Бизнес эрхлээд удаж буй олон хүнд “өмнө нь энийг мэддэг байсан бол” гэж бодох үе гардаг. Бизнес эрхлэгчид цаг хугацааны эрхээр бизнесээ хэрхэн үр дүнтэй өсгөж, амжилттай удирдах тал дээр туршлага хуримтлуулдаг билээ. Амжилттай жижиг дунд бизнес эрхлэгчид туршлагаасаа хуваалцсан бөгөөд таныг хожим харамсахаас сэргийлэх 7 зөвлөгөөг хүргэж байна.
1. Дэмжлэгийн хүрээлэлтэй бол
Хүүхдүүдэд зориулсан хатгамалын сургалт явуулдаг “The Handwork Studio” компанийн үүсгэн байгуулагч Лора Келлигийн хувьд бизнес эрхлэх нь заримдаа ганцаардмал, тусгаарлагдсан мэдрэмж төрүүлдэг байв.
Түүний хувьд асуудлаа шийдэл чухал алхам нь бизнесийн хүрээллийнхэнтэй харилцаа холбоотой байх явдал болжээ. Тэрбээр сар тутам бизнес көүчтэйгээ нэг цаг уулздаг болсноор олон асуудлынхаа шийдлийг олж, бизнестэй холбоотой чухал шийдвэрүүдийг хийхдээ дэмжлэг олж авсан байна. Мөн тэрбээр фэйсбүүк болон Linkedin-ээр бусад бизнес эрхлэгчтэй харилцаа тогтоож эхэлжээ.
“Көүчийн зөвлөснөөр бизнесээ хөндлөнгөөс харах энгийн төсөөллийн дасгал хийж эхэлсэн нь санааг минь зовоож байгаа асуудлаа олж харахад тус болсон. Цагийн дотор бүх зүйл тодорхой болж би цааш хийх ажлын төлөвлөөтэй гэртээ харих болсон” хэмээн Келли дурсжээ.
Мөн Келли мөн нэгэн группт орж өөртэйгөө адил эмэгтэй бизнес эрхлэгчдийн хамт цуглан асуудлаа хэлэлцэж, шийдэл олдог байв. Тэд нэгнийгээ цөхөрсөн үед ярилцаж, сэтгэл санааг нь өргөдөг байжээ.
Бизнес эрхлэгчдэд хүмүүстэй харилцаа холбоо үүсгэхэд цаг гаргах хэцүү байж магадгүй ч энэ нь ирээдүйд үр шимээ өгөх нь гарцаагүй.
2. Маш тодорхой зорилго тавь
15 жил бизнес эрхлэхдээ Келлигийн олж авсан өөр нэг сургамж бол том зорилгыг жижиг зорилтуудад хуваах юм. Тэрбээр 10, 3, 1 жилийн бөгөөд улирлын зорилго тавьж бизнестээ хэрэгжүүлдэг байна. “Олох ёстой орлогоо ч хэсэгчлэн тооцдог. Жишээ нь, эхний улиралд 200 мянган долларын орлоготой ажиллах зорилго тавьсан бол үүнд хүрэхийн тулд хэдэн сургалт борлуулж, хэдэн хүүхэд шинээр элсүүлэх хэрэгтэйгээ боддог. Зорилтот дүндээ хүрэхийн тулд 800 хүүхэд сургалтандаа хамруулах хэрэгтэй гэдгийг мэдэж байвал зорилгодоо хүрэх аргаа тодорхойлоход амар байдаг. Иймэрхүү тодорхой зорилго тавих нь цаашдын алхмаа хийхэд амар болгодог” хэмээн тэрбээр онцолжээ.
Тус компанийн ажилтан бүр ажлын явц, үр дүн ямар байгааг харуулдаг зорилгын самбартай. Энэ нь зорилгодоо төвлөрч ажиллахад тус болдог бөгөөд яг одоо бид хэр их орлого олж, вэбсайт хэр их хандалттай байгаа, фэйсбүүк дээр хэдэн лайктай байгааг шууд хэлэх боломжтой болсноо Келли хэлж байв.
Өөртөө болон ажилтнууддаа маш тодорхой зорилго тавих нь байгуулладаа гүйцэтгэлд суурилсан соёлыг бий болгох эхний алхам юм. Ажилтан сэтгэл хангалуун байснаар сайн ажиллаж, хамгийн сайн үр дүнд хүрнэ.
3. Ажлыг чаддаг хүмүүст нь даатга
Жин Маркс аавтайгаа 1994 онд технологийн зөвлөх үйлчилгээний Marks Group компаниа байгуулж байжээ. Аав нь борлуулалтаа, хүү нь үйлчилгээгээ хариуцдаг байв. Гэвч удалгүй аав нь нас барж, Маркс ганцаараа бүгдийг амжуулж чадахгүйд хүрчээ. Тэрбээр аргагүйн эрхэнд хэдэн шинэ хүн ажилд авчээ. “Чиний өмнөөс зарим ажлыг хийх хүмүүсийг авснаар илүү их орлого олох боломжтойг би тэр үед ойлгосон юм” гэж тэрбээр хэлжээ.
Шинэ ажилтнууд авснаар Маркс хийдэг байсан ажилдаа муу байснаа ойлгожээ. Ажлаа мэддэг, өөрөөс нь илүү хийж чаддаг хүмүүсийг ажилд авснаар бизнесийнх нь орлого илт өссөн байна. Ийнхүү тэрбээр хамгийн сайн чаддаг зүйлдээ төвлөрч, бусдыг нь чаддаг хүмүүст даатгах хэрэгтэйг ойлгожээ.
4. Нэмэлт зардлаа тана
Найман жилийн өмнө ажилтнууд ажилдаа гарсан хойгуур Маркс оффисдоо ганцаараа сууж буйгаа анзаарчээ. Тухайн үед тэрбээр жилд 30 мянган ам.долларын оффис түрээслэдэг байв. Иймд Маркс оффис түрээслэхээ больж ажлаа онлайнд шилжүүлсэн байна. Ингэхдээ суурин утсаа сарын 10 долларын интернетэд суурилсан утсаар, компьютерийн серверүүдээ үүлэн технологиор сольжээ.
Нэмэлт зардлаа танасан нь 2008 оны хямралын дараа санаа амар байхад нь ихээхэн тус болжээ. Тэрбээр “Хямралын үед ч бидний орлого огт буураагүй. Нэмэлт зардлаа танаснаар сэтгэл санаа амар болсон. Хэрэв нэмэлт зардлаа танаж чадвал та өмнө нь яагаад ч хийж чадахгүй байсан үнийн өөрчлөлтөө ч хийх боломж бүрдэнэ” гэв.
5. Чиглэлээ олоод, түүгээрээ дагна
Та хэрэглэгчдийнхээ бүх асуудлыг шийдэж, бүх зүйлийг хийхийг хичээдэг үү? Бизнесээ төрөлжүүлж, солонгоруулах нь үргэлж зөв шийдэл болдоггүй. Заримдаа маш сайн явж байгаа нэг зүйлдээ л төвлөрөх нь зөв байдаг. Яг энэ зарчмыг 78 жилийн түүхтэй гэр бүлийн бизнесээ авч явж буй Марк Матиос Ace Apparel компанийнхаа стратегид ашигладаг.
“Бидний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол зогсоолын зохицуулагчийн хувцас. Зогсоолын ажилтнуудад тохирсон хүрмийг үйлдвэрлэдэг учраас энэ салбарын компаниуд бидэнтэй ажиллах дуртай байдаг. Энэ чиглэлд бид амжилттай байсан тул Хойд Америкийн ижил төрлийн бизнес эрхэлдэг 30 компанид ажлын хүрэм нийлүүлж эхэлсэн” гэж Марк хэлжээ.
Сайн хийж чаддаг зүйлээ олж, тухайн чиглэлээрээ дагнан хөгжихөд төвлөрөх нь бизнесийн амжилтад хүрэх зам юм.
6. Илүү цагаар ажилла
Бизнесийн санаа олсон даруйдаа догдлон одоо буй ажлаасаа гарж, бүтэлгүйтсэн хойноо мөнгөгүй хоцрох нь бизнес эхлүүлж буй хүмүүсийн дунд түгээмэл үзэгдэл.
Биеийн хэмжээнд тохирсон татуурга үйлдвэрлэдэг Spanx компаниа үүсгэн байгуулж, хөл дээр нь босгох хүртлээ Сара Блэйкери оффисын тоног төхөөрөмж борлуулдаг ажлаасаа гаралгүй, хоёр жилийн турш нойроо хасан ажиллажээ. Бизнесийн санаа нь амжилттай хэрэгжих хүртэл борлуулагчийн ажлаасаа гарахыг хүсээгүй хэмээн тэрбээр Форбес сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
2000 онд ажлаасаа гарах хүртлээ тэрбээр оройн цагаар татуурга, дотуур хувцасны дизайныг судалж, одоо зах зээл дээр буй патенттэй бүтээгдэхүүнийг судалдаг байжээ. Тэрбээр Атлантагаас Хойд Каролина руу явж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шилэн оймсны үйлдвэр хайдаг байв.
“Өдөржин ажил дээрээ байж байгаад гэртээ ирэхэд Spanx-ийн бүтээгдэхүүнтэй хайрцагнууд авчраад орхичихсон байдаг байв. Ийнхүү явсаар би 2000 оны аравдугаар сарын 14-нд ажлаасаа гарсан. Үүнээс хоёр долоо хоногийн дараа би Опра Винфригийн шоунд уригдаж байсан юм” хэмээн Сара дурсжээ.
7. Өөр зүйлд сатаарахаас зайлсхий
Контент маркетингийн AudienceBloom компани нь амжилттай үйл ажиллагаа явуулж, хөлөө олсон тул тус компанийн үүсгэн байгуулагч Жэйсон Димерс сонирхлыг нь ихэд татаад байсан өөр нэгэн гарааны бизнес эхлүүлэхээр шийджээ. Удалгүй тэрбээр энэ шийдвэртээ харамссан юм.
“Бизнес эрхлэгчийн зорилго бол хэвийн ажилладаг компани байгуулах биш юм. Амжилттай бизнес эрхлэгчид үргэлж компаниа хөгжүүлж, бизнесээ өсгөхийн төлөө ажиллаж, ирээдүйдээ бэлдэж байдаг. Багаа хоёр стартап дээр ажиллуулж эхэлснээр анхны бизнесийн өсөлт зогсолтод орж, би ч шинэ бизнесдээ хангалттай цаг зарцуулах боломжгүй болсон” хэмээжээ.
Улмаар хоёр дахь компаниа байгуулах ажил нь бүтэлгүйтжээ. Димерс бүхий л анхаарлаа нэг компанидаа хандуулж ажиллах болсноор AudienceBloom-ийн өсөлт сэргэв. Тэрбээр “Амжилттай компани байгуулахын тулд 100 хувь анхаарлаа хандуулж зүтгэх хэрэгтэйг ойлгосон. Хоёр дахь бизнесээ эхлэхийн тулд зөвхөн үүнд цагаа зарцуулах тусдаа менежертэй болохгүй бол дэмий сатаарж, хүрсэн амжилт, бүхий хүчин чармайлтаа үрэн таран хийхийн нэмэр болно” гэжээ.
Илүү дутуу зүйлд сатаарахгүй байх нь өдөр тутмын ажлаа зохицуулахад ч хамаатай. “Би ямар үед сэргэлэн, ямар үед мангуу болдгоо мэддэг учраас чухал ажлуудаа өглөө сэргэлэн байхдаа амжуулж, ур ухаан шаарддаггүй ажлаа үдээс хойш амжуулдаг. Хувийн зохион байгуулалттай байж, тухайн нэг ажилдаа төвлөрөх нь жижиг бизнесийг амжилттай болгодог нууц юм” хэмээжээ.
Эх сурвалж: thehartford.com