Цар тахлын нөлөөгөөр дэлхий дахинд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа түлхүү дижитал хэлбэрт шилжиж байна. Аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан энэ цагт компаниуд маркетингийн зардлаа мөн танасаар буйг олон судалгаанаас харж болно. Дэлхийн зар сурталчилгааны зах зээл цар тахлын нөлөөгөөр 63 тэрбум ам.доллараар буурчээ. Улмаар маркетингийн чиг хандлагад өөрчлөлт бий болж тэргүүлэгч компаниуд дижитал маркетинг түлхүү явуулж байгаа бөгөөд дэлхий дахинаа маркетингийн мэргэжилтнүүдийн 55 хувь нь уулзалт эвентүүдийг виртуал хэлбэрээр хийж буйг Deloitte-гийн судалгаа илтгэж байна.
Харин Монгол Улсын хувьд цар тахал гарснаас хойших зургаан сарын байдлаар компаниудын борлуулалтын орлого 20-50 хувиар буурсан. Топ 50 компанийн хувьд 2020 оны баталсан маркетингийн төсвөө ковид гарснаас хойш тодотгол хийн 34 хувиар бууруулаад байна. Тэгвэл энэ цагт тэд маркетингийн ямар бодлого барин ажиллаж буй талаар уншигчиддаа хүргэе.
Цар тахлын үед “Говь” брэндийнхэн борлуулалтаа 6 дахин өсгөж чадлаа
“Таванбогд” группийн Маркетингийн албаны дарга Ж.Оюунчимэг:
-“Хөл хориотой холбоотойгоор энэ хугацаанд хувь хүн болон байгууллагууд тодорхой хэмжээний бэлтгэлтэй ажилласан байх. Энэ оны хоёрдугаар сараас эхлээд компаниуд үйлчилгээ талдаа анхаарсан. Хорио цээрийн үед хэрэглэгчид хамгийн эрүүл найдвартай, баталгаатай газруудаар үйлчлүүлдэг. Манай үйлчилгээнийхэн болон маркетерүүд энэ чиглэлд анхаарч илүү найдвартай, баталгаатай байдлаар мэдээллээ түгээхэд анхаарсан. Цаашдын төлөвийг хүртэл хэрэглэгчийнхээ хамгийн найдвартай брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээтэй газар байхын төлөө л ажиллаад явж байна.
Аялал жуулчлалын брэндүүд дээр нөхцөл байдал хэзээ эерэг болно тэр үед бэлэн байх байдлаар тодорхой ажлуудаа төлөвлөөд явж байна. 2020 онд KFC хүргэлтийн үйлчилгээтэй болсон. Энэ цаг үед зөвхөн ресторанаар үйлчилдэг байсан бол байдал хэцүү. Харин амжиж хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлснээр борлуулалтынхаа тодорхой хэмжээг нөхөөд явж байна. Говь брэндийн хувьд жил бүрийн 4-8 дугаар сард гаднын жуулчид ирж борлуулалт түлхүү хийгддэг. Өвлийн саруудад дотоодын хэрэглэгчид борлуулалтаа дэмждэг байсан. Харин өнөөдөр дэлгүүрүүд хаалттай үед дэлхийд өөрийгөө таниулах брэнд гэдэг чиглэлээр барин онлайнаар ажиллаж байна. Европ зах зээл, Хятад, Америкийн зах зээл дээр борлуулалтаа хийгээд өнгөрсөн жилийнхээ мөн үетэй харьцуулахад 6 дахин өсөлттэй байна. 2019 оны есдүгээр сараас Говийн онлайн захиалгын ажил эхэлсэн бөгөөд 100-аад хүний бүрэлдэхүүнтэй маш их бэлтгэлтэй хийж байгаа ажил. Герман, АНУ-ын Лос Анжелест агуулах бий бөгөөд салбаруудад түгээлт хийж байна.
KFC, Pizza hut зэрэг тодорхой брэндүүд илүү хүргэлтрүүгээ чиглэж ажиллаж байна. Мөн “хүрэлцэхгүй хүргэлт”, “хүрэлцэхгүй үйлчилгээ” гэх шинэ үйлчилгээг нэвтрүүлээд явж байна. Тухайлбал, pizza hut дээр шинэ бүтээгдэхүүн бэлэн болоход тухайн үйлчилгээний ажилтан бүтээгдэхүүнд гараа хүргэхгүйгээр харцаганд хийж, хэрэглэгч өөрөө бүтээгдэхүүнээ задлах хүртэл нь “таны пиццанд зөвхөн та л хүрнэ” гэдэг шошготой стикер нааж хүргэж өгч байна. “Хүрэлцэхгүй хүргэлт” нь гар дамжуулж авахгүйгээр хүргэх ажлуудыг хийж байна. Онлайн төлбөр тооцооны асуудал, бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байна гэдэгт өөр өөрийн арга хэрэгслүүдийг салбар бүрийн маркетинг дээр хийгээд ажиллаж байна. Хөл хорио гэнэт тогтоож, иргэдийн худалдан авалт нэмэгдсэн үед Улаанбаатар гурилын хувьд бараа бүтээгдэхүүнийг тасралтгүй хүргэхийн тулд манай ажилчид өдөр шөнөгүй ажиллаа.
Ирэх онд маркетингийн төсвөө танахаар байна
“АПУ ДЭЙРИ” ХХК-ийн маркетингийн захирал Г.Ганчимэг:
-Цар тахлын үед сүү, сүүн бүтээгдэхүүн тасалдуулахгүй нийлүүлэхээс эхлээд нэлээд сорилт бүхий ажлыг хийж байна. Сүүний машинаа хотоос гаргаж, оруулах гэх мэт өдөр бүр нэг сорилттой тулах шаардлага гарсан. Мөн нийтийн тээвэр тодорхой цагуудад хязгаарлаж явуулсантай холбоотойгоор үйлдвэрийн ажилчдаа хэрхэн зохицуулж явуулах тэргүүтэй олон сорилтыг давж гарлаа. Өмнө нь тодорхой хэмжээнд бэлтгэл ажил хангасан байсан тул харьцангуй гайгүй өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж чадаж байна. Мэдээж нөхцөл байдал дэлхий даяар хүнд байгаа тул түүхий эд, материалын ачаа тээвэрлэлттэй холбоотой богино хугацаанд олон өөрчлөлтийг хийх ажил тулгарч байна.
Хүмүүс гэр бүлдээ цагийг түлхүү зарцуулж байна. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн хэрэглээ, эрүүл мэндэд чиглэсэн бүтээгдэхүүндээ түлхүү анхаарч ажиллаж байна. АПУ компанийн хувьд олон жижиг бизнес эрхлэгч, гаднын болон дотоодын бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтарч ажилладаг. Аль болох тэднийг дэмжих бодлого барин ажиллаж байна. Ковидын нөхцөл байдал үргэлжилнэ гэж харж буй тул дотоод болон гаднын харилцагчид гэсэн хоёр чиглэлдээ онлайнд суурилсан ажлуудыг хийж байна.
Сар болгон богино хугацааны гэнэтийн нөхцөл байдалд тулгуурласан төлөвлөлтийг хийгээд явна. Хэдийгээр хоёрдугаар сараас хойш бүхий л чиглэлд төлөвлөлт хийж явж байсан ч салбар болгон өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, түгээлтийн ажлыг биечлэн явуулах шаардлагатай. Үүнийг дангаараа явуулах боломжгүй. Оролцож байгаа бүх талаас хамааралтай ажил явдаг тул зөвхөн бидний зүгээс хийж байгаа төлөвлөлтөөр явж болохооргүй байна. Ирэх онд маркетингийн төсөв танагдахаар байна.
Ядаж л тайлангаа гараар хийх биш автомат тайлангийн системүүд ашиглах хэрэгтэй
“Мобиком” корпорацын Мэдээлэл технологийн газрын захирал Б.Мөнхзориг:
-Дижитал шилжилт нь дижитал технологийг бизнест ашиглаад бизнесээ сайжруулах, шинэ арга барилаар явуулах тухай ярьж байна. Сүүлийн үед салбар хоорондын нэгдэл явж буй. Энэ бол маркетингийн салбарыг тойрч гарахгүй. Харин ч хамгийн түрүүнд нөлөөлөх гурван салбарын нэгдэл. Дижитал шилжилт хийх хэрэгтэй. Энэ нь хоёр талтай. Хэрэглэгч талаасаа шинэ эрин үеийн уугуул иргэд гол хэрэглэгчдийг бүрдүүлж эхэлж байна. Тэд нар уламжлалт аргаар биш өөрсдийнхөө сурсан мэдсэн дижитал аргаар хэрэглэгчийн үйлчилгээг авах хүсэлт гарч ирж байгаа. Тэгэхээр зах зээл талаасаа шаардаад эхэлж байна.
Нөгөө талаас бизнесүүд томрохын хэрээр өрсөлдөөн ширүүсэж урамшуулал зэрэг маркетингийн компанит ажлуудын тоо эрс нэмэгдэж байна. Жилд 100 гаруй компанит ажил явуулж байх жишээтэй. Тэгэхээр маркетерүүд excel дээр анализ хийж хэрэглэгчээ сонгож аваад түүнд зориулсан дизайн хийх нь боломжгүй шахуу болж байна. Маркетингийн технологиуд гараад ирсэн. Маркетерүүд урамшууллын араас тайлангууд хийдэг. Тэр олон урамшууллын тайланг гараар хийнэ гэдэг хэцүү. Үүнийг хийдэг програмууд гарчихсан. Ядаж л тайлангаа гараар хийх биш шинэ арга хэрэгслүүд ашиглах, автомат тайлангийн системүүд ашиглах хэрэгтэй. Энэ нь цаашлаад удирдлагуудад шийдвэр гаргалтад тусалж байна.
Дижитал орчинд хэрэглэгчид бидэнтэй харилцаад ирэхээр дижитал ул мөр буюу логик үлддэг. Энэ нь асар их хэмжээ хязгааргүй өсөн нэмэгдэж байдаг бөгөөд үүнийг бийг дата гээд байгаа. Үүнийг цуглуулж аваад дата дээр суурилсан анализ судалгаа хийх, хиймэл оюун ухаан ашиглаад маркетингийн ажлыг хөнгөвчлөх чиглэл барьж байна. Ингэхдээ түүлүүд ашиглаж байна.
Контентийн нийлүүлэлт чанарын асуудал сайжрах хандлага харагдаж байна
“ДиДиЭш” компанийн Бизнес хөгжил, борлуулалт хариуцсан дэд захирал Ц.Пүрэвдорж:
-Хөл хорио тогтоох үед контент үзэлт өсдөг. Эхэн үедээ өсөөд хугацаа уртсах тусам буураад хэвийн байдалдаа ордог. Дэлхий даяар студиүд ажиллаагүйтэй холбоотой шинээр хийгдсэн кино контентүүдийн нээх хугацааг нь хойшлуулж байна. Гаднын конины нийлүүлэлт багасч байгаа. Монголын хувьд ч кино театрууд нээгдэхээр нийлүүлэх контентууд олон байн. Бид тавдугаар сард “Зура” киног театрт нээхгүйгээр дижитал нээлт хийсэн. Мөн төлбөргүй контент, хүмүүсийг гэртээ байхыг уриалсан санамж зэргийг тогтмол явуулдаг. Теле хичээл, танин мэдэхүйн ач холбогдолтой зүйлсийг явуулж байна.
Контентийн нийлүүлэлт чанарын асуудал сайжрах хандлага харагдаж байна. сүүлийн үед төлбөртэй контентууд болон влогууд ихээр нэмэгдэж байна. Урлаг спортын тоглолт үзэгчгүй болох хандлага ихсэх байх.