“Обзерв Консалтинг” ЗҮБ-ийн Менежментийн зөвлөх Т.Пүрэвхатан
-Цар тахал бизнесийнхэнд томоохон сорилт боллоо. Энэ цаг үед бизнес эрхэлж буй хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Цар тахал төдийгүй эдийн засгийн хүндрэл, цочролуудыг бизнесийнхэн сайнаар олж харвал эдгээр тохиолдлын дараа тунаж үлдсэн байгууллага томорч чаддаг. Мөн тухайн бизнес, байгууллага тогтвортой байх дархлаа суудаг. Яаж тэсэж, тогтож үлдэх вэ гэхээр ерөөсөө л борлуулалтаа харна. Манай борлуулалт, үйлчилгээний дүн яаж байгааг шинжлэх нь хамгийн чухал зүйл. Өнөөдрийн байдлаар бидэнтэй харилцаж буй зарим байгууллагын борлуулалт бүр хоёр дахин өсч байна. Гэтэл нөгөө талд зарим бизнес эрхлэгч үүнд бэлтгэлгүй байсан учир шууд үйлдвэрлэх боломжгүй гээд бууж өгч байна. Өнөөдөр танай бизнесийн борлуулалт унаад байвал энэ нь таны үнэхээр бодох ёстой асуудал. Тэр уналт, борлуулалт муудаад буйн цаад шалтгааныг нь олох хэрэгтэй. Хэрэглэгчийн худалдан авалт унасан гэдэг үгээр хааж болохгүй. Үнэхээр танай хэрэглэгчийн худалдан авалт муудсан уу, эсвэл орлох бүтээгдэхүүн байна уу, хэрэглэгчийн худалдан авах зан үйл өөрчлөгдсөн үү гэдэг яг тэр нарийн шалтгааныг нь хайж олоорой. Шалтгаанаа үнэн зөвөөр хайж олсон тохиолдолд ажиллаж болж байгаа юм.
Үүнээс гадна бизнес эрхлэгчид байгууллагаа үнэхээр байгууллага болгоё гэж зорьж л байгаа бол өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Байгууллагын хөгжил тухайн удирдлагын хөгжлөөс шууд хамаардаг. Цар тахал, эдийн засгийн уналт зэрэг сорилтын энэ үед захирал өөрийнхөө сурч боловсрох хөгжих цагийг хэзээ ч танаж болохгүй. Энэ цагийг хасах юм бол танай бизнес бүр хүндрэлтэй байдалд орно.
Подкаст сонсохыг хүсвэл энд дараарай