“Тахлын үеийн бизнес” №2
/Ярилцлагын дүрс бичлэгийг эндээс/
“Хөгжлийн шийдэл” ТББ-ын нөлөөллийн зохицуулагч, хуульч Х.Баасанжаргалтай хөл хорионы нөхцөлд бизнесийн эзэд өөрөөсөө шалтгаалах юу хийх ёстой талаар ярилцлаа.
Цар тахлын улмаас бизнес эрхлэгчдийн өмнө цалин, түрээс, татвар, зээл, бусад урсгал зардал гэх мэт санхүүгийн маш том хүндрэл гарч ирлээ. Хууль зүйн талаас шийдэх ямар нэгэн гаргалгаа байна уу?
Олон нийтийн сүлжээнд бизнес эрхлэгчдийн бичиж буй пост, сэтгэгдлүүдийг харахад хамгийн том асуудал нь түрээс болж байна. Хоёрдугаарт, банкны зээл, хүү, гуравдугаарт ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй боллоо гэж ярьж байна. Араас нь НДШ, татвар, борлуулалт явж байна.
Эхлээд түрээсийн талаар яръя. Эндээс харахад хоёр янзаар шийдэх боломжтой гэж харагдаж байна. Нэгдүгээрт, өнгөрсөн хавар Засгийн газраас хэрэв түрээслүүлэгч түрээслэгчдээ тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлвэл хөнгөлсөн хувь хэмжээгээр нь бас татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэсэн шийдвэр гаргаад тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ шийдвэрээс хойш бараг хоёр улирлын тайлан гарсан. Тиймээс татварын албанд энэ шийдвэртэй холбоотой тодорхой хэмжээний дата үүссэн гэж найдаж байна. Энэ талаар татварынхнаас асуух ёстой гэж бодож байна.
Хоёрдугаарт, түрээслэгч, түрээслүүлэгч хоёр харилцан тохиролцох зам бий. Түрээсийн гэрээ 100 хувь Иргэний хуулиар зохицуулагддаг харилцаа. Хуулиараа бол түрээсийн гэрээг нотариатаар баталж, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх ёстой. Гэхдээ хоёр тал тохирох орон зай чөлөөтэй. Объектын эзэн түрээслэгчдээ ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх эрх нээлттэй.
Монголын зах зээлийн хувьд объектын эзэд голдуу ямархуу хүмүүс байдаг вэ? Тэд бас цар тахлаас болоод хүнд байдалд орсон гэж үзэж болох уу?
Яг ямар хүмүүс байдаг талаар судалгааны мэдээлэл би олж хараагүй. Гэхдээ ихэнх томоохон худалдааны төвүүд, үл хөдлөхийн бизнес эрхэлдэг хүмүүсээр жишээ авбал бас л банкнаас зээл аваад объектоо барьчихсан, түрээслэгчдээс авсан орлогоороо зээлээ төлдөг хүмүүс байдаг гэж бодож байна.
Тэгэхээр эргээд л банкны зээлийн асуудал босч ирэх учраас зээлийн асуудал дээр шийдэл гаргахгүй бол энэ цикл тасрахгүй. Өнгөрсөн хавар зарим түрээслүүлэгч түрээслэгчдээ хөнгөлөлт эдлүүлсэн. Гэхдээ манай бизнес эрхлэгчид хууль зүйн мэдлэг дутмаг байдаг болохоор нэг, хоёр жилийн дараа том эрсдэл үүсэх вий гэсэн том болгоомжлол бий. Яагаад гэвэл ихэнх нь аман тохиролцоо байдлаар хөнгөлөлт эдлээд, түүгээрээ нэхэмжлэх үйлдээд явчихсан. Гэтэл түрээсийн гэрээ, түүнд орсон өөрчлөлтийг нотариатаар баталж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Тиймээс хэрвээ нэг юмуу хоёр жилийн дараа тухайн түрээслэгчийн бизнес эргээд сэргэхэд амаар хийсэн тохироо хүчингүй болж, хуулиараа түрээсийн төлбөрөө дутуу хийсэн гэдэг асуудал босч ирж болзошгүй.
Түрээсийн гэрээ, түүнд орсон өөрчлөлтийг нотариатаар баталж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог учраас амаар хийсэн түрээсийн хөнгөлөлтийн талаарх тохироо тодорхой хугацааны дараа хүчингүй болох эрсдэлтэй.
Түрээсийн гэрээ өөрөө нарийн зүйл. Учир нь голдуу урт хугацаагаар байгуулдаг. Яавал ашигтай, яавал ашиггүй байх вэ гэдгийг сайн ойлгож, өөрөө ойлгохгүй бол гэрээнийхээ нооргийг хуульчаар хянуулчихдаг байвал өөрийгөө эрсдлээс хамгаалсан сайн гэрээтэй байж чадна. Зах зээл дээр түрээсийн гэрээг боломжийн өртгөөр хянаад, засаад өгөх хуульч олон бий.
Гэрээн дээр байдаг давагдашгүй хүчин зүйлсийн заалтыг ашиглах боломж байгаа юу?
Давагдашгүй хүчин зүйлсийн заалт багахан итгэл найдвар төрүүлж байна. Гэхдээ бодит амьдрал дээр хэрэгжихэд тун төвөгтэй. Давагдашгүй хүчин зүйлсийг гэрээнд тань юу гэж тодорхойлсон байна вэ гэдэг чухал. Банкны зээлтэй хүмүүс гэрээнийхээ энэ заалтыг ахиад нэг уншаад үзээрэй. Банкны зээлийн ихэнх гэрээнд “Тухайн шийдвэрийн хүчинтэй хугацаа болон тухайн үйл явдал болсон хугацаагаар үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэх үүргийг хойшлуулна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, УОК-оос 14 хоногийн бүх нийтийн бэлэн байдал зарласан учраас тэр 14 хоногоор л таны зээлийн үүрэг хойшилно гэсэн үг. Гэвч үнэндээ бидэнд 14 хоног чухал биш, харин энэ 14 хоногоос болж дордсон бизнесээ яаж хөл дээр нь босгох вэ гэдэг нь чухал.
Түүнчлэн өнгөрсөн хавар дараахтай төстэй тохиолдлууд гарч байсан. Давагдашгүй хүчин зүйлсийн заалтад “Нийтийг хамарсан өвчин” гэсэн үг байсан. Гэвч Монгол улсад 2020 оны хавар нийтийг хамарсан өвчин гараагүй гэж нөгөө тал маргаад эхэлсэн. Тиймээс гэрээний үг үсгийг хянана гэдэг маш чухал. Одоо нөхцөл байдал хүндрээд, олон асуудал хоолойд тулсан үед гэрээгээ дахиад уншихад өөрөөр хүлээж авах болно. Нэг үгээр, яг одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг гэрээндээ тусгасан уу, тусгасан бол ямар байдлаар гэдгийг эргээд нягтлах хэрэгтэй. Жишээ нь, цахилгаан станцад гэмтэл гараад таны түрээсэлж буй объектод цахилгаан тасрахад тэр нь давагдашгүй хүчин зүйлст орж байна уу гэх мэт. “Түрээслэгч болон түрээслүүлэгч, худалдагч болон худалдан авагч талаас үл хамаарах бусад бүх нөхцлийг давагдашгүй хүчин зүйл гэнэ” гэсэн заалт байвал хамгийн боломжийн нөхцөл болно.
Банктай байгуулсан гэрээний давагдашгүй хүчин зүйлсийн заалтад одоо үүсээд буй нөхцөл байдлыг яаж тусгасныг эргээд нэг хянаарай.
Давагдашгүй хүчин зүйлс дээр талууд маргалдаад шүүхэд очих хэрэг гарвал өөрсдөө нотлох баримт цуглуулна. Шүүх нотлох үүрэг хүлээдэггүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр УОК-ийн шийдвэр, бас таны бизнес үнэхээр хэцүү байдалд орсон гэдгийг нотлох орлогын баримт, дансны хуулга, санхүүгийн тайлан гэх мэтийг нотлох баримт болгож болно.
Манай бизнесүүдийн гаргадаг нэг том алдаа бол зүгээр л Х тайлан өгөөд яваад байдаг. Шүүх дээр очоод өмнө нь олж байсан орлогоо ийм учраас олж чадахаа больчихлоо гэдгээ нотлох гэхээр нотлогддоггүй. Яагаад гэвэл зүгээр л орлогогүй гээд л тайлан өгөөд яваад байсан. Өөрөөр хэлбэл, алдагдалтай байгаа гэдгээ нотлох бүртгэлийг хийж явах хэрэгтэй. Хасах утгатай тайлангаа гаргаад явах ёстой. Сая Засгийн газраас баталсан 23 арга хэмжээн дотор нэг арга хэмжээ бий. Үнэхээр тухайн байгууллага алдагдалтай байгаа бол түүнийг нь дараа жил рүү шилжүүлнэ. Дараа жил бизнес тань ашиг, орлоготой болоод ирвэл түүнд нь алдагдлыг тань тооцож, таны татвар төлөх орлого буурах боломжтой. Алдагдал шилжүүлэх талаар татварын хуулийн зохицуулалт байдаг. Алдагдлаа тоолоод явах хэрэгтэй.
Бизнес эрхлэгчид санхүүгийн тал дээр олон чиглэлээр сөрөг үзүүлэлттэй болж ирлээ. Гэхдээ хэзээ нэгэн цагт бизнес эргээд сэргэж, төрийн байгууллагуудтай ахиад харилцаж эхлэх үед одооноос ямар мэдээллийг цуглуулж, ямар бичиг цаас бүрдүүлэх хэрэгтэй вэ?
Нэгдүгээрт, аман бус бичгээр үйлдсэн нотлох баримтуудыг сайн бүрдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, дээр ярьсан алдагдлыг илэрхийлэх зардал, өр гэх мэтээ санхүүгийн тайлангаар, санхүүгийн анхан шатны баримтаар нотлоод явах хэрэгтэй. Гуравдугаарт, гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хойшилж байгаа бол дор хаяж гэрээний өөрчлөлтийг и-мэйл, мэссэж бичиж баталгаажуулах хэрэгтэй. Бас хол хорионы үеэр танай бизнесийн үйл ажиллагааг яг хориглосон уу гэдгийг нотлох зүйлтэй байх хэрэгтэй. Жишээ нь, хүнсний чиглэлийнх боловч хөл хорионы үеэр ажиллах боломжгүй бизнес цөөнгүй. Гэтэл дараа нь танайх хүнснийх юм чинь ажиллах боломжтой байсан шүү дээ гэвэл та юу хэлэх үү?
Дөрөвдүгээрт, үүсээд буй асуудал бэрхшээлээ албан ёсоор цаасан дээр бичээд, санал хүсэлтээ өгөх ёстой газарт нь бүгдийг нь өгөөд явах хэрэгтэй. Хөл хорионы 14 хоногт танай бизнес яг яаж хохирсныг нотлох зүйлсээ бүрдүүлээд гарын үсгээрээ баталгаажуулах хэрэгтэй. Төрийн албанд өгсөн хүсэлт биелэхгүй бол түүний дараа гомдол өгөх эрх үүсдэг. Шууд гомдол гаргавал процессын алдаа болчихдог. Хүсэлт, гомдлыг тань барагдуулаагүй бол та төрийн байгууллагын өөдөөс хэлэх үгтэй болж, шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
Зүгээр л Х тайлан гаргаад явахын оронд бизнес тань үнэхээр алдагдалд орсон гэдэг баримтуудыг сайн бүрдүүлэх хэрэгтэй.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг УИХ батлахдаа төрөөс ямар ч арга хэмжээ авсан хүний эрхийг зөрчихгүй гэсэн заалт оруулж, тийм үүрэг хүлээсэн. Тэгэхээр төрөөс хүний эрхийг дордуулаад эхлэх л юм бол шууд шүүхэд хандах эрхтэй.