АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй, Хөгжлийн Шийдэл ТББ-ийн хэрэгжүүлж буй “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийн хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цар тахлын хүнд хэцүү үед бизнесээ амжилттай удирдан яваа хөдөлмөрч дөрвөн эмэгтэйн амжилтын түүхийг цуврал болгон толилуулж байна.
Хөдөлмөр хамгааллын хувцас, дүрэмт хувцасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шүтэн уул” ХХК-ийн 25 жилийн ой ирэх онд тохионо. Зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс эхлээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус компанийг эрч хүч дүүрэн Н.Оюунцэцэг удирдан явуулдаг. Ингэж хэлэхийн учир нь түүний хувьд бизнесээ явуулаад зогсохгүй ижил төрлийн үйлдвэрүүдэд зөвлөж, Хувцас үйлдвэрлэгчид, судлаачдын холбоо ТББ-ыг удирдаж, Дархан-Уул аймгийн баялаг бүтээгчдийн холбооны салбар зөвлөлийн даргаар ажилладаг. Бас тун удахгүй бясалгалын багшийн эрхээ авах гэж буй.
Тэрбээр 1986 онд ОХУ-ын Ахуй үйлчилгээний дээд сургуулийг оёдлын инженер технологич мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд 3000 ажилтантай Социалист нийгмийн үеийн Оёдлын үйлдвэрт инженер, технологичоор ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 1992 онд хоёр охин, нөхрийн хамт Дархан-Уул аймагт шилжин суурьшсан. Энэ үед хүүхдүүд жаахан байсан учраас хоёр жил орчим гэртээ хүүхдүүдээ харсан. Ингээд 1995 оноос Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн харьяа Оёдлын цех гэж байхад даргаар нь ажиллаж байгаад 1997 онд хувьчлал болох үеэр хувьцааг авч “Шүтэн уул” ХХК өөрийн компаниа байгуулсан. Түүний байгуулсан компани Дархан хотын хамгийн том үйлдвэрлэл болох төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэж ажилладаг байсан учраас хөдөлмөр хамгааллын хувцсыг үйлдвэрлэлээр дагнан мэргэшиж Дархан ТЭЦ, Цахилгаан түгээх сүлжээний ажилчид, цагдаа, цэрэг, онцгой байдлын алба хаагчдын хөдөлмөр хамгааллын хувцасаар хангаад зогсохгүй Улаанбаатар, Орхон аймгуудаас захиалга авч, нийлүүлдэг болжээ.
Тэрбээр өөрийн бизнесийн түүхийг ярихдаа: “Миний амьдралын 25 орчим жил энэ үйлдвэрт зориулагдсан. 60 насныхаа 25-ыг нь энэ компанидаа зориулсан. Анх эхлэхдээ тавуулаа эхэлж байлаа. Үйл ажиллагаа өргөжхийн хэрээр ажилтнуудынхаа тоог нэмж, арав, хорь гэж явсаар өнөөдөр 35-уулаа болоод байна. Энэ бол манай үндсэн ажилчдын тоо. Захиалга ихтэй үед цагийн ажилтан авах, туслан гүйцэтгэгч аж ахуйнуудад каластрын системээр ажил өгнө гээд ажиллах хүчний тоо нэмэгдээд явдаг” хэмээн ярьсан.
Бизнесээ эхлүүлэх, үргэлжлүүлэх уналт босолтын үе:
2022 онд Шүтэн-Уул ХХК компанийн 25 жилийн ой болно. 1990 оны сүүл гэдэг чинь нийгэм өөрчлөгдөн социалист нийгэм унаж, зах зээлийн эдийн засагт шилжих он жилүүдэд хөл гараа олохгүй олон хүмүүс бий болж байсан. Өөрийн ажиллаж байсан үйлдвэрүүд нь нүдэн дээр нь ажиллахаа больж төрийн үйлдвэрүүд нь улсаас хувьд шилжиж буйг харах хэцүү үе байсан. Энэ үед аж ахуй эрхлэгч нарт санхүүгийн хүндрэл тулгаран зээлийн хүү маш өндөр сарын хамгийн багадаа 8-10 хувийн хүүтэй байсан гээд олон хүнд үеийг Оюунцэцэг болон түүний компани даван туулан иржээ.
Тэрбээр энэ үеийг хэрхэн даван туулсан тухай хэлэхдээ: Анх эхэлж байхад надад байсан давуу тал нь төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан явдал. Хувьчлагдсаны дараа аажимдаа тоног төхөөрөмжийг нь худалдан авах боломж гарсан. Мөн тус үйлдвэрийн хөдөлмөр хамгааллын хувцасыг хангах зах зээлтэй байсан. Тухайн үед тохиолдож байсан бэрхшээл гэвэл үйлдвэрүүд зогссонтой холбоотой зах зээл хумигдсан. Харин тэр үед Хятад, Солонгос зэрэг гадаад зах зээлд оёмол бүтээгдэхүүн гаргадаг байсан. Зах зээл хэцүүдэх үеэр миний мэргэжил, оёлдлын салбарт давуу тал бий болсон. Мэргэжилдээ түшиглэн гадагшgg бүтээгдэхүүн гаргаж байсан. Бидний захиалагчид хятад, солонгосчууд байсан ч хүрдэг зах зээл нь АНУ байсан. Таван жил орчим захиалгаа аваад их дэмтэй байсан шүү.
Яг Монгол Улсын эдийн засаг хүнд хэцүү үед түүний бизнес Дархандаа гадагш нь экспортод бүтээгдэхүүн гаргадаг анхны үйлдвэр байжээ. Хүчин чадал, захиалга ч их байсан тул хоёр шугамаар хоёр ээлжээр 50-60 хүн ажилладаг байсан. Материал болон экспортолж буй бүтээгдэхүүнээс татвар авдаггүй гээд олон давуу нөхцөл байсан. Нэлээд олон хүнийг ажлын байраар хангаж байлаа. Харамсалтай нь 2000 он гараад энэ үйл ажиллагаа зогссон.
Төрийн тусгай албан хаагчдын хувцасыг дотоодын үйлдвэрлэгч нараас худалдан авах нь Оёдлын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх томоохон дэмжлэг.
Оюунцэцэгийн үйлдвэрийн ажлын 50-иас дээш хувь нь тендерийн ажил байдаг. Төмөр зам, онцгой байдлын газар, ЦЕГ, хилийн цэрэг, станц гэх мэт төрийн өмчит үйлдвэрийн газрууд бүгд тендер зарлана. Түүнд оролцож байж ажилтнуудаа ажилтай, орлоготой байлгаж байна. Тендерт бичиг цаасны ажил их. Түүнийг нь стандарт загварын дагуу гаргахаас гадна өөрсдөө загвар бүтээгдэхүүн гаргаж, оёж өгөх шаардлага үүснэ. Мөн туслан гүйцэтгэгч жижиг оёдлын цехүүдтэйгээ хамтран тендерт ажиллаж тэднийг хөгжүүлэх нь салбарын хөгжилд их нэмрийг бий болгодог.
Цар тахлын үеийн хүндрэл, түүнийг даван туулсан нь:
Цар тахлын хүндрэл гарахаас өмнө Оюунцэцэг удаан хөөцөлдсөний үр дүнд 2020 онд ЖДҮХС-гаас 250 сая төгрөгийн санхүүжилт авсан. 3 хувийн хүүтэй зээл бол боломжийн зээл. 2019 онд тэнцсэн боловч санхүүжилт нь дууссан байсан. Энэхүү зээлийн хөрөнгөөр эргэлтийн хөрөнгөд зарцуулсан нь их зөв шийдвэр болжээ. Эргэлтийн хөрөнгөө сайн нэмэгдүүлсэн байсан тулдаа коронавирусийн халдвараас үүдэн хил хаагдах, юань өсөх гэх мэт сорилтуудад боломжийн хамгаалалттай байж чадсан.
Тэрбээр хэлэхдээ: Ашгүй бурхан харж үзлээ дээ гэж хэлэхээр байна. Бид жилийн нөөцөө авсан байсан нь 2020 оны хүнд үеийг давахад нэлээд том давуу тал болсон.
Компаниа байгуулснаас хойших түүний хамгийн их баярлаж, бахархсан үе:
Оюунцэцэг компанийн анх таван жилийн ойн баярын үе. Тэрээр энэ үеийг дурсан ярихдаа: Анх удаа байсан болоод ч тэр үү одоо их дурсамжтай байдаг. Бүх ажилчдаа шагнасан. Арван жилийн ойгоороо нэг ажилтнаа байраар шагнасан. Компанидаа хоёр ч хүнд байр авч өгсөн. Гэх мэт нийгмийн асуудлууд бий л дээ. Өнгөрсөн хугацаанд манай компаниас арав гаруй гэр бүл бий болсон. Залуучууд ажиллаад суугаад гэр бүл болоод гэр бүл нь өсөн дэвшиж байгаад их баяртай байдаг. Үүгээрээ бахархдаг. Мэдээж би суу гээд суулгаагүй боловч манайд ирээд танилцаж, амьдралаа холбосон нь их гоё санагддаг.
Алсын хараагаа хэрэгжүүлэх боломж олдсон нь:
Оюунцэцэгийн хувьд томоохон 2 зорилго байдаг ба түүний нэг нь гадаад зах зээлд гарах нөгөөдөх нь үр хүүхэддээ энэхүү босгосон бизнесээ өв залгамжлуулах.
Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн гадаад зах зээлд гарахад нээлттэй. Гол асуудал нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн олноор үйлдвэрлэх, Үүний тулд бизнесийн процессоо сайжруулах, дотоод засаглал, менежментээ сайжруулан илүү дүрэм журам, стандартыг хангаж байж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Гадаад зах зээлд гарах тал дээр түүний өндөр боловсрол эзэмшсэн хоёр охин нь дэм болж байна. Нэг нь Хятадад олон улсын харилцаагаар, нэг нь санхүүгийн чиглэлээр төгссөн болохоор тэр тал дээр дэмжээд явах боломжтой. Одоо өөрсдийн бизнесүүдтэй ч ирээдүйн өв залгамжлагчид болно.
Гэхдээ энэ бүх зорилгодоо хэрхэн ямар аргаар хүрэх мэргэжлийн туслалцаа зайлшгүй шаардагддаг. Энэ тал дээр АНУОХА-ын BEST хөтөлбөрийн компанийн засаглал болон санхүү бүртгэлийн сургалт, урт хугацааны зөвлөх үйлчилгээнд хамрагдаад явж байна.
Тэрбээр хэлэхдээ: Үйлдвэрлэгчид чинь цаг зав муутай учраас болсон болоогүй сургалтад очоод байдаггүй. Хөгжлийн шийдэл ТББ-ийн хэрэгжүүлж буй энэхүү BEST хөтөлбөрийн сургалтууд нэг ч сургалт алгасахгүй сууж байна. Цэгээ олсон, нүдээ олсон газар л даа. Маш хэрэгтэй, зайлшгүй хэрэгтэй учраас сургалтад сууж, түүнийгээ хэрэгжүүлээд бизнесээ менежмент засаглалын хувьд илүү хөгжүүлээд явж байна. Хөтөлбөрийн сургалт нь зөвхөн нэг удаагийн сургалт бус бизнесээ өсч хөгжихөд нь бүхий л чиглэлээр сургалтын дараах зөвлөх үйлчилгээг үзүүлээд явдаг нь илүү практикал, харилцагч дээрээ суурилсан байдаг. Санхүүгийн сургалтад бүр ажилчидтайгаа суусан шүү дээ. Чиглэл чиглэлээр нь ажилтнуудаа өөрөө ч хамрагдуулж хөгжүүлээд явж байгаа нь бизнесийг урт хугацаандаа хөгжүүлэх боломжийг бидэнд өгч байна.