БЗХӨ гэдэг нь “бэлгийн замаар халдварладаг өвчин”. Харин СЗХӨ бол “Санхүүгийн замаар халдварладаг өвчин”. Аль алинтай нь тэмцэхэд ярвигтай. Аль алийг нь эмчилж болно, бас эмчлэх боломжгүй байх нь бий. СЗХӨ нь ажилтнуудад халдварладаг. Өвчний шинж тэмдэг нь: ажилтан бусдынхаа цалинд, карьерт, олж байгаа мөнгөнд нь, тавьж буй сайн саналд нь, түүгээр барахгүй даргадаа хүртэл атаархдаг. Тэр бусад ажилтанд компанийн эзэн бүгдийг шулж, мөлжиж байна хэмээн ярина. СХЗӨ ихэвчлэн хэн, хэдийг олж байгаа тухай үндэслэлгүй мэдээллээс үүсдэг. Буруу дүгнэлт төрөл бүрийн нөхцөл байдлаас эхтэй. Хүмүүс мэргэжил нэгтнүүдийнхээ унаж буй машин, амьдардаг байшин, өмсөж буй хувцас, татдаг янжуурт нь анхаарал хандуулдаг.
Тухайн ажилтан тохиолдлоор, эсвэл санаатайгаар санхүүгийн нууц мэдээллийг олсноор СЗХӨ тархаж болно. Эсвэл нэлээд өндөр албан тушаалтай, санхүүгийн мэдээллийг мэддэг хүн компанийн итгэлийг алдаж, тэрхүү мэдээллийг бусдынхаа санаа, бодлыг үймүүлэхэд ашигласнаар үүсч болно.
СЗХӨ туссан ажилтанг бараг эмчлэх боломжгүй. Цаашид түүнд цалин олгох нь ашиггүй. Ийм ажилтны цалинг нэмбэл улам даварч, олдсон баялагаас үргэлж том зүсэм хүртэх ёстой гэж бодох болно. СЗХӨ-тэй ажилтнууд бусад ажилтныг уруу татдаг. Тэд ажил дээрээ ааш нь олдохгүй, гэртээ үргэлж гомдол хэлнэ. Компанийн хэрэглэгчид эсвэл боломжит үйлчлүүлэгчид байх өндөр магадлалтай найзууддаа компаниа муулна. Энэ үйл явцыг нэн даруй зогсоох хэрэгтэй. Танай компанид халдвар түгээгч байж яасан ч болохгүй. Эс бөгөөс танай компанид тахал дэгдэнэ.
Арнольд гэдэг ажилтан байж. Тэр компанийн итгэл даасан хүн байв. 47 хүнтэй компанийнхаа санхүү хариуцсан захирал болохоор арга ч үгүй биз. Цалин, ашиг орлого, урамшууллын талаарх мэдээлэл түүнд бий. Хэн, хэдийг авч буйг тэр мэднэ. Арнольд нэг хэсэгтээ цалиндаа сэтгэл хангалуун юм шиг санагдаж байлаа. Боловсрол, албан тушаалыг нь харсан ч хангалттай төдийгүй, бараг хэтэрсэн, дундажаас хамаагүй дээгүүр цалин авдаг байв. Гэвч сүүлийн үед тэр өөрийн захирал буюу компанийнхаа эзэнд “Би бага цалин авч байна, намайг дутуу үнэлж байна” гэсэн санааг үе үе цухуйлгах болжээ. Хэдийгээр энэ тухай зөвхөн боссдоо ярьж байсан ч ажлаас гадуур үргэлж уцаартай явдаг болов.
Тэр найзууддаа, эхнэртээ үргэлж гомдоллоно. Ялангуяа компанийн эзэн өөртөө хичнээн их мөнгө авч буй нь Арнольдад таалагдахгүй байв. Тэрбээр эхнэртээ босс нь бага ажилладаг мөртөө их мөнгө авдаг, оффисын түрээсэнд (захирлын өөрийнх нь эзэмшлийн оффис) хэтэрхий их мөнгө төлдөг, өөртөө маш үнэтэй байшин бариулж байгаа хэмээн ярив.
Арнольдын эхнэр галд тос нэмэв. Тэр нөхөртөө “Чамгүйгээр Жо өдий зэрэгт хүрэхээргүй байсан. Чи амьдралынхаа сайхан жилүүдийг түүнд зориулсан. Чи илүү авах ёстой. Жо-д тулгах хэрэгтэй: илүүг өг, эсхүл ажиллахгүй гэж. Хэрэв нарийлаад байвал өөр ажил олчих. Бас худалдааны менежер гэж тэр хөгийн амьтныг зайлуулаг. Чамаас их авдаг биз дээ?”. Энэ мэтээр ажлаасаа ирэх болгонд нь эхнэр өөд уруугүй ятгаж байв.
Гэвч Арнольд, түүний эхнэр хоёр цалин хэзээ ч хоцорч байгаагүй, цалингаа тавихын тулд Жо өөрөө мөнгөгүй үлдэхэд бэлэн байсныг мартаж орхижээ. Жо-гоор батлан даалгуулж байсан зээлээ хүртэл мартжээ. Нэг үгээр Арнольд тэр хоёр СЗХӨ-өөр хүнд өвчилсөн байв.
Удалгүй болох ёстой зүйл болдгоороо болов. Арнольд босстойгоо уулзаж цалингаа нэмүүлэхийг шаардаж, тэр нь хоёр жил болоход цалин нь бараг хоёр нугарахаар их мөнгө байв. Тэрбээр өөрийнхөө салбарт цалин ямар байдгийг мэддэг, өөр компани дээр очиж ярилцсан, 47 ажилтан дундаасаа тэр шилдэг ажилтан нь гэж ярив. Жо шоконд оров. Гэхдээ тэр тайван байлаа. Цалинг хоёр дахин нэмнэ гэдэг бол биелэшгүй зүйл гэж Жо хэлэв. Харин Арнольд “Шуудхан яръя. Чи цалинг минь энэ хэмжээнд нэмэх боломжтой хүн. Чи өөрөө ийм их мөнгө олдог биз дээ?” гэв.
Жо өмгөөлөгч, зөвлөхтэйгээ ярилцаад хоёр өдрийн дараа шийдвэр гаргаж ажилтнуудынх нь тоо 46 болов.
СЗХӨ-өөс урьдчилан сэргийлэхийн тулд Арнольд шиг халдвар авсан хүнийг шууд халж, халдвар түгээгчээс салах хэрэгтэй. Энэ нь таны бизнесийг эрүүл байлгах нэгэн чухал хүчин зүйл.