Ковид-19 цар тахалын нөхцөлд бизнесүүд цалин, түрээс, татвар, зээлийн төлөлт, ус, дулаан, цахилгааны төлбөр гэх мэт зардлуудаа хаахад улам хүндэрч байна. Ялангуяа оффис, зочид буудлын объектууд, хүнсний бус жижиглэнгийн худалдааны талбай болон үйлдвэрийн байрны түрээсийн зардал нь их хэмжээний сул зардлыг бүрдүүлдэг.
Монгол Улсын хууль тогтоомжид онцгой нөхцөлд түрээслүүлэгч түрээсийн төлбөрийг бууруулах, түрээслэгчийг төлбөрөөс чөлөөлөх талаар тусгаагүй учраас хоёр тал ярилцаж тохиролцохоос өөр аргагүй.
Энэ нийтлэлд бизнесийн эзэн хүн түрээслүүлэгчтэй уулзаж ярилцахаас өмнө юу санаж байх ёстой талаар, түүнчлэн түрээслүүлэгч, түрээслэгч хоёрын аль алинд нь туслах стратеги, тэдний хооронд өрнөж болох хэлэлцээрийн үр дагаварын талаар олон улсын экспертүүдийн санааг түүвэрлэн сонирхуулъя.
Эхлээд танай түрээслүүлэгч ямар нөхцөлд байгааг тодруулаарай
Түрээсийн төлбөрийн тухай амжилттай хэлэлцээр хийх анхны алхам бол түрээслүүлэгчийн санаа бодлыг судлах. Хэлэлцээр хийхэд түрээслүүлэгч мөнгө болон эрсдэлд яаж ханддаг, түрээсийн төлбөрийн бууруулахад, гэрээний нөхцлийг зөөллөхөд эрсдлийг дааж чадах эсэх зэрэг хүчин зүйлс чухал.
Зарим түрээслүүлэгчид тасралтгүй орлого хэрэгтэй бол бүтэн биш юмаа гэхэд түрээсийн төлбөрийн зарим хэсгийг авч байх нь чухал. Заримынх нь хувьд цаг хугацаандаа төлбөрөөс авахаас илүүтэй төлбөрөөс бүрдэх орлогын ерөнхий үзүүлэлт чухал байдаг. Тиймээс хөнгөлөлт үзүүлэхээс илүү төлбөрийн хугацааг хойшлуулахыг зөвшөөрдөг. Түүнээс гадна онцгой нөхцөлд үл хөдлөхөө яаж үнэлэхээ мэдэхгүй, капитал өртөг нь яаж багассаныг мэдэхгүй байгаа учраас түрээслүүлэгчид өөрсдөө ч бас хүндхэн нөхцөлд байж болно. Тиймээс ашиг, орлого бүрдүүлэх тал дээр хатуу байр суурьтай байдаг.
Мөн урт хугацааны хамтын ажиллагааг сонирхдог өөр нэг хэсэг нь түрээслэгчдээ хадгалах үүднээс илүү уян хатан хандах магадлалтай. Бас өөр нэг хэсэг нь түргэн хугацаанд орлого бүрдүүлэх сонирхолтой. Тиймээс танай түрээслүүлэгч хэн болох, түүнд юу чухал болохыг ойлгох нь амжилттай тохироо хийх стратеги боловсруулахад хэрэгтэй.
Шийдэл санал болго
Хэрэв танай бизнес амьд үлдэх горимд шилжсэн бол түрээсийн төлбөр төлөх нь юу л бол. Ийм нөхцөлд түрээсийн нөхцлийг өөрчлөх тухай тохиролцохыг оролдоод үзэхэд илүүдэхгүй. Төлбөр төлөхөөс шууд татгалзахын оронд хоёр талд ашигтай шийдэл санал болгохыг хичээгээрэй. Энэ нь хямрал арилж эхлэх үед танд үүсэх эрсдлийг багасгаж өгнө.
Өөрийн шийдлийг санал болгохдоо дараах зарчмуудыг баримталбал үр дүнтэй.
Урт хугацаанд сэтгэ. Түрээсийн нөхцлийг нь өөрчлөхөд танай түрээслүүлэгчид ашигтай байхын зэрэгцээ таниас нэмэлт зардал шаардахгүй хэд хэдэн арга зам бий. Хэрэв та жирийн үед сайн түрээслэгч бол түрээсийн хугацааг сунгах санал тавибал ойрын хугацааны сул зогсолтоос болгоомжилж буй түрээслүүлэгчийн хувьд энэ санал сонирхолтой байж мэднэ. Тэгээд ч хэрэв хямрал удаан үргэлжилбэл түрээслүүлэх үл хөдлөх хөрөнгийн эрэлт эрс унах магадлал өндөр. Үүний тод жишээ нь зочид буудлууд. Одоогийн нөхцөлд тэд ямар ч орлогогүй байгаа ч бизнес моделийн хувьд урт хугацааны төлөвлөгөөтэй бөгөөд тэр нь барилга, байшинтайгаа салшгүй холбоотой. Хэрэв тухайн зочид буудлын оператор нэр хүндтэй бол барилгын эзний хувьд түрээсийн харилцааг сунгах санал нь хаашаа ч алга болохгүй сайн оператортай харилцаагаа бэхжүүлж, сул зогсолтыг багасгах боломж юм.
Түүнчлэн түрээсийн нөхцлийг өөрчилж эсвэл түрээслэгчийн талаас гэрээг цуцлахаар заасан заалтуудыг гэрээнээс хасаж болно. Энэ нь түрээслүүлэгчид ирэх эрсдлийг багасгана. Ингэх нь ирээдүйд түрээслэгчийн маневрлах орон зайг багасгах хэдий ч одоо та амьд үлдэх горимд шилжсэн бол энэ орон зайн үнэ цэн тийм ч ач холбогдолтой биш. Хэрэв компани тань үйл ажиллагаагаа зогсоовол ийм өөрчлөлт танд гай тарихгүй.
Түрээслүүлэгчтэй эрсдэл, орлогоо хуваалц
Түрээслүүлэгчийг түрээсийн нөхцлийг эргэн харахад хүргэж болох өөр нэг арга зам бол тулгамдсан төлбөрийг хойшлуулж эсвэл цуцалсных нь төлөө урамшуулал өгөх. Та хойшилсон төлбөрийн тодорхой хувиар хүү төлөх эсвэл орлогоо хуваах санал тавьж болно. Ийм төрлийн хэлцэл нь түрээслэгч төлбөрөө төлөх мөнгөтэй, төлбөр нь орлоготойгоо пропорциональ хамааралтай гэдгийг харуулдаг. Харин хойшилсон төлбөрийн хүү нь түрээслүүлэгчийн авч буй урамшууллыг таны ирээдүйн үр дүнтэй холбож өгдөг. Ингэвэл та аль ч төлбөрөө хойшлуулаад зогсохгүй түрээслүүлэгчид таны бизнесийг аврахад тусалсных нь төлөө олгох урамшууллын хэмжээг нэмэгдүүлж чадна.
Ийм төрлийн хэлцэл нь худалдан авагчдыг голчлон татдаг цөөн тооны түрээслэгчтэй, тэдгээр нь барилгынх нь үнэ цэнэд нөлөөлдөг худалдааны төвүүдэд илүү тохиромжтой.
Санаачлагатай бай
Хямралын нөхцөлд олон том компани гарааны бизнесийн түвшин рүү буудаг. Тэд одоо мөнгө багатай ч ирээдүйд орлого бүрдүүлэх потенциал бий. Энэ нь тэд бизнесээ авч үлдэхийн тулд шууд тохиролцоо хийнэ гэсэн үг. Жишээ нь зээлдүүлэгчид төлөх өрөө үнэт цаас, хувь, түүгээр барахгүй оюуны өмчийг хамтран эзэмших эрх зэргээр төлдөг жишээ бий. Өөрөөр хэлбэл, түрээслэгч түрээслүүлэгчтэйгээ шууд түншийн харилцаанд шилжинэ гэсэн үг. 2008 оны санхүүгийн хямралын үед банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн олон компани мөнгөний оронд хувьцаа, хувь банкуудад санал болгоход энэ хандлага хүчтэй дэлгэрсэн. Эдгээр хэлцлийн олонх нь банкуудын хувьд ашигтай болж таарсан.
Ямар тоглоом тоглож буйгаа ойлго
Зарим түрээсийн гэрээ сүүлийн цэгийг дуустал заалтуудыг мөрдөх хатуу нөхцөлтэй байж болно. Хэрэв тийм бол шүүхэд очихоос өөр замгүй. Гэхдээ цар тахалын нөхцөлд шүүхдэлцээд явах нь түрээслүүлэгчид ашиггүй, харин хэлэлцээрийн ширээнд суух нь дээр байж болно. Хэрэв танайх өөрийн хуульчидтай томоохон компани бол тэдэнтэйгээ үүнийг сайтар ярилцах хэрэгтэй. 2020 оны хавар Герман дахь Адидас, Их Британи дахь Бургер Кинг, АНУ дахь Стаплес зэрэг сүлжээний брэндүүд түрээс төлөхгүй гэдгээ албан ёсоор зарласан. Үүнээс үүдэж хорио цээрийн өртгийг түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын аль нь үүрэх тухай маргаан дэгдсэн. Магадгүй энэ нь түрээслүүлэгчийг хэлэлцээр хийхээс аргагүй байдалд хүргэх стратеги байсан байх.
Таны түрээслүүлэгч хамтран ажиллах эсэхээс үл хамаарч түүнтэй нөхцөл байдлыг ярилцах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд таны түрээслүүлэгч хамтран ажиллах эсэхээс үл хамаарч түүнтэй нөхцөл байдлыг ярилцах хэрэгтэй. Ярилцах нь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгана. Хэрүүл маргаанд хүрсэн ч ярилцсанаар та ямар эрсдэл байгааг ойлгох болно. Мэдээлэл хоёр талд хоёуланд нь чухал. Түүнчлэн түрээслүүлэгч талын сэдлийг ойлгоход хэрэгтэй. Жишээ нь, онцын тусламж хэрэггүй ч зөвхөн өөрийгөө боддог явцуу ашиг сонирхолтой түрээслэгчид хямралын нөхцөл байдлыг ашиглаад түрээсийн төлбөрөө багасах вий гэж болгоомжилдог түрээслүүлэгч олон. Та тийм түрээслэгчдийн нэг биш гэдгээ ойлгуулах нь амжилттай хэлэлцээ хийх эхний алхам.