бусад үйл ажиллагаа, бараа татан авалттай холихгүй байх шаардлагатай. Тухайн материалын худалдан авсан үнэ дээр худалдан авснаас эхлээд харилцагчийн мэдэлд шилжүүлэх хүртэл хугацаанд үүссэн нэмэгдэл зардал буюу өртгийг бүрэн гүйцэт тусгаж бодит үнэ өртгийг нь тогтоосны дараа төсөвтэй нь харьцуулах, дүгнэх хэрэгтэй болно.
- Хөдөлмөр. Захиалагчид ямар бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэхээс хамаарч зарим төсөл хэдэн арав, зуун ажилчинтай байх ёстой бол зарим төсөлд ганцхан хүн байхад хангалттай байж болно. Тухайн төсөлд зориулж цагийн ажилтан, гэрээт ажилтан авах харилцаа үүсэх ч магадлалтай. Энэ нь бизнесийн стандарт бүртгэл буюу хэвшмэл бүртгэлээс эрс ялгаатай, бага зэрэг төвөгтэй нөхцөл үүсгэдэг. Зарим төсөлд туслан гүйцэтгэгч компаниар ажил гүйцэтгүүлэх тохиолдол ч нийтлэг. Төслийн зорилгыг хангах, гүйцэтгэлийг хэмжих үүднээс ямар ч төрлийн хөдөлмөрийн болон бусдаар гүйцэтгүүлэх ажлын гэрээний харилцаа, тэдгээрийн хэрэгжилтийг тодорхой хэмжиж дүгнэж байх шаардлагатай тул тухай бүрт зохицон ажиллахад хүрдэг.
- Цаг хугацаа. Тухайн төсөл дэх материалын болон хөдөлмөрийн нөөцөд зарцуулж буй зардал нь төсөвтөө багтаж байв ч цаг хугацааны хувьд төлөвлөсөн ажлууд хоцорч яваа бол асуудал үүснэ. Учир нь төлөвлөсөн хугацаанд багтааж ажлыг дуусгахын тулд илүү их хөдөлмөрийн нөөц ашиглахад хүрэх ба төслийн төсөв хэтэрнэ гэсэн үг. Бизнест тогтсон ажлын цагтай, тогтмол цалинтай, дээр нь урамшуулалтай байх, эсвэл хийснээр цалин хөлс тогтоогдох хоёрын аль нэгийг сонгосон байдаг бол төслийг төлөвлөсөн хугацаанд, мөн батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлсэн байх шаардлага давхар тавигдана. Төлөвлөсөн хугацаандаа ажил явж байгаа эсэхийг бүртгэж хянахын зэрэгцээ батлагдсан төсөвтөө зардал багтаж байгаа эсэхийг нягтлах, түүнчлэн төслийн үлдсэн хугацаанд ажил бүрэн хийгдэж дуусах уу, төсөвтөө мөн багтах уу гэдгийг урьдчилан тооцох, төлөвлөх ажлыг гүйцэтгэдэг нь төслийн нягтлан бодох бүртгэлийн нэг онцлог юм.
Хэрэв та төсөл хэрэгжүүлдэг бизнес удирддаг бол бизнесийн стандарт нягтлан бодох бүртгэл бус төслийн нягтлан бодох бүртгэлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээрэй. Ингэснээр төсөл нэг бүрийн гүйцэтгэлийг тод ялган харж алдаа оноогоо дүгнэн, цаашдын хэрэгжүүлэх төслүүдээ илүү үр ашигтай байлгах боломжтой болно.