Энтрепренерүүд яагаад харизмтай байх ёстой вэ?
Хэн ч бизнесийн шинэ санаа гаргаж чадна. Гэвч амжилтад хүрэхийн тулд таны төсөөлсөн дүр зургийг сонссон хүний сэтгэл хөдлөх ёстой. Салбарынхаа амжилттай хүмүүсийг бодоод үзээрэй. Амжилттай энтрепренерүүд бүхнийг ганцаараа хийх бус хийж байгаа зүйлдээ үнэн голоосоо итгэдэг багийг бүрдүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, харизмтай буюу нөлөөлөх чадвартай хүмүүс зөв хүмүүсийг цуглуулж чаддаг. Энэ нь зөвхөн сайн баг бүрдүүлэх асуудал биш юм. Хөрөнгө оруулагчдыг татах, хэрэглэгчдийн сүлжээ үүсгэх, олон нийтийн итгэлийг олж авахад үнэмшилтэй түүх, гоё танилцуулга хангалтгүй.
Харизм буюу өөртөө итгэлтэй байдлаа уриалаг зантай хослуулах чадвар нь хүмүүсийг татаж, таны гайхалтай санааг сонирхоход хүргэдэг зүйл билээ. Хүнийг татах чадвар бол зүгээр нэг сэтгэл татам байдал бус хүмүүстэй жинхэнэ харилцаа үүсгэх чадвар юм.
Тоон үзүүлэлтээс илүү хүмүүст төвлөрөх нь бизнесийн хувьд утгагүй сонсогдож магадгүй. Гэвч хүмүүстэй жинхэнэ харилцаа үүсгэх нь урт хугацааны өсөлт, амжилтыг бий болгоход чухал нөлөөтэй байдаг.
Харизмын 50 хувь нь төрөлхийн, 50 хувь нь суралцаж бий болдог гэж судлаачид үздэг. Тиймээс хэрэв танд байгалиас заяасан харизм байхгүй бол үүнд суралцах боломжтой гэсэн үг. Нөлөөлөх чадвараа хөгжүүлэх замаар бизнесээ өсгөхөд тань туслах аргуудыг хүргэж байна.
Харилцаа холбоогоо сайжруул
Нөлөөлөх чадвараа хөгжүүлэх эхний алхам бол хүмүүст анхаарал халамж тавих юм. Хүмүүс хуурамч сайхан хандлагыг анддаггүй бөгөөд энэ нь тэдэнд ашиглуулж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Иймд ам мэх хийхийн оронд уулзаж танилцсан хүмүүстэйгээ жинхэнэ харилцаа үүсгэхэд анхаарах хэрэгтэй.
Үүнийг хийх хамгийн энгийн арга бол тэднийг сонсох. Тэднээс асуулт асууж, сэтгэлийнх нь гүн рүү өнгийж далд байгаа зүйлийг нь олж харах хэрэгтэй. Хамт ажилладаг хүнийхээ төрсөн өдөр эсвэл үйлчлүүлэгчийнхээ дуртай кофе зэрэг жижиг зүйлсийг мэддэг байх хэрэгтэй.
Хүмүүсийг өсөн дэвжихэд туслах нь харилцаа холбоогоо сайжруулах бас нэг арга юм. Биднийг сорьж, урам зориг өгч, илүү сайжрахад тусалдаг хүмүүстэй ойр байхыг бүгд л хүсдэг шүү дээ.
Бусдад анхаарал халамж үзүүлснээр тэднийг юу хөдөлгөдгийг мэдэж авна. Ингэснээр хүмүүсийг дуртай ажилд нь томилж, хариуд нь тэд ч илүү үр дүнтэй, сэтгэлээсээ ажиллах болно.
Өөртөө итгэлтэй байдлаа харуул
Намайг ажил хийж эхлээд удаагүй байхад оюутан үеийн найз минь шинэ санаагаа танилцуулж, хамтран ажиллах санал тавьсан юм.
Түүнээс би “өөрийн боломж бололцоогоо ашиглах гэж байна уу эсвэл хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй байна уу” гэж асуухад “одоохондоо мэдэхгүй байна” гэж хариулав. “Гэхдээ миний санааг шингээх зах зээл байгаа учраас бүтнэ гэдэгт итгэлтэй байна” гэж тэрбээр хэллээ. Гэвч түүний бизнес бүтээгүй бөгөөд би ч түүнд туслахын тулд ажлаасаа гараагүй юм.
Хүнийг бизнестээ татан оролцуулахын тулд та өөртөө итгэлтэй байгаагаа харуулах хэрэгтэй. Хаашаа ч явж байгаагаа мэддэг, цог золбоотой манлайлагчдыг хүмүүс дагадаг.
Өөртөө итгэлтэй байх нь төгс байх ёстой гэсэн үг биш.
Энэ тухай The Guardian сонины 2017 оны нэгэн нийтлэлд “Харизмтай хүн бусдыг урам зоригоор цэнэглэж, идэвх санаачлагатай болгож чаддаг. Тэд өөртөө итгэлтэй байдлаа мэдрүүлэхээс гадна бусдын өөртөө итгэх итгэлийг ч нэмэгдүүлдэг. Энтрепренерийн хувьд харизм бол бизнесийг амжилтад хүргэх жор юм. Та өөртөө итгэлтэй байж чадвал хөрөнгө оруулагчид, боломжит хэрэглэгч, хэвлэл мэдээллийнхэн ч таныг олж харах бөгөөд бизнест тань илүү татагдах болно” хэмээжээ.
Өөртөө итгэлтэй байх нь төгс байх ёстой гэсэн үг биш. Та бүгдийг чаддаг байх албагүй. Хэзээ ч алдаа гаргахгүй гэж худал хэлэхийн оронд өөрийн санаа болоод үүний төлөө ажиллаж байгаа хүмүүстээ сэтгэлээ зориулсан учраас асуудлыг залруулах аргыг олно гэдгээ илэрхийлэх нь чухал юм.
Алтан дунджийг баримтал
Багахан харизм танд энтрепренерийн хувьд өсөхөд туслах бол хэт ихэдвэл аюултай. Харизмд ч алтан дундаж байдгийг Гентийн их сургуулийн судлаачид тогтоосон байна.
Манлайлагч хүний харизм нэмэгдэхийн хэрээр ажилтны өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшилдэг болохыг судлаачид тогтоожээ. Гэвч хэт их харизмтай эсвэл харизм багатай манлайлагчийн бусдад үзүүлэх нөлөө алтан дунджийг баримталдаг манлайлагчийнхаас бага байжээ.
Яагаад гэж үү? Сорилтыг даван туулж, дасан зохицох чадвартай манлайлагчид бусдад илүү нөлөөлж чаддаг байна. Хэрэв та харизм багатай бол хангалттай стратегич бас хүчирхэг биш гэсэн төсөөлөл үүсдэг. Нөгөө талаас хэрэв та хэт их харизмтай, хүмүүст гол анхаарлаа хандуулдаг бол хүмүүс таны үндсэн ажлаа хийх чадварт эргэлзэж эхэлдэг байна.
Тиймээс өөртөө итгэлтэй байдал, бусадтай харилцах чадвараа хөгжүүлэх нь таны бизнест тус болох ч үндсэн ажилд тань саад болохгүй байх ёстой. Бусадтай харилцаа, холбоогоо сайжруулахын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах шийдлийг олоход ч цагаа зарцуулах хэрэгтэй.
Бизнесээ амжилттай өсгөхөд амьдралын бусад бүхий л асуудалтай адил тэнцвэртэй байдал чухал. Бүгдийг төгс хийдэг хүн гэж байхгүй бөгөөд бизнес тань өсөхийн хэрээр анхаарал тань ч сарних болно. Тиймээс урдаа байгаа ажил эсвэл хэн нэгэнд бүхий л анхаарлаа хандуулахаас эхлээрэй.
Эх сурвалж: entrepreneur.com
Автор: JotForm.com-ийг үүсгэн байгуулагч Айтекин Танк