“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяртай ярилцлаа.
-“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлснээс хойш хэрэгжүүлсэн гол ажил, төслүүдийн талаар танилцуулна уу?
– “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг 2019 оны зургаадугаар сард “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани, 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж байхаар үүсгэн байгуулсан. Төрөөс Салхитын мөнгө-алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор тус ордын 2887 га ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг 2019 оны аравдугаар сард манай компанийн эзэмшилд шилжүүлсэн. Тус ордыг төрөөс болон төсвөөс ямар нэг санхүүгийн дэмжлэггүйгээр, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх схемээр ашиглаж эхлээд байна.
Бид 2020 оны эхээр “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг хэрэгжүүлэх чухал бөгөөд том даалгавар хүлээн авч, 233 мянган ахмадын нийт 1.2 их наяд төгрөгийн өрийг тэглэлээ. Ингэснээр төрөөс байгалийн баялгийг иргэдэд үе шаттайгаар, тэгш хүртээх зарчмыг хэрэгжүүлсэн жишиг болсон. Уул уурхайн баялгийг иргэдэд хуваарилсан өөр нэг сайн жишээ бол “”Эрдэнэс Таван Толгой” ХК ногдол ашиг тараасан явдал. Энэ мэтчилэн цаашид төрөөс байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүртээ тэгш хуваарилах, улс орны хөгжлийн чанартай төслүүдэд хөрөнгө оруулан хөгжүүлэх чиглэлд бодит ажлууд хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Салхитын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалт, сэргээн засварлалт, тогтвортой үйлдвэрлэл бол бидний харуулахыг зорьсон төслийн том хэсэг юм. Бэлэн уурхайг төр өөртөө авсан гэх буруу ойлголт иргэдийн дунд байдаг. Гэвч бодит байдал дээр бид бүх ажлыг тэгээс эхэлсэн. Учир нь уурхайн өмнөх эзэд хоорондоо муудалцсаны улмаас тоног төхөөрөмжөө эвдэж, тоносны дээр үйлдвэрийн шугам хоолой, худаг, усны бүхий л дэд бүтцийг ашиглах боломжгүй болгосон байсан. Тухайлбал, уулын ажил хийхдээ технологийн аргаар бус шууд сорчилж ухаад орхисон, уурхайн бүс нутгийн газар, зам талбай болон хаягдлын сан нь наад захын шаардлага хангаагүй байв.
Бид үйлдвэрийн 80-90 хувийг засварлан шинэчилсэн. Хоногт 25-30 тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай, чанарын шаардлагад нийцсэн Монголын анхны төрийн өмчит Мөнгөний баяжмал боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа. 150 хүнийг ажлын байраар хангахын зэрэгцээ тэдний амьдрах тав тухтай байр, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан оффисыг мөн барилаа. Энэ бол хувьд очоод эзэнгүйдэж, үнэгүйдсэн хөрөнгийг төр өөртөө авч, менежмент хийгээд, үйл ажиллагааг нь сайжруулж, үр өгөөжийг нь иргэддээ хүртээсэн сайн жишээ болсон.
Сэргээн засварласан үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилласан ч тэтгэврийн зээлийг тэглэх хэмжээний хөрөнгийг бүрдүүлэх боломжгүй. Тиймээс шинээр хоёр дахь баяжуулах үйлдвэрийн зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гаргуулж, үйлдвэрийн шавыг тавьж, барилгын ажил одоо ид явж байна. Энэхүү үйлдвэр нь одоо ажиллаж буй үйлдвэрээс хоёр дахин илүү буюу жилд 600 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаараа онцлог юм.
-“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 1.2 их наяд төгрөгийн тэтгэврийн зээлийн өр төлбөрийг таван жилийн хугацаанд төлөх даалгавартай байгаа. Тус ордын нөөц бололцоо хэр байгаа вэ, дээрх өр төлбөрийг хэрхэн төлж барагдуулах вэ?
-Бид арилжааны банкуудад байсан тэтгэврийн зээлүүдийг бонд гаргах замаар бүрэн тэглэсэн. Бондын төлбөрийг 4-5 жилийн хугацаанд төлнө. Мөн зээл аваагүй ахмадуудад 2021 оны тавдугаар сард олгох нэг сая төгрөгийн ваучерийг (210 орчим тэрбум төгрөг) мөнгөжүүлэх ажлыг ирэх оны гол зорилгоо болгон ажиллаж байна.
Салхитын мөнгө-алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж тэтгэврийн зээлийг тэглэнэ гэхэд ордын нөөцтэй холбоотой маргаан, ташаа мэдээлэл их гарсан. Энэ нь тус ордын өмнөх эзэмшигчдийн бүртгэлжүүлсэн нөөц ордын бодит нөөцийн хэмжээнээс бага байсантай холбоотой. Бид энэ зун нэмэлт хайгуул хийсний үр дүнд нөөц 50 хүртэлх хувиар өсөх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргасан. Хайгуулын ажлын үр дүнгээ танилцуулж, АМГТГ-ын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах, энэ ондоо багтааж нөөцийн хөдөлгөөний тайлан болон ТЭЗҮ-дээ өөрчлөлт оруулах бэлтгэл ажлаа хийж байна.
Хайгуулыг манай тусгай зөвшөөрөлтэй 2887 га талбайн тодорхой нэг хэсэгт л хийсэн бөгөөд хайгуул хийгээгүй талбай үлдсэн гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй. Хайгуул хийх талбайн хэмжээ нэмэгдэхийн хэрээр нөөц нэмэгдэх боломжтой юм.
-210 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хэр ахицтай байна вэ? Энэ мөнгийг цаг хугацаанд нь бүрдүүлэх боломжтой юу?
-Манай компани байгуулагдаад 1.5 жил болж байна. Энэ богино хугацаанд төрөөс ямар нэг санхүүжилт авалгүйгээр үйл ажиллагаагаа жигдрүүлэх, эвдэрч гэмтсэн үйлдвэрийг засварлан шинэчилж, ашиглалтад оруулахын зэрэгцээ 210 тэрбум төгрөг бүрдүүлнэ гэдэг бол үнэхээр амаргүй даалгавар. Хятад, Европын хэд хэдэн компанитай холбогдож, хамтран ажиллах санал солилцсон. Тэдний ирүүлсэн саналыг компанийн удирдлага, ТУЗ-ийн гишүүдтэй зөвлөлдөж, хамгийн ашигтай нөхцөлөөр гэрээ хийх хэлцлийг хийж байна. Санхүүжилт босгох ажлын явц 20 хувьтай байна.
Энэ эрчээрээ явахад ирэх оны тавдугаар сар гэхэд 210 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлэх даалгаврыг хугацаанд нь биелүүлэх бүрэн боломжтой.
-Танай компани өөр ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Овоот Хярын алтны ордын тусгай зөвшөөрлийг саяхан авч, одоогоор хайгуулын ажил эхлээд байна. Энэ оны эцэс эсвэл 2021 оны нэгдүгээр улиралд багтаан хайгуулын үр дүнд тогтоосон нөөцөө батлуулж, олборлолт, үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн.
-Та “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн ирээдүйг хэрхэн харж байна вэ? Цаашид ямар зарчмаар ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
-Төрийн өмчит компаниуд чадварлаг боловсон хүчин бүрдүүлж, улсын төсөвт хувь нэмрээ оруулдаг, байгалийн баялгийг иргэн бүрт хүртээдэг байгаасай гэж би хүсдэг. Компани бүр ойрын ирээдүйд ханган нийлүүлэгчээс үйлдвэрлэгч, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болохыг зорих ёстой. Харин бид энэ чиглэлд бусдыгаа манлайлан, жишиг болж хамтран хөгжих зарчмаар ажиллана. Энэ бүхний цөм нь чадварлаг боловсон хүчин бөгөөд манай компанийн хувьд өндөр боловсрол эзэмшиж, салбартаа ажиллаж, туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж чадсан. Тиймдээ ч үүрэгт ажлуудыг богино хугацаанд гүйцэтгэсээр ирсэн.
Манай компанийн бодлого, үйл ажиллагаа цаашид улам өргөжиж, ирээдүйд бий болох Монгол Улсын Баялгийн сангийн орлогын багагүй хувийг бүрдүүлэгч томоохон төлөөлөл болно гэж боддог.