Тахлын үеийн бизнес №3
Цар тахлын хөл хорионоос үүдэн хамгийн их хохирол амсаж буй бизнесийн салбаруудын нэг бол хоол үйлдвэрлэл, үйлчилгээ. Энэ салбарын төлөөлөл “Route 22” рестораны захирал Н.Болормааг бид урьж, сорилтын үед авч буй арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөнийх нь талаар ярилцлаа. Тэрбээр бизнес эрхлээд таван жил болж буй бөгөөд “Route 22”-оос гадна “Zoma” болон “Greeno” гэсэн өөр өөрийн онцлог бүхий концепцитой зоогийн газрыг мөн ажиллуулдаг ч хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа түр зогсоохоос аргагүйд хүрчээ.
2020.09
Түүнтэй хоёр сарын өмнө уулзаж ярилцахад “Бусад бизнесийн адил манайх тэсч үлдэхийн тулд маш олон шинэлэг зүйлс санаачлан хийсэн. Тухайлбал, хоолны багц нэмж, цэсээ илүү баялаг болгон шинэчилж, шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлсэн. Цэс шинэчилнэ гэдэг өөрөө хугацаа их авдаг, нэлээд ажиллагаатай үйл явц. Мөн рестораны бизнес өөрөө тогтмол зардал өндөртэй байдаг учраас зардлаа аль болох танахыг хичээсэн. Товчхондоо, бид борлуулалтаа дэмжих, нэмэгдүүлэх, мөн цаашлаад унагахгүй байхын төлөө бүхий л хүчээ дайчлан ажилласны үр дүнд энэ хүнд үеийг даваад гарчихлаа гэж харж байна. Одоо бол салбар маань харьцангуй боломжийн, тогтворжоод явах болов уу” хэмээн хариулж байв.
2020.11
Харин үүнээс яг хоёр сарын дараа Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг зарласан нь бизнес эрхлэгчдийн хувьд өөдрөг төсөөллөө гээхэд хүргэсэн болов уу. Н.Болормаатай дахин холбогдож, цар тахлын дараах бизнесийн төлөвлөгөөг нь сонирхоход тэрбээр “Зардлаа их хэмжээгээр танана. Хүний нөөцөө ч өмнөх хэмжээнд хүртлээ ажиллуулж чадахгүй болно байх. Тиймээс аль болох зардал багатайгаар ажиллаж, ирэх 2021 оныг давж гарах бодлого баримтална” гэлээ. Өнгөрсөн хугацаанд тэд орон тоогоо цомхотголгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол энэ удаад нөхцөл байдал хаашаа эргэхийг харгалзан дараагийн алхмаа авахаас өөр аргагүйд хүрч байгаа бололтой. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар ажлын байр харьцангуй их үүсгэдэг онцлогтой. Тухайлбал, Н.Болормаа гурван салбар ресторанаараа дамжуулан 45 хүнийг ажлын байраар хангаж, сард нийт 50 гаруй сая төгрөгийн цалин олгодог ч хөл хорионоос үүдэн эдийн засаг царцаж буй нь түүний хувьд толгойны өвчин болоод байна.
Энэ сарын эх гэхэд тэдний борлуулалтын орлого цар тахлын өмнөх үеийн хэмжээндээ хүрч эхлээд байв.
Энэ ч утгаараа ажлын байрыг хамгаалах чиглэлээр Засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байгаад Н.Болормаа шүүмжлэлтэй хандаж буй. Цар тахлаас үүдэн ажилгүйдэл нэмэгдэнэ, үүнээс шалтгаалан ядуурал ч нэмэгдэнэ хэмээн тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тухайд ажилтнуудаа зайнаас ажиллуулах, үйлчилгээгээ онлайн хэлбэрт шилжүүлэх хараахан боломжгүй байдаг онцлогтой. Тиймээс тэг зогсолт хийхэд ойрхон байгаа уг салбарыг тодорхой хэмжээнд дэмжих үүднээс халдвар, хамгааллын ямар дүрэм журам мөрдүүлэхээ тодорхой болгож, хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг тэр тайлбарлалаа. Одоогоор төрөөс хүнсний үйлдвэрлэлийн хүргэлтийг зөвшөөрсөн ч хоол үйлдвэрлэлийн хүргэлтийг хараахан зөвшөөрөөгүй байгаа юм.
Өнгөрсөн хоёр, гуравдугаар сард ресторануудынх нь борлуулалт 40-50 хувиар буурсан нь тэдний хувьд хамгийн хүнд үе байжээ. Гэсэн ч дөрөв, тавдугаар сараас ахин сэргэж, есдүгээр сараас борлуулалтын орлого өсөж, энэ сарын эх гэхэд цар тахлын өмнөх үеийн хэмжээндээ хүрч эхлээд байв. Гэвч гэнэтийн хөл хорио тогтоосноор байдал дахин хүндэрч эхэлсэн нь энэ.
Бүх өндгөө нэг сагсанд хийчихэж болохгүйг ойлгож, эрсдэлээ хуваах зорилгоор бизнесээ солонгоруулахаар төлөвлөж байлаа.
“Ер нь КОВИД-19 бидэнд том сургамж болсон” хэмээн өгүүлэх Н.Болормаа болон түүний хамт олон өнгөрсөн хугацаанд санхүү, хүний нөөц, дүрэм журам зэрэг бизнесийн үндсэн сууриудадаа анхаарч, улмаар зардлаа танаж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажилласан байна. Өмнө нь бизнесээ хөгжүүлэхэд түлхүү санаа тавьдаг байсан бол цар тахал тэдэнд бизнесийн моделио эргэн харах сануулга өгчээ. Энэ ч үүднээс бүх өндгөө нэг сагсанд хийчихэж болохгүйг ойлгож, эрсдэлээ хуваах зорилгоор өөр салбарт хөрөнгө оруулж, бизнес эрхлэх, бизнесээ солонгоруулах талаар менежментийн багаараа судалж, хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч дахин хөл хорио тогтоосноор энэ бүх төлөвлөгөөгөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулахад хүрчээ.
Өөр нэг асуудал бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том дарамт болдог түрээс. Өнгөрсөн хугацаанд Н.Болормаа түрээсээ бууруулах, хөнгөлүүлэх хүсэлтийг түрээслэгчдэдээ тавьснаар тодорхой хэмжээний үр дүнд хүрч байж. Энэ удаа ч мөн өмнөх алхмаа давтахаас аргагүй болж байгаагаа тэр учирлаж, “Засгийн газрын зүгээс түрээслэгчдэд хандан түрээсээ тодорхой хугацаанд хөнгөлөхийг уриалах болов уу гэж харж байлаа. Гэсэн ч тэгж уриалсангүй. Үүнээс гадна Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөө үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа” гэв.