Ажилтнууддаа көүчинг хийх нь цагийн менежмент, харилцах чадвар сайжирч, ажлын бүтээмж, өөртөө итгэх итгэл нэмэгдэхээс гадна стресс буурах зэрэг олон давуу тал бий болдгийг судалгаагаар баталсан байдаг. Бизнесийн хамгийн чухал нөөцүүдийн нэг болох хүн капиталаа зөв удирдаж, үр дүнтэй ажиллахад удирдлагууд өөртөө көүч хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэйг та олонтаа сонссон байх. Тэгвэл көүч хандлагыг хэрхэн төлөвшүүлж, үр дүнтэй ашиглах вэ?
Көүчингийг энгийнээр тайлбарлавал өөрөөр нь өөрт нь ойлгуулах арга гэж хэлж болно. Ажилтан ямар нэг ажлыг хийж чадахгүй, бүтээмж муутай байх, хамт олонтойгоо нэгдэж чадахгүй байх зэрэг тохиолдолд удирдлагууд көүч хандлагатай байснаар асуудлыг шийдэх боломжтой. Алдааг нь ойлгуулах, асуудлын шийдлийг олоход нь туслах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол асуулт асуух. “Чи миний оронд захирал байсан бол яах байсан бэ?” гэх зэргээр хариултыг өөрөө олоход нь дэмжлэг үзүүлэх нь көүч техникийн нэг хэлбэр юм.
Көүч хандлагыг төлөвшүүлэхийн тулд та ажилтнаа мэдэрч сонсох, асуулт асуух, шаардлагатай үед сэтгэлийг нь өргөх чадвартай болох хэрэгтэй. Түүнчлэн, энэ тохиолдолд зөвлөгөө өгч олон үг нурших хэрэггүй бөгөөд “асуугаагүй бол бүү зөвлө” гэсэн зарчмыг баримтлах нь илүү үр дүнтэй байдаг аж. Көүч техникийн дараах аргуудыг ажилтныхаа сэтгэл зүйг ойлгож, сэдэлжүүлэхэд ашиглаарай.
Сумлах
Урьд нь гаргасан жижиг гэлтгүй амжилтуудыг дурдаж одоо хийх гэж буй ажилд нь урам итгэл өгөх арга. Ингэхдээ зүгээр нэг ерөнхийлж хэлэх бус “нотолгоотой” итгэл өгөх нь чухал. Тухайлбал, “Чи тэр арга хэмжээг үнэхээр сайн зохион байгуулсан юм чинь энийг ч бас чадна шүү дээ” гэх мэтээр.
Мэдэн будилах
Ажилтан ямар нэг үүрэг даалгаврыг хийж чадахгүй удаад байх үед “Үүнийг яаж хийдгийг надад тайлбарлаад өгөөч?”, “Энд хамгийн чухал нь юу гэж бодож байна?”, “Чиний бодлоор яаж хийх илүү үр дүнтэй вэ?” гэх мэтээр асуулт асуух замаар асуудлаа шийдэхэд нь туслах хэрэгтэй. Энэ нь тухайн ажилтан ямар ойлголттой байгааг, асуудал юунд байгааг илрүүлэхэд тустай арга юм.
Ташуурдах
“Энэ чинь сайн болжээ, тэрийг нь засаад хийчихвэл бүр сайн болох нь ээ” гэх мэтээр урамшуулж бүтээмжийг сайжруулах. Хийсэн ажлыг нь сайн ажиглаж байгаад олон тааруу зүйл байсан ч ганц сайн зүйл байвал тэрэн дээр нь дөрөөлж урамшуулах нь сэдэлжүүлэх сайн арга юм.
Жанжин малгай өмсгөх
Ямар нэг сайн тал, чадвар, хийсэн ажлаар нь өргөмжилж жанжин малгай өмсгөх. Жишээ нь, “Чи харилцаа сайтай юм чинь энэ хүнтэй уулзаад ярилцаж чадна шүү дээ” гэх мэтээр урамшуулах.
Көүч хандлагыг хэрхэн төлөвшүүлж, ажилтнаа хэрхэн көүчлэх эдгээр болон бусад арга, зөвлөмжүүдийг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Ганабелл Институтын сургагч багш П.Баяржаргал танилцууллаа. “Ажилтныг хэрхэн көүчлэх вэ?” сэдвээр зохион байгуулагдсан энэхүү вэбинарыг энд дарж үзээрэй.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт BZP Design & Development компанийн захирал Ж.Дашням оролцож “Маркетинг, борлуулалтдаа вэбсайтыг үр дүнтэй ашиглах аргууд” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars