Монголын бараа, бүтээгдэхүүнийг Япон улс руу онлайнаар нийлүүлэх төсөл дээр ажиллаж буй “Пакс Монголика” ХХК-ийнг үүсгэн байгуулагч Э.Энхбаяртай ярилцлаа.
-Монгол дэлхийн олон улс руу бараа бүтээгдэхүүнээ экспортолж байна. Япон бол дэлхийн тав дахь том эдийн засагтай улс. Анх яагаад тус улс руу экспорт хийхээр шийдсэн бэ?
-Монгол, Японы хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр бий. Өөрөөр хэлбэл, манай хоёр улс хоорондын худалдаагаа нэмэгдүүлэх, харилцан хөнгөлөлт үзүүлэх, экспортод таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө зүтгэж байна гэсэн үг. Монгол Улс урд, хойд хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн бодлого баримталдаг. Гуравдагч хөршүүдийн дундаас бидэнтэй хамгийн ойр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлдэг нь Япон. Манай хоёр улсын харилцаа олон салбарт идэвхтэй өрнөдөг бөгөөд Япон улсын Засгийн газар болон бусад байгууллага Монгол Улсад тусалдаг, дэмждэг. Би ч япончуудтай ажиллаж байсан арвин туршлагатай тул үүнийгээ ашиглан Японы компаниудтай холбогдож, төслөө анх санаачилж байсан.
-Таны төлөвлөснөөр Монголын бүтээгдэхүүн хэзээ Японд худалдаалагдаж эхлэх вэ?
-Ирэх жил буюу 2021 оны эхээр. Төлөвлөгөө ёсоор бид вэбсайтаа энэ зун нээх ёстой байсан ч цар тахлын улмаас бидний ажил бага зэрэг удаашраад байна. Бидний хамтран ажиллаж буй Японы компанийн захирал намар Монголд ирэхээр, 11 дүгээр сард би Япон явахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч хил хааж, хориг тавьсны улмаас төлөвлөсөн ажил гацчихлаа. Ирэх он гэхэд бид вэбсайтаа нээж, бүтээгдэхүүнээ борлуулж эхэлнэ.
-Ямар бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөөд байна вэ?
-Монгол бүтээгдэхүүн нэр төрлийн хувьд тийм ч олон янз биш. Ноолуур, арьс, зөгийн бал, чацаргана, жамц давс, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг дотоодын ямар бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд сайн борлуулалттайг хүмүүс мэднэ. Бид вэбсайтаараа Японы хэрэглэгчдэд монгол бүтээгдэхүүнийг органик, чанартай, харьцангуй хямд бөгөөд байгальд ээлтэй гэдэг имижийг бүрдүүлэн санал болгохыг зорьж байгаа. Эдгээр нь монгол бүтээгдэхүүнийг тодорхойлох гол түлхүүр үгс болох юм.
Монголчууд бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд борлуулж чадахгүй байгаа нь тухайн улсын хэрэглэгчид биш дотоодын үйлдвэрлэгчидтэй холбоотой. Тухайн улсын зах зээлийг сайн судлах хэрэгтэй.
-Та зах зээлд буй сул орон зайг олж харснаар энэхүү бизнес моделийг хөгжүүлснээ дурдсан. Онлайн худалдаанаас гадна ер нь Монголын экспортын бүтээгдэхүний өрсөлдөх чадвар Японд ямар түвшинд байна гэж хэлэх вэ?
-Япон бол бидний хувьд маш ирээдүйтэй зах зээл. Тус улс нь 126 сая хүн ам бүхий маш том зах зээл бөгөөд таны өмнө нь хэлсэнчлэн дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын нэг. Одоогоор манай хоёр улсын хооронд онлайн худалдаа сайн хөгжөөгүй байна. Манайд Японы компаниудтай хамтарч шууд экспорт хийдэг буюу тэдний албан ёсны дистрибьютор хэдхэн компани бий. Манай компани шиг олон төрлийн бүтээгдэхүүн экспортолж, тээвэрлэдэг компани одоогоор алга. Монголын бүтээгдэхүүнийг хувиараа экспортолдог хүмүүс бол аль аль талдаа бий.
-Япон компаниуд экспортын бүтээгдэхүүнд ямар шалгуур тавьдаг вэ? Монголын талд тухайн шаардлагад нийцэх чадамж, бололцоо хэр байна вэ?
-Бид Япон, Европ, Америк стандарт гэж ярьдаг. Стандартууд өөр өөр байдаг бөгөөд үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Юун түрүүнд бүтээгдэхүүнээ хил давуулж тодорхой улс руу гаргахад мөрддөг стандарт бий. Тухайлбал, манайхаас экспортолж буй зарим хүнсний бүтээгдэхүүний орцод бусад улсад хориглосон найрлага байх магадлалтай. Үүнээс гадна цаасан дээр бичиж, хуульд тусгаагүй нэг чухал стандарт бий. Тэр бол нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй хэрэглэгчийн стандарт.
Тухайн улсын хэрэглэгчид бүтээгдэхүүнд ямар гол шалгуурыг тавьдаг вэ гэдэг асуулт чухал. Япончуудыг туйлын өндөр шаардлагатай хүмүүс гэж бүгд боддог. Гэтэл япончууд чанартай бөгөөд маш энгийн дизайнтай, цэмцгэр бүтээгдэхүүнийг л хүсдэг. 2019 оны зун бид дотоодын бүтээгдэхүүнийг яг одоо байгаагаар нь Хятад, Солонгос болон Япон руу экспортлох боломжтой эсэхийг тодорхойлохын зэрэгцээ хэрхэн сайжруулах хэрэгтэйг мэдэх зорилгоор нэгэн арга хэмжээ зохион байгуулсан юм. Тус арга хэмжээнд 70 орчим жижиг, дунд бизнес бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд бидний хамтран ажиллаж буй Япон компанийн захирал болон Хятад, Солонгосын худалдааны компаниудын захирлууд оролцсон.
Бүтээгдэхүүний баглаа боодол хэт их хээ хуар, чимэгтэй байна гэж Япон компанийн захирал хэлээд илүү энгийн болгох хэрэгтэйг онцолсон. Солонгос компанийн захирал ч түүнтэй адил дүгнэлтэд хүрсэн. Дотоодын үйлдвэрлэгчдийн дунд бүтээгдэхүүнээ хэт их гоёж, чимэглэдэг хандлага түгээмэл. Энэ нь бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлэхээс гадна чанарт ямар нэг байдлаар нөлөөлдөггүй. Япончууд чанартай, энгийн дизайнтай бүтээгдэхүүнд дуртай.
Бид бүтээгдэхүүнээ экспортлохын тулд олон зүйлийг сайжруулах хэрэгтэй байна. Манай компанийн үйл ажиллагаа зөвхөн дотоодын бүтээгдэхүүнийг Япон руу нийлүүлэхээр хязгаарлагдаггүй. Үйлдвэрлэгчдэд зорилтот хэрэглэгчдийнхээ хүсэл, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд туслах үүднээс зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэргээр бидний хэрэгжүүлж буй төсөл өргөн хүрээг хамардаг.
-Хоёр орны бизнес, эдийн засаг болон соёлын ялгаатай холбоотой ямар асуудал тулгардаг вэ?
-Монголын хувьд экспорт бол амаргүй салбар. Үүнд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Дотоодын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж чадна гэсэн итгэл байдаггүй. Миний бодлоор энэ бол хамгийн чухал хүчин зүйлийн нэг. Хэрэв би ямар ч итгэл үнэмшилгүйгээр хэн нэгэнд бүтээгдэхүүнээ зарах гэж оролдвол яаж бүтэх вэ дээ? Тийм биз? Энэ сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Бид Япон стандарт, Европ чанар, Америк стандарт гэж их ярьдаг. Харин Монгол стандарт гээчийг дорд үздэг.
Дараагийн асуудал бол хүнд суртал. Экспорт бол зөвхөн бизнесийн салбарт хамаатай асуудал биш. Төрийн оролцоо энд зайлшгүй шаардлагатай. Наад захын жишээ гэхэд гаалийн бичиг баримт бүрдүүлэх ажил. Нэг газар нь очихоор өөр тийшээ яв гэнэ. Тэнд нь очихоор өөр нэг газар зааж өгнө, тийшээ нь очихоор эхэнд очсон газар луу явуулна. Ингэж явсаар хамаг цагаа барна. Яг аль байгууллага юуг хариуцдаг нь тодорхойгүй бөгөөд дэмий хүлээхэд маш их цаг зарцуулдаг.
Өөр нэг асуудал бол дотоодын үйлдвэрлэгчдийн санхүүгийн бололцоо. Бүтээгдэхүүнээ экспортлохын тулд тодорхой хэмжээний санхүүгийн суурь эх үүсвэртэй байх хэрэгтэй. Гэтэл ихэнх нь өнөөдрийн орлогоороо маргаашийн үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр үйлдвэрлэгч үндсэн хөрөнгөгүй буюу том хэмжээний захиалга авч цагт нь багтааж үйлдвэрлэх бололцоогүй байна гэсэн үг. Япон, Хятадын ихэнх компани бөөний үйлдвэрлэл явуулах боломжтой байдаг бол ямар нэг санхүүгийн бэрхшээлгүй, өндөр дүнтэй зээл авалгүйгээр бөөнөөр нь үйлдвэрлэх Монгол компани ховор.
Эдгээр нь шийдэх боломжгүй асуудал биш бөгөөд цаг хугацааны эрхээр сайжирна. Үүнийг өөрчлөхийн тулд бид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж чадна гэсэн итгэлтэй болох ёстой. Чин сэтгэлээсээ үүнийг хүсч байгаа эсэхээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгж чадваас асуудал, бэрхшээлээ давж чадна. Бүтээгдэхүүнээ олон улсад гаргахыг хүссэн ч замд тулгарсан асуудлууддаа бүдэрч, бууж өгсөн цөөнгүй компани бий. Зорилгодоо тууштай байж чадах эсэх нь чухал байдаг.
Монголынхоо зах зээлээс гарахад тулгарах асуудлаас гадна бусад улс руу нэвтрэх олон хаалгыг нээх шаардлагатай нүүр тулна. Асуудал тулгарах бүрд “энэ бүтэхгүй нь ээ” гэж бодвол та хэзээ ч зорьсондоо хүрч чадахгүй. Эсрэгээрээ та тэр хаалгыг яаж нээх вэ, үүний тулд арга барилаа хэрхэн өөрчлөх хэрэгтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй. Монголчууд бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд борлуулж чадахгүй байгаа нь тухайн улсын хэрэглэгчид биш дотоодын үйлдвэрлэгчидтэй холбоотой. Тухайн улсын зах зээлийг сайн судлах хэрэгтэй.
Амжилттай компаниудын түүхийг судлахаар ихэнх нь олон улсын зах зээл дээр гарахаасаа өмнө зах зээлийн дэлгэрэнгүй судалгаа хийсэн байдаг. Тухайлбал, Toyota Америкийн зах зээл рүү орохоосоо өмнө асар их судалгаа хийжээ. Тэдний Америкт амжилттай борлуулсан анхны машин бол Crown. Энэ машиныг Америкт зориулж үйлдвэрлэсэн мэт тохиромжтой байжээ. Өөр нэг жишээ бол Samsung хөргөгчөө Бразил руу экспортлохын тулд тус улсын зах зээл, соёлыг судлуулах зорилгоор компанийнхаа хоёр ажилтныг гурван жил амьдруулсан явдал юм. Гурван жил амьдраад ирэхдээ тэд нэг л зүйл чухал болохыг ажиглажээ. Хөргөгч цоож эсвэл түгжээтэй байх ёстой. Учир нь тус улс хулгай ихтэй тул хөргөгчнөөс хүнсээ алдах үзэгдэл түгээмэл байжээ.
Зорилтот зах зээлээ урьдчилан судлах нь хэр чухал болохыг эдгээр жишээ харуулж байна. Энэ нь миний өмнө хэлсэн асуудалтай холбоотой. Монгол Улсын эдийн засгийн чадамж төдийлөн сайн биш тул иймэрхүү судалгаа хийх боломж тэр бүр гардаггүй. Манай төслийн давуу тал бол бид ийм төрлийн судалгаанд цаг хугацаа, хүчин чадал болоод мөнгө зарцуулах шаардлагагүй. Учир нь энэ судалгааг бидний түншилж буй Япон компани хийж өгч байгаа. Тус компани Япондоо маркетинг, борлуулалт хийсэн олон жилийн туршлагатай тул зах зээлийнхээ онцлог, хэрэглэгчдийнхээ хандлагыг сайн мэднэ. Бид тус компанийн зөвлөснөөр бүтээгдэхүүнээ сайжруулж байгаа. Уг компанитай түншилснээр бидний үүрэх ачаа хөнгөрч, туулах зам ч дөт болж байна.
Японы хэрэглэгчдийн сэтгэлд хүрэхийн тулд тэднийг хүндэлж буйгаа харуулах хэрэгтэй. Тэд өөрийн гэсэн худалдан авалтын арга, зуршилтай.
-Танай вэбсайт монгол бүтээгдэхүүнийг тодорхойлох түлхүүр үгсийг сурталчилгаандаа ашиглаж байгаа гэлээ. Монгол бүтээгдэхүүний юу япон хэрэглэгчдийн сэтгэлд хүрдэггүй вэ?
-Япон түнш маань тус улсын хэрэглэгчид монгол бүтээгдэхүүний тухай ямар ойлголтой байдгийг тодорхойлох зах зээлийн судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчид сумо, нүүдлийн соёл, харьцангуй хямд, Япон бүтээгдэхүүн шиг чанартай биш байж магадгүй, органик гэх зэрэг олон янзын хариулт өгсөн байна. Мөн оролцогчдын бараг тал хувь нь монгол бүтээгдэхүүний талаар ямар ч ойлголтгүй, хэзээ ч сонсож, үзэж, хэрэглэж байгаагүй болохыг судалгаа харуулжээ.
Бид үүнийг боломж гэж харсан. Япон хэрэглэгчдийн хувьд монгол бүтээгдэхүүн цагаан цаас гэж үзвэл бид хүссэнээ “зурах” боломжтой гэсэн үг. Хэрэв монгол бүтээгдэхүүнийг хэрэглээд сэтгэл дундуур үлдсэн байсан бол үүнийг засахад хүндрэлтэй байх нь дамжиггүй. Бидэнд үнэнч хэрэглэгчдийг бий болгох боломж байна.
Монгол бүтээгдэхүүнийг бохирдол, хаягдал үүсгэдэггүй, байгалийн цэвэр түүхий эдээр бүтээсэн, хадгалалтын хугацааг уртасгагч болон бусад химийн найрлагагүй бөгөөд байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэсэн гэдэг талаас нь сурталчлах зорилго тавиад буй. Японы хэрэглэгчдийн сэтгэлд хүрэхийн тулд тэднийг хүндэлж буйгаа харуулах хэрэгтэй. Тэд өөрийн гэсэн худалдан авалтын арга, зуршилтай. Бид бүтээгдэхүүнээ түүнд нь нийцүүлж, энэ бүтээгдэхүүнийг танд зориулж хийсэн гэдэг мессежийг хүргэх хэрэгтэй. Үүнийг зөв хүргэж чадвал бид амжилтад хүрнэ. Үүний тулд монгол бүтээгдэхүүний давуу талыг тодорхойлох хэрэгтэй. Бидэнд өндөр технологи, бөөнөөр үйлдвэрлэх боломж бололцоо хомс. Монголд хүнд үйлдвэрлэл хөгжөөгүй тул манай давуу тал бол хөдөө аж ахуй. Энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Монгол Улс хөндөгдөөгүй газар нутаг ихтэй. Үүнийг яаж давуу талаа болгож ашиглах вэ?
Европын холбоо нийт 85 сая толгой малтай бол манай улс дангаараа 70 сая малтай. Гэвч үүнээсээ эдийн засгийн үр өгөөж бүтээж чаддаггүй. Бид мэдээж компьютер эсвэл машин үйлдвэрлээд Японы зах зээлд гаргаж чадахгүй. Бидэнд экспортлох боломжтой цөөн төрлийн бүтээгдэхүүн бий. Цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээ хэрхэн өөрт ашигтай экспортлох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс бүтээгдэхүүн сонгохдоо нийгмийн болон байгаль орчны хариуцлагыг чухалчлан үзэх болсон. Энэ хандлага нь өндөр хөгжилтэй орнуудад илүү түгээмэл байдаг.
Япончуудын ихэнх нь чанартай бүтээгдэхүүн хэрэглэдэг бол америк хэрэглэгчид эдийн засгийн чадамжаасаа үл хамааран өөр өөр байдаг. Нэг хэсэг нь маш өндөр шаардлага тавьдаг бол нөгөө нь ямар ч хяналтгүй худалдан авалт хийдэг. Магадгүй энэ нь тус улсад өөр өөр гарал үүсэлтэй хүмүүс байдагтай холбоотой байх. Япончуудын хувьд нэгэн жигд бөгөөд нийгэм нь тэр чигтээ ижил шаардлага, зарчмыг баримталдаг. Хүмүүсийнх нь хандлага ерөнхийдөө ижил байдаг. Үүнийг бид ойлгох хэрэгтэй.
-Монголын үйлдвэрлэгчдийн өөртөө итгэх итгэл сул гэж та хэллээ. Танай компани маш том зорилгыг урьдаа тавин ажиллаж байгаа ч дэлхий дахинд нүүрлэж буй цар тахлын улмаас үйл ажиллагаа нь саатсаныг мөн дурдлаа. Тэгвэл ийм нөхцөлд цааш ажиллах урам зориг, сэдлийг та юунаас авдаг вэ?
-Энэ төслийг амжилттай хэрэгжинэ гэдэгт би итгэдэг. Хамгийн гол нь хүнд үеүүдэд тэвчээртэй, тууштай л байх хэрэгтэй. Миний итгэлтэй байгаа шалтгаан нь монголчууд ур, ухаанаа шингээж бүтээсэн бүтээгдэхүүнээ зарах ёстой гэдэг үзэлтэй холбоотой. Тэгж байж Монголын эдийн засаг сайжирна. Бид үргэлж түүхий эдээ зарж амьдрахгүй. Нэг үеэ бодвол монголчууд олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түнийгээ сайжруулж дэлхийн зах зээлд гаргах сонирхолтой байна. Энэ олон хүний хүчин зүтгэл нэг зүйлд хүргэх нь дамжиггүй.
Бид энэ гарцыг бий болгохын тулд тасралтгүй зүтгэвэл одоо биш юм аа гэхэд хэзээ нэгэн цагт хэн нэгэнд хэрэг болно. Үүнд хүрэхийн тулд багагүй цаг хугацаа, хүчин чармайлт болоод тэвчээр шаардагдах нь ойлгомжтой. Төслийнхөө санааг боловсруулахдаа би Монголын жижиг, дунд бизнесүүдэд тустай зүйл хийхийг гол зорилгоо болгосон юм. Хүмүүст хэрэгтэй бизнес эрхлэх гэсэн хүсэл минь надад урам зориг өгдөг. Энэ төслийг Монголын үйлдвэрлэгчид, цаашлаад эдийн засагт нэмэр болоосой гэж хүсч байна. Учир нь манай томоохон компаниуд ч бүтээгдэхүүнээ импортолж байна шүү дээ.
Хүмүүс дэлхийн чанар, дэлхийн стандарт гэж их ярьдаг. Гэтэл яг дэлхийн чанар, стандарт гэж юу болохыг заасан зүйл алга. Энэ нь тухайн улсаас л шалтгаалдаг. Монголд орж ирж буй зарим брэнд өөрсдийгөө олон улсын чанар, стандарттай гэж сурталчилдаг. Бүх зүйлд ийм хандлагаар хандвал бид үргэлж хэн нэгнийг хуулбарласаар байх болно. Чанартай бүтээгдэхүүнийг бид дэлхийн стандарт бүхий гэж ярьдаг. Энэ нь мэдээж байх ёстой зүйл. Бид хөгжиж яваа учраас суралцах хэрэгтэй. Гэхдээ энэ хэвээрээ байвал бид хэзээ ч хэрэглэгч орон гэдэг статусаас салахгүй. Бид өөрсдийн стандарт, дэвшлийг бий болгох ёстой. Дэлхий дахинаас суралцах, хуулбарлах зүйл олон байгаа ч Монгол гэсэн онцлогийг бий болгох хэрэгтэй. Нэг ч гэсэн ийм онцлогийг бий болгохыг би мөрөөддөг. Бид үүнийг бүтээж чадна гэдэгт итгэдэг.
Японы компани бидэнд итгэж, дэмжиж байхад бид өөрсөддөө итгэх хэрэгтэй. Ямар нэг улс танай бүтээгдэхүүнийг импортолоё гэхийг хүлээвэл хэзээ ч бүтэхгүй. Эсрэгээрээ бид бүтээгдэхүүнээ экспортлохын төлөө зүтгэх ёстой. Бид өөрсдийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй.