Байгууллагынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд өдгөө удирдлагууд гол анхаарлаа хандуулж, энэ чиглэлд төрөл бүрийн сургалт, хөтөлбөрт хамрагдах болсон. Тэгвэл бүтээмжийг нэмэгдүүлэхэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг, ямар аргаар нэмэгдүүлэх боломжтой вэ?
Бүтээмжийг нэмэгдүүлэх тухай ярихын тулд бүтээмжийн тухай зөв ойлголттой байх нь чухал. Удирдлагууд ихэвчлэн ажилтны гүйцэтгэлийг хэмжиж буйгаа бүтээмжийг үнэлж байна гэж эндүүрдэг. Гүйцэтгэл бол тодорхой төлөвлөгөө, ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үйл явц юм. Харин бүтээмж нь гүйцэтгэлийн үр дүн бөгөөд нөөцийг гарц болгон хувиргах, илүү гарц үйлдвэрлэх хүний бодит ур чадвар билээ. Бүтээмжийг үр өгөөжтэй байх, ашиг авчирсан байх, харилцагч, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өсгөсөн байх зэрэг бодит үнэ цэнийг бий болгосон байдлаар нь үнэлэх боломжтой.
Байгууллагын бүтээмжид нөлөөлдөг олон хүчин зүйл байдгаас муу менежмент, удирдлагын сул манлайлал, дотоод сөрөг соёл, таагүй уур амьсгал, процессын алдагдал буюу стандарт тогтоогүй байдал болон ажилтны хувийн бүтээмж сул байдал нь сөргөөр нөлөөлдөг байна. Ажилтны бүтээмж нэмэгдсэнээр байгууллагын бүтээмж сайжрах нь зүй ёсны хэрэг. Харин ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн зөв арга бол ажилтандаа төлөвлөгөөтэйгээр көүчинг буюу дасгалжуулалт хийх юм.
Хүн алдаж байгаагаа бус сайжирч буйгаа харж хөгжиж дэвшдэг.
Көүчинг хийснээр ажилтнуудын зуршил, хандлага өөрчлөгдөх, ур чадвар, мэдлэг нэмэгдэх зэрэг давуу талтай. Улмаар ажилтны стресс багассанаар бүтээмж нэмэгддэг. Тэгвэл көүчингийг хэн хийх ёстой вэ? Байгууллага заавал тусгай сургалт, хөтөлбөрт хамруулах замаар бус ахлах түвшний менежер, ажилтны шууд удирдлага зэрэг удирдах түвшний ажилтнууд көүчинг хийх боломжтой.
Көүчинг хийхдээ хэрэгцээг тодорхойлох буюу тухайн ажилтны онцлогийг тодорхойлж арга барил, көүчингийн төрлөө сонгох нь зөв. Өөрийн арга барилыг тулгах нь көүчинг биш гэдгийг санах хэрэгтэй. Дэмжсэн, зааварчилсан, хөгжүүлэх, засаж залруулах болон бататгах зэрэг таван төрлийн ажлын байрны көүчинг бий. Дэмжсэн көүчинг нь тухайн ажилтны санал бодлыг асууж, сэтгэл ханамжийг нь нэн тэргүүнд тавьж боломж олгодог бол зааварчилсан көүчинг нь юу хийхийг нь шууд зааварлаж, ажлын үр дүн, үр ашигт илүү анхаарсан зэрэг төрөл бүр өөрийн онцлогтой байдаг. Эдгээрээс тухайн ажилтанд тохиромжтой көүчингийг хийх нь бүтээмжийг нэмэгдүүлж, бодит үр дүнд хүргэх болно.
Та бусдын доороос галаар өрдөх биш тэдний дотор гал асааж байж хамгийн сайн хичээл зүтгэлийг харах болно.
-Боб Нелсон
Удирдах ажилтан бүр өөрийгөө көүч болгон хөгжүүлж, ажилтнуудаа дасгалжуулснаар ажилтныхаа ажил, амьдралдаа ухаарах процессыг богиносгож, бүтээмжтэй амьдарч үнэ цэнийг бүтээх хугацааг нь уртасгадаг байна. Эдгээр болон бүтээмжинд нөлөөлөх бусад хүчин зүйл, бүтээмжийг нэмэгдүүлэх аргуудын тухай энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинараар онцоллоо.
Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс долоо хоног бүрийн Мягмар гарагийн 19 цагаас зохион байгуулдаг “Бизнес цэнэг” сургалт энэ удаа “Бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, хэрхэн үнэлэх вэ?” сэдвийн хүрээнд явагдаж, ментороор менежментийн зөвлөх, сургагч багш Г.Батханд оролцлоо.
Ирэх долоо хоногийн вэбинарт Монголын хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Д.Бартанбаатар оролцож “Хүний нөөцийн бодлого, стратеги боловсруулах арга зүй” сэдвийн хүрээнд ярина.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх линк: https://business.mn/wroom/