“Хархорум” дижитал академийн үүсгэн байгуулагч Д.Энхбаттай ярилцлаа.
-Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн төрийн цахим шилжилтийн үйл явцыг та хэрхэн дүгнэх вэ?
-Төрийн байгууллагад юу болж байгааг би гаднаас нь хэлж чадна. Хэрэглэгчийн нүдээр, яг л бусад хүмүүс төрийн байгууллагуудыг яаж харж байгаа тэр нүдээр л хардаг. Төрийн байгууллага дахь цахимжилтын хувьд Үндэсний дата төв байгуулаад, дараа нь төрийн үйлчилгээнд цахим хөтөлбөрүүд хэрэгжүүлээд идэвхтэй байсан.
Харин сүүлийн гурав, дөрвөн жилд идэвх муу байна уу даа гэсэн сэтгэгдэл төрж байна. Цахим шилжилтийг ажлын хуучин арга барил, хуучин технологийг автоматжуулаад, зөвхөн зардлыг нь бууруулж хийдэггүй. Мэдээллийн технологийг зүйрлэвэл, чамд далавч өгвөл шувуу шиг амьдрах ёстой болохоос биш гоё далавчтай газрын амьтан шиг гүйгээд байж болохгүй. Жишээ нь, тендерийн тухай яръя. Өнөөдөр Монгол Улсын бараг бүх насанд хүрсэн хүн фэйсбүүкт, мэдээллийн нээлттэй орчинд байна. Гэтэл төр нь тендерийн материалаа нуудаг эсвэл ганц сонинд хэвлэх байдлаар хаалттай орчинд хийх тухай яриад байна.
Энгийнээр хэлбэл, цахим шилжилт бол мэдээллийн технологийн асуудал биш. Харин мэдээллийн технологи ашиглаж тухайн байгууллага, компани, салбарыг цоо шинэ түвшинд гаргах тухай юм. Цахим шилжилт нь автоматжуулалт, комьютержүүлэлт биш. Барууны орнуудад цахим шилжилт гэж тухайн компани орчин үеийн дижитал зах зээлд цоо шинээр төрөх, манайхны хэлдгээр төрөл арилжихыг хэлдэг. Амазон худалдааг 100 хувь өөрчилсөн болохоос дэлгүүрийг автоматжуулаад, олон дэлгүүрийг компьютерээр холбосон юм биш.
Хятадын Алибаба гар утасны төлбөр тооцоо, банкуудыг өөрчилсөн болохоос банкийг гоё болгоогүй. Цахим шилжилт нь зөвхөн компьютер, мэдээллийн технологийн тухай яриа биш цаана нь байгаа байгууллага, институцийн үйл ажиллагаа, зорилгыг өөрчлөх явдал юм. Тийм учраас цахим шилжилтийг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд дангаараа хийдэггүй.
-Өнгөрсөн хугацаанд цахим улс болох санаачилгыг хэд хэдэн удаа гаргаж байсан ч олигтой хэрэгжээгүй. Энэ удаа “Цахим Монгол Улс” хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Манай төрийнхөн Эстонийн тухай их ярьдаг. Мэдээж би олон зүйлтэй санал нийлэх ч нэг зүйлийг тодруулан хэлье. Эстони улсыг гаднаас нь хараад, хэлбэрийг нь дуурайгаад бид амжилт олохгүй. Тэнд засаглал, эрх мэдлийн хуваарилалтыг өөрчилсөн. Жишээ нь, бүр доод түвшинд хорооны даргыг сонгоё гэж бодъё. Манайд хорооны даргын танил 10 хүн хуралдаад, хорооны хэдэн зуун оршин суугч юу болсон учрыг нь мэддэггүй. Гэтэл энийг өөрчлөхийн тулд бүх оршин суугчаас гар утсаар санал хурааж болно. Тиймээс асуудлыг зарчмын хувьд өөрчилж, төрийн реформыг яаж хийх вэ гэдгийг илүүтэйгээр Эстониос олж харах хэрэгтэй.
Үндсэн зорилгоо гаргаж ирээгүй цагт Эстони, Сингапур зэрэг аль ч улсын технологийн жишээ тус болохгүй. Бизнесийн, удирдлагын, төрийн гээд бүх хуучин системээ томоор өөрчлөх тухай ярьж гэмээнэ шилжилт явагдана. Харин Эстонийг гаднаас нь дуурайгаад тэдний IT шийдэл, компьютер, технологийг авчраад бид том амжилт олохгүй. Цахим шилжилт гэдэгт “цахим” гэдэг үг орчихсон нь хүмүүсийг будилуулаад байгаа юм. Үндсэндээ цахим шилжилтийн нууц бол цаад үндсэн институци, системээ өөрчлөх боломжийг шинэ технологи олгож байгаад юм. Манайд төрийн үйлчилгээ төдийгүй төрийн маш олон үүрэг функцыг өөрчлөх буюу төрийн удирдлагын реформын асуудал дутагдаж байна.
-Хэдий ажил хэрэг болохгүй байсан ч ямар нэгэн байдлаар санаачилга гарах нь чухал. Энэ тухай та ямар бодолтой байна вэ?
-Мэдээж маш чухал. Эхлэл янз бүр байж болно. Харин би сая эцсийн цэгийн тухай хэллээ. Өнөөдөр Монгол Улсад тулгарч буй гол асуудал бол төрд реформ хийх асуудлыг улс төрийн нам, УИХ, ерөнхийлөгчийн зэрэг өргөн хүрээнд, бүр үндэсний хэлцлээр хийх хэрэгтэй. Ингэхгүй байгаа учраас сонгуулиар нэг нь гарч ирж өмнөх шийдвэрүүдээ өөрчлөөд, өөр зүйл ярьсаар 30 жилийг өнгөрөөлөө. Эстоничууд бараг гайхаж байгаа. Сая манай бараг 10 дахь төлөөлөгчид тэнд туршлага судлахаар очсон байх.
Төрийн реформ хийхийн тулд хууль, эрх зүйн орчин, төрийн үүрэг, бүтцийг иж бүрэн харах хэрэгтэй. Энэ ажилд санаачилга их чухал. Үүнийг дэмжихээс өөр аргагүй. Ялангуяа ЗГХЭГ-ын түвшинд цахим шилжилтийг хэрэгтэй гэж ойлгоод, зүтгүүлж буй нь маш том зүйл. Гагцхүү төр, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох, шүүх засаглал, ерөнхийлөгчийн түвшинд яаж нэгдмэл зөвшилцөлд хүрч ажиллах вэ гэдэг нь чухал. Бизнесийн холбоод, мэргэжлийн холбоод яаж оролцож, яаж харилцах юм, төрийн мэдээллийн систем, иргэний бүртгэлийн системийг худалдааны байгууллагууд, бизнесийнхэн яаж ашиглаж, яаж хамтдаа явах юм гэх мэт.
Монголын Засгийн газрын нэг том алдаа нь үргэлж төрийн тухай ярьдаг. Төр уг нь өөрийнхөө тухай биш үндэстний тухай ярих ёстой. Мөн Монголын 100 мянган компанийн асуудлыг ярихаас биш төр гэхээр л зөвхөн өөрийнхөө дотоод ажил алба, контоорын тухай яриад байвал үр дүн бага л гарна.
Төрд реформ хийх асуудлыг улс төрийн нам, УИХ, ерөнхийлөгчийн зэрэг өргөн хүрээнд, бүр үндэсний хэлцлээр хийх хэрэгтэй. Ингэхгүй байгаа учраас сонгуулиар нэг нь гарч ирж өмнөх шийдвэрүүдээ өөрчлөөд, өөр зүйл ярьсаар 30 жилийг өнгөрөөлөө.
-Мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн оролцоо их идэвхтэй байна. Хувийн хэвшлийн энэ оролцоо Монгол Улсын цахимжилтын өнөөгийн хөгжилд яаж нөлөөлсөн бэ?
-Хувийн хэвшил сүүлийн 30 жилд манлайлж байна. Мэдээлэл технологийн салбар үндсэндээ 100 хувь хувийн хэвшлийн санаачилгаар явж байна. Ялангуяа банк санхүү, үүрэн телефон энэ салбарыг тэргүүлдэг. Товчхондоо, технологийн асуудлаа бид хурдан шийдэж чадаж байна. Дээрээс нь хувийн хэвшлийн нэвтрүүлсэн үйлчилгээнүүд нь дандаа өөрийн бизнес, өнөөгийн цаг үе, дотоод боломжид тааруулж хийж байгаа юм. Тиймээс гол асуулт нь, хувийн хэвшлийн технологийг яаж улс орны хөгжлийн хүч болгож, яаж 100 гаруй мянган компани, гурван сая хүнд, боловсрол, эрүүл мэнд, тээвэр холбоо зэрэг бүх салбарт хөгжлийн хүчин зүйл болгох юм бэ гэдэг нь чухал. Симфони хөгжмөөр зүйрлэвэл, бидэнд дундаа тоглох ноот хэрэгтэй.
Хувийн хэвшлийн нэг асуудал нь хүн болгон өөр өөрийнхөө дууг дуулж байна. Харин одоо Монголын гурван сая хүн хамтдаа ямар дуу дуулж, ямар симфони хөгжим тоглох вэ, бид цахим шилжилтийг улс орны хөгжлийн бодлогод хэрхэн ашиглах вэ гэдэг нь чухал. Энэ л бидний яриад байгаа төрийн функц. Уг холбоосон дээр удирдлагын манлайлал хэрэгтэй. Эстонийн гайхамшиг юу гэвэл компьютержүүлэлт нь улс төрийн шийдвэр байсан. Цахим шилжилтийг тус улсыг бусад оронтой өрсөлдүүлэх, бусад орнуудаас ялгаруулах, бусдаас түрүүлэх хөгжлийн хэрэгсэл болгох зорилт тавьсан.
Би 1998 онд Эстонид очиж байсан. Наанаа компьютержүүлэлт явагдаж байсан ч, хөшигний цаана шал өөр улс төрийн бодлого байсан. Улс төрийн намууд, бүх улс үндэстэн даяараа нэгдсэн зөвшилцөлд хүрсэн учраас Эстонийн цахимжилт өнөөг хүртэл тууштай явж байгаа юм. Төрийн ажил гэж юуг хэлж байна гэхээр Монгол Улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр Хятадын зах зээлд гарлаа гэхэд Монголын хувийн компани, стандарт, үйлчилгээ, хууль эрхзүй нь үүнд яаж оролцож, тоглох юм гэдгийг тодорхой болгох явдал. Энэ дундаа технологи, дижитал шилжилт нь Амазон, Алибаба шиг тоглох юм уу гэх зэргээр нэгдмэл төлөвлөгөө хэрэгтэй. Өнөөдөр хувийн компаниуд тус тусдаа ажиллаж байна. Тэдэнд холбон тоглогч их дутагдаж байна. Тиймд төр зөвхөн өөрийн дотоод ажлыг яриад байж болохгүй.
-Өнөөдөр технологи манай хөгжлийн гарцыг тодорхойлно гэж ярьж байна. Энэ хөгжлийг та яаж харж байна вэ?
-1990-ээд оны эхээр бид анх интернэтийг нэвтрүүлж байхад яг энэ асуулт гарч ирсэн. Яагаад бизнесийнхэн интернэтэд хүч хаяж, төр, засаг нь энэ тухай сонсоогүй, мэдээгүй байхад 25 жилийн өмнө үүнийг хийсэн бэ гэвэл бид том мөрөөдөл, итгэл үнэмшилтэй байсан. Монгол бол их говь, өргөн Сибирь хоёрын дунд мартагдахаараа сулардаг улс үндэстэн. Харин дэлхийтэй холбогдохоороо сэргэдэг. Монгол Улс гадаад ертөнцтэй холбоотой, нээлттэй болвол хүчирхэгжиж хөгждөг. Үүнийг бид түүхээс харж болно.
Тухайн үед Монголыг гадаад ертөнцөд нээлттэй болгох нь миний болон манай нөхдийн том мөрөөдөл байсан. 2000 онд Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газраас Их тэнгэрт лекц зохион байгуулсан юм. “Миллениум лекц” нэртэй. Тэгэхэд би лекцээ “Монгол Улс далайд гарцгүй ч интернэтэд гарцтай” гэж нэрлэж байлаа. Бид далайд гарцгүй учир дэлхийн 200 улстай зөвхөн хөршүүдээрээ дамжиж харилцдаг. Харин дижитал ертөнцөд бид өөрийн гарцтай, бүгдтэй шууд холбогдож байна.
Мөн Монгол үндэстний хөгжлийг хойш нь татдаг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд бий. Нэгд, Монгол Улс алслагдмал учраас дэлхийн соёл иргэншил, худалдаа, тээвэр зэрэг бүх зах зээлээс хол. Хоёрт, ус маш багатай. Гэтэл хүн төрөлхтний хөгжил дандаа гол мөрөн дагадаг. Эртний соёл, хөгжил Инд, Ганга, Евфрат, Хөх мөрөн гээд дандаа усаа дагадаг шүү дээ. Гуравт, Монголд жилийн дундаж хэм хасах учир ургамал, амьтанд хатуу. Өсөж үржих бус тэсэж амьдрах орчин учир монголчууд бид цөөн хүн амтай буйн шалтгаан. Байгалийн хүчин зүйл нь ширүүн учраас гадныхантай өрсөлдөх байтугай байгальдаа тэсэж амьд үлдэх, урт өвлийг давах л асуудал бидэнд байсаар ирсэн.
Харин эдгээр хүнд нөхцөл буюу хөгжлийн түүхэн хязгаарлалтууд өнөөгийн дижитал ертөнцөд байхгүй. Дижитал ертөнцөд хэн нэгэн Нью-Йоркт, Африкт, эсвэл Монголд байх нь ямар ч хамаагүй. Тиймээс энэ шинэ ертөнцөд бид хөгжлийн шинэ загвараа бодож олох хэрэгтэй. Бүгдэд тоглоомын шинэ талбар гараад ирлээ. Эстонийн хувьд тэд бид нар шиг нүүрсэнд найдаагүй, хуучин замыг сонгоогүй. Тэд хөгжлийнхөө бооцоог дижитал дээр тавьсан. Улс орнууд, компаниуд, сургуулиуд бүгд л чухам үүнийг олж хараад түвшин түвшиндээ дижитал шилжилт хийх тухай ярьж байна. Тиймээс миний байр суурь үүнтэй л адил. Монгол Улс аль болох хурдан л бооцоогоо дижитал дээр тавьбал бидэнд бусадтай адил их боломж бий. Өнөөдөр энэ зах зээл дээр бүгд шинэ, бүгдээрээ эхэлж байна. Эстони чадаж байхад бид нар чадна. Харин 10, 20 жилийн дараа энэ зах зээл улам л хэцүү, шинэ тоглогчдод их хатуу болно.
Эхлээд хөгжлөө зөв ойлгох хэрэгтэй. Олон хүн хөгжил, өсөлт хоёрыг ялгадаггүй. Өсөлт бол хуучин зүйл томрохыг хэлдэг. Харин хөгжил гэж дараачийн түвшинд гарч улам төгөлдөршихийг хэлдэг.
-Хөгжлийн тухай ойлголт цаг хугацааны эрхээр өөрчлөгддөг үү?
-Эхлээд хөгжлөө зөв ойлгох хэрэгтэй. Олон хүн хөгжил, өсөлт хоёрыг ялгадаггүй. Өсөлт бол хуучин зүйл томрохыг хэлдэг. Харин хөгжил гэж дараачийн түвшинд гарч улам төгөлдөршихийг хэлдэг. Өнөөдөр бид нүүрсээ зарж мөнгө олж байгаа нь их чухал. Амин чухал ч байх. Гэхдээ энэ салбар хэчнээн том болоод хөгжил болохгүй. Учир нь 30 жилийн дараа энэ салбар алга болно.
Гол асуудал нь бид яаж нүүрсээ буюу олсон мөнгөө хөгжил болгох вэ гэдэгт оршино. Уул уурхай гарцаагүй чухал боловч түүний олсныг хөгжил болгож чадахгүй бол хэдэн гялгар юмтай, баахан хоосон нүхтэй хоцрогдсон улс хэвээрээ л үлдэнэ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бид уул уурхайгаа, мөн түүнээс цааш давхар харж ажиллах хэрэгтэй.
-Бид уул уурхайгаас хамааралтай байдлаасаа салах тухай олон жил ярьж байна. Тэгвэл цахимжилт нь эдийн засгийг солонгоруулах бас нэг боломж юм болов уу?
-Тэгэлгүй яахав. Энэ бол маш том боломж. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Хуучин байдлаа хадгалаад буюу хуучин системээ цахим болгоно гэвэл бүтэхгүй. Үхэр тэргийг компьютержүүлэх хэрэггүй. Харин түүнийгээ машин болгож бүрэн өөрчлөх хэрэгтэй.
Аялал жуулчлалын салбарыг яръя. “Airbnb” компани бол цоо шинэ загвар. Нэг ч өрөө байхгүй, нэг ч буудалгүй хэрнээ дэлхийн хамгийн том зочид буудлын компани шүү дээ. Энэ компани аялал жуулчлалыг тэс өөр болгож байна. Менежмент, удирдлага, маркетинг гэхчилэн бүх харах өнцөг нь өөрчлөгдөж байна. Яг үүнтэй адил бид аялал жуулчлалыг хуучин арга барилаар компьютержүүлах биш энэ салбарыг өөрчлөх ёстой.
Дижиталчлал нь нэгдүгээрт, урьд нь холбоогүй байсан бүх юмыг холбож байна. Хоёрт, бүгдийг ухаалаг болгож байна. Өөрөөр хэлбэл, маш олон зүйлийг компьютер, технологи хийж өгч байна. Гуравт, ардчилалжиж байгаа юм. Хөгжил нэг яам удирдаж, нэг том компаниар дамжиж ирэх биш, харин бүх хүн тэгш эрхтэй оролцогч болж ирж байна. Дөрөвт, энэ бүхнийг дэлхийтэй хөл нийцүүлж буйгаараа мэдээллийн технологийн боломж чухал юм. Дүгнээд хэлбэл, дижитал шилжилт хийе, дижитал ертөнцөд нэгдэе гэвэл хуучин системийн удирдлага, бүтэц бүх зүйлийг өөрчлөх хэрэгтэй. Манайд чухам гацаагаад байгаа гол асуудал бол технологи биш, харин хуучин сэтгэлгээ, арга барил, бүх түвшний удирдлагын тогтолцооны хоцрогдол юм.
-Технологи өндөр зардалтай. Гэтэл манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байдаг. Цахим шилжилтийг явуулахад санхүүжилтийн боломж бололцоо ямар байна вэ?
-Эхэндээ үнэтэй. Харин зөв хийвэл яваандаа өгөөж нь зардлаа олон дахин нугална. Төрийн санаачилж буй дэд бүтцүүд байшингаар бол яс мод, суурь нь гэсэн үг. Гэхдээ үүнийг гадныхнаар хийлгээд байх нь зөв зам биш. Асуудал нь нууц эсвэл аюултайдаа биш. Гол нь бидэнд дотоодын боловсон хүчин үргэлж хэрэгтэй болно. Нэг удаа гадны хүмүүсээр хийлгэж болно. Харин байнга хийлгэж болохгүй. Нэгэнт манай хувийн сектор ажлаа сайн хийж байгаа бол мэргэжилтнүүд байна гэсэн үг. Хөрөнгө мөнгө багагүй орно. Тиймээс энэ дэд бүтэц орлогоо олдог байх хэрэгтэй. Үүнийг хувийн сектортой хамтарч байгуулаад, хамтарч ашиглаж байж шийднэ.
Монголд мөнгө бий. Тэгээд ч зөв явбал энэ салбарын өгөөж угаасаа өндөр. Тиймээс цахим шилжилт хийхэд төр зөвхөн өөрийнхөө ажлыг хийнэ гэвэл асар их зардал гарна. Харин төр хувийн сектортоо үйлчилбэл мөнгөө амархан буцааж олно. Яам дотоод ажлаа сайжруулаад мөнгө олохгүй. Төрийн дэд бүтэц яаж мөнгөө буцааж олдог вэ гэвэл ихэнх хүчин чадлаа хувийн сектортоо үйлчилж, тэднийгээ урдаа барьж хөгжүүлж олдог. Төрийн мэдээллийн дэд бүтэц бол үндсэндээ төмөр зам, авто зам гэсэн үг. Түүн дээр аль болох олон хувийн секторын машин, үйлчилгээ явж гэмээнэ тэр дэд бүтэц ашгаа өгнө.
Монголын мэдээлэл технологийн эко орчны хөгжил их сул учраас бид санаачилга, хурд алдаад байна.
-Манай улсын өнөөгийн цахимжилтын үйл явц бусад улс, оронтай харьцуулахад ямар түвшинд байна гэж та хэлэх вэ?
-Жишээ хэлье. Фэйсбүүк орж ирээд Монголын гурван сая хүний зах зээлийг эзэлж авч байна. Гэхдээ түүний бүх үйлчилгээ үнэгүй. Монголын нэг компани адил зүйл хийгээд хүмүүсийг мөнгө төлж ор гэвэл хэн ч сонирхохгүй. Яагаад ийм байдал үүссэн бэ гэвэл бусад орны мэдээлэл технологийн салбарыг дандаа хөрөнгө оруулагчид нь санхүүжүүлж, урагш нь түлхэж байдаг.
Харин Монголын мэдээллийн технологийн компаниудад хөрөнгө оруулагч олддоггүй. Монголд өөрийн Уолл Стрийт байхгүй. Бид зөвхөн өөрийн эргэлтийн хөрөнгө эсвэл халаасны мөнгөөрөө л үйл ажиллагаа явуулдаг. Богино хугацаатай, өндөр хүүтэй зээлээр ийм салбар огт явахгүй. Монголд том банкууд, гадны хөрөнгө оруулалттай Мобиком зэрэг боломжтой компаниудын цахим хөгжил илүү сайн байна. Бусад нь мөнгөтэй бол ерөөсөө дутахгүй гэж боддог ч тэр боломж байхгүй.
Монголын мэдээлэл технологийн эко орчны хөгжил их сул учраас бид санаачилга, хурд алдаад байна. Монголд стартап компани байгуулъя гэхэд хөрөнгө оруулагч ч алга, хууль эрх зүйн орчин ч алга. Тиймээс би энэ салбарын хөгжлийг сайн ч гэж хэлэхгүй, муу ч гэж хэлэхгүй. Үнэхээр чадаж, аргалж байгаа нь л явж байгаа.
Бас нэг шинэ асуудал бол манайд мэргэжлийн боловсон хүчин алга. Дээд сургууль мэдээллийн технологийн чиглэлээр оюутнууд элсүүлэх нь багассан. Өмнөхөөсөө хамаагүй цөөрсөн. Гайгүй чадварлаг мэргэжилтнүүд нь гадагшаа явсан. Японд манайхаас зургаа дахин өндөр цалин өгч байна. Мөн Монголд хийх ажил, захиалга бага. Мэдээллийн технологийн гайгүй сайн залуус үндсэндээ өөрсдөдөө л ажил зохиож хэсэг явдаг. Манай явц 15 жилийн өмнө бусад улстай харьцуулахад сайн байсан. Одоо бол муудсан.
Мэдээлэл технологийн компани ажиллуулж ирсэн хүний хувьд хэлэхэд чадварлаг ажилтан олох нь толгойны өвчин болсон. Дээрээс нь Засгийн газар мэдээлэл технологийн төслүүдээ гадны компаниудад өгдөг. Энэ бол буруу бодлого, ер нь бол том алдаа. Технологийг гаднаас авч болно. Гэхдээ үүнийг төрийн яамд, түшмэд өөрсдөө биш төслийг хариуцаж авсан хувийн компани хариуцаж хийх ёстой. Гэрээний хугацаа дуусаад гадныхан яваад өгнө. Харин дотоодын компани үүнийг чадахаасаа чадахгүй хүртэл хийгээд хөгжөөд явна. Тиймээс манай компаниуд, мэргэжилтнүүд тус бүртээ л зүтгэж байна. Харин энэ бүхнийг нэгтгэж том зорилтод хүргэх хүсэл зориг, хамтын тоглоомын дүрэм, орчин манайд бүрдээгүй байна.
-Та Монголд интернэтийг хэрхэн оруулж ирж байсан түүхээ хуваалцана уу. Манай улс дэлхий дахинтай хэрхэн холбогдож байсан юм бэ?
-Тэр үед интернэт шинэ зүйл, бэлэн үйлчилгээ болоогүй байсан цаг. Эхний улс орнууд, тодорхой хэлбэл, гол төлөв эрдэмтэн, инженер, санаачлагчид интернэтийн төсөлд хамрагдаж эхэлж байсан юм. Бидэнд бэлэн тоног төхөөрөмж, орчин үеийн холбооны хэрэгсэл байгаагүй. Шинэ программ, хэрэгслийг дэлхийн олон эрдэмтэн, инженер бичиж, туршиж байсан. Сайн туршигдаагүй программ, хэрэгслүүдийг бид өөрсдөдөө тохируулан өөрчилж, засаж янзалж, зүйрлэвэл, бүх ажил гар урлалын маягаар явж эхэлсэн. Бид жижиг учир хурдан, хүнд суртлаас хол, илүү эрх чөлөөтэй байсан нь гол давуу тал байсан байх. Бид бүх ажлаа 100 хувь хувийн санаачилгаар, өөрсдийн мөнгөөр хийсэн. Интернэтэд нэгдээд таван жил болсны дараа тухайн үеийн яамнаас утасдаад “Интернэт гэж юу юм бэ?” гэж биднээс асууж байсан.
Бид Орос, Хятад зэрэг том орнууд болон дэлхийн хэсэг улстай зэрэгцээд л интернэт сүлжээнд холбогдсон. Ази, Зүүн Европийн олон улсаас түрүүлж интернэттэй болж байлаа. Яваандаа интернэт хөгжөөд бизнес болж, бэлэн тоног төхөөрөмж гарч, үйлдвэрлэлийн горимд ажилладаг асар том салбар болсон.
Интернэт бидэнд юу авчирсан бэ гэвэл монголчууд бид ардчилалын эхэнд оюун санааны хувьд их өлсгөлөн байсан. Хүн болгон дэлхий ертөнцийг мэдэхийг хүсэж байсан. Чухам энэ хүсэл зорилгод нийцсэн учир монголчууд бидний ажлыг маш сайн хүлээж авч дэмжсэн дээ. Интернэт ардчилалд ч их бодитой хүч авчирсан. Интернэт гадаад хамтын ажиллагааг сайжруулж, хүн бүрийг гадаад ертөнцтэй шууд холбосон. Товчоор хэлэхэд интернэт хүн бүрт шинэ цонх нээсэн. Монгол Улс ч дэлхийд нэг том гарцтай болсон.
-Өнөөдөр та “Дижитал Хархорум” санаачилгыг гаргаад явж байна. Энэ ямар учиртай, юуг зорьж буй ажил вэ?
-Одоохондоо энэ бол санаа. Яригдаад жил гаруйн хугацаа л өнгөрч байна. Түрүүн хэлсэнчлэн, Монгол дэлхийд гарсан цагтаа хүчтэй байдаг ард түмэн. Тэгвэл монголчуудын хамгийн хүчтэй байсан үе XIII зуун. Торгоны замын хамгийн жижиг боловч хамгийн чухал цэг байсан Хархорум хот тухайн үеийнхээ цэрэг дайн, дипломат харилцаа, шуудан, худалдааны сүлжээний төв болж байсан. Бидний санаа XIII зуунд дэлхийд гарч байсан Хархорумаа өнөөгийн дижитал ертөнцөд дахин бий болгох явдал. Өвөрхангайн Хархорин суманд нүүж очих хэрэг биш л дээ.
Харин Монголын бизнес болгон виртуал буюу дижитал Хархорумд өөрийн байртай, гудамжтай, зах зээлтэй болно гэсэн үг. Бизнесийн нүдээр харвал Монголын 100 мянган компани нийлээд “Дижитал Хархорум” виртуал хотоо байгуулъя гэсэн санаа. Яагаад “Хархорум” нэрийг сонгосон гэвэл, нэгд, Монголын худалдаа наймааны хөгжлийн ноён оргил байсан хотын нэр. Хоёрт, монгол хүн болгон энэ нэрийн учрыг мэддэг. Гуравт, дэлхийд танигдсан Монголын цөөхөн брэндийн нэг. Чингис хаан бол хувь хүн. Харин Хархорум бол хот. Монголчуудын бүгдийнх нь хот юм. Ингээд Алибаба гэдэг шиг Монголын компаниуд дэлхийн зах зээл дээр хамтаръя гэвэл тэр төсөл нь Хархорум гэсэн нэртэй байж болох юм. Бүгд хоорондоо холбогдож, төрөлжиж, хамтаръя гэсэн санаа.
-Таны одоо санаачилж, хэрэгжүүлж буй ажлууд Засгийн газраас хэрэгжүүлэх цахим шилжилтийн бодлоготой хэрхэн уялдах вэ? Та энэ ажилд хувь нэмрээ оруулах уу?
-Business.mn сэтгүүл бидний зорьж буй ажлын нэг хэсэг. Монголын 100 мянган компанийг холбож нэг уулзах цэг үүсгэхийг зорьж буй нэг ажил. Бүх юмыг манлайлагчид эхэлж хийдэг. Гэхдээ хувийн компанийн захирал хүн миний хэлснээр хийхгүй, өөрөө хүсвэл л хийнэ. Харин миний үүрэг тэр хүнийг хийгээч гэж ятгаж уриалах биш, яагаад хэрэгтэй гэдгийг нь, яагаад дижитал, яагаад бүгд холбогдон төрөлжих замаар явахыг л хэлж ярих. Тийм ээ гэвэл тэр хүн өөрөө хийнэ, оролцоно, хамтарна. Тиймээс нэгд, холбох, хоёрт, дижитал боломжийг ойлгуулах, гуравт хамтын ажиллагааг зохион байгуулах. Тиймээс сэтгүүл, подкаст нэвтрүүлэг, вэб, “Дижитал Хархорум” зэргийг санаачлаад байна. Дижитал шилжилтийг бид ийм байдлаар хувийн секторт харж байна.
Харин төр, засаг цахим шилжилтийн хүрээнд төрийн мэдээллийн систем хийж байна. Энэ бол нэг юмны хоёр тал. Би Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед Үндэсний хөгжлийн яаманд цахимжилтыг хариуцсан дэд сайдаар ажиллаж байсан. Тухайн үед мэдээлэлжүүлэлт, цахимжилтын асуудлыг хөгжлийн бодлого болгоё гээд Засгийн газрын хуралдаанд оруулж байсан. Өнгөрсөн хугацаанд Сингапур, Малайз, БНСУ, Эстони, Шинэ Зеланд зэрэг олон орноор явж судалсан. Төрийн цахимжилтын гол асуудал технологи биш харин системийн шинэчлэл гэдгийг байнга харж, ойлгож явсан гэхэд болно. Ер нь улс төрийн намууд, сонгуулийн тогтолцооноос хамаараад төрийн бүх ажил тогтворгүй, хэцүү байгаа цагт хувийн секторт хүмүүстэй ойлголцоод чадлынхаа хэрээр явъя гэж бодож байна.
Хэрвээ төр засаг хамтраад үндэстний том зорилт тавьбал мэдээж хэрэг үргэлжлүүлээд оролцох л болно.
Интернэт гадаад хамтын ажиллагааг сайжруулж, хүн бүрийг гадаад ертөнцтэй шууд холбосон. Товчоор хэлэхэд интернэт хүн бүрт шинэ цонх нээсэн. Монгол Улс ч дэлхийд нэг том гарцтай болсон.
-Таны ярьсан зүйлүүдтэй холбогдуулж асуухад уламжлал, шинэчлэлт гэж их ярьдаг?
-Нэг ухаантай үг байдаг. Хэрвээ ирээдүйгээ харъя гэвэл түүхээ сайн унш гэж. Бидний үе хамгийн мундаг, ухаантай учир энэ түвшинд хүрээд ирсэн юм биш. Бид Монголын түүхэнд анхных нь ч биш, сүүлийнх нь ч биш. Товчхондоо бидний өнөөдөр энд байгаа нь өмнөх үеийнхний явж ирсэн замын үргэлжлэл. Энэ зам яагаад биднийг ийм болгосон, бид хэн юм бэ, бид юу хүсэж байгаа юм бэ гэдгээ олж харах хэрэгтэй.
Түүх бодит зүйл. Монголын түүх өнөөгийн хэлээр Хятад, Оросын дунд хавчуулагдаж, Хойд Азийн өндөрлөгт амьдарч ирсэн, өнөөдөр хотжиж байгаа нүүдэлчдийн соёл иргэншлийн түүх юм. Жишээлбэл, сүүлийн 100 жилийн түүхээ үзвэл их сонин. Эхлээд Чин улс унаж, Монгол тусгаар тогтносон. Октябрийн хувьсгалын нөлөөнд Ардын хувьсгал ялсан, Дэлхийн II дайн гарсан, Монгол Улс НҮБ-д элссэн. Дараа нь перестройка болж, манайд ардчилсан хөдөлгөөн үүссэн гэх мэтчилэн Монголын түүхийн томоохон бүх өөрчлөлт гаднаас нөлөөтэй. Энэ бол муу зүйл биш. Ерөөсөө дэлхий Монголд нөлөөлдөг.
Харин энэ нөлөөллийг түүхээс олж хардаг. Тэгэхээр дараачийн зүйлийг ч мөн адил түүхээс олж харна. Хоёрт, бүх зүйл үндэстэй байж ургадаг. Бид Япон, Герман, Америкийг дуурайж болно. Гэхдээ тэр авч буй зүйлийн чинь үндэс нь чамд байгаа юу. Үндэсгүй бол жаахан явж байгаад алга болно. Тиймээс бид үүнийг үндэслүүлж, хуучинтайгаа залгах хэрэгтэй. Энэ бол чиний хэлж буй уламжлал, шинэчлэлийн хүйн холбоо.
Энэ бүгдийг ургуулан бодоход, бид хэн юм, бид хятадуудаас ямар ялгаатай юм, бид тэднээс юу авч, юу өгдөг юм, дэлхийн долоон тэрбум хүн дунд бид яаж амьдрах юм гээд их олон асуулт урган гарч ирнэ. Харин эдгээр асуултад заавал үүх түүхээ, өөрийн давуу, сул талаа мэдэж, ирээдүйгээ төсөөлж, уламжлал, шинэчлэлээ холбож харж байж хариулт олно.
-Эцэст нь асуухад технологи өнөөдөр маш их боломж авчирч байна. Хэрвээ технологи байгаагүй бол өнөөдөр дэлхий дахинд тархаж буй коронавирусийн халдвар үүнээс илүү хүнд нөхцөл байдлыг бий болгох байлаа. Хүн төрөлхтөнд технологийн авчирч буй нөлөөллийн талаар та юу хэлэх вэ?
-Өнөөдөр хүн төрөлхтний асуудал болоод шийдэл адилхан болж байна. Коронавирусийн хувьд хятадууд нөхцөл байдалтай нүүр тулангуутаа вирусийн генийн зургийг дэлхий даяар тараасан. Ингээд дэлхийн том лаборатори, эрдэмтэд вакцин хийхээр ажиллаж байна. Эрдэмтэн, судлаачдын хэлж буйгаар өнөөгийн хүн төрөлхтний хөгжлийг 1990 онтой харьцуулахад их өөрчлөгдсөн. Зөвхөн SARS гарсан үетэй харьцуулахад хамтын ажилагаа хоёр дахин хурдассан байна. Яг үүнтэй адил бидний хэрэглээ эрс өсч, бидний хэрэглэж буй зүйлсийн 90 хувь нь дэлхийн бүх улсаас ирж байна. Энэтхэг цайг хятад аяганд уугаад, америк компьютер хэрэглээд, монгол мах идэж байна. Энэ бүх боломжийг технологи бий болгосон.
Интернэтгүй амьдарч байсан гэхэд өнөөдөр бага ангийн хүүхдүүд үнэмшихгүй, төсөөлөхгүй. Технологийн өөрчлөлт нь эдийн засгийг хурдасгаж, бидний амьжиргааны түвшинг сайжруулж, соёлын түвшинд хүн төрөлхтнийг илүү ойртуулж байгаа юм. Тиймээс энэ их өөрчлөлтийг харанхуйгаар дагаад явах уу, тавьсан зорилгодоо ухамсартайгаар ашиглах уу, технологийн давалгааг хөгжлийнхөө зорилтод ашиглах уу, эсвэл цүнамид өртсөн мэт хөвөөд явах уу. Фэйсбүүкт Монголын нэг сая гаруй хүн орчихсон, энэ давалгаанд туугдчихсан явж байна. Гэтэл фэйсбүүкийг яаж ашиглах нь боловсрол, эрүүл мэнд, нийгмийн маш том бодлого байж болно.
Технологийг хувийн хэрэглээнээс бизнесийн, байгууллагын, салбарын хэрэглээний түвшинд авчрахын тулд лидерүүд хэрэгтэй байна. Жишээлбэл, аялал жуулчлалын салбарын 500 компани яаж амьдрах уу гэдгийг боддог, Монголын 20 том эмнэлэг коронавирус орж ирэхэд яаж арга хэмжээ авах вэ, манай зоогийн газрууд яаж хамтарч хоол захиалгын сүлжээ байгуулах вэ, яаж зах зээлээ тэлэх вэ гэдгийг салбарын түвшинд бодож чаддаг лидерүүд хэрэгтэй. Лидерүүд яаж төрдөг вэ гэвэл хамтын ажиллагаа, сургалтаар төрдөг. Тиймээс боловсролыг хөгжүүлэх нь маш чухал.
Өнөөгийн нөхцөл байдлыг харахад эрүүл мэндийн салбарт дижиталчлал орох хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Би сая Сингапураас ирсэн. Тэнд өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт битгий ир гэж байна. Өөрөө ирэх нь бусдад улам их эрсдэл авчирна. Харин интернэт ашиглаад нийт өвчтөний 80 хувийг онлайнаар, видеогоор ярилцаад гэрээр эмчлэх боломжтой гэж байна. Энэ мэтчилэн технологи хүний амьдралыг, соёлыг, улс орныг өөрчилж байна.
Уг ярилцлага “Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны гуравдугаар сарын дугаарт (№162) нийтлэгдсэн
[…] Д.Энхбат. “Дижитал Хархорум Академи”-ийн үүсгэн […]