Яагаад ном гэж?
Хүн туршлагаа хуваалцсанаар ажлын нөү-хау, амьдралын ухаанаа дараагийн үеэдээ өвлүүлж, тэднийг хөгжихөд нь туслахын зэрэгцээ бусдад хэрэгтэйгээ мэдэрдэг аж. Харин туршлагаа хуваалцах сонгодог арга бол ном бичих юм.
Ном бичих нь залгамж үеэ бэлдэх процессийн нэг хэсэг бөгөөд урт хугацааны оюуны хөрөнгө оруулалт хийх арга билээ. Бид биет бус хөрөнгөд хангалттай анхаарал хандуулдаггүй боловч бизнесийн хувьд энэ нь биет хөрөнгөөс дутахгүй үнэ цэнтэй болохыг дэлхийн топ технологийн компаниуд харуулж буй. 200 орчим тэрбум ам.доллароор үнэлэгддэг Alibaba компанийн 50 тэрбум ам.долларыг менежментийн арга барил, нөү-хау зэрэг биет бус хөрөнгө эзэлдэг байна.
Ном бичих хүсэлтэй ч “би ном бичнэ гэж юу байхав?”, “ижил сэдэвтэй өчнөөн ном байхад миний номыг хэн унших вэ дээ” гэсэн айдаст автаж өөрийгөө голдог хүн цөөнгүй. Аливаа зүйлийг хийх тогтсон арга техник байдаг бөгөөд ном бичихэд ч ялгаагүй. Аргыг нь сурсан байхад ном бичих нь хүршгүй мөрөөдөл байхаа болино. Иймд ном бичихэд тань туслах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Зорилтот бүлгээ тодорхойл
Хамгийн түрүүнд мэдээж ном бичих талбар, чиглэлээ сонгох хэрэгтэй. Үүний дараа хэнд зориулж бичихээ тодорхойлох нь чухал. Номыг тань унших хүн ямар сонирхол, хүсэл мөрөөдөлтэй вэ? Тэдэнд ямар асуудал, бэрхшээл тулгарч байна? Түүнийг нь шийдэхэд туслах ямар мессежийг би өгч чадах вэ? зэрэг асуултад хариулаарай.
Төлөвлө
Номын нэр, дэд сэдвүүд болон нэршлээ тодорхойлсноор танд төлөвлөх боломж бий болно. Үүнээс гадна номоо бичиж дуусгах эцсийн хугацаагаа тогтож төлөвлөгөөндөө оруулаарай. Энэ нь бичиж дуусахад хэр хугацаа үлдсэн эсэхээ харж өдөр тутмын ажлаа төлөвлөхөд тань тус болно. Эцсийн хугацаанаас гадна өдөрт хэдэн хуудас бичихээ тогтох нь илүү үр дүнтэй ажиллахад тань нэмэртэй. Төлөвлөгөө гаргаж, үүнийхээ дагуу ажиллаад явах нь үргэлж илүү амар байдаг шүү дээ.
Төвлөрч бичих дадлыг төлөвшүүл
Та 200 нүүр номыг хоёр сарын хугацаанд бичихээр төлөвлөсөн бол өдөрт А4 хоёр хуудас бичихэд хугацаандаа дуусах боломжтой. Өдөрт хоёр хуудас бичнэ гэхээр санаанд тань багтаад ирж байгаа биз? Гэхдээ үүнд төлөвлөгөө, сахилга бат болон төвлөрөл маш чухал. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд сахилга батыг чанд баримталж, хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй. Мөн бичихээр суухдаа бусад ажил зэрэг өөр зүйлд санаа зоволгүйгээр зөвхөн номоо бичихдээ л төвлөрч сураарай.
Шүүн тунгаа
Номоо бичиж дуусаад шүүн тунгаалтыг гурван үе шаттай хийгээрэй. Ингэхдээ эхлээд өөрөө уншиж засч залруулах зүйлээ цэгцэлнэ. Дараа нь хяналтын уншигч буюу номоо зориулж бичсэн бүлгийнхээ хүмүүсээр уншуулж саналыг нь авна. Үүний дараа редактортоо уншуулж эцсийн засвараа хийнэ.
Ном бичихэд анхаарах ёстой эдгээр болон бусад зөвлөмж, аргачлалыг энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Ганабелл Институтыг үүсгэн байгуулагч П.Гандолгор танилцууллаа. “Туршлагаа хуваалцах арга ба ном бичих 10 алхам” вэбинарыг энд дарж үзэх боломжтой.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт “Психометрикс” ХХК-ийн захирал, сэтгэл зүйч Б.Жавзан оролцож “Хөдөлмөрийн харилцаан дахь сэтгэл зүйн гэрээний ач холбогдол” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars