АНД Глобал компанийн Гүцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэтэй хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаа болоод тус компанийн ирээдүйн зорилгынх нь талаар ярилцлаа.
АНД Глобал Японы Марубени корпорацитай олон улсын стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ хүрээнд тус компанитай хэрхэн хамтран ажиллахаар тохиролцсон бэ?
Олон улсын стратегийн түншлэл нь оролцогч талууд бие биенээ стратегийн түвшинд нөхөж ажиллана гэсэн үг. АНД Глобал бол зөвхөн финтек бус мөн “текфин” компани. Товчхондоо, “текфин” гэдэг нь финтек технологийн хамтаар үүнтэй холбоотой өөрийн бизнес болон технологийн нөү-хаугаа хуваалцдаг бизнес модель юм. Lendpinoy, LendMN ба SuperUp зэрэг аппликейшний ард буй технологийг манай баг хөгжүүлсэн. Бид өөрсдийн хөгжүүлж, хэрэглэгчдэд хүргэж буй бүтээгдэхүүн, технологийн шийдлүүдээ Марубени корпорацитай хамтран дэлхий дахинд түгээх хүсэлтэй байгаа тул тус корпорацитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулаад буй.
Уг түншлэлийн хүрээнд бид Филиппин дэх үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөсөн. Тус улс манай компани болон Марубени корпорацийн аль алинд стратегийн хувьд чухал зах зээл билээ. Мөн бид Монголын өнөөгийн дижитал экосистемийг өргөжүүлэн, хөгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна бид дэлхий дахинд тэргүүлэх технологийн шийдлийг бүтээх судалгаа, хөгжлийн ажилд хүчээ нэгтгэхээр зорьж буй.
Зөвхөн санхүүгийн технологид төвлөрсөн судалгаа, хөгжлийн ажил хийх үү?
Яг ч тийм биш л дээ. Бидний түншлэл финтек технологид төвлөрч байгаа нь үнэн хэдий ч бид төрөл бүрийн шинэ түвшний технологийн шийдлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Тухайлбал, технологийн компани болохынхоо хувьд бид финтектэй холбогдож эхэлж буй 5G болон зүйлсийн интернет (IoT)-ийн төслийг сонирхож байна. Үүний нэг жишээ бол Samsung компанийн сүүлд танилцуулсан худалдан авалтын жагсаалт гаргах, бүтээгдэхүүнийг шууд сагсанд нэмэх, цахим хэтэвч ашиглан төлбөрөө төлөх боломжтой ухаалаг хөргөгч юм.
Та бүхэн машин сургалтыг хэрхэн ашигладаг вэ?
Машин сургалт (machine learning) нь аливаа системд хүний тусламжгүйгээр суралцаж, сайжрах чадварыг олгодог. LendMN дээр зээлийн баталгаажуулалт, шийдвэрийг хүн бус машин сургалтын тусламжтайгаар хийдэг. Өөрөөр хэлбэл, машин хэрэглэгчийн зан төлөв, зээлийн болон бусад мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргадаг гэсэн үг. Өмнө нь энэ ажлыг хүн хийхэд хандлагад тулгуурлан шийдвэр гаргах, алдаа гаргах магадлалтай нь сул тал болдог байсан.
Машин сургалтыг зээлийн баталгаажуулалтаас гадна өөр юунд ашигладаг вэ?
Бид машин сургалтыг царай таних технологиор хэрэглэгчийг таньж, баталгаажуулахад (KYC) мөн ашигладаг. LendMN болон SuperUp-д бүртгүүлэхдээ хэрэглэгч царайгаа таниулдаг. Филиппин улсын иргэд ганц иргэний үнэмлэх бус хэд хэдэн бичиг баримттай явдаг учраас энэ технологийг бид тус улсад хэрэглэдэг lendpinoy апп дээр мөн ашигладаг. Тиймээс бид машин сургалтыг хэрэглэгчийг таних, баталгаажуулах, луйврыг илрүүлэх зэрэгт үр дүнтэй ашигладаг гэж ойлгож болно.
Филиппин дэх үйл ажиллагааныхаа тухай танилцуулна уу? Lendpinoy апп LendMN-ээс юугаараа ялгаатай вэ?
LendMN ба lendpinoy хоёрын хооронд зарчмын ялгаа байхгүй ч улс орон бүрд тохирсон арга барил, стратегитай байх хэрэгтэй гэж бид боддог. Монгол ба Филиппин улс нь өөр өөрийн гэсэн өвөрмөц соёл, хэрэглэгчийн зан төлөв, уламжлал, үнэт зүйл ба бизнесийн ёс зүйтэй.
Бидний Филиппин дэх үйл ажиллагааны тухайд гэвэл бид олон улсын 7-Eleven сүлжээ дэлгүүрийг хариуцдаг тус улсын компанитай хамтран ажиллаж байна. Филиппин дэх 7-Eleven дэлгүүрийн сүлжээ нь CLiQQ хэмээх цахим хэтэвчийг ашигладаг бөгөөд энэхүү апп нь бараа, бүтээгдэхүүнийг зээлээр авах боломжийг олгодог. Энэ хүрээнд lendpinoy нь цахим хэтэвчээр дамжуулан 7-Eleven-ийн үйлчлүүлэгчдэд зээл олгодог. Бид Филиппинд ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг хоёр дахь компани болоод буй.
Үүнээс гадна тус улс дахь манай охин компани тээврийн хэрэгслийн “beep” төлбөрийн картыг бидний олгосон зээлээр цэнэглэх үйлчилгээг үзүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн бэлэн бус гүйлгээний тэргүүлэгч компанитай гэрээ байгуулаад буй. Энэхүү карт нь манай U money карттай адилхан бүтээгдэхүүн юм.
LendMN-ийн хэрэглэгчид зээлээр төлбөр, тооцоо хийх боломжтой юу?
LendMN болон SuperUp-ын бүх хэрэглэгч аппликейшнээ ашиглан төлбөр төлөх боломжтой. Тэр тусмаа цахим хэтэвчний зарчмаар ажилладаг SuperUp апп-ыг ашиглан манай гэрээт худалдаа, үйлчилгээний газруудад төлбөрөө хийхээс гадна бүх банкны данс руу мөнгө шилжүүлэх боломжтой. Түүнчлэн, манай цахим худалдааны Banana Mall платформ дээр “SupPay” буюу одоо аваад дараа төлөх зарчмаар худалдан авалт хийж болно.
Танай компани Филиппины зах зээлд анх хэзээ нэвтэрсэн бэ? Өөр улсын зах зээлд нэвтрэх төлөвлөгөө байгаа юу?
Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд хоёр жил болж байна. Өмнө нь бид Мьянмар болон Камбожийн зах зээлд нэвтрэх талаар судалж байсан ч бүтээгүй. Олон улсын зах зээлд нэвтрэхийн тулд тухайн улсад сайн түнштэй байх хэрэгтэй бөгөөд хүн хүч, хөрөнгө, цаг хугацаа, хичээл зүтгэл ихээр шаардагддаг нь бидний гол бэрхшээл болсон юм. Тиймээс бид финтек шийдлүүдийг сонирхож буй зах зээлд төрөл бүрийн технологи нийлүүлэхэд гол хүчээ төвлөрүүлэхээр шийдсэн юм. Өөрөөр хэлбэл, бид олон улсын зах зээлд финтекийн цогц үйлчилгээ (FaaS буюу Fintech as a Service) санал болгох хүсэлтэй байгаа. Финтекийн цогц үйлчилгээний хүрээнд хэрэглэгчид хүссэн үедээ төлбөрөө хийх боломжтой буюу хэрэглээнийх нь хэмжээгээр төлбөр авна гэсэн үг. Энэ нь олон хүний хувьд хэмнэлттэй шийдэл болно гэж харж байна. Бид зөв түншээ олбол цаашид бусад улсын зах зээлд нэвтрэх чиглэлд ажиллана.
Та бүхэн Марубени корпораци болон Techstars компаниас 10.3 сая ам.долларын стратегийн хөрөнгө оруулалт авсан. Энэхүү хөрөнгө оруулалтыг авахад хэр их хугацаа орсон бэ? Та үүнд ямар үүрэг оролцоотой байсан бэ?
Бид Марубени корпорацитай хоёр жилийн өмнө анх холбогдсон бөгөөд тэр цагаас хойш харилцаа холбоотой байсаар ирсэн. Бие биенийгээ сайн таньж мэдсэн нь их тус болсон гэж боддог. Хагас жил орчмын хугацаанд манай компанийг шалгаж бизнесийн үнэлгээ хийсний үр дүнд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Сонирхолтой нь цар тахлын улмаас гэрээгээ видео уулзалтаар байгуулсан нь бидний хувьд шинэ туршлага болсон.
Энэ ажлын хүрээнд би Марубени корпорацитай харилцаа холбоо тогтоож, хоёр талын мэргэжлийн багийнхантай хамтран хөрөнгө оруулалтын гэрээний хэлцлийг хийхэд голчлон оролцсон. Мөн компанийнхаа төлөө зүрх сэтгэлээ зориулсан бүх ажилтнуудынхаа зүтгэлээр хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай байгуулсан гэдгийг энд тэмдэглэмээр байна.
Марубени корпораци яагаад Японы финтек компанийг бус АНД Глобал-ыг сонгосон бэ?
Марубени корпораци биднийг стратегийн түншээрээ сонгоход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж боддог. Японд финтекийн аль нэг чиглэлээр мэргэшсэн олон компани байдаг ч финтекийн цогц үйлчилгээ, түүнтэй холбоотой бизнесийн нөү-хау санал болгодог олон улсад гарах зорилготой компани тийм ч их биш. Мөн манай баг олон өөр салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд зарим нь Японд төгсөж, ажилласан туршлагатай байсан нь ойлголцоход амар болгосон гэж боддог. Өөр нэг чухал хүчин зүйл бол бид технологийн шийдлийг хэрэглэгчдэд хүргэхээс гадна технологио өөрсдөө Монголд нэвтрүүлж, туршдаг явдал юм. Өөрөөр хэлбэл, бид технологийнхоо нийлүүлэгч бөгөөд хэрэглэгч нь болсноор үнэ цэнээ нэмэгдүүлдэг гэсэн үг.
Та өмнө нь өөр компаниудтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Ямар төрлийн компаниудыг боломжит түнш гэж харж байна вэ?
Бид Сингапурын стартаптай хэлэлцээр хийж байна. Ер нь бид шинэ технологи, бизнес модель, үйлчилгээ бүтээх сонирхолтой компаниудтай хамтран ажиллахаар зорьж буй. Инноваци бол бизнесийн чухал бүрэлдэхүүн. Бид технологийг бизнестэй хослуулж инновацийг тасралтгүй бүтээх хүсэлтэй тул бидэнтэй адил үнэт зүйлтэй түншийг эрэлхийлдэг.
Монголд гарааны бизнест хөрөнгө оруулалт босгох боломж хэр байдаг вэ?
Хөрөнгө оруулалтын төрлөөсөө хамаарна. Хувьцаа гаргах гэж байна уу эсвэл мөнгө зээлэх гэж байна уу гэдгээс шалтгаална. Өрийн санхүүжилт босгох хэд хэдэн боломж бий. Өмчийн санхүүжилтийн хувьд Монголын бизнесүүдийн стартапд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсээр байна. Биднийг анх LendMN-ийг байгуулж байхад Монголд гарааны бизнес болон хөрөнгө оруулагч тийм ч олон байгаагүй. Харин одоо ийм сонирхолтой компаниуд олширч байгаад баяртай байна.
Гарааны бизнес эрхлэгчид гаднын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татах хүсэлтэй байдаг ч хаана хандахаа мэддэггүй. Зөв хөрөнгө оруулагчаа олох тал дээр та юу зөвлөх вэ?
Юун түрүүнд яг тийм онол, арга байхгүй гэдгийг хэлэх нь зөв болов уу. Гэхдээ бизнес, хийх гэж буй зүйл тань хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах ёстой гэдэг нь мэдээж. Зөвхөн санхүүгийн үүднээс биш үйл ажиллагааны үр ашиг, нэр хүнд, харилцаа холбоо үүсгэх зэрэг бусад талаараа сонирхол татаж байх ёстой.
Хоёрдугаарт, бизнес тань ямар шатандаа явж байгаагаас шалтгаална. Ерөнхийдөө таны бизнес “анжел” шат буюу хамгийн эмзэг үе дээрээ байгаа бол хувь хөрөнгө оруулагчдад хандах хэрэгтэй. Харин seed буюу эхлэлийн үе шатандаа явж байгаа бол венчур хөрөнгө оруулагч буюу томоохон сангуудад хандаж болно.
Хөрөнгө оруулагч, түншээ зөв сонгох нь бизнесийн ирээдүйн өсөлтөд маш чухал. Бидний хувьд венчур хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт авах боломж байсан ч бидний алсын хараанд итгэж, стратегидаа нийцсэн түнштэй болох хэрэгтэй гэж үзсэн тул тэдэнд хандаагүй.
Хөрөнгө оруулагчид гарааны бизнест хөрөнгө оруулахдаа юуг нь хардаг вэ?
Хөрөнгө оруулагчид бизнесийн тань потенциал, бүтээж буй үнэт зүйлээс гадна үүсгэн байгуулагч, баг хамт олон, алсын харааг нь хардаг. Хамгийн гол нь энтрепренер хүн болоод түүний баг зорилгодоо хүрч чадах эсэх, чадварлаг багтай эсэх, зах зээлд өрсөлдөх давуу тал байгаа эсэхийг хардаг.
Та түрүүн хэд хэдэн боломжит хөрөнгө оруулагч, түншүүдтэй шантралгүй уулзсаар ирсэн гэлээ. Та бүхнийг цуцалтгүй урагшлахад юу нөлөөлж байсан бэ?
Бид компаниа Монгол Улс, нийгэмд хувь нэмрээ оруулах зорилгоор анх байгуулж байсан. Дэлхий Монголыг зөвхөн сумо бөх эсвэл нүүдэлчин гэдгээр бүү төсөөлөөсэй гэж хүссэн. АНД Глобал-ын алсын хараа бол монголчууд нэг зорилгын төлөө зүтгэвээс дэлхийн хэмжээний амжилтад хүрэх боломжтой гэсэн урам зоригийг өгөх олон улсын технологийн компани болох юм. Энэхүү алсын хараа нь бидэнд туйлын үнэ цэнтэй бөгөөд ямар ч алдаа гаргасан урагшлах хөдөлгүүр маань болдог.
АНД Глобал компанийн Гүйцэтгэх захирлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Би ихэвчлэн өглөө эрт ажил дээрээ ирээд өдрийн төлөвлөгөөгөө гаргаж, мэйлээ шалгаж, товлосон уулзалтуудаа хийдэг. Заримдаа төлөвлөөгүй уулзалт хийх нь ч бий. Би бизнесээ олон улсын хэмжээнд өргөжүүлэн тэлэх, түншүүдтэйгээ харилцаа холбоо үүсгэж, түүнийгээ авч явах ажилд голдуу оролцдог. Мөн гүйцэтгэх захирлын хувьд багийнхаа гишүүн бүртэй ойр ажиллахыг хичээдэг. Тиймээс тэднийг сонсож, урамшуулж, хүчирхэгжүүлэх нь миний гол үүрэг.
Шинэ захирлын хувьд та ямар өөрчлөлтүүдийг хийхээр зорьж байна вэ?
Өмнө нь бид алсын хараагаа бодит болгохын төлөө цуцалтгүй ажилласан. Үүний тулд гэр бүл, найз нөхдөдөө зарцуулах цагаа золиослох шаардлагатай тулгарч байв. Тиймээс ажилтнуудынхаа ажил амьдралын ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахыг ихэд хүсэж байна. Үүнээс гадна багийнхаа гишүүн бүрт хүсэл тэмүүлэлдээ хүрэх боломжийг нь олгож, хувь хүний хувьд хөгжих сургалтад хамруулж, бие биенээ дэмжих орчныг бүрдүүлэхийг хүсдэг. Түүнчлэн, компани өргөжихийн хэрээр сайн ажиллах бат бөх дотоод систем, механизмийг бүрдүүлэхэд төвлөрч ажиллах бодолтой байна.
Ярилцсан М.Ариунзаяа