Хөл хорионы улмаас бид гэрээсээ бүхнийг амжуулах шаардлагатай тулгарсаар хэдэн долоо хоногийг үдэж байна. Хоол хийх, гэр цэвэрлэх, хувцас угаах, гэр бүлдээ цаг зарцуулах, өөрийгөө хөгжүүлэх. Энэ бүхэн бол ажлынхаа хажуугаар хийх албан бус “даалгавар”-ууд юм. Бүгдэд нь ижил анхаарал хандуулж, цаг гаргаж, төгс гүйцэтгэлтэй байхыг хичээсэн ч нэг л болж өгөхгүй байна уу? Танд туслах хэдэн зөвлөгөөг хүргэе. Гэхдээ үүнийг уншихаасаа өмнө санасан болгоноо амжуулж, хүссэнээрээ бүтээмжтэй байж чадахгүй байгаадаа өөрийгөө битгий буруутгаарай. Энэ бол санаа зовох асуудал биш, хэвийн үзэгдэл гэдгийг сэтгэл зүйчид сануулах болсон билээ.
Эрэмбэл
Өмнө тань овоорсон их ажлуудаа та сайн нягталж харвал чухал шаардлагатай болон бага зэрэг хойшлуулахад асуудалгүй, хугацаа нь тулаагүй учраас өдөрт бага багаар ахиулах боломжтой гэх зэрэг төрөл бүрийн хэлбэрээр ангилж, эрэмбэлэх боломжтой байгааг та анзаарна. Өдөр дуусахад нэн түрүүнд дуусгасан байх ёстой ажлуудаа бодох хэрэгтэй. Тэгээд хамгийн чухлаасаа эхэл. Нэг цагт нэг л зүйлд төвлөр. Харин дууссан бол дараагийн чухлыг барьж ав.
Хослуул
Жишээлбэл, угаалгын машинд хувцсаа угааж байх зуураа та онлайн уулзалтуудаа амжуулж, утсаар ярьж, и-мэйл бичиж болно. Ийм маягаар хослуулах гээд үзээрэй. Гэхдээ мэдээж хүүхдийнхээ хичээлийг давтуулангаа эдгээрийг хийх боломжгүй. Тэгэхээр боломжтой гэсэн ажлуудыг л өөр хооронд нь хослуулаарай. Анхаарал бага болон их шаардах ажлуудаа хооронд нь хослуулвал илүү үр дүнтэй гэдгийг та анзаарсан байх.
Цагийн хязгаар тогтоо
Дундуур нь гэрийн өөр олон ажил амжуулж байгаа юм чинь гээд ажлаа өдрийн нэг болгохоос зайлсхийгээрэй. Харин тодорхой цагт тодорхой ажлыг гүйцэтгэнэ гэж тооцон цагийн хязгаар тогтоогоорой. Ингэж чадвал өөрийгөө илүү дайчилж, анхаарлаа сайн төвлөрүүлж эхэлж буйгаа та мэдэрнэ. Энэ бүхний үр дүнд илүү бүтээмжтэй ажиллаж эхлэх болно.
Завсарлага ав
Кофе, цай, эсвэл дархлаа дэмжих ямар нэг зүйл уунгаа багахан завсарлага аваарай. Дэлхий даяар гурил, өндөг болон исгэгчийн борлуулалт өсөж, сошиал медиагаар дүүрэн нарийн боов, жигнэмэг, бялуу хийж, талх барих амжилттай, амжилтгүй туршилтууд хөвөрч буйг та харсан байх. Эдгээрийн нэгийг туршиж үзэж яагаад болохгүй гэж? Эсвэл зүгээр л өөрийн дуртай зүйлд багахан цагийг зарцуулахад л эрч хүч эргэн ирэхийг та мэдэрнэ.