Нэг зүйл тодорхой байна. Бизнес тэр чигээрээ байгалийн шалгаралд орж, хамгийн сайн тэсч, эрсдэл даах чадвартай нь амьд үлдэх процесс явагдана.
Цар тахал хэмээх эдийн засгийн зуд дэлхий дахинд тохиож байгаа нь Монголын эдийн засаг, бизнест илүү хүндээр тусна. Манай улсын уламжлалт бэлчээрийн мал аж ахуй байгаль, цаг уурын хүнд нөхцөлд тэсвэргүй, хэдэн удаагийн зуднаар хиарсантай адил өрсөлдөх чадвараар сул манай олон компани цар тахалаар “хотоо харлуулах нь”.
Монголд бизнес эрхлэх өртөг угаасаа маш өндөр. Өртгийг өндөр болгож буй үндсэн хүчин зүйлс нь жижиг зах зээл, дэд бүтцийн сул хөгжил, зээлийн өртөг, төрийн хүнд суртал болон муу менежмент, авилга, хээл хахууль, эцэст нь бизнесийн өөрийнх нь модель, арга барил.
Ийм нөхцөлд ашгийн маржин муутай ажиллаж байсан бизнесүүдийн хувьд карантин тогтооно гэдэг ямар ч тарга тэвээрэг аваагүй мал өвөлдөө зуданд нэрвэгдэхтэй яг адил.
Тиймээс бизнес маш том байгалийн шалгаралд орно гэсэн хүлээлттэй байхаас өөр аргагүй. Ковид-19 намжсаны дараа олон зүйл өөрчлөгдөнө, олон хүн олон ч зүйл ойлгож, бизнесийг өөр өнцгөөс хардаг болно. Өдий болтол ашиглаж ирсэн бидний бизнес модель хэдийнэ үеэ өнгөрөөсөн гэдгийг ойлгоно.
14 хоногийн хөл хорионы хугацаанд Монголбанк, Сангийн яамнаас түрээс, зээлийн хүү, ажилчдын цалин, татвар, НДШ зэрэг тогтмол зардлууд дээр ямар нэгэн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан ч хүнд байдалд орсон бүх компанийг байтугай, талыг нь ч аврах санхүү, захиргаа, менежментийн нөөц Засгийн газарт байхгүй гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Тэгэхээр сайнд найдаж, мууг хүлээх л болж.
Гэхдээ нэг зүйл санаа зовоож, болгоомжлол төрүүлж байна. Бизнес ч яахав байгалийн шалгаралд ордог юм байж. Харин засаг яах бол?
Эрх баригчид халдварыг цаашдаа дотоодод алдахгүйн тулд санхүүгийн болоод захиргааны бүх нөөц бололцоогоо дайчлах нь мэдээж. Нэгдүгээрт цэвэр эрүүл мэндийн шалтгаанаар, хоёрдугаарт улс төрийн шалтгаанаар.
Гэвч цар тахал дууссаны дараа төрийн менежментэд ямар нэгэн сайн өөрчлөлт гарах найдлага байна уу? Өөрөөр хэлбэл, эдийн засаг, бизнест цаашдаа тус болох ямар нэгэн сургамж авах болов уу? Ядаж байнгын резервтэй байж цаг хүндрэхэд бизнест гараа сунгадаг жишиг тогтох болов уу?
Хамгийн аюултай нь Монголд бизнес эрхлэх маш хэцүү учраас төрийн албанд ажиллах нь илүү эрсдэл багатай, ядаж цалин урамшуулалтайгаа үлддэг гэсэн хандлага нийгэмд бэхжиж болзошгүй. Энэ тохиолдолд угаас уул уурхай давамгайлсан эдийн засгийн бүтэц улам нэг тийшээгээ хэлбийж, уул уурхайгаас бусад салбар улам “давжаарна”.