Энэ цаг үед үндэсний үйлдвэрлэгчид тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал ямар байгаа болоод Засгийн газрын шийдвэрүүд тэдэнд хүрч чадаж буй эсэх, цар тахал тэдэнд ямар сургамж өгч буй талаар бид “Тахлын үеийн бизнес” цуврал ярилцлагаар хүргэж байгаа билээ. Энэ удаад “Ивээл” брэндийн үүсгэн байгуулагч З.Рэгзэдмаатай ярилцлаа. Энэ оны хоёрдугаар сард тэд найман салбар дэлгүүртэй, 120 орчим ажилтантай байсан бол цар тахлын нөлөөгөөр гурван ч салбар дэлгүүрээ татан буулгаж, өнөөдөр 47 ажилтантайгаар үйлдвэрлэлээ явуулж байна.
-Цар тахал бизнесийнхэнд, тэр дундаа оёдлын салбарынханд хүндхэн цохилт болоод буйг үйлдвэрлэгчид ярьж байгаа. Энэ оны хоёрдугаар сараас хойших нөхцөл байдал ямар байна. Та бүхэн энэ цагт ямар зохион байгуулалттайгаар ажиллаж байна вэ?
-Түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж буй бизнесүүдэд илүү хүндрэлтэй байна. Танайх өөрийн гэсэн үйлдвэрийн байртай тул давуу тал бий. Гэхдээ л борлуулалт саарч буй нөхцөлд 100 гаруй ажилтнаа цалинтай нь барьж үлдэх амаргүй. Давагдашгүй хүчин зүйл гэдгийг утгаар нь мэдрүүлж байна. Бид олон төслийг санаачилж хэрэгжүүлээд брэндингийн хувьд төлөвлөсөн төлөвлөлтийнхөө дагуу бизнесээ явуулж байсан. Гэвч хоёрдугаар сараас эхлээд ковидын давлагаанд орж бизнес хэвийн үеэсээ огт өөр стратеги төлөвлөлттэй явж ирсэн. Хоёрдугаар сарын байдлаар найман салбар дэлгүүртэй 120-оод ажилтантай байсан. Үндсэн 47, гэрээт 50-100 ажилтантай байсан.
Бизнесийн орлогоосоо өдрийн тутмын үйл ажиллагаа, материал таталт, түрээс, цалингийн зардлаа тусгаж, татвар татаасаа төлж явдаг учраас бид гэрээт ажилчдынхаа гэрээг яалтачгүй цуцалсан. Өнөөдрийг хүртэл үндсэн 47 ажилтантайгаа үйлдвэрлэлээ явуулж байна. Найман салбарынхаа гурвыг татан буулгасан. Цар тахлын түрээсийн төлбөрийг буулгах хүсэлтийг түрээслүүлэгчиддээ хүргүүлсэн. Таван салбар тодорхой хэмжээгээр түрээсийн төлбөрөө бууруулж, бизнесийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлсэн. Одоогийн нөхцөлд бид үйлдвэрийн байрандаа студи болон ажилчдын байртай нь давуу тал болж байна. Нийгэмд харилцаа үүсгэхгүйгээр ажлаа хийх боломжтой тул цөөн тооны ажилчид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллаж байна. “Ивээл” брэндийн аппликейшн болон вэб хуудсанд зураг авалтын шаардлага их байгаа.
Одоогийн нөхцөлд материалаа гаднын улсаас татаж бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дор хаяж гурван сар зарцуулахаар байна
-Брэндингийн зарим ажил дижиталд шилжиж, борлуулалт тэргүүтэй зарим ажил онлайнаар түлхүү явж байгаа юу?
-Захиргааны багын залуучууд онлайнаар ажиллаж байгаа ч үйлдвэрлэлийн салбар яаж ч цахимжаад онлайнаар явуулах боломжгүй салбар. Одоогийн бэлэн бүтээгдэхүүнүүдээ яаж борлуулахад чиглэж байна. Өвлийн болон шинэ жилийн материалуудаа бид татсан байсан. Ковидоос өмнө гаднаас захиалсан материал 14 хоногт ирдэг байсан бол одоо багадаа хоёр сарын хугацаанд ирдэг болсон. Тэгэхээр түүхий эд материалынхаа мөнгөн урсгалаа маш сайн тооцоолохгүй бол одоо хийж байгаа хөрөнгө оруулалт хоёр сарын дараа материал болж ирж байна. Бизнес маш нарийн, хүнд үеийг туулж байна.
Ер нь Монголд үйлдвэрлэл эрхлэхэд түүхий эд материалын асуудал үйлдвэрлэгчдэд хүндээр тусдаг бөгөөд зуун хувь импортоос хараат байна. Манайх Солонгос болон урд хөршөөс түүхий эд материал татаж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Одоогийн нөхцөлд түүхий эд таталтаа хоёр сарын өмнө төлөвлөхгүй бол материалаа татаж бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дор хаяж гурван сар зарцуулахаар байна. Энэ цаг үеийг давахаас өөр аргагүй. Хэрхэн яаж гэдэг дээр ажиллаж байна. Татсан байгаа материалаа бүтээгдэхүүн болгож борлуулж чадахгүй бол дараа жилийн өвөл хүртэл агуулахад хадгалах асуудал урган гарч ирнэ. Даавуу хадгалах нөхцөл онцгой. Чийг авч болохгүй, хэт хуурай газар, нарны гэрэлд хадгалж болохгүй зэрэг даавууны шинж чанараасаа хамаараад хадгалах нөхцөл ондоо.
-“Ивээл” брэндийнхэн цаашид ямар төлөвлөгөөтэйгөөр явах гэж байна вэ?
-Бизнес бидний хүссэнээр явахаа болиод удаж байна. Энэ бизнесийг эхэлснээс хойш би зөвхөн өөртэйгөө ажилладаг байсан л даа. Одоо миний сайн, муу энэ ажил амьдралд хамаагүй болчхоод давагдашгүй хүчин зүйл цар тахал гэдэг бол үнэхээр хэлэх юм биш байдгийг ойлгож байна. Бид “Ээлтэй ивээл”, “Гоо ивээл”, “Үзэсгэлэнт ивээл” зэрэг олон төсөлтэй. Дагуул төслүүдийнхээ хөгжүүлэлт дээр анхаарч ажиллаж байна. Онлайн борлуулалтаа идэвхжүүлэх, борлуулалтын шинэ сувгууд нээх талаар ажиллаж байгаа. Бид наадмын загваруудад зориулсан материалаа татсан байсан. Тиймээс наадам дээр төвлөрч байна. Зохион бүтээлтийн баг дулааны хувцасны загвараас гадна материалынхаа дагуу судалгаа хийгээд ажиллаж байна даа.
-Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн шийдвэрүүдийн талаар та ямар бодолтой явна. Танай үйлдвэрийн хувьд ямар нэгэн дэмжлэг, хөтөлбөрт хамрагдаж чадсан уу?
-Өмнөх хөл хорионы үеэр Засгийн газраас олон тушаал шийдвэр гарсан. Үүнд хамрагдахад жижиг дунд үндэсний үйлдвэрлэгчдэд маш хүнд байдаг. Оёдлын салбар нь эмэгтэйчүүд ажилладаг маш онцгой салбар. Төрөөс авч хэрэгжүүлсэн ямарваа нэгэн арга хэмжээ, нэг ч хөтөлбөрт хамрагдаж байгаагүй. Одоо цөөн тооны хүн үйлдвэрийнхээ байранд ажиллаад, амьдраад болоод буйн шалтгаан нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нэгнийгээ дэмжиж байгаатай холбоотой. Жишээлбэл, манайх маск, ажлын хувцас зэрэг захиалгаар тасрахгүй үйлдвэрлээд явж байна.
-Яагаад хамрагдаж чадахгүй байна вэ. Зарим аж ахуйн нэгжийн жилийн орлого онцлогоосоо шалтгаалаад Засгийн газраас тогтоосон 20 хувийн босгыг давчхаад татварын чөлөөлөлтөд хамрагдаж чадаагүй гэж ярьж байсан ?
-Шалгуур үзүүлэлтүүд болон тавигдсан шаардлагыг нь нэг талаасаа хангаад, зарим талаасаа хангахгүй тохиолдлууд байна. Сарын онцлог, дөнгөж эхэлж буй үйлдвэрлэлийн онцлогоос хамаараад хамрагдаж чадаагүй. Тухай үед захиалга ихтэй байсан. 5-8 хүртэлх дэлгүүрийг бэлэн бүтээгдэхүүнээр хангана гэдэг бол үйлдвэрлэлийн нүсэр ажил. Сая арван нэгдүгээр сарын байдлаар үйлдвэрлэл маань овоо жигдэрч, хэвийн ажиллаж эхлэх гэж байсан ч гэнэт хөл хорио тогтоосон. Харин энэ давааг хэрхэн давахаа судалж байгаа ч биднээс хамаарахгүй олон хүчин зүйлс байна. Хүмүүсийн худалдан авалт өдрөөс өдөрт багассаар байна. Бүх бүтээгдэхүүнээ хүргэлтээр гаргахаар ажиллаж байгаа ч иргэдийн худалдан авалт цаашид буурах төлөвтэй нь судалгаагаар харагдаж байгаа. Бид нарт бодит дэмжлэг маш их хэрэгтэй байна. Олон тушаал, шийдвэр гардаг ч үнэхээр үйлдвэрлэгчдэд хэрэгтэй барьж аваад бизнестээ, ажилчиддаа өгөөжтэйгөөр тусгах боломж алга.
Өдөрт 2-3 цагийг өнгөрсөнд хийсэн ажлууддаа дүн шинжилгээ хийхэд зарцуулж байна. Ковид энэ талаараа өгөөжөө өгч байгаа.
-Цар тахал танд ямар сургамж өгч байна?
-Маш сонирхолтой байна. “Бүх хүн өөрийгөө болон бизнесээ толинд харж байна” гэх фэйсбүүк пост толгойд буусан. Бид бизнестээ дүн шинжилгээ хийж ирээдүйд гаргах алдаагаа багасгах нь зөв гэж бодон өдөрт 2-3 цаг зарцуулан өнгөрсөнд хийсэн ажлууддаа дүн шинжилгээ хийж байна. Ковид энэ талаараа өгөөжөө өгч байгаа. Загварын салбар хэцүү. Өдөр бүр шинэ загвар гарч шинэчлэгдэнэ. Монгол шиг дөрвөн улиралтай газар үйлдвэрлээд бүтээгдэхүүн зах зээл дээр гаргана гэдэг маш ажиллагаатай. Бид бичсэн төслөө болон хийсэн ажлаа дүгнэх тал дээр дутагдалтай байсан нь харагдсан. Ирээдүйд хийх сайжруулалтын процессын судалгааг хийж байна.
-Тантай ижил төрлийн бизнес эрхэлдэг болон эрхлэх гэж буй залуу бизнес эрхлэгчдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Нэг бодлын сайхан байна. Олон залуу Монгол дээл, хувцас дотооддоо үйлдвэрлэхийг эрэлхийлж байна. Бид ирээдүйд хэрэгтэй зүйлийг хамтарч хийж, зүтгэж байна. Үндэсний үйлдвэрлэгчид ойрын таван жилдээ дотоодынхоо бэлэн хувцасны зах зээлийн 5 хувийг л үйлдвэрлэхэд болно гэж хараад байна. Ижил төстэй бизнес эрхэлж байгаа болон зэхэж буй залуустаа хандаж хэлэхэд эхлэхийн өмнө маш сайн судалгаа хийгээрэй. Цар тахал гарснаар бидний олон боломжийг хумьж байна. Үйлдвэрлэгч болох гэж байгаа хүнд хамгийн чухал зүйл түүхий эд, материал байдаг юм шүү. Дотооддоо бид маш сайн даавууны үйлдвэртэй болчихвол ирээдүйд хийх зүйл их байна.
-Танай компанийн менежерүүд яаж ажиллаж байгаа вэ, гаднын захиалгууд нэлээд хумигдсан байх?
-Амрах хүсэлтэй байгааг нь амрааж байгаа. Захиргааныхан болон менежерүүд онлайнаар ажиллаж байна. Ингэж ажиллах боломжгүй зарим ажилтнаа амраахаас өөр аргагүй болж байна. Одоо байгаа ажлаа нугалах хэмжээнд ажилтнууд ажиллаж байна.
Гаднын захиалгууд өмнөх жилийн хоёрдугаар сарынхаас 80 хувиар буурсан. Дэлхий даяар тархсан монголчууд, ялангуяа Өвөр монголчууд гол худалдан авагчид байсан. Цар тахлаас болоод бүх борлуулалт буурсан ч дагуул төслүүд гал алдуулахгүй явж байна.