Долоо хоног бүрийн Мягмар гарагт “Хар Хорум Дижитал” ХХК, “Бизнес.мн” сэтгүүлээс зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинар энэ удаад “Хөдөлмөрийн харилцаанд тулгардаг түгээмэл асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь” сэдвийн хүрээнд боллоо. Сургалтын лектороор Обзерв консалтинг ЗҮБ-ын менежментийн зөвлөх Ж.Мөнхтунгалаг оролцож бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн харилцаанд гаргадаг түгээмэл алдаанаас хэрхэн сэргийлэх тухай зөвлөлөө.
Аливаа байгууллага болон ажилтан хоорондын харилцааг зохицуулж, ямар нэг асуудал гарвал барьж мөрдөх хамгийн чухал бичиг баримт нь хөдөлмөрийн гэрээ юм. Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн гаргадаг түгээмэл алдаа нь ажлын байрны онцлогийг тооцолгүй гэрээ байгуулах явдал болдог. Ажил олгогч байнгын ажлын байранд ажилтан авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаг бол байнгын бус ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ёстой бөгөөд үүнээс шалтгаалан хожим үүсэх эрсдэлээс сэргийлэх боломжтой байдаг. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг бол хөлсөөр ажиллах гэрээний асуудлыг Иргэний хуулиар зохицуулдаг ялгаатай.
Ажилтны хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх эсвэл аливаа ажлыг хавсран гүйцэтгэх, орлох, хослон ажиллах болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж шинэ нөхцөл, журмыг тусгах ёстойг лектор онцоллоо. Сайн хөдөлмөрийн гэрээ нь угтаа ажлын байрны тодорхойлолтоос эхлээд гэрээ сунгах хугацаа, нөхцөл, аливаа зөрчил зэрэг боломжит бүхий л эрсдэлийг тооцож багтаасан байх ёстой.
Гэрээ бол хуулийн дараах хууль юм.
Хөдөлмөрийн харилцаанд гардаг өөр нэгэн түгээмэл асуудлыг хөндсөн нь сахилгын зөрчил, түүнтэй холбоотой шийтгэлийн тухай асуудал байв. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журамд заасан хэм хэмжээг зөрчих үйлдлийг сахилгын зөрчилд тооцдог. Сахилгын зөрчил гаргасан ажилтныг сануулах, гурван сар хүртэл үндсэн цалинг 20 хувь хүртэл хасах, ажлаас чөлөөлөх зэргээр шийтгэдэг бол хууль бус сахилгын шийтгэлд дараах хэлбэрүүд багтана:
- Торгох
- Албан тушаал бууруулах
- Туршилтын хугацаа сунгах
Сахилгын шийтгэлийг зөвхөн сахилгын зөрчилд ногдуулах ёстой бөгөөд шийтгэлийг хуульд заасан хугацааг баримтлан ногдуулах (зөрчлийг илрүүлснээс хойш нэг cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүүгүй хугацааг баримталж шийтгэлийг ногдуулдаг.) Мөн ажилтан ямар ч зөрчил гаргасан түүнийг баримтжуулж заавал хувийн хэрэгт хавсаргаж байх нь гарч болох эрсдэлээс компанийг хамгаалдаг байна.
Ирэх долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинар “Бизнесээ хэрхэн системчлэх вэ?” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд ментороор “Хар Хорум Дижитал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат оролцоно .
Дараагийн вэбинарт бүртгүүлэх линк: https://business.mn/wroom/