Хүмүүс нийгмийн сүлжээнд ажиллаж, амьдарч, амарч буй энэ цаг үед бид цахим орчныг ухаалгаар ашиглах соёлд суралцах хэрэгтэй болжээ. Нөгөө талаас ялангуяа, бизнес эрхлэгчдэд аяга кофе уух зуураа “хазаад идчих” жижиг чанартай мэдээллийг өгөх шаардлага бий болоод байна. Тэгвэл харахад ойр, хазахад амттай зүсэм мэдлэгийг хэрхэн бүтээх талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Уг зөвлөгөөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд цахим сургалтын эксперт, Цахим мэдлэг ТББ-ыг үүсгэн байгуулагч Я.Цэцэг-Өлзийгийн “Бизнес.мн” подкастанд өгсөн ярилцагаас түүвэрлэв.
Бизнесийн байгууллагын ажилтан та өнөөдөр ажлаа хийнгээ мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх боломжтой цаг үед ирсэн. Нөгөө талаас ажил олгогчид мэдээллийн технологийн хүчин чадлыг ашиглан байгууллагын сургалтаа илүү хүртээмж, давтамжтай байдлаар үр ашигтай явуулах боломж бий. Цахим сургалтыг ямар ч байгууллага явуулж болох бөгөөд энэ хэлбэрээр сургалт явуулж ажилчдаасаа тодорхой хугацаанд шалгалт авч үнэлдэг байгууллага ч байна. Банкны теллер, менежерүүдийн хувьд тэр бүр ажлын байраа орхиод сургалтад суугаад явах нь хүндрэлтэй. Түүнчлэн, орон нутаг дахь салбарын ажилчдаа нийслэлд байн байн авч ирж сургах хэцүү зэрэг асуудал бизнесийн байгууллагуудад тулгамддаг. Гэтэл дийлэнх гадны байгууллага ажилчдаа шинэ ажилд орохоос нь эхлээд үргэлж онлайнаар сургадаг. Цаашлаад ажилд нь ороход шинэчилсэн мэдээллийг сургалтаар дамжуулж олгодог туршлага цөөнгүй.
Цахим сургалтыг явуулах аргачлал
Цахим сургалт хоёр талтай. Сургалт явуулах гэж буй байгууллага бэлэн байна уу гэдэг нь хэрэгцээ шаардлагаасаа хамаарна. Бизнесийн байгууллагын хувьд сургалт ямар нэгэн асуудлыг шийдэх ёстой. Бизнест тулгамдаж байгаа асуудал сургалт явуулснаар шийдэгдэх эсэхийг тодорхойлно. Дараа нь сургалт явуулах зааварчилгааны дизайныг гаргана. Цахимаар, танхимаар эсвэл ажлын байр, үйлдвэрлэлийн орчинд дадлагаар явуулахыг зааварчилгааны дизайнер шийднэ. Зааварчилгааны дизайнер гэдэг хүн гурван зүйлийг маш сайн мэдэж байж эмч шиг жор бичиж, зөв хольцыг нь найруулж шийдэл гаргадаг.
Нэгдүгээрт, суралцагчдын хэрэгцээ, сургалтын орчныг маш сайн мэдэж авсан байна. Хоёрдугаар, заах гэж буй сургалтын агуулгыг тодорхой хэмжээнд мэднэ. Гуравдугаарт, тэр хүн цахим сургалтын төрөл хэлбэрүүдийг хэзээ, хэнд, ямар хүнд үр дүнтэй хүргэх вэ гэдгийг сайн мэддэг байх ёстой. Ингэснээр зөв жор найруулж хэрэгжүүлдэг.
Цахим сургалт явуулж буй байгууллагууд төслийн менежмент байдаггүй, дутуу эсвэл буруу менежменттэй явдаг нийтлэг алдааг гаргаж байна. Учир нь цахим сургалтыг ердийн өдөр тутмын ажлын менежментээр хийх боломжгүй. Үр дүн гарахгүй. Тэнд яг төслийн менежментийн зарчмаар хэрэгжүүлдэг. Төслийн менежментэд гурван зүйл байх ёстой. Нэгдүгээрт, зорилго тодорхой байна. Тухайн байгууллага яагаад сургалтыг явуулах болсон, ямар үр дүнд хүрэх, стратегийн хувьд суралцагчдынхаа тоог нэмэх үү, шинэ орон зайд хүрэх гээд байгаа юмуу, давтамж, хүртээмжээ нэмэх үү зэргээр зорилгоо тодорхойлно. Хоёрдугаарт хугацаатай байна. Жилийн дараа гэхэд ямар үр дүнд хүрэхээ, үечилсэн хугацаагаа нарийн товлох ёстой. Гуравдугаарт энэ ажлыг хэрэгжүүлэхэд төсөв мөнгө шаардлагатай тул нөөцөө зөв төлөвлөх ёстой.
Ингэж нөөцөө төлөвлөөгүй цахим сургалтыг өдөр тутмын ажлаа хийж байгаа хүнд өгөхөөр амжилтгүй болдог. Ингэснээр ойлгоогүй хүмүүс нь хойшоо сууж ганц нэг ойлгосон хүний хүчин чармайлт болоод өнгөрдөг. Угтаа цахим сургалт амжилттай явбал маш хурдан томордог төсөл. Гэтэл үүнийг амархан ажил гэж басамжилж, ажлын хажуугаар хийдэг гэж ойлгоод байдаг нь учир дутагдалтай.
Цахим сургалтыг шууд бичлэгээс гадна урьдчилан бэлдсэн бичлэгээр танхимын сургалтыг орлох маягаар хүргэж болдог. Үүнд хоёр талын бэлэн байдал чухал бөгөөд интернэтийн хурд сайн байх ёстой. Мөн суралцагч, сургалтын байгууллагадаа сахилга баттай орчноо бүрдүүлж өгсөн байх ёстой. Цар тахалын үед гэрээсээ ажиллах гэж буй хүмүүс ажлын орчноо бүрдүүлвэл бүтээмж өндөр байх болно. Тэр байтугай ажилдаа өмсдөг хувцсаа өмсөөд суухыг экспертүүд зөвлөж байна. Шууд дамжуулалт дээр хоёр талын харилцаа үүсгэх нь чухал. Бичлэг дээр бид нэг л талын харилцаа үүсгэнэ. Тэгэхээр үүнд сайн төлөвлөлт хэрэгтэй. Шууд дамжуулалтын үед юу болох, урьдчилаад агуулгын тоймоо суралцагчиддаа өгөөд ийм үр дүн гарна гэсэн хөтөлбөртэй явж байж сая үр дүн гарна.
Цахим сургалт хийх гэж байгаа бол хүний үнэт цагийг дэлгэцийн ард аль болох бүтээмжтэй, бүтээлчээр ашиглах хэрэгтэй.
Цахим сургалт хийх гэж байгаа бол хүний үнэт цагийг дэлгэцийн ард аль болох бүтээмжтэй, бүтээлчээр ашиглах хэрэгтэй. Цагийг хайрлах хэрэгтэй, видео хичээл хийсэн ч хаа хаанаа цагаа хайрлах хэрэгтэй. Тэнд бүтээж буй үнэ цэн, дамжуулалтын өртөг, хүний зарцуулж байгаа цагийг бодох хэрэгтэй. Сүүлийн үед аль болох богино хугацаанд сургалт явуулахыг зөвлөж байна. Хамгийн богинодоо 2-3 минутанд багтаах хэрэгтэй болж буй бөгөөд эхний 30-40 минутыг маш бүтээлчээр ашиглахыг зөвлөжээ. Эхлэл маш сонирхолтой бөгөөд юуны тухай ярихаа товч, тодорхой өгүүлсэн байх хэрэгтэй. Цахим сургалтыг явуулахад хамгийн түрүүнд зорилго чухал. Зорилго тодорхой байж хийх зүйл тодорхой болно. Яавал хамгийн хялбар бөгөөд сонирхолтой, ойлгомжтой, оролцоотойгоор өгөх вэ гэдгээ бодно. Хэчнээн гоё агуулгыг ойлгомжгүй тайлбарлах тохиолдол нэлээд байдаг. Хамгийн гол нь цаад хүнийхээ сонирхлыг өдөөж, тэр хүний нөхцөл байдал, цаад суралцагчдынхаа хэрэгцээг сайн мэдэрч ярих хэрэгтэй. Хүний, өөрийн цагийг хүндэлж цагаа баримтална. Мөн үзүүлэх зураг, материалаа бэлдэж тавьж байгаад хийнэ. Багш нар маань сургалт хийх гэж байгаа бол имэйл, мессенжерүүдээ хаах хэрэгтэй. Тэгж байж интернэтийнхээ хурдыг хадгална. Ялангуяа, вебинарын хувьд зэрэг олон сүлжээ ажиллуулж болохгүй. Вебинар дамжууллын үеэр хаа хаанаа сахилга батаа баримтлах хэрэгтэй.
Баг бүрдүүлэлт
Цахим сургалт явуулахад чиг үүргийн хувьд гурав, дөрвөн ажил, үүрэг зайлшгүй хэрэгтэй болж байна. Цахим сургалтанд зааварчилгааны дизайнер гол хүн. Манайд ийм ажил, мэргэжил алга. Гадны их дээд сургуулиудад бүгд зааварчилгааны дизайнер, сургалтын дизайнер бий. Мөн агуулгын эксперт гэж тухайн агуулгыг маш сайн мэддэг хүн байна. Үүнийг манай багш нар сайн ном сурах бичгээр орлуулаад явчихдаг. Тэгэхдээ аливаа онолын мэдлэгийг амилуулахын тулд заавал туршлагатай мэргэжлийн хүн байх хэрэгтэй. Тэгж байж тэр хүн практик агуулгаар хичээлийг наалдацтай, амьдралд ойрхон болгож буулгаж өгнө.
Гуравдугаарт нь онлайн багш. Манайд өдийг болтол цахим сургалт хөгжиж дэвшээгүй нь багшийн нуруун дээр энэ бүх ажлыг өгч байгаад юм. Дөрөвдэх нь технологи болон мултимедиа хөгжүүлэгч. Энэ нь хоёр тусгай ажил үүрэг ч байж болно. Цахим сургалт гэхээр сургалт удирдах платформ, талбарын асуудал яригдана. Тэр талбар, цахим курсээ менежментийг нь хийгээд, техникийн асуудлуудыг нь хариуцаад явах нэг хүн байна. Нөгөө талдаа мултимедиа хөгжүүлэх. Одоо мултимедиа хэрэгсэлгүй, видео, аудио хэрэгсэлгүй хичээл цөөхөн болж байна. Мөн энэ бүхнийг зангидсан төслийн менежер хэрэгтэй. Төслийн удирдаач нь энэ бүгдийг хийхэд шаардлагатай санхүү, хөрөнгө мөнгөний асуудлыг тасралтгүй шийдэж өгдөг байх ёстой.
Цахим сургалтыг хэрэгжүүлэхдээ байгууллага эхнээсээ суралцагчдаа бэлдэх ёстой. Ихэнх ажил бичгийн харилцаагаар явагдана. Тийм болохоор аливаа байгууллага бүх харилцагчтайгаа имэйлээр харилцах соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй.
Онлайн сургалт хийхэд багш танд нэмэлт ямар ур чадвар хэрэгтэй вэ?
Танхимд хичээл зааж байсан багш нар онлайнаар сургалт явуулахад мэдээллийн технологийн наад захын хэрэглээ чухал. Түүнийгээ бүтээлчээр ашигладаг чадвар хэрэгтэй. Онлайн багш сайн багшилж байгаа мөртлөө сургалтын хажуугаар фэйсбүүк мессенжерээ ашиглаад хувийн сувгуудаа нээлттэй ажиллах нь зохимжгүй. Багш өөрийнхөө цагийг хязгаарлах ёстой. Сургалт удирдах танхимд хичээлийнхээ гол агуулгыг ярилаа гэхэд талбар руугаа орохгүй байгаа хүүхдүүдийг оруулахын тулд мессенжер ашиглаж болно. Гэхдээ харилцааны сувгуудыг хоёроос илүү байлгаад хэрэггүй. Хэтэрхий олон суваг ашигласнаар багш өөрийн амрах цагаа багасгана гэсэн үг. Багшид аман харилцаанаас гадна бичгийн харилцаа, соёл их хэрэгтэй болж байна. Дэлгэцийн цаадхи суралцагчаа мэдрэх мэдрэмжтэй, цагийн маш сайн менежменттэй байх хэрэгтэй.
Онлайн сургалтын давуу тал
Зохион байгуулагч багш талдаа багшийн хөдөлмөрийг хөнгөвчилнө. Их дээд сургуулийн багш нар нэг лекцийг анги тус бүрт давтаж ордог. Үүний оронд зохиомжтой нэг сайн бичлэг хийгээд түүгийгээ тойрсон амьд хэлэлцүүлэг өрнүүлж, хүн бүрийг оролцуулахыг чухалчилна. Ингэж байж хүн бүрт чиглэсэн ажлаа хийх боломж бүрдэнэ. Багшийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн материалуудаа сайн ашиглаад сервесээ сайн үзүүлэх боломжтой. Мөн тухайн байгууллагад сургалтын бүх материал бааз үлдэх давуу талтай.
Багш халуун яриа өрнүүлж, амьд харилцааг бий болгох хэрэгтэй. Оюутнууд уйдах тул олон янзаар, сонирхолтой байдлаар хийх хэрэгтэй. Цахим сургалт хийх гэж байгаа хүмүүс хамгийн түрүүнд “learn one” платформыг ороод үзэхэд илүүдэхгүй.
Бид цахим сургалтыг хэрэгжүүлэх эхний шатанд ямар ч бэлтгэлгүйгээр ханцуй шамлан орсон. Үүнээс болж тулгамдаж буй хүндрэл асуудлууд бий. Гэсэн ч ерөнхий боловсролын сургуулийн багш нарт сургалтын материалын асар том нөөц сан бүрдэж буй давуу тал юм.
Амттай мэдээлэл байна, нүдэнд харагдтал зөвлөжээ, баярлалаа.