Тахлын үеийн бизнес №5
“Oчир алдар” компани хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй. “Бизнесээ авч үлдэх үү? Эсвэл зогсоох уу?”. Бусад мянга мянган аж ахуйн нэгжийн адил тэд ч бас энэ сорилтын өмнө ирээд байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш аливаад торолгүй ажиллаж ирсэн тус компани цар тахлын улмаас томоохон давааг туулах учиртай боллоо. Яг л бусдын адил.
Өнгөрсөн хугацаанд тэд “Очир эрдэнийн амьд ус”-ыг 0.33 мл-ээс таван литр хүртэл савалгаатайгаар үйлдвэрлэж гадаад, дотоодын зах зээлд нийлүүлсээр иржээ. Тодруулбал, 2017 оноос БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортлох болсон байна. Гэсэн ч цар тахлын хөл хорионоос үүдэн борлуулалтын орлого нь буурч, экспортийн хувьд тэг зогсоход хүрчээ. Одоогоор зөвхөн дотоодын зах зээлд зориулан тодорхой хэмжээгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж буй. Хэдий санхүүгийн хувьд эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа ч “Очир алдар” компанийн гүйцэтгэх захирал Ө.Одбаяр 25 ажилтныхаа цалинг ямар нэг хоцрогдолгүйгээр, бүрэн олгож байгаа гэлээ. Мөн үйл ажиллагаагаа урьдынх шигээ биш ч таслалгүй үргэлжлүүлж яваа учир банкны зээлээ ч төлж байгаа гэв. Гэхдээ ингэж ажиллахын тулд санхүүгийн сахилга бат, өндөр түвшний зохион байгуулалт шаардагдаж буйг тэр онцолсон юм.
“Экспорт зогсож, борлуулалт буурсан ч ажлын байраа хадгалж үлдэхийг хичээж байна”
Өдгөө нийслэлийн хэмжээнд нийт 75 аж ахуйн нэгж цэвэр усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд бүгд өөр өөрийн онцлогтой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэж хэлж болно. “Очир алдар” компанийн хувьд эрүүл мэндийн шинж чанартай цэвэр усыг Монголд анхлан үйлдвэрлэснээрээ онцлог. Энэ хүрээнд “Стандарт, хэмжил зүйн газар”-аас шүлтлэг усны стандартыг анхлан батлуулж, тэр дагуу өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж буй. Тиймээс “Очир эрдэнийн амьд ус” өртгийн хувьд ижил төстэй бүтээгдэхүүнүүдээс харьцангуй өндөр байдаг аж. Уг онцлог нь харилцагч байгууллагууд зардлаа ид танаж ажиллаж буй энэ үед тэдний борлуулалтын орлого буурахад нөлөөлжээ.
Ө.Одбаяр “Хөл хориог битгий л сунгачихаасай гэж залбирч байна. Үүний тулд ард иргэд ч, аж ахуйн нэгжүүд ч дор дороо хөл хорионы дэглэмийг сайтар баримталж, маш хариуцлагатай хандмаар байна. Хэрэв ингэж чадвал хөл хорио цуцлагдаж, олон хүн, аж ахуйн нэгж эргэн ажиллаж эхэлснээр, эдийн засгийн эргэлт сайжирч, орлогын эх үүсвэр бүрдэж эхэлнэ. Харин хөл хорио цаашид сунаж, олон хоног үргэлжилбэл компанидаа санхүүгийн зохицуулалтуудыг бүхий л байдлаар хийхийг хичээнэ. Хоёрт, үнэхээр борлуулалт эрс багасч, орлого тасалдаад ирвэл зарим ажилтандаа ээлжийн амралтыг нь эдлүүлэх, ажиллах хугацааг нь багасгах, түр чөлөө өгөх зэргээр зохицуулна гэж харж байна. Ямар ч байсан ажлын байрыг шууд цомхотгох зэрэг арга хэмжээ авахгүй. Харин яаж ийгээд ажлын байраа хадгалахын тулд байж болох ямар арга замууд байгааг судалж шийдвэрлэнэ” гээд “Ажлын байраа тогтвортой хадгалахын төлөө л ажиллаж байна даа” хэмээн нэмж тэмдэглэв.
Түүний үзэж буйгаар түгээлт, борлуулалтын компаниуд болон хүнсний үйлдвэрүүд хөл хорио тавигдаж, цар тахал намжих үед “Ямар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх вэ?” гэх зэргээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ илүү анхаарах шаардлага тулгарах аж. Харин “Очир алдар” компанийн тухайд сайн цаг ирэхэд түншүүдтэйгээ харилцан тохирсон гэрээ хэлцлийнхээ дагуу экспортоо дахин үргэлжлүүлж эхлэх юм.
Dor burnee bugd hicheeh tsag