Монгол Улсын хамгийн идэвхитэй маркетингийн үйл ажиллагаа явуулдаг топ 50 компанийн маркетингийн захирлуудыг оролцуулан хийдэг CMO судалгааны тайланг MMCG компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ цахим форумын үеэр танилцуулсан юм. Тус илтгэлээс тоймлон хүргэж байна.
Ковидын үеийн маркетингийн монголын чиг хандлага
Дэлхийн томоохон консалтинг компаниудын тайлангаас харахад урд хөршийн нийт хэрэглэгчдийн 80 хувь нь хэвийн байдалдаа оржээ. Харин Монголын хувьд нөхцөл байдал өөр байна. Манай улсын топ 50 компанийн 71 хувь нь ковидын нөлөө салбарт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаа бөгөөд улмаар тэдний 61 хувийнх нь бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Улмаар цар тахал бизнесийн хүндрэлийг хурдасгагч нэг хүчин болж буйг судлаачид дүгнэлээ.
Ковид гарснаас хойших зургаан сарын байдлаар нийт компаниудын 49 хувьд нь борлуулалтын орлого 20-50 хувиар буурсан бол 16 хувийнх нь өөрчлөгдөөгүй аж. Гэхдээ энэ өсөлт онцгой салбаруудад гарсан бөгөөд жишээлбэл, хүнс, эрүүл мэнд тэргүүтэй зарим салбарын борлуулалт 10-20 хувиар өсжээ. Судалгаанд оролцогчдын 98 хувь нь ковид хэрэглэгчийн амьдралын хэв маягт нөлөөлж байна гэдэгтэй санал нэгдлээ.
Хэрэглэгчдийн 72 хувь нь ариун цэвэртээ илүү анхаардаг болж, 62 хувь нь дархлаагаа илүү анхаардаг болжээ. Улмаар иргэдийн 55 хувь нь хоол хүнсэндээ анхаарч, 41 хувь нь тогтмол дасгал, хөдөлгөөн хийдэг болсон эерэг өөрчлөлт харагдаж байна. Хэдийгээр нийтээрээ худалдан авалт багассан гэж үзэж буй ч аньс, чацарганы савласан шүүс зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүний хувьд 37 хувиар нэмэгдэж, сүү сүүн бүтээгдэхүүнийх 36 хувиар өсөөд байна.
Цар тахал гарснаас хойш компаниуд төсөвтөө тодотгол хийн 34 хувь буюу 29 тэрбумаар танаж 70 тэрбумд хүргэлээ.
Монголын топ 50 компанийн 60 орчим хувь нь цар тахал маркетингийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. Харин 32 хувь нь эерэг гэв. Эдгээр компанийн цар тахал гарахаас өмнөх энэ оны маркетингийн батлагдсан төсөв 2018 оны төсвөөс 24 тэрбумаар өсөж 99 тэрбум байсан юм. Цар тахал гарснаас хойш тэд төсөвтөө тодотгол хийн 34 хувь буюу 29 тэрбумаар танаж 70 тэрбумд хүргэлээ. Энэ нь топ 50 компанийн 71 хувь нь маркетингийн төсвөө бууруулсан дүн юм. Нийт төсвийн 27 хувийг дэд бүтцэд зарцуулж байгаа нь төсвийн зарцуулалтын хамгийн өндөр хувийг эзэлж байна. Харин уламжлалт медиа сурталчилгааны зардал 17 хувиар буурсан бол дижитал медиа сурталчилгааных 14 хувиар өсчээ. Компаниудын 2018 оны маркетингийн төсөвтэй харьцуулахад дижитал медиа нь уламжлалт сурталчилгааныхаас төсвийн хувь давсан харагдаж байна.
Мөн маркетингийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд өмнөх онуудаас түлхүү хөрөнгө зарахаар төсөвлөсөн бөгөөд нийт төсвийн 72 хувийг сурталчилгаанд зарцуулж байна. Уламжлалт медиа сурталчилгааны төсвийн 40 хувийг телевизийн сурталчилгаа эзэлж байгаа бөгөөд энэ нь 9 хувиар бууруулсан үзүүлэлт юм. Харин дижитал медиад influencer буюу хувийн сувагтай контент бүтээгчдийг түлхүү оруулж ирэх хандлага ажиглагдаж буй бөгөөд үүнд дижитал сурталчилгааны төсвийн 24 хувийг зарцуулж байна. Сошиал медиа маркетингийн зардлын ихэнх хувийг буюу 65 хувь нь фэйсбүүкт ногдож байна. Гэхдээ фэйсбүүк нь сошиал медиа сувгийн хэрэглээний 45 хувийг бүрдүүлж 2018 онтой харьцуулахад 8 хувиар буураад буй. Харин Youtube 24 хувь буюу 10 хувиар өсжээ. Цаашид youtube сувгийн хэрэглээ өсөж, фэйсбүүк хэрэглээ буурах хандлагатай байна.
Томоохон компаниудын 84 хувь нь дижитал сурталчилгаанд зарцуулах зардлаа өсгөж, цаашид бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн судалгааны зардлаа нэмэх төлөвтэй байна
Үндэсний медиа хэрэглэгчдийн судалгаанаас үзэхэд 2020 онд нэг Монгол хүн 249 минутыг сошиал интернетэд зарцуулж, 106 минутыг телевиз үзэхэд зарцуулж байна. Эндээс томоохон компаниудын 84 хувь нь дижитал сурталчилгаанд зарцуулах зардлаа өсгөж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн судалгааны зардлаа нэмэхээр харагдаж байна. Гэвч хэрэглэгч зар сурталчилгаанд өдөөгдсөн хэрэглээнээс илүү үнэ цэнтэй, өөрт гарч буй бодит өөрчлөлтийг анхаардаг болсныг санах хэрэгтэй.
Маркетингийн хамгийн үр өгөөжтэй сувгийн 96 хувийг фэйсбүүк, 62 хувь нь influencer, 56 хувь нь телевизийн сурталчилгаа, 48 хувь нь инстаграм бүрдүүлж байна. Маркетеруудад крейтив сэтгэлгээ, судалгаа аналитик, дижитал чадварууд чухал буйг салбарын судлаачид онцолж буй. Монголын зах зээлд дижитал маркетингийн хэрэгцээ хамгийн их буюу 30 хувиар өссөн байна. Улмаар виртуал сувгаар шууд маркетингийн үйл ажиллагаа явуулах шаардлага үүсэж байгаа юм. Нөгөө талаас, хэрэглэгч илүү эко, эрүүл, дижитал, минималист болж байна. Тиймээс хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлтөд нийцсэн пост, цар тахлын үеийн стратеги хэрэгтэй.
Компаниудын хувьд маркетингийн үйл ажиллагаанд бага төсвөөр илүү үр дүн гаргах нь гол зорилт болж байна. Тиймээс дижитал маркетинг, судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зардал өсөх төлөвтэй. Маркетерүүд шинэ чадваруудад суралцах, маркетингийн процессоо хурдтай шинэчлэх шаардлагатай тулгарч байна.
Дэлхийн чиг хандлагыг даган дотоодын зах зээлийн хэв маяг өөрчлөгдсөн тул энэ салбарынхан хурдан өөрчлөгдөх хэрэгтэй аж. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ хурдтай өөрчлөлт хийж чадсан томоохон компаниудад ковидын сөрөг нөлөөлөл бага буй нь судалгаагаар харагдаж буйг MMCG компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ цохон тэмдэглэсэн. Монголын топ 50 компанийн маркетингийн төсөв 34 хувиар танагдсан ч цаашид аж ахуй нэгжүүд улам бүсээ чангалахаар байна. Учир нь маркетингийн төсөв нь борлуулалтын орлоготой уягдсан байдаг тул бага зардлаар илүү үр дүнтэй маркетинг явуулахад чиглэх дүр зураг харагдаж буйг судлаачид онцолсон.