Вакцин гарч цар тахал дуусах нь гэсэн итгэл төрүүлж байгаа ч энэ бүхэн жигдэртэл дор хаяж хоёр, гурван жил хэрэгтэй. 2021 онд юу болох нь тодорхой болоогүй хэдий ч компаниуд хэмжиж болохуйц, бодит зорилго тавих хэрэгтэйг мэргэжилтнүүд дуу нэгтэй зөвлөж буй. Энэ тухай бүгд ярьж байгаа ч өнөөгийн нөхцөлд нийцсэн хэмжүүр үзүүлэлтүүдийг компаниуд хэрхэн тодорхойлох вэ?
Компаниуд гүйцэтгэлээ үнэлэх оновчтой шалгуур үзүүлэлтийг баримтлахгүй бол ажилтнуудаа үр ашиггүй өгөгдлийн эрэлд эцээж, залхаах эрсдэлтэй. Иймд энэ онд амжилт, бүтээмжээ оновчтой үнэлэхэд туслах гол шалгууруудыг хүргэж байна.
Борлуулалт
Борлуулалт бол хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг. Иймд онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, unboxing буюу бүтээгдэхүүн танилцуулах сурталчилгаа, урамшуулал, бэлэг (giveaway) зэрэг олон сувгаар борлуулалтаа бууруулалгүй хадгалах боломжтой.
Хөрөнгө оруулалтын өгөөж
Хөрөнгө оруулалтын өгөөж бол угаасаа чухал хэмжүүр үзүүлэлт гэж та бодож магадгүй. Гэвч үүсээд буй нөхцөл байдлын улмаас гарч буй өөрчлөлтөдүүд, тэр дундаа хэрэглэгчтэйгээ холбогдох вэбсайт, аппликейшн, платформ зэрэг дижитал сувгууддаа оруулж буй хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмж тооцоолох хэрэгтэй.
Хэрэглэгч татах өртөг
Хэрэглэгчийг татах өртөг (CAC) нь аливаа үйлчлүүлэчийг олж авахад зарцуулсан зардал бөгөөд энэ үзүүлэлт нь эцэстээ үр дүнгээ хэмжихэд ихээхэн ач холбогдолтой байдаг.
Хэрэглэгч татгалзах хувь
Churn rate буюу ямар хэрэглэгч танай компанийг орхиж өрсөлдөгчийг тань сонгохоор завдаж буйг мэдэх нь чухал. Үүнээс дутахгүй чухал зүйл бол яагаад худалдан авалт хийхээс татгалзсан шалтгааныг тогтоох юм.
Хэрэглэгч болон ажилтны сэтгэл ханамж
Хэрэглэгч болон ажилтнуудынхаа аль алины сэтгэл ханамжийг хэмжих нь компанийн үйл ажиллагааг сайжруулахад ихээхэн үр дүнтэй байдаг. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг зах зээлийн судалгаа, хэрэглэгчдийн гомдол санал зэргээр хэмжих боломжтой.
Дэмжигчдийн хувь
Net Promoter Score (NPS) буюу хэрэглэгч танай бүтээгдэхүүн, үйлчилгээг ам дамжуулан бусдад санал болгох эсвэл авахгүй байхыг зөвлөсний харьцаа нь мөн л чухал үзүүлэлтүүдийн нэг билээ. Хэрэв хэрэглэгчдийн 10 хувь нь танай компанийг сурталчилж, 8 хувь нь муулж байвал танай NPS 2 байна. Иймд энэ үзүүлэлт эерэг байх нь чухал.
Халдвар хамгаалал сахисан байдал
Компаниуд, тэр тусмаа үйлчилгээний байгууллагууд, халдвар хамгааллын дэглэм, ариун цэвэр сахисан байдлаа харуулах болсон энэ үед эдгээр нь хэрэглэгчдийн итгэлийг бий болох чухал үзүүлэлт болж буй. Энэ нь танай байгууллага ажилтнууд болон үйлчлүүлэгчдээ анхаарал халамж тавьдаг болохыг илтгэнэ.
Эх сурвалж: entrepreneur.com