“Mars on Earth” буюу “Дэлхий дээрх Марс (ангараг)” олон улсын (цахим хосолсон) хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсад, Төрийн ордонд болно. Уг арга хэмжээг угтан Мars-V төслийн гүйцэтгэх захирал Г. Амгаланбаяртай ярилцлаа.
Энэ том арга хэмжээгээр та бүхэн нийгэмд ямар мэссэж өгөхийг зорьж байна вэ?
“Дэлхий дээрх Марс” гэдэг маань өөрөө хамгийн том мэссэж. Өөрөөр хэлбэл, дэлхийн олон цөл дундаас Марсынхтай хамгийн адилхан нөхцөл байдалтай нь Монголын говь болохоор Монгол нь Марс судлалын лабораторын орчин байж болно гэсэн санаа. Энэ төсөл бол шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн хувьд Монгол улсад ирээдүйд том үнэ цэнийг бий болгож, манай орон дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, эдийн засгийн уламжлалт загвараас шинэ загвар луу шилжихэд нөлөө үзүүлэх учиртай. Марс төсөл бол хүн төрөлхтөн Марс гаргийг эрчимтэй сонирхон судалж, сансрын эдийн засаг, зах зээл хөгжиж буй өнөөгийн нөхцөлд Монгол Улс энэ том үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулах үндсэн зорилготой.
Уг төслийн агуулга нь юу вэ?
Шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн гэсэн үндсэн гурван ач холбогдлыг онцолмоор байна. Эдийн засгийнхаа хувьд хэдэн их наяд ам.доллар эргэлдсэн сансрын зах зээл рүү бие даасан тоглогч болон оролцож, зах зээлийн тэр том бялуунаас хүртэх боломж юм. Энэ хүрээнд Монголд төрөл бүрийн бизнес моделийг хөгжүүлж болно.
Шинжлэх ухаан талаасаа бидний хоцрогдлыг арилгана. Бидэнд заяагдсан нөөц бололцоондоо тулгуурлаад орчин үеийн шинжлэх ухааны нэгэн кластер, зангилаа цэг байж чадвал шинжлэх ухааны хөрөнгө оруулалт манайд нэмэгдэж, бид түүнээс нь үр шимийг хүртэх үүд хаалга нээлттэй.
Өнөөдөр манай улсын эдийн засгийн модель худалдаалдаг, байгалийн баялгийг зүгээр ухаад зардаг буюу инноваци, мэдлэг, хөгжил шингээгүй байгаа учраас Монголын хөгжлийн загвар маань өөрөө шинжлэх ухаанч биш байна. Монголын эдийн засгийг хөдөлгөж буй төслүүд нь бидний алсын харааг тодорхойлж байх учиртай.
Хэрэв бид шинжлэх ухааны нарийн мэдлэг шингэсэн том төслийг урдаа барьж чадвал хөгжлийн алсын хараа маань өөрөө шинжлэх ухаанч болж эхэлнэ.
Бид асуудалдаа шинжлэх ухаанчаар ханддаг болно. Эцэстээ өөрсдөө шинжлэх ухаанч болно.
Нийгмийн байгууллын хувьд монголчууд нэг талаас нүүдэлчин амьдралын хэв маягаас суурин хэв маяг руу шилжих гээд байгаа мөртөө нөгөө талаас нүүдэлчин уламжлалынхаа үнэ цэнийг хүн төрөлхтөнд таниулах хүсэлтэй хоёрдсон загвартай. Тиймээс ийм том амбицтай төсөл хэрэгжүүлээд дэлхийд таниулвал нэгдүгээрт соёл, уламжлалаа дэлхийд таниулах, хоёрдугаарт нийгэмд итгэлцэл, нэгдмэл зорилго бий болгож чадна. Одоогоор монголчууд яг хэн байж, хаашаа явж, юу хийхээ сайн мэдэхгүй байна.
Ийм байдлаар гурван үндсэн чиглэлд уг төслийн үр шимийг бид хүртэж болно. Сүүлийн үед том төсөл ярихдаа голдуу эдийн засгийн үр ашиг талаас нь, тодруулбал голдуу мөнгөтэй холбож авч үздэг болсон. Нийгэм, шинжлэх ухааны төслүүд нь эдийн засгийнхаа хөгжлийн загвартай уялдаж өгөөгүй, ач холбогдол багатай учраас ихэнхдээ унадаг. Харин Марс төсөл гурван талын ач холбогдолтой учраас нийгэм, шинжлэх ухаан, эдийн засгийн аль аль талыг унагахгүй аваад явчих потенциальтай. Энэ бол мега гэж яриад байгаа уул, уурхай аж үйлдвэрийн төслүүдээс ялгарах гол ялгаа.
Бизнесийн хувьд энэ төсөл хөрөнгө оруулагчийн хувьд юугаараа сонирхолтой байж чадах вэ?
Хөрөнгө оруулагч гэхээр зөвхөн их мөнгөтэй хүн гэж харах нь учир дутагдалтай. Хөрөнгө оруулагч олон янз. Амбицтай нь байна, алсын хараатай нь байна. Мөн өөрийн хөгжүүлж буй төсөлтэй синержи үүсгэх боломжтой хэмээн үзэж хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагч бий. Өөрөөр хэлбэл, төсөл маань бизнес моделийнхоо хувьд оролцогч талууддаа ямар үнэ цэн өгөх вэ гэдгийг сайн олж харах хэрэгтэй.
Өнөөгийн бидний мега гэж яриад байгаа, зөвхөн ухаад эсвэл баяжуулаад ашгаа олдог модель бол зөвхөн мөнгө талаас нь тухайн төслийг харж, өртөг ба ашиг гэсэн байдлаар авч үздэг. Тиймээс зөвхөн мөнгөтэй хөрөнгө оруулагчийг л хайхад хүргэдэг.
Харин Марс бол зөвхөн мөнгө биш. Зарим тохиолдолд хөрөнгө оруулагч бус тогтвортой хөгжлийг дэмжигч спонсор орж ирж болно. Эсвэл дэлхийн хэмжээний амбицтай, мэргэжилтнүүдээ бэлдэхэд мөнгө хайрладаггүй хүн байж болно. Тиймээс хөрөнгө оруулагч гэдэг бол бидний хувьд хамаагүй өргөн агуулгатай, олон талын ач холбогдолтой сэдэв. Тодруулбал, биднээс хөрөнгө оруулагчдад өгөх үнэ цэн маш олон талтай бөгөөд уг төсөлд хөрөнгө оруулах хүмүүс Оюутолгой, Эрдэнэтэд хөрөнгө оруулсан хүмүүсээс тэс өөр сэтгэлгээ, үнэт зүйлс, алсын хараатай байх магадлал өндөр.
Гадна талаас Марс төслийг сонирхох байдал хэр түвшинд байна вэ?
11 дүгээр сарын 13-нд болох конференц дээр Марс яагаад хүн төрөлхтний хувьд сонирхолтой вэ гэдгийг дэлхийн хэмжээний Марс судлалын эрдэмтэд өөрсдөө хэлнэ. Хүн төрөлхтний хөгжлийн дараагийн шатанд ямар үнэ цэнтэй байхыг тайлбарлана. Үнэхээр үнэ цэнтэй юм бол монголчууд ч бас үүнд хувь нэмрээ оруулах ёстой. Яагаад гэвэл Монголын говь бол дэлхийн нэг хэсэг, хүн төрөлхтний ашиглах ёстой нөөц. Бидний хилийн зааг дотор байж, бидний газар нутаг болж байгаа учраас бид бусдад санал тавих эрхтэй.
Бид олон улсын маш олон эрдэмтнийг эгнээндээ элсүүлээд зөвлөхөөр ажиллуулж байна. НАСА (АНУ), Роскосмос (ОХУ), NASA, JAXA, Роскосмос, ISRO, Ази номхон далайн сансрын судалгааны байгууллага зэрэгтэй хамтын ажиллагаа эхэлчихсэн байна. Марс судлалын дэлхийн хоёр том байгууллагад элссэн. Сансрын том амбицтай байгаа АНУ, ОХУ, Энэтхэг зэрэг улсын төрийн тэргүүнүүдэд, мөн Японы парламентад сансрын чиглэлээр ажилладаг гишүүнд төслөө танилцуулчихсан. Монгол дотроо бол төслийг дэмжиж ажиллая гэсэн 2800 орчим хүн сайн дураараа нэгдсэн. Үндсэн баг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
13-ны конференцын хоёрдугаар хэсэг хамгийн сонирхолтой. Энд Марс руу нисэхээр олон жил бэлтгэгдэж байгаа сансрын нисгэгчид өөрсдөө оролцоно. Тэд бол залуу үеийн супер одууд. “Марсын үеийнхэн” гэсэн шинэ үе гараад ирлээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн өөрийнх нь нөөц багасч буй учраас тэрхүү амаргүй ирээдүйд шинжлэх ухаанчаар нөөцөө зөв зарцуулж амьдрах үеийнхэн хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа.
АНУ-аас Марс гараг дээр хөл тавих анхны хүнээр сонгогдсон Алисса Карсон, Европын холбоо, Франц улсаас Ангараг руу нисгэхээр бэлтгэгдэж буй Камилиа Форнер, Итали улсаас Ангараг руу нисэхээр бэлтгэгдэж буй Линда Раймонд нар бол энэ үеийнхний хамгийн тод төлөөлөл. Тэд манай арга хэмжээнд оролцож өөрсдийн туршлага, “Марсын үеийнхэн” сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлнэ.
Арга хэмжээний гуравдугаар хэсэгт сансрын технологи, цахим шилжилт нь улс орны эдийн засагт, бусад салбарт ямар нөлөө үзүүлэх тухай, эдийн засгийн уламжлалт загвараас шинэ загвар луу хэрхэн шилжих тухай яригдана.
Нэг үгээр, энэ конференц нь шинэчлэгдэж буй дэлхийтэй хэрхэн хөл нийлүүлэх тухай. Марс төсөл бол энэ том өөрчлөлтөд байж болох зөвхөн нэгэн хэлбэр, загвар нь байж Марс гаргийг эзэмшихэд нэгэн том холбоос нь байж болох юм гэдгийг л олон нийтэд ойлгуулахыг хүсч байна.